Д.Цогтбаатар: Төрийг данхайлгаж, дэд сайдууд томилсон нь цагаа олсонгүй

Aдмин / Улстөр

-Засгийн газар бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайдын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томилсон. Энэ нь Ерөнхий сайдын 2025 оны есдүгээр сарын 15-нд УИХ-ын чуулган дээр өгсөн “төрийн бүтцийг цомхон, үр ашигтай болгоно” гэсэн амлалттай зөрчилдөж байна. Дэд сайд томилох зайлшгүй шаардлага байсан гэж та бодож байна уу?

-Миний хувьд дэд сайдуудын асуудал цаг үеэ олоогүй гэж харж байна. Яагаад гэхээр 2022-2025 оны хооронд зөвхөн цалин дээр 4 их наяд төгрөгийг Засгийн газар үрсэн байна. Тэр их мөнгөөр эрүүл мэнд, боловсролын салбарын багш, эмч нарын цалинг үндсээр нь шийдээд, “Энэ салбар ингээд нэг хэсэгтээ тогтвортой явна” гэж болох байлаа. Гэтэл бодит үр дүнгүйгээр төрийн албыг улам данхар болгосон.

Өнгөрсөн долоо хоногт би Өвөрхангай, Архангай аймагт ажиллаад ирлээ. Бодит байдал дээр төрийн албан хаагчид зөвхөн үндсэн цалингаа л авч байна. Нэмэгдэл, урамшуулал байхгүй. Хүн 2 сая төгрөгийн цалин авлаа гэхэд зээлээ төлөөд, амьдралдаа зарцуулахаар төлөвлөчихсөн байтал цалин нь тасалдаж байна. Ийм нөхцөлд яагаад дэд сайд томилж байгаа юм бэ?

Хэрвээ сайд ажлаа хүчрэхгүй байгаа бол УИХ-ын гишүүнээсээ эхлээд хариуцлага тооцох ёстой. Төрийн бүтцийг “дэрсэн дээр хоргол хатгасан” мэт болгож болохгүй. Тийм учраас би үүнийг буруу гэж үзэж байна.

-Татварын өртэй гэсэн үндэслэлээр 20 гаруй мянган аж ахуйн нэгжийн дансыг хаасан нь эдийн засаг хүнд байгаа үед буруу шийдвэр боллоо гэж бизнес эрхлэгчид шүүмжилж байна. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Энэ асуудлыг Байнгын хороон дээр ярьсан. Сангийн сайд төсөв тасалдаж байгаатай холбоотойгоор мэдээлэл хийх үеэр би 2016 оноос хойших татварын орлогын графикийг үзүүлж, ярилцсан. 2016 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хүн амын орлогын албан татвар, НӨАТ нийлээд 2.5 их наяд төгрөг хүрэхгүй байсан. Харин өнөөдөр 14.7 их наяд болсон байна. Өөрөөр хэлбэл, долоо дахин өссөн.

“Татвар нэмэхгүй” гэж амалсан Засгийн газар 2016 оноос хойш эрх барьж байна. Гэтэл бодит байдал дээр иргэн, аж ахуйн нэгжүүдээ татвараар шахаж, бүсийг нь хялайтал чангалж байж татвар авсан атлаа нэг ч салбарын цалингийн асуудлыг бүрэн шийдээгүй. Тиймээс Сангийн яамны барьж буй бодлого буруу, Засгийн газрын дэд сайдтай холбоотой бодлого ч буруу гэж үзэж байна.

-Та Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр ажиллаж буй. Хууль санаачлагчид тамхины томоохон ашиг сонирхолтой бүлэглэлүүдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа тухай мэдээлэл бий. Хуулийн төсөл одоо ямар шатандаа явж байна вэ?

-Хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, чуулганаар хэлэлцэх эсэхийг дэмжээд, ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Би яагаад энэ хуулийг хамт өргөн барьсан бэ гэхээр орон нутагт очиход эхчүүд, багш, эмч нар “Электрон тамхийг болиулж өгөөч” гэж хүсэж байна. Энэ бол зөвхөн электрон тамхи биш, хүүхдүүдэд буруу зуршил суулгаж байгаа маш ноцтой асуудал. Зуршил суусны дараа юуг ч нэмэх боломжтой болдог. Цахилгаан тамхи татваргүй орж ирж байна, хамгийн гол нь залуучууд, хойч үе эрсдэлд орж байна.

Монгол Улс хорт хавдрын өвчлөлөөр өндөр үзүүлэлттэй. Тэр дундаа уушгины өвчлөл их байна. Ийм хор уршигтай асуудлыг одоо л цэгцэлж авахгүй бол хожим оройтно. Миний хувьд нэг л итгэл үнэмшилтэй, тэр бол ирээдүйгээ муу зуршлаас хамгаалах.

-Оюу толгойн асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол болж өнгөрлөө. Үүнтэй зэрэгцэн “Рио Тинто” компанитай холбоотой мэдээллүүд олон улсын хэвлэлүүдээр гарч байна. Түүнээс “Рио Тинто” ОХУ-ын арбитрын шүүх дээр ялагдаж, Оросын “Русал” компани Оюутолгой дахь тус компанийн хувийг нь авахыг хүсч байна гэсэн мэдээлэл анхаарал татаж буй юм. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Оюутолгойтой холбоотой материалууд нууц тул нарийн ярих боломжгүй. Гэхдээ миний хувьд нэг санал бий. Магадгүй бид “Рио Тинто”-д мөнгийг нь өгөөд, 34 хувиа 100 хувь болгож авбал илүү ашигтай байж мэднэ. Санхүүжилт, хүүний асуудал тусдаа сэдэв.

Оюу толгойг хөгжүүлэхэд оруулсан хөрөнгө оруулалтыг тусад нь ярьж болно. Харин эзэмшлийн асуудлыг салгаад авч үзэх хэрэгтэй. Санхүүжилт босгоод, хувь эзэмшлээ бүрэн авч чадвал Монгол Улсад илүү ашигтай хувилбар гэж би бодож байна.

-Та сая орон нутагт ажиллаад ирсэн гэлээ. Хөдөөгийн иргэдийн амьдрал ямар байна вэ?

-Өвөрхангай аймагт түлшний асуудал маш хүнд байна. Архангай аймагт төрийн албан хаагчдын цалин, байгууллагуудын зардал царцсан. Эдгээрийг яаралтай шийдэх шаардлагатай байгааг иргэд онцлон хэлж байна.

-Монголбанкны ерөнхийлөгчийн томилгоотой холбоотой шүүмжлэл нийгэмд өрнөж байна. Таны байр суурийг сонсъё?

-Төв банк бол мэргэжлийн, бие даасан байгууллага. Монголбанкны ерөнхийлөгч мэргэшсэн хүн байх ёстой. Сонсголыг сонсоход мэргэжлийн түвшинд хангалтгүй санагдсан. Гэхдээ олонхийн шийдвэр тул итгэл үзүүлээд явуулъя, хэрвээ болохгүй бол хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байна.

-2026 онд Монгол Улсын эдийн засгийн төлөв ямар байх бол?

-Орос, Хятадаас хамааралтай ч эерэг дохио олон байна. Нүүрс, зэс, алт экспортод гарч, үнэ өсөж байна. Хэрвээ Засгийн газар оновчтой, цомхон бүтэцтэй, зөв бодлогоор ажиллаж чадвал эдийн засаг огцом муудах нөхцөл харагдахгүй байна.

Д.ЭРДЭНЭТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.