Европын Холбоо Оросуудад олон удаагийн Шенгений виз олгохоо зогсооно

Aдмин / Гадаад мэдээ

Европын холбоо (ЕХ) Оросын иргэдэд олгох олон удаагийн Шенгений визийг бараг бүрэн зогсоохоор бэлтгэж байна гэж Politico сонинд Европын гурван албан тушаалтны мэдээллийг иш татан мэдээлжээ. Шинэ журмын дагуу Оросын иргэдэд ихэвчлэн ганц удаагийн виз олгож, зөвхөн хүмүүнлэгийн шалтгаан эсвэл Европын холбооны улсын иргэншилтэй хүмүүст онцгой нөхцөлөөр олгох аж. Энэ хязгаарлалтыг ойрын үед батлах магадлалтай гэж мэдээлэлд дурдсан байна.

Брюссель 2022 онд Украины эсрэг дайн эхэлснээс хойш Оростой хийсэн хялбаршуулсан визийн хэлэлцээрийг түр зогсоож, виз авах процессийг хүндрүүлсэн. Зарим Европын орнууд, тухайлбал Балтийн орнууд илүү хатуу хязгаарлалт тогтоож, үндсэндээ Оросын иргэдийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхийг хаасан юм. Гэсэн ч виз олгох эрх нь үндэсний засгийн газрын мэдэлд хэвээр байгаа тул Европын комисс бүх Шенген бүсэд жуулчдыг бүрэн хорих эрхгүй.

Европын комиссын статистикаас үзвэл, 2024 онд Оросын иргэд ойролцоогоор 606 мянган Шенген визийн өргөдөл гаргаж, 500 мянга гаруй нь зөвшөөрөгдсөн байна. Виз олголт 2023 онтой харьцуулахад өссөн ч 2019 оны түвшнээс хол доогуур байгаа бөгөөд тэр үед 4 сая гаруй виз олгож байжээ. Одоогоор хамгийн идэвхтэйгээр виз олгож байгаа орнууд нь Унгар, Франц, Испани, Итали юм.

Одоогийн байдлаар зарим орнууд, тухайлбал Польш, Латви, Литва, Эстони, Чех Оросын иргэдэд жуулчны виз олгохоо бүрэн зогсоосон бол Италийн олгосон визээр Чех, Дани, Эстони, Франц, Исланд, Латви, Литва руу нэвтрэхийг зөвшөөрдөггүй.

Германд ч визийн журмыг чангаруулж, Украины эсрэг дайн эхэлснээс хойш “аюулгүй байдлын эрсдэл нэмэгдсэн” гэж үзэн өргөдлийг илүү удаан, нарийвчлан шалгаж байгаа аж.

Мөн 2024 оны аравдугаар сарын 23-нд ЕХ Оросын эсрэг 19 дэх удаагийн хориг арга хэмжээг баталж, дипломатчдын хөдөлгөөнийг хязгаарлах заалт оруулсан бөгөөд энэ нь “тогтвортой байдлыг дордуулах оролдлогыг сааруулах” зорилготой гэжээ.

Н.Отгончимэг

Эх сурвалж: moscowtimes.ru


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.