ТОЙМ: 2017 оны эдийн засгийн онцлох үйл явдлууд

Д.Тулга / Эдийн засаг

ouvs

Өнгөрөгч 2017 онд улс орны эдийн засгийн хүрээнд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Монгол Улсын Засгийн газар 2017 онд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан. Уг хөтөлбөр нь эдийн засгийн ерөнхий өнгө төрхийг тодорхойлж буй гэхэд болох юм. Тиймээс 2017 оны эдийн засгийн тойм бүхэлдээ ОУВС-гийн хөтөлбөрийн үр нөлөө, шийдэл, урьдач нөхцлүүд гэсэн сэдвийн хүрээнд бичигдэж буйг онцлууштай.

ouvs

-БАЯРЛУУЛЖ БАС ГОМДООДОГ ОУВС-ГИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЛЭВ-

ОУВС манай шинэ хамтрагч биш. Өмнө нь тус сангийн “Стэнд Бай” хөтөлбөр манайд хэрэгжиж, уул уурхайн салбарын гялгар үетэй хөл залгуулсан билээ. Хөтөлбар машид сайн хэрэгжсэн улсаар нэрлэгдэж байсан эл жишгийг эрх баригч нам засгийн эрхэнд гарангуутаа давтах шийдэлд хүрсэн юм. Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан найз, түнш Коши Матайд 201 оны наймдугаар сард “Хөгшөөн манай улсыг анхаарч үзээч. Хөтөлбөр хэрэгжүүлье” хэмээснээр хэлэлцээр эхэлсэн байдаг.

Улмаар он дамнан хэлэлцээр үргэлжилсний эцэст харьцангуй хатуу нөхцөл бүхий “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” дээр буусан. ОУВС-гаас гурван жилийн хугацаанд улирлах бүр санхүүжилэх замаар манай улсад 440 сая ам.доллар зээлэхээр болсон билээ. Гол нь уг зээлийг дагалдуулаад нийтдээ 5.7 тэрбум орчим ам.долларын зээлийн эрх үүссэн. Уг бүхэл тооноос 2.2 тэрбум ам.долларын Төв банкны своп хэлэлцээр сунгагдсан гэдгийг тодотгууштай.

Үндсэндээ бэлэн байдлаар 3.5 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй зээл манайд орж ирэх учиртай. Үүнээс ОУВС 118 орчим, Японы Засгийн газар 282 сая ам.долларт, АХБ-наас 300 сая ам.доллар шилжүүлээд байна. Чамлахаар чанга атга гэгчээр сонгуулийн дараа тэнгэрт хадчихаад байсан валютын ханш эдгээр зээлүүдийн нөлөөгөр суларч, эдийн засгийн өсөлт таван хувьд хүрлээ.

Нөгөө талаас заавал загнуулж байж, гэрийн даалгавраа сайн хийдэг дуулгаваргүй сурагчийн үлгэр дуурайл манайд давтагдаж байна. Үе үеийн засгийн газар, парламентын хэт намчирхсан үзлээс улбаалж,төсвийн сахилга бат гэгч манайд улам бүр муудсаар байв. Энэ бүхнээ цэгцлэхийн тулд заавал гадны хяналттайгаар даван туулах шаардлагатай тулгарлаа. Эдүгээ “ОУВС тэгж шаардсан” гэх ганц сайхан үгтэй болж, дунд давхаргад үлэмж муугаар нөлөөлсөн долоон төрлийн татвар нэмчихээд байна.

Төсвийн зарлагыг бууруулж, орлогыг өсгөх том зорилго зөв “бай”-гаа онов уу гэдэг нь өнөөдрийн маргаантай асуудал билээ. Товчоор хэлэхэд, ОУВС-гийн хөтөлбөрийн шугмаар ам.долларын урсгал наашаа чиглэлтэй болсон нь сайн. Харин урьдач нөхцлүүд нэрээр татварын бодлогыг чангалж, гурван сая хүн амтай Монголчууд гадны байгууллагаас хүүхдийн мөнгөө өгөх эсэхээ хүртэл асуугаад сууж буй нь муу байдал билээ.

татвар

ДУНД ДАВХАРГЫГ НИРГЭСЭН ДОЛООН ТӨРЛИЙН ТАТВАРЫН НЭМЭГДЭЛ

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд Засгийн газрын зүгээс 2017 оны төсвийг өнгөрөгч дөрөддүгээр сард тодотгуулсан. Ингэхдээ долоон төрлийн татварыг нэмсэн нь нийгмээ бүхэлд нь чирч явдаг дунд давхаргад хүндээр туссан хэвээр байна.

НЭГ: Суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж, 40-250 хувиар онцгой албан татварын хэмжээг нэмээд байна. Ингэснээр нийслэлийнхний гол унаа болсон Приусын үнэ 2 сая орчим төгрөгөөр өсч, хамгийн багадаа 375 мянган төгрөгөөр татвар нь нэмэгдэв.

