“Ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын стандартад хүргэх нь: ТУРШЛАГА, СУРГАМЖ, ГАРЦ ШИЙДЭЛ” хэлэлцүүлэг боллоо

Aдмин / Хууль

Монгол Улсын Их Хурлын даргын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг байнгын болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 7 ажлын хэсгүүдийг байгуулсан бөгөөд Боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсгүүдийг нэгдсэн удирдлага, ерөнхий чиглэл, зохион байгуулалтаар ханган ажиллаж, хуулийн төслүүдийг олон нийтээр хэлэлцүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах ажлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдиннямд үүрэг болгосон билээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Монгол Улсад боловсролын үйлчилгээ явуулж байгаа бүх шатны боловсролын сургалтын болон мэргэжлийн байгууллага, багш, ажилтан, суралцагчид, тэдний эцэг, эхийн төлөөлөл болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагыг оролцуулан хуулийн төслийн онцлох асуудлаар тухайлсан хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд “Ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын стандартад хүргэх нь: туршлага, сургамж, гарц шийдэл” сэдвээр эхний хэлэлцүүлгийг өнөөдөр /2021.10.19 зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням удирдаж явуулав. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Ерөнхий боловсролын сургуульд олон улсад өрсөлдөх чадвартай хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь” илтгэл тавьсан бөгөөд Боловсролын ерөнхий хуулийн төсөлд боловсролын бодлого, үйл ажиллагаа тэгш хүртээмжтэй, ялгаварлан гадуурхахгүй, нээлттэй байх зарчмыг тусгаж, олон улсын жишигт нийцсэн хөтөлбөрөөр чанартай боловсрол эзэмших, эзэмшсэн мэдлэг, чадвар, суралцахуйн хандлагаа үнэлүүлэх боломжийг хүүхэд бүхэнд нээлттэй болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төсөлд тусгагдсан талаар танилцууллаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд илтгэлдээ “Монгол-Кембрижийн боловсролын санаачлага” шинэчлэлийг хэрэгжүүлсэн өнгөрсөн хугацаанд нэлээдгүй ололт, сургамж, туршлагыг хуримтлуулсан бас алдаа оноогоо дүгнэсэн он жилүүд байсан ч өнөөдрийн байдлаар олон улсын хөтөлбөртэй төрийн өмчийн жишиг сургуулиудыг төгссөн төгсөгчдийн 60 орчим хувь нь дэлхийн 20 гаруй улсын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж төгссөн, энэ сургуулиар дамжуулан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын хөтөлбөрийн хэрэгжилтийн менежмент, багшийн сургуульд суурилсан мэргэжлийн тасралтгүй хөгжил, суралцагчийн болон багшийн үнэлгээ, түүнийг сургуулийн хөгжилд эргэх холбоотой ашигладаг аргачлал, санхүүжилтийн аргачлал, сургуулийн экосистемийг бүрдүүлэх талаар их ололттой ажиллаж, туршлага хуримтлуулж чадсаныг ч онцлон тэмдэглэлээ. Харин “Монгол-Кембрижийн боловсролын санаачилга” шинэчлэлийг боловсролын мэргэжлийн байгууллага институцдаа тулгуурлалгүйгээр хэрэгжүүлсэн явдал олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үр дүнтэй технологи, ололтыг үндэсний тогтолцоонд түгээн дэлгэрүүлэхэд гол үүрэг бүхий институцуудын чадавх бэхжиж чадаагүй байгааг ч тэмдэглэн хэлсэн. Мөн түүнчлэн цаашид үндэсний хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх, хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих эко систем бүрдүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай хөтөлбөрийг боловсруулж, хөтөлбөрийг хүлээн зөвшөөрүүлэхэд анхаарал хандуулж ажиллахаа талаараа дурдлаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаяр “Олон улсын стандартын боловсролыг нэвтрүүлэх нь: туршлага, сургамж, шийдэх гарц” илтгэлдээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байх хугацаандаа олон улсын стандартыг баримжаалсан шинэчлэлийг эхлүүлж, хэрэгжүүлсэн талаар болон тухайн үед энэхүү шинэчлэлийн бодлогын хүрээнд олон улсын стандартад нийцсэн боловсролын тогтолцоог хөгжүүлэх, нэвтрүүлэх талаар хэрхэн ажилласан мөн цаашид боловсролын шинэчлэлийн хүрээнд олон улсын стандартад нийцсэн боловсролын тогтолцоог бэхжүүлэх асуудлаар хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа арга хэмжээний талаарх саналаа илэрхийллээ.

“Шинэ эрин” сургуулийн захирал Б.Амартүвшин “Олон улсын стандартын боловсролыг нэвтрүүлэх нь: туршлага, сургамж, шийдэх гарц” илтгэлдээ олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн сургуулийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа арга хэмжээг тодорхойлж, хууль эрх зүйн орчныг шинэчлэх ажлын хүрээнд санал бодлоо илэрхийллээ.

