Оффшорын хууль “амь” орлоо. Хэрэгжилт нь хэрхэх бол

Д.Тулга / Улстөр

offshor

-ДӨРВӨН САР ХҮЛЭЭГДЭЖ БАЙЖ, ОФФШОР БҮСЭД ХАМААРАХ
НУТАГ ДЭВСГЭРИЙН ЖАГСААЛТ БАТЛАГДАВ-

УИХ-аас өнгөрсөн хавар төсвийн тодотголтой зэрэгцүүлэн төрийн өндөр албан тушаалтан оффшор бүсэд данс эзэмшихийг хориглосон утга бүхий хуулийн төслийг эцэслэн баталсан. Тодруулж хэлбэл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиа илүү чангалах зорилгоор нэмэлт өөрчлөлт оруулсан гэсэн үг.

Ердөө хоёр хуудсанд багтсан уг хуулийн төсөл намар, хаврын чуулганыг дамжин, сүр дуулиантайгаар батлагдсан ч яг хэрэгжилт дээрээ нам гацсан юм. Уг нь холбогдох хуулинд нь нэмэлт, өөрчлөлт оруулсан тул батлагдсаныхаа маргаашаас хэрэгжих боломжтой. Гэвч ёсчлогдоод дөрвөн сар гаруй болсных нь дараа АТГ чиг үүргийнхээ хүрээнд холбогдох мэдээллээ авч эхлэх боломж бүрдэв.

Ингэж хуулийн хэрэгжилт удааширсны учир нь уг хуулийн 101.3-р заалтад “Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан, Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заагаад өгчихсөн. Тэгэхээр уг заалт дагуу Монголбанк, Сангийн яам хамтран оффшор бүсэд чухам ямар ямар бүс нутгийг оруулан тооцох вэ гэдгээ боловсруулах шаардлага үүссэн юм.

Монголбанкны зүгээс олон улсын байгууллагуудын судалгаанд үндэслэн, өөрсдийн саналаа боловсруулж, Сангийн яаманд хүргүүлсэн гэдгээ өмнө нь тодотгосон. Харин Сангийн яамнаас “Судалж байна” гэх ерөнхий хариулт өгч явсаар өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаандаар асуудлыг оруулсан юм. Ийм байдлаар дөрвөн сар гаруй дуншсаны эцэст оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалт батлагдав.

atg

-ОДОО АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ЮУ ХИЙХ ВЭ-

Засгийн газраас удаан хүлээлгэсэн жагсаалт батлагдсанаар АТГ хуулинд заагдсан тодорхой чиг үүргээ жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Хуульд заасны дагуу ХОМ гаргагч нь өөрийн болон хамаарал бүхий этгээдийн нэр дээр оффшор бүсэд банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан тохиолдолд гурван сарын дотор нээлгэсэн банкны дансаа хаалгах үүрэгтэй.

Улмаар банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээ авсан байхыг хуулиар зааж өгөөд буй юм. Энэ бүхнээ 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж, шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй.

Хуульд заагдсан 30 хоногийн заалт өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригаас гүйгээд эхэлчихсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ сарын 30-ны өдөр гэхэд АТГ дээр ХОМ гаргагч болон тэдний хамаарал бүхий этгээдийн оффшор дансны талаархи мэдээллүүд очих аж.

Засгийн газраас батлагдсан оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтад Бахамын болон Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам Улс, Пуэрто-Рико, Микронезийн Холбооны Улс зэрэг 50 гаруй улсын нутаг дэвсгэр багтаад буй. Тэгэхээр эдгээр 50 гаруй улсын нутаг дэвсгэрт данс эзэмшдэг хэн бүхэн асуудлаа АТГ-д мэдүүлэх үүрэг хүлээх юм.

battulga

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨГСӨН 49 ХОНОГИЙН ХУГАЦАА ЭНЭ САРЫН 12-НД ДУУСНА-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлээд удаагүй байхдаа оффшорт байгаа хөрөнгөө улсдаа оруулж ирэхийг уриалан, 49 хоногийн хугацаа өгсөн. Монголчуудын хувьд нас барагсдынхаа 49 хоног дээр нь хойдохын буяныг үйлддэг заншилтай. Эл ёоз муутай тоог Ерөнхийлөгч бас санаандгүй сонгоод авчихаагүй биз ээ. Заасан хугацаанд асуудлаа шийдэхгүй бол оффшорчдод төр төмөр нүүрээ үзүүлнэ гэх далд сануулга ч байж болох юм.

Уг 49 хоногийн хугацаа энэ сарын 12-ны өдөр дуусна. Холбогдох хуулийн хэрэгжилт бүрэн дүүрэн бус байсан АТГ-ын удирдлагыг Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр ч удаа дуудаж уулзсан. Ерөнхийлөгч үүрэг өгсний дагуу АТГ, ЦЕГ хамтран ажлын хэсэг байгуулж, оффшорын асуудлаар хэрэг бүртгэлийн үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа юм. Ямартай ч АТГ-аас Ерөнхийлөгчийн өгсөн 49 хоногийн хугацаа дуусахад оффшорын асуудлаар тодорхой мэдээлэл өгнө гэсэн хүлээлт нийгэмд байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ч тэр 49 хоногийн дараа оффшорын асуудлаар ямар байр суурь илэрхийлэх, бодлогоо хэрхэн харах нь ихээхэн сонирхол татаж байна. Үүн дээр АТГ үндсэн чиг үүргээ улс төрөөс хамаарахгүй гүйцэтгэж чадах эсэх нь бас асуудал юм. Эрх баригч намын хувьд ч тэр, оффшортой тэмцэнэ гэдгээ бүр дуулиантай зарлаж, холбогдох хуулиндаа өөрчлөлт оруулсан. Одоо оффшорт данстай гэгддэг тус намын гишүүд мэдүүлгээ хэрхэн өгөх вэ гэдэг ихээхэн анхаарал татаж байна.

Бидний мэддэгчлэн ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн байдаг. Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлсэн нь бий.

Эдгээр 49 эрхэм дунд Сү.Батболд, Д.Цогтбаатар, Б.Дэлгэрсайхан, С.Баяр тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтан, мөн НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн төрсөн ах Ц.Сэргэлэн, Ерөнхий сайд асан С.Батболдын төрсөн ах Сү.Бат-Очир, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн авга ах Ч.Батзориг, С.Баярын охин Б.Бадамханд нар нэрлэгдсэн байдаг билээ.

Оффшорын эсрэг хууль ямар ч байсан амь орлоо. Хэрэгжилт нь хэрхэхийг олон нийт ажигласаар суугаа гэдгийг давхар сануулууштай.

Ж.МЯДАГБАДАМ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000