Дайны хажуугаар дажин гэгчээр татвар нэмэгдэх дүйвээнээр ченжүүд үнээ хөөрөгдөж, эрх баригчид ерөнхийлөгчийн сонгуулиа бодож, хэрэгжих хугацааг нь хойшлуулах замаар 2017.07.01 болгосон юм. Мөнхүү хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт авто машинуудад онцгой албан татвар огт ногдуулдаггүй байсан бол одоо 50 хувиар бууруулан тооцож байгаа юм.

ХОЁР: Хадгаламжийн хүүгийн орлогод их, бага хэмжээгээр ялгалгүй 10 хувийн татвар ногдуулав. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авснаар төсвийн орлого 2017 онд 43 тэрбум төгрөг, 2018 онд 67 тэрбум төгрөг, 2019 онд 70 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцоолсон юм. Хүүхдийн хадгаламжаас хүртэл татвар авч буй энэ үзэгдэлд олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж буй. Уг татварыг ногдуулж эхэлснээр 10 сая төгрөгийн хадгаламжтай иргэн жилдээ 150 мянган орчим төгрөгийг татварт төлөхөөр байгаа юм.

ГУРАВ: Импортын тамхины татварыг дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дээд хэмжээнд тултал нэмэгдүүллээ. Тодруулбал, импортын тамхины 5 хувийн гаалийн албан татвар ирэх сараас 20-30 хувь болон өсөхөөр хуульчлагдсан юм. Ингэснээр төсвийн орлого 2017 онд 20 орчим, 2018 онд 26 орчим, 2019 онд 27 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх аж. Импортын тамхины нэр төрлөөс хамаарч татварын ногдуулалт гурван өөр байна.

ДӨРӨВ: Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын нэмэгдэл 2018.01.01-нээс нэмэгдэхээр болж хойшилсон юм. Уг нь энэ онд хоёр үе шаттайгаар нэмэгдэхээр төсөөлөөд байсан юм. Татварын хэмжээг бууруулснаар 210 гаруй тэрбум төгрөгөөр төсвийн орлого буурах байсан шийдвэрийг буцаах замаар 118.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон байна. Энэ төрлийн татварын нэмэгдлийн хүрээнд автобензин, дизелийн түлш нэг тонн тутамдаа 30-100 мянган төгрөг илүү төлөхөөр байгаа юм.

ТАВ: Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх үе шатлалтайгаар нэмэгдүүлэхээр хуульчлав. Тодруулбал, Нийгмийн даатгалын шимтгэл дэх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 онд тус бүр 7.0 хувь, 2018 онд тус бүр 8.0 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байна. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10.0 хувиас, 2018 онд 11.0 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байх аж.

ЗУРГАА: Хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар 4 шатлал бүхий татвар ногдуулахаар хуульчлав. Ингэснээр, 1.500,000 – 2.500.000 төгрөгийн цалингийн ХХОАТ 15 хувь, 2.500.000 – 3.500.000 төгрөгийн цалингийн ХХОАТ 20 хувь, 3.500.000-aaс дээш төгрөгийн цалингийн ХХОАТ 25 хувийн татвар төлөхөөр байна. Уг нэмэгдлээр бол хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг энгийн оператор хүн сард 105 мянга орчим төгрөгийг татварын нэмэгдэлд төлөх тооцоо гараад буй юм.

ДОЛОО: Архи, тамхины онцгой албан тамхины татварыг нэмэгдүүлэхээр хуульчилж өглөө. Ерөнхийдөө энэ төрлийн бүтээгдэхүүний татвар нэмэгдэхэд олон нийт төдийлөн шүүмжлээгүй. Харин ч татварын ногдуулалт өндөр байснаар иргэдийн архи, тамхины хэрэглээ багасна гэсэн эерэг хүлээлттэй байгаа юм.

zasag

-600 САЯ АМ.ДОЛЛАРЫН “ХУРАЛДАЙ”, 800 САЯ АМ.ДОЛЛАРЫН “ГЭРЭГЭ” БОНД ГАРГАЖ, ӨМНӨХ ӨРӨӨ ХААВ-

Монгол Улсын Засгийн газар 2017.03.21-ний өдөр Хөгжлийн банкны 580 сая ам.долларын евро бондын өрийг дарах хүндхэн нөхцөлтэй нүүр тулгарсан. Тухайн үед Сангийн яамнаас “Хэд, хэдэн хувилбар боловсруулан ажиллаж байна” гэх мэдээллийг өгч байв. Гэвч бодит байдал дээр олон улс биднийг валютын сантай учраа ололцож чадах эсэхээс хамаарч,зээлийн асуудал хөндөхөөр хүлээлтэд ороод байсан юм.

Тэр ч утгаараа Сангийн сайд өнгөрөгч хоёрдугаар сард ОУВС-тай хэлэлцээр хийж дууссан талаараа олон нийтэд мэдээлж, маргааш нь манай бонд босгох баг гадагшаа мордсон байдаг. ОУВС-тай хэлэлцээрт хүрч чадсан эерэг мэдээллийн шугмаар 8.75 хувийн хүүтэй 480 сая ам.долларын бондыг Хөгжлийн банкны бондын өрийг дарах замаар солилцож, 8.25 хувийн хүүтэй 120 сая ам.долларын бондыг бэлнээр оруулж ирсэн юм. Үндсэндээ долоон жилийн хугацаатай “Хуралдай” бондоос манай улсад ердөө 20 сая ам.доллар үлдэж, бид улирал тутам 26 сая ам.долларын хүүг 2024 онд хүртэл төлөхөөр болсон билээ.

Дараа нь эрх баригч нам дотооддоо хагарч, засгаа шинээр бүрдүүлэх үйл явцтай зэрэгцээд ирэх сард хийгдэх “Чингис” бондын эхний төлөлт 500 сая ам.доллар, хавар хүү нь хийгдэх Дим сам бондын 60 сая ам.долларын эрэлд гарах шаардлага үүссэн. Мөн л Сангийн яамныхан гадашгаа бондын эрэлд мордож, 800 сая ам.долларын 5.625 хувийн хүүтэй 5.5 жилийн хугацаа бүхий бондыг босгосон юм.

Ингэснээр 2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, Хятадын Ардын банктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцэл, Чингис бонд болон Димсам бондын эргэн төлөлт шийдвэрлэгдсэнээр Монгол Улс 2021 он хүртэл гадаад төлбөрийн эргэн төлөлтийн дефолтын эрсдэлээс гарах нөхцөл бүрдлээ гэж Монгол банкнаас мэдээлсэн.

Гэвч жил бүрийн төсөв дээр бонд, гаднаас авсан зээлийн хүүгийн төлбөрүүдэд зориулж, 1.5 их наяд орчим төгрөг суулгаж буйг зориуд тэмдэглүүштэй. Өөрөөр хэлбэл, бид төсвийнхөө 5/1 орчим хувийг зээлийн хүүнд явуулж байна. Гаднаас бонд босгоод, зээл аваад байгаа нь сайхан боловч эргээд татвар төлөгчдийн нуруун дээр хүүгийн дарамт нь ирсээр байгаа юм.

цуваа

-ГАШУУН СУХАЙТЫН НҮҮРСНИЙ ЦУВАА 160 КМ-Т ХҮРЧ, ОНЫ ЭЦЭСТ БУУРАВ-

Дэлхий зах зээл дээр коксжих нүүрсний үнэ галзуурч, урд хөрш улс төрийн нөхцөл шалтгааны улмаас Хойт Солонгосоос нүүрс импортлохоо зогсоов. Эдийн засгийн энэ таатай нөхцөл байдал манайд эерэгээр нөлөөлөх өндөр хүлээлт байсан ч бараг л талаар болов. Үүнд гол учир шалтгаан байлаа. Нэгд, коксжих нүүрсүний үнэ олон улсын зах зээл дээр 300 ам.доллар давчихаад байхад Энержи-Ресурс 110, том, жижиг Тавантолгой 69-71 ам.доллараар зарцгаав. Энэ нь угаасан, түүхний нүүрсний нүүрсний үнийн зөрүүтэй холбоотой юм. Нөгөө талаас бид наймаанд сүйхээгүйн нэг илрэл.

Хоёр дахь шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгуулиаас хойш урд хөрш нүүрсний импортдоо зориуд байдлаар хязгаар тавьсан гэлтэй хачин жигтэй үйлдэл гаргаж эхэлсэн юм. Нэг минут тутамд нэг машин хилээр өнгөрүүлэх чадамжтай мөртлөө 5-15 минут шалган нэвтрүүлэх дээр уях замаар дугаарлалтыг ихэсгэж орхив. Сайд дарга нар удаа дараа газар дээр нь очиж ажилласан боловч нэмэр тусаа эс өгсөөр оны сүүл үетэй золгосон юм.

Улмаар Засгийн газраас богино эргэлтээр тээвэрлэх, тусгай чиргүүл нэмэх замаар жолоочийн тоог Цагаан хаднаас цааш бууруулах түүр аргачлал хэрэглэхээр болж, тогтоол батлав. Тогтоолыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг энэ сард газар дээр нь ажиллаж, 160 км-ын цувааг арилгаж чадсан юм. Ингэхдээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн бүлэг ордоос хийх нүүрс тээвэрлэлтийг түр зогсоож, урт оочер үүсэхгүй байх бэлтгэл ажлыг хангуулсан нь харьцангуй сайн “бай”-гаа оносон юм.

Засгийн газрын түгжрэл бууруулах түр тогтоол 2018.03.01-ний өдөр хүртэл хэрэгжинэ. Тэр хүртэл урд хөрштэй учраа олж, тодорхой шийдэлд хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Манай улс 2018 оны төсвийн нийт орлогынхоо 22 хувийг уул уурхайн салбараас олохоор төсөвлөөд буй. Харин тэрхүү орлогыг олж ирдэг гол хаалга нь өөрөө Гашуун сухайт боомт юм. Тиймээс улс төрийн түвшинд зайлшгүй зөв шийдлийг олох хэрэгцээ, шаардлага байгаа билээ.

Ж.МЯДАГБАДАМ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000