О.Энхзаяа: Дельта хувилбар нь 7-8 хүнд халдвар тараах чадвартай

Aдмин / Эрүүл мэнд

Монгол Улсад коронавирусийн Дельта хувилбар бүртгэгдсэнтэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын ачаалал, авч буй арга хэмжээ, эмнэлгийн байгууллагуудын нөхцөл байдлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяагаас тодрууллаа.

-Вакцинжуулалтын явц хэр байна вэ. Мөн Хариу арга хэмжээний багийн албан хаагчдыг вакцины III тунд хамруулж эхэлсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Монгол Улс өнгөрсөн хоёрдугаар сараас иргэдээ коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Хамгийн сүүлд 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэллээ. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд 12-оос дээш насны бүх иргэнийг вакцинжуулалтын бүрэн тунд хамруулах ажил үргэлжилж байна. Нэмэлт дархлаажуулалтын тухай асуудал яригдаж байгаа. Эрүүл мэндийн сайдын 2021 оны наймдугаар сарын 12-нд гарсан А/517 дугаар тушаалын дагуу вакцинжуулалтад хамгийн эхэнд хамрагдсан Хариу арга хэмжээний багийн албан хаагчдад нэмэлт гурав дахь тунг хийж эхэлсэн. Тодруулбал, эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдад АстраЗенека вакцины III тун хийж байгаа. Дэлхийн улс орнуудад ч вакцины хоёр тунд хамрагдсанаас хойш зургаан сарын дараа давтан тун хийж байна. Манай улсын хувьд тэр чиглэлийг бариад, давтан тунгийн ажлыг эхлүүлсэн. Эрүүл мэндийн байгууллагын ажилчид өөрсдийнхөө эмнэлэгт давтан тундаа хамрагдаж байгаа. Харин онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагуудын ажилчдыг явуулын баг гарган вакцинжуулах, эсвэл тусгайлан гаргасан цэгүүдэд III тун хийнэ.

-Иргэд Дельта вирус тусахаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Дельта вирус олон нийтийн дунд тархсан талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ээс байнга түгээж байгаа. Амралт, зугаалгын улирал учир Дельта вирус дан ганц хотод биш, хөдөө орон нутгаар ч тархсан. Аялал, зугаалгын цаг дуусаж, суурьшлын бүсэд төвлөрөх үед халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа. Тэгэхээр иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж, хүн хоорондын зайгаа барих, гараа тогтмол ариутгах, амны хаалтаа зүүх, олон нийтийн газраар бага насны хүүхдийг авч явахгүй байх хэрэгтэй. 12-оос доош насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулаагүй байгаа тул эцэг, эхчүүд хүүхдүүддээ онцгой анхаарч, хариуцлагатай байх шаардлагатай.

-Дельта вирусээр өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Коронавирусийн Альфа, Бетта, Гамма төрлийн вирус нь ойролцоогоор 2-3 хүнд халдвар дамжуулдаг байсан бол Дельта хувилбар нь 7-8 хүнд халдварлах чадвартай. Мөн гүйлгэх, гэдсээр өвдөх шинж тэмдгүүд илэрч байгаа. Одоогоор Дельта вирусээр оношлогдсон тохиолдлуудын дийлэнх нь хөнгөн хэлбэрээр өвчилж байна. Хөнгөн хэлбэртэй тул ихэнхдээ гэрийн нөхцөлд эмчилгээ хийж байгаа. Мэдээж ХӨСҮТ-ийн Тандалт, хариу арга хэмжээний багаас хяналт тавиад явж байна. Ер нь хөнгөн туссан, гэрээр эмчилгээ хийж байгаа иргэд гадуур явах тохиолдол их бий. Иргэн та хөнгөн ч бай, хүнд ч бай коронавирусийн халдвар авсан бол өөрийгөө тусгаарлан, дэглэмээ сайн барих хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагуудаас иргэддээ зохих шаардлага, зөвлөмжүүдийг л хүргүүлж байгаа. Тухайлбал, олон хүн бөөгнөрсөн газраар зорчихгүй байх, олон хүн бөөгнүүлж, цуглуулахгүй байх, гэртээ агаар сэлгэлт тогтмол хийж, гэр бүлийн хүрээнд агаарт гарах, дархлаагаа дэмжих хэрэгтэй.

-Эмнэлгүүдийн ажиллах хүчний нөөц, ачаалал хэр байна вэ?

-Альфа, Гамма вирусийн тохиолдол зургаа, долдугаар саруудад нэлээд өндөр байлаа. Долдугаар сарын дунд үеэс эхлэн иргэдийн хөл хөдөлгөөн татарч, амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотод халдварын тохиолдол буурч, эмнэлгийн ачаалал хөнгөрсөн. Тиймээс боломжийг ашиглаад халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдаа үе шаттайгаар, ээлжлүүлэн амраах, дархлааг нь дэмжих ажлыг зохион байгуулж байна. Ковидын чиглэлээр ажиллаж байсан эмнэлэг, сувиллуудаа түр хугацаанд хаах, үндсэн тусламж, үйлчилгээ рүү нь шилжүүлэх байдлаар зохицуулалт хийж байгаа. Тун удахгүй амралт, аяллын улирал дуусаж, иргэд суурьшлын бүсэд төвлөрөхтэй холбогдуулан халдварын тохиолдол нэмэгдэх төлөвтэй байгааг өмнө нь дурдсан. Тиймээс цаашид авах арга хэмжээнүүдээ төлөвлөөд, орны зохицуулалтаа хийж байна. Мөн дархлаажуулалтын цэгийг хэрхэн нэмэгдүүлэх вэ, давтан буюу III тун хийхээр болбол ямар зохион байгуулалтад орох вэ, Тандалт, хариу арга хэмжээний багийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэх мэтээр бүхий л чиглэлээр төлөвлөлтөө хийж байгаа. Хамгийн гол нь халдварын тархалт бага байгаа энэ үед эмч, эмнэлгийн ажилтнуудаа амраан, дархлааг нь дэмжиж, эрч хүчийг сэлбэх нь нэн чухал байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.221] 2021-08-19 19:48:07

Мангар юм ярьдаг эмч юм аа

Иргэн [202.21.107.118] 2021-08-18 10:34:57

Дэглэмээ сайн бариач дээ.

Зочин [192.82.67.147] 2021-08-18 10:32:04

12 оос доош насны вакцингүй хүүхдүүд халдвар авч хүндрэл үүсэхэд эмчлэх эмнэлэг тоног төхөөрөмж эмч ажиллагсад хүрэлцэхгүй нь ойлгомжтой Ийм байхад танхимаар хичээлах тухай яртх огт утгаггүй асуудал Аз туршаад хэзээ өвдөх бол гэсэн шиг 5 хоног явуулаад 9 хоног гэртээ ажиглаад Юу гэсэн үг вэ огт вакцингүй хүн эрсдэлтэй нь ойлгомжтой байхад Бага ангийн хүүхэд эрүүл байхад хичээл нь хүнд биш учир нөхөөд давтаад явахад асуудалгүй шүү дээ Дэлхийд коронагийн үлдэц хүндрэл хүүхэдэд хэр их хор хөнөөлтэй гэдгийг мэдсээр байж юун танхимийн сургалт цахимаар хичээлээд болоод байна.

Zochin [66.181.177.126] 2021-08-18 09:28:47

Deglemee sain barihgui bol verusiin huch ni ulam nemegdej olon hun uvchiluh vii de

Зочин [103.80.210.183] 2021-08-18 09:19:54

ха ха тоо мэддэг вирус байх нь_

Зочин [202.9.46.222] 2021-08-18 11:40:45

Ха ха


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.