“Болор цом-39” наадмын гуравдугаар байрын шагналт Өвлийн гурван марал шүлгийг хүргэж байна

Aдмин / Энтертайнмент

Яруу найргийн “Болор цом-39” наадам энэ сарын 24-нд болж өндөрлөсөн билээ. Уг наадмын гуравдугаар байрт шалгарсан яруу найрагч Л.Моломжамцын Өвлийн гурван марал шүлгийг толилуулж байна.

Уг шүлэг нь үзэгч түмнээс “Монгол ахуй, байгаль, Монгол хүмүүний амьдралын гүн гүнзгий, нарийн нандин бүхнийг гайхалтай хөндөж, уран яруу урласан гэх үнэлэмжийг хүртээд буй. Ийнхүү “Болор цом-39”наадмын хамгийн тансаг, торгон мэдрэмжтэй, яруу шүлгээр "Өвлийн гурван марал" шүлгийг бид онцлон нэрлэж байна.

image

"Өвлийн гурван марал"

Үүрээр хаялсан цасны зургаан талст өнгийн чулуун дээр очир эрдэнэ шиг гялалзана

Өндөр хурмаст үүлгүй цэнгэгээр цэлийж өдрийн ганц од тэртээ дээр цаашлана

Үдшээр нисэж өнгөрсөн галт шувууны тунгалаг өдийг хайсан үнэгний сүүл цайдам давна

Өл халзан бүргэд тэнгэрт амран нисч монголын тал нутгийг сүвлэнэ

Хаана ч байхгүй эрдэнийн ийм цагаар л

Хазаарын амгай нуруундаа шигширгэн мориндоо би алханам

Ус мөрөн цэнхэр могой шиг мушгиран хөдөлгөөнгүй ч хөдөлгөөнийг бичиглэн оршиж

Уулын савдаг цагаан өвгөн таяг тулан нарны дор мөс хүлхэн зогсоог лус ажина

Ургаж үдэлсэн нарнаа хиргисүүр чулууд гортиг татаж, сэмэн өвс сэрүүн ахуйг тунгаана

Умраас нүүх үүлс сэтгэлийн доторхыг зураглаж, морьтой хүн цастай хөндийг чимэглэнэ

Зүүдэнд ч олдохгүй эрдэнийн ийм цагаар л

Зүрх сэтгэл минь амран тэнийж цасны солонгыг харан баяснам

Одон ертөнц гурван хэмжээст нөмөрч, олон гаригс нүдэн дээр тулж ярилцана

Одохуй, ирэхүйн үлгэрийг өвлийн тэнгэр хүүрнэж, гэрийн тотгоноос амьдралын гал улалзана

Адуу шөнийн тэг гүнээс тургилан янцгааж, зүрхний гүн дэхь соронзонг эргүүлнэ

Алсын уулын онь дээрээс хөөрөх аугаа мөнгөн сар орчлонг тулах ганц мод шиг үзэгдэнэ

Үүрдийн ертөнцөд ховорхон эрдэнийн ийм цагаар л

Үнэгэн лоовуузтай монгол хүн би гурван маралтай хамт зугаацнам


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.47] 2021-12-27 05:45:40

Зураг шиг Монгол хүн ийм л байсан гэж бодогдохоор бичжээ,Сайн байна.

Зочин [124.158.93.68] 2021-12-27 04:52:17

Маш сайхан шүлэг байна

Зочин [202.131.225.53] 2021-12-27 01:18:36

goy shuleg bainaa

Zochin [172.58.40.24] 2021-12-26 08:58:14

Heden hugshin bandi oroltsovdoo

2021.12.26 [43.250.126.90] 2021-12-26 06:51:01

янзтай


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.