Ким Жөн Ун зэвсгийн үйлдвэртэй танилцжээ
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун лхагва гарагт охин Жү Эгийн хамт дотоодын зэвсгийн үйлдвэрт очсон тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлээд, үйл ажиллагаатай нь танилцаж гар буугаар туршилтын буудлага хийж буй гэрэл зургийг нь нийтэлжээ. Ким Жөн Ун үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ галт зэвсгийн үйлдвэрлэлийн явцыг шалгаж, уг үйл явцыг шинэчлэхийг уриалсан гэж тус агентлаг мэдээлсэн байна.
“Энэхүү үйлдвэр нь цэрэг армийн байлдааны чадварыг дээшлүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэж байна” гэж Ким хэлээд үйлдвэрийн хүчин чадлыг “холыг харсан бодлогоор” нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо хэмээн KCNA мэдээлжээ.
Цөмийн зэвсэгтэй улсын хувьд цэргийн сүр хүчээ харуулахыг ямагт эрмэлздэг Ким Жөн Ун саяхан зэвсэглэлд шинээр нэвтрүүлсэн байлдааны хөлөг онгоцноос стратегийн далавчит пуужин харвах туршилтыг удирдсан юм. Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсүүдээр нийтлэгдсэн зургуудыг үзвэл, Кимийн охин Жү Э эцгийн хамт зэвсгийн үйлдвэрт очсон нь харагдаж байна. Тэд хоёул хар савхин хүрэм өмссөн байсан бөгөөд Жү Э цэргийн албан тушаалтнуудын буудлагын сургуулилалтад оролцжээ.
Жү Эг ирээдүйд Киж Жөн Уны залгамжлагчаар бэлтгэж байж болзошгүй гэсэн таамаг гарсаар байгаа юм.
“Ким Жөн Уны охин бодлогын асуудалд оролцож байгаа нь түүнийг БНАСАУ-ын дараагийн удирдагч болгохоор бэлтгэгдэж байгаагийн илтгэж байж магадгүй" гэж Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба парламентын гишүүдэд өнгөрсөн сард мэдээлж байв.
Г.Энх-Од


































































Сэтгэгдэл