“Парламентын судалгааны онцлог, ач холбогдол” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг болов

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын Ардчиллын түншлэлтэй хамтран зохион байгуулж буй “Парламентын судалгааны онцлог, ач холбогдол” сэдэвт туршлага солилцох сургалт, хэлэлцүүлгийн нээлт өчигдөр Төрийн ордонд боллоо.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан АНУ-ын Олон улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд, энэ удаагийн сургалт, хэлэлцүүлэгт оролцохоор АНУ-аас хүрэлцэн ирсэн төлөөлөгчид, Конгрессын судалгааны албаны судлаач, сургагч багш нарт талархал илэрхийлсэн юм.

Энэхүү сургалт парламентын судлаачид хууль тогтоогчдыг тэнцвэртэй, бодитой мэдээллээр хангах үүргээ хэрэгжүүлэхдээ баримтлах зарчим, судалгаа шинжилгээний арга зүйн талаар Конгрессын судалгааны албаны туршлагаас суралцах боломж олгож байгаа практик ач холбогдолтой гэдгийг тэрбээр сургалт, хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцолсон.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар Олон улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэнтэй олон жилийн хамтын ажиллагааны туршлагатай хэмээгээд хамтран хэрэгжүүлсэн ажлууд үр дүнгээ өгч сүүлийн жилүүдэд Улсын Их Хурлын гишүүдтэй мэдээлэл, туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж ирснийг дурдлаа.

Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөнд УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэл бүхий нотолгоонд суурилсан судалгаа, мэдээлэл, лавлагаагаар хангаж, арга зүйн дэмжлэг үзүүлэх чадавхыг бэхжүүлэх зорилтыг дэвшүүлсэн бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр УИХ-ын судалгааны нэгжийн үйл ажиллагааг өргөжүүлэн Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнг 2019 онд байгуулсан юм.

Гурван өдөр үргэлжлэх сургалт, хэлэлцүүлэгт УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн, Хууль эрх зүйн газар, Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын ажилтнууд оролцож буй бөгөөд “Судалгаанд нам бус зарчмыг баримтлахын ач холбогдол”, “Судалгааны бүтээгдэхүүний төрлүүд, чанартай судалгааны бүтээгдэхүүний бүтэц”, “Судалгааны бүтээгдэхүүн боловсруулах сайн туршлага”, “Чанартай эх сурвалж олох, хуурамч, алдаатай мэдээллээс зайлсхийх нь”, “Хууль тогтоогч, судлаач хоорондын нууцлал”, “Хууль тогтоогчдын хэрэгцээ, шаардлагыг үнэлэх нь”, “Хууль тогтоогчдод зориулсан судалгааны илтгэл бэлтгэх нь” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл сонсч, туршлага сололцох юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.