С.Ганбаатарын ээлжит популизм
УИХ-ын гишүүн С.Ганбаатар ойрын өдрүүдэд тойрогтоо ажиллаж буй юм байна. Цасанд суусан машинаа гаргахаар цас хүрздэж байгаа түүний зураг цахим ертөнцөд тархав. Түүнийг өрөвдөж, магтахаас илүү муулах хүн олон байлаа. Учир нь С.Ганбаатар гишүүнийг ээлжит популизмаа хийж байна хэмээн иргэд шүүмжилцгээв. Түүнийг популист улстөрч хэмээн нэрлэх нь бий. Популистууд ихэнхдээ олны эмзэглэл төрүүлсэн аливаа асуудлуудыг би амархан шийднэ, би хийж чадна гэх зэргээр логикгүй, сэтгэлийн хөөрөлдөө автан ярьдаг. Хэн нэгнийг шүүмжилж, хэн нэгний хийсэн бүтээснийг буруутгаж суудаг. Гэвч тухайн асуудлыг хэрхэн яаж шийдэх арга замыг тэр бүр ярьдаггүй. Эсвэл бусдад таалагдах гэж хичээдэг ч таалагдахаасаа илүү бусдын дургүйг хүргэх нь бий.
Харин С.Ганбаатар гишүүн “ээлжит популизмаа хөдөө орон нутгаас хийжээ”, “Сонгууль дөхөж, популистууд ард түмэнд таалагдах гэж хичээж байна” гэх үгс цахим ертөнцөөр хөврөв. УИХ-ын гишүүн М.Зоригт хүртэл ангийн нөхрөө “Ганбаа цаана чинь зам байна даа” хэмээн егөөдсөн байлаа.
Түүний цас ухаж буй зургийг харвал машиных нь цаана зам байх бөгөөд суурин газар байгаа нь илт. Энэ жил ихэнх нутгаар хур тунадас бага орсон, тэр тусмаа суурин газарт цасанд сууна гэдэг юу л бол. Наана нь түүний зургийг дарж байгаа камертай гурван хүний дүрс цонхны шилэнд буужээ. Ингээд цас ухсан баатар болж ард түмэндээ таалагдах гэсэн биш бусдын дургүйг хүргэв бололтой. Түүнчлэн хилчний хувцас өмсөж хилийн манаанд зогсов гэх тайлбар бүхий зургаа цахим хуудастаа оруулсан нь ч иргэдэд таалагдаагүй юм.
Ж.МАРАЛ
Сэтгэгдэл