Селений эрүүл мэндийн ач холбогдол
Үндэслэл :
Сүүлийн жилүүдэд бичил элементүүдийн тэнцэл алдагдах, элементүүдийн илүүдэл, дутагдалын улмаас хүний бие махбодод илрэх эмгэг өөрчлөлтийн талаар эрдэмтэд эрчимтэй судалж байна. Хамгийн сонирхолтой элементүүдийн нэгэнд селен зүй ёсоор орно. Селен нь Менделеевийн үелэх системийн 34-рт байрлах бөгөөд 6 валентай ба валентын хувьд –2 (селенидууд), +4 (селенитүүд) ба +6 (селенатууд) гэж нэрлэнэ. Селен нь байгальд органик (селенметионин, селенцистенин) ба органик бусаар (селенитууд, селенатууд) хэлбэртэй байдаг. Селен нь хүн ба амьд организмын амьдралд маш чухал үүрэгтэй 19 нэн шаардлагатай элементүүдийн тоонд багтана
Селены солилцооны алдагдлын улмаас хүний бие махбодод илрэх эмгэг өөрчлөлт нь газарзүйн байршил буюу хүрээлэн буй орчин ялангуяа ус, хөрс дэх селены агууламжаас шалтгаалдаг болохыг тогтоосон байдаг.
Селений ач холбогдол:
-Селен нь хүний биеийн дархлааг сайжруулж, организмын өөрийгөө зохицуулах процессыг идэвхжүүлдэг.
-Селен нь хорт хавдараар өвчлөх эрсдлийг бууруулна.
-Эсийн ДНК-ийн гэмтлээс сэргийлж, эсийн хэвийн өсөлтийг хангаж, гэмтсэн эсийг сэргээнэ.
-Бамбай булчирхайн дааврын ялгаралтанд оролцож, дотоод шүүрлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангана.
-Нойр булчирхайн хэвийн үйл ажиллагаанд тустай.
-Селен нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
-Тосонд уусдаг аминдэмүүдийн шингэхэд тустай
-Зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ.
-Нүдний харааг хэвийн байлгахад тустай.
-Селен нь эрэгтэй болон эмэгтэй хүний үржлийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж, үргүйдлээс сэргийлнэ. Эрчүүдийн бэлгийн эүйл ажиллагааг идэвхижүүлнэ.
-Жирэмсэн, хөхүүл эх болон нярайн төрөл бүрийн төрөлхийн эмгэг, өвчлөлүүдээс урьдчилан сэргийлнэ.
-Селен нь организмийн эрт хөгширөлтөөс сэргийлнэ.
-Организмд үүсэх хаягдал болон янз бүрийн хорт бодисууд зарим хүнд металлууд(хар тугалаг, мөнгөн ус, цагаан алт) ба токсиныг гадагшлуулна. Зарим эмийн хорыг бууруулна.
-Арьс, үс ба хумсны эрүүл байдлыг хангана.
Селений организмийн хэвийн байдлыг хангах хоногт хэрэглэх хэмжээ:
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмжөөр бидэнд маш бага селен шаардлагатай: эрэгтэй хүн хоногт-70 мкг, эмэгтэй хүн хоногт-55 мкг, хүүхэд-нэг кг жин бүрт нэг мкг хэрэглэхийг зөвлөмж болгож байна. Үүнд:
Нярай хүүхэд 0 - 6 сар. - 10 мкг/хоногт, 6-аас 12 сар. - 15 мкг/ хоногт
Хүүхэд 1-ээс- 6 нас - 20 мкг/ хоногт, 7-оос- 10 нас - 30 мкг/ хоногт
Өсвөр насны эрэгтэй