Балбад үерийн улмаас гадаадын 100 гаруй жуулчин гацжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Балбын төвийн нутгийн голууд үерлэсний улмаас явган аяллын зам, гүүрүүд эвдэрч, улмаар гадаадын 100 гаруй жуулчин хэд хэдэн газарт гацсан тухай орон нутгуудын эрх баригчид мэдээлжээ.
Нийслэл Катманду хотоос баруун зүгт 100 орчим км-ийн зайд орших Горха дүүрэгт ням гарагт хөрсний нуралт үүсэж, Будхи Гандаки голын урсгал хаагдсаны улмаас голын доод урсгал дагуу үер буужээ. Үүний улмаас аврагчид гадаадын есөн иргэнийг оруулаад нийт 96 хүнийг аварсан байна.
Будхи Гандаки гол нь Тришули голын цутгал бөгөөд доод урсгалд нь орших өөр нэгэн цутгал голд наймдугаар сард мөсөн гол нурсны улмаас гамшигт үер бууж, 1 457 хүн амиа алдаж, олон мянган хүн сураггүй хэвээр байгаа юм.
Үерийн ус татарсан хэдий ч аврах ажиллагаа үргэлжилж байгааг цэргийнхэн мэдээлжээ.
Үерийн улмаас хүний амь эрсэдсэн тухай мэдээлэл одоогоор ирээгүй байгаа боловч их хэмжээний шавар, лаг бүхий үерийн ус орон сууцнуудыг урсгаж, гурван усан цахилгаан станц зэрэг дэд бүтцийн байгууламжуудыг эвдэн сүйтгэсэн байна. Мөн тосгоны таван хүнтэй холбоо тасарсан талаар үндэсний аюулгүй байдлын албанаас мэдээлжээ.
Явган аяллын алдартай маршрутууд байрладаг Манаслугийн тусгай хамгаалалттай газар нутгийн (MACP) төслийн ажилтан Бхуван Раж Ожхагийн мэдээлснээр, аяллын замын зарим хэсэг үерт урссаны улмаас гадаадын 100 гаруй жуулчин өөр өөр газарт гацаж, буцах боломжгүй болсон байна.

.jpg)






































































Сэтгэгдэл