Монгол Улсын арслан Д.Ганхуяг таалал төгсжээ

Aдмин / Нүүр

МОНГОЛ УЛСЫН АРСЛАН ДОРЖПАЛАМЫН ГАНХУЯГ /1976-2025 он/

Монгол Улсын хүчит арслан Доржпаламын Ганхуяг 2025 оны 11-р сарын 21-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж, Монгол бөхийн ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Д.Ганхуяг нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул С.Доржпаламын дөрөв дэх буюу отгон хүү болон 1976 оны 7-р сарын 26-нд Улаанбаатар хотод төржээ. УБИС-ийн харъяа БТДС-ийг 1998 онд биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн.

Д.Ганхуяг нь бага наснаас бөхийн спортыг сонгон хичээллэж, 2000 оны улсын баяр наадамд тав даван шөвгөрч, Улсын начин цол, 2008 оны улсын баяр наадамд 9 даван түрүүлж, Улсын арслан цол хүртсэн.

2002 онд тав даван шөвгөрч өсөх идэр чимэг, 2005 онд тав даван шөвгөрч улам нэмэх чимэг, 2006 онд тав даван шөвгөрч хурц шаламгай чимэг, 2009 онд 8 даван үзүүрлэж үлэмж бадрах чимэг, 2010 онд тав даван шөвгөрч уран мэхт чимэг, 2011 онд тав даван шөвгөрч өрнөн дэлгэрэх чимэг тус тус хүртжээ.

Д.Ганхуяг нь арал чац томтой, баруун талтай, тахимдах, хутгах, хөмрөх үндсэн мэхтэй, улсынхаа баяр наадамд 1 түрүүлж, 1 үзүүрлэн нийт 8 удаа шөвгөрсөн хүчит бөхчүүдийн нэг байлаа. Мөн улсын начин цолоос шууд улсын арслан цолд хүрсэн бөхчүүдийн нэгэн төлөөлөл юм.

Д.Ганхуяг нь чөлөөт бөхийн оюутны дэлхийн аваргын мөнгө, “Монгол говь” олон улсын тэмцээний хошой аварга, самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, сонгомол бөхийн Зүүн өмнөд Азийн тоглолтын мөнгө, сүмогийн дэлхийн аваргын багийн гурван хүрэл медальт, кураш бөхийн дэлхийн аварга, чөлөөт бөхийн ОУХМ. Сагсан бөмбөгийн лигийн “Генералууд” багийн тоглогч байхдаа лигийн аваргын алдрыг хоёр удаа хүртэж байлаа.

МҮБХ-ны зургаадугаар Их эеэс Цэцдийн зөвлөлийн гишүүнээр сонгогдож, улмаар тэргүүлэгч гишүүнээр удаа дараа сонгогдон ажиллаж, Монгол бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ.

Төр засгаас хүчит арслангийн спортын төрлүүдэд үзүүлсэн амжилт бүтээл, хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, 2021 онд Монгол улсын гавьяат тамирчин цолоор шагнасан юм.

Талийгаачийн төлөв түвшин, хүнлэг энэрэнгүй, жудагтай, ноён нуруутай, хөдөлмөрч, нийтэч, нөхөрсөг, олондоо хүндлэгдсэн эрхэм чанарууд нь, авьяас чадварууд нь, Монгол бөхийн болон бусад спортын төрлүүдэд үзүүлсэн гайхамшигт амжилтууд нь бид бүхний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.


Сэтгэгдэл

Зочин [66.181.182.18] 2025-11-21 20:35:57

УМ МА НИ БАД МЭ ХУМ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.