Б.Баттогтох: Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 400 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой хуулийн этгээд нэг хувийн татвар төлнө

Aдмин / Хууль

Татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хуульч Б.Баттогтохтой ярилцлаа.


-Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол агуулгыг ярихгүй юу?

-Энэ төсөл нь багц хууль биш. Харин татварын дөрвөн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Голлох өөрчлөлтүүд гэвэл Татварын ерөнхий хуульд зөвлөн туслах чиг үүргийг тодорхой зааж өгсөн байна. Зөвлөн туслах чиг үүрэг нь татварын албанд ямар байх вэ гэдгийг тодорхой хуульчилж өгч байгаа гэсэн үг. Энэ нь ямар чиг үүргээр, яаж туслах талаар шинээр татвар төлөгч болж буй иргэдэд татварын албанаас зөвлөмжийг хүргүүлэх зохицуулалтыг хуульчилсан байна. Мөн Захиргааны хэргийн шүүхэд татварын акттай холбоотой маргаан үүсдэг. Энэ тохиолдолд татвар төлөгчийн зүгээс маргавал үндсэн татварыг нь төлүүлнэ. Харин торгууль, алдангийг маргаан шийдвэрлэгдэж дуусах хугацаанд хураахгүй гэсэн зохицуулалт нэмэгдэж байна.

Мөн татварын алба цахимаар татвар төлөгчдөд тайланг цахимаар урьдчилж хүргүүлдэг. Үүнийг татвар төлөгч өөрөө хянаж үзээд, баталгаажуулан цахимаар илгээгээд, татвар төлөгчийн тайланг урьдчилж гаргах боломжтой болж байна гэсэн үг. ААНОАТ, ХХОАТ-ны хувьд хялбаршуулсан горим буюу НӨАТ-ын босго 50 сая байсан бол одоо 400 сая болж байгаа. Энэ нь 400 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой хуулийн этгээдийн хувьд хялбаршуулсан горимоор буюу нэг хувиар татвар төлөх боломжтой. Ямар нэгэн байдлаар зардал хасагдахгүй, шууд орлогоосоо нэг хувиар татвар төлөөд явах нь жижиг дунд бизнесээ татварын дарамтаас салгаж байгаа гэсэн үг. Мөн борлуулалтын орлогоо 2.5 тэрбум төгрөгөөс ихгүйгээр тайландаа тусгасан нөхцөлд эхний гурван жил 90 хувиар, дараагийн гурван жил 50 хувиар татвараас хөнгөлөгдөнө. Өмнө нь 1.5 тэрбум төгрөг байсан. Аж ахуйн нэгжүүд томрох, өргөжих боломжийг олгох зорилгоор 25 хувийн татвар төлдөг босгыг 6 тэрбумаас 10 тэрбум болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум ашигтай компаниудын татварыг 10 хувиар бууруулан 15 хувийн татвартай байхаар тусгасан байна.

-Хуульч хүний хувьд энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар, санал, шүүмж юу байна вэ?

-Шинэчлэл биш нэмэлт өөрчлөлтийн түвшинд орж байгаа учраас татварын хууль тогтоомжийг системчлэх хэрэгцээ шаардлага тулгарсан. Энэ төсөл энэхүү хэрэгцээ шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Татварын багц хуулиудын шинэчлэлээр иргэдийн НӨАТ, хувь хүний орлогын албан татварыг хоёр их наяд төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 орчим тэрбум төгрөг, нийт 2.7 их наяд төгрөгийн татварыг үе шаттайгаар бууруулахаар тооцсон гэсэн.

-ААН, бизнес эрхлэгчдэд тулгардаг татварын асуудлыг хэрхэн зохицуулж байгаа бол?

-Төлбөрийн И-нэхэмжлэхийг албажуулж томьёолсон. Ингэснээр төлбөр төлөгдөөгүй, орж ирээгүй ч татвар ногдох орлого болно. Өөрөөр хэлбэл, орж ирээгүй орлогоос татвараа түрүүлж төлнө гэсэн үг. Ингэснээр "Татвар төлөгдөхүйц байх" гэсэн суурь зарчим алдагдахад хүрч байгаа юм. Мөн өрийг үл маргах журмаар төлүүлэхдээ дансаар орсон орлогынх нь 80 хувийг улс шууд татаж авахаар төсөлд туссан байна.

Түүнчлэн бизнес эрхлэгчдэд хамгийн их тулгамддаг НӨАТ-ын хасалт хийх боломжийг хязгаарласан заалтуудыг өөрчилж, бизнесийн үйл ажиллагаанд гардаг НӨАТ-ын хасалтуудыг зөвшөөрөхөөр тусгасан нь онцлог. Үйлдвэр эрхлэгчдийн өмнө түгээмэл тулгамддаг асуудал болох түүхий эдийн худалдан авалтын И-баримт, НӨАТ хасалтын асуудлыг бүрэн зөвшөөрнө гэж хуулийн төсөлд тусгасан байна. Ингэснээр НӨАТ бизнесүүдэд дарамт болж, өртөг зардал нэмэгдүүлж байгаа асуудлыг бүрэн шийдэж, НӨАТ-ын дамжуулан тайлагнагч агент үүрэг гүйцэтгэдэг болно гэсэн үг. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах амлалтын хүрээнд иргэдийн сарын 500 мянган төгрөгийн орлогыг 100 хувь татвараас хөнгөлж, буцаан олгохоор тусгасан байна. Өөрөөр хэлбэл, хариуцлагатай, шударга татвар төлөгчдөөр өр төлүүлэх ажиллагааг уян хатан, нээлттэй болгож, хугацаа боломж олгосон байдлаар хэрэгжих тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Энэхүү хуулийн төсөл нь ирэх хаврын чуулганаар хэлэлцэгдэхдээ зургаан удаагийн процесс дамжаад, нэр томьёо нь засагдаад явна.

Г.БАЛГАРМАА

Г.ЦОГЗОЛМАА

Эх сурвалж: "Өдрийн сонин"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.