“Шинэ эхлэл” сургуулийн химийн багш Ж.Батхишиг “Байгалийн ухааны хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь” сэдвээр илтгэл тавьж, багшийг ажлын байран дээрээ тасралтгүй хөгжихөд дэмжлэг хэрхэн үзүүлдэг болон байгалийн ухааны хичээлийн хөтөлбөрийн агуулга, арга зүй, шалгагдах хэв маягийг танилцуулж, хичээлдээ бэлтгэн төлөвлөх, тухайн хөтөлбөрийн зорилгод оновчтой тохирох арга зүй, үнэлгээний хэлбэрүүдийг сонгон хэрэглэх, тухайн хичээлд зориулан Кембрижээс боловсруулан гаргасан хэрэглүүрүүдийг суралцагчийг хэрэглэж дадахад хэрхэн чиглүүлэх болон Кембрижийн хөтөлбөрөөр суралцагч нь боловсрол, ажлын талбар, улс орондоо, олон улсад хүлээн зөвгөөрөгдсөн үнэ цэнэтэй боловсон хүчин болж бэлтгэгдэж байгаа талаар танилцууллаа.Мөн “Монгол тэмүүлэл” сургуулийг төгсөгч Б.Хишигдэлгэр “Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуульд суралцсан миний туршлага” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нийгмийн тэгш бус байдал гүнзгийрч байна. Энэ нь даамжирч боловсролын салбарт орж ирсэн. Иймээс Монголын төр хүртээмжтэй боловсрол буюу нийтийн боловсролыг дэмжих ёстой. Иймээс олон улсын аль нэг хөтөлбөрийг нутагшуулах, сонгон шалгаруулалтаар цөөн тооны хүүхдийг дэмждэг хөтөлбөрийг эсэргүүцдэг гэдгээ онцлоод Ерөнхий боловсролын сургуулиудад тэгш хандах, ашгийн бус сургалтын байгууллагыг дэмжих, боловсрол тэгш хүртээмжтэй байх асуудлыг хуульд голлон барих ёстой гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар уг хэлэлцүүлгийг хааж үг хэлэв. Дэлхийн улс орнуудын боловсролын салбарын сайн туршлагаас суралцах, дэлхий дахины сургалтын дэвшилт арга зүй, технологийг монгол уламжлалт сургалт, монголчуудын ёс заншил, аж төрөх ёсны онцлогтой хослуулсан шинэ хэв загвар бий болгох нь зүйтэй гэж үзэж байна. Үндэсний хэмжээнд хэлэлцэн зөвшилцөж чадвал шинэчлэлийн зорилго зүгээ зөв олж, үр өгөөж нь монгол хүндээ хүрч, Монголын эрх ашигт нийцнэ гэж бодож байна. Үндэсний хөтөлбөр, 12 жилийн боловсролын тогтолцоонд шилжих нь зөв үү, үгүй юу, сургуульд заах үндсэн гадаад хэл нь англи хэл байх уу, хүүхдүүдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх төрөлжсөн сургалтуудын асуудлыг онцгойлон авч үзэж цаашид хуульд хэрхэн тусгах талаар саналаа хэлж хамтдаа зөв шийдэл гаргах чухал байгааг онцоллоо.


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням хэлэлцүүлгийг хааж үг хэлэхдээ Монголын боловсролын хөтөлбөрийг олон улсын хөтөлбөрийн хэмжээнд хүргэж хөгжүүлэх нь зүйтэй талаар хаалтын үгэндээ огцлон тэмдэглэлээ.

Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй энэхүү хэлэлцүүлэг нь дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвартай, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг, эрүүл, хариуцлагатай иргэнийг хөгжүүлэх боловсролын шинэчлэлийн зорилгод нийцсэн чухал ач холбогдолтой хэлэлцүүлгийн нэг боллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.227] 2021-10-21 01:14:50

МАН намчдаараа боловсролыг самруулахх больчихвол бодовсрол аяндаа босоод ирнэ. МАНын намчид сургуулийг 100 жилээр самарлаа. Соц үeд арай хараа хяналттай хамжааргатай байдаг байсан бол одоо сургуулийн захирал цэцэрлэгийн эрхлэгчээр тавигдаж ирсэн намчид дураар дургиж манай нам засаглаж байхад хэн намайг хэлэхэв нохойг хэн саахав сүйтгэж идэх ухх уутлахаа урьтал болгодог. Намчдад үнэндээ сургууль хүүхэд багш юу ч биш. 4 жилд амжиж ахиу идэх намдаа хандивлах дээд дарга нараа долоох ийм л юм хийдэг захирал эрхлэгч нар байгаа. МАН сургуулиудыг намын үүр уурхай болгож сонгуульдаа тултал ашигладаг . МАН олон юм ярихын оронд намчдаа л тат. Тэгээд хуулиндаа мэргэжлийнхэн нь өсөн давших замаар бодовсролын удирдлагаа авч явах болрмжоор ханга. Нам дарга дагасан нь бус мэргэжил чадвар мадлэгээр тэргүүлэгчид хь боловсролоо аваад яваг. Сүйтгэгч намчид сөнөг


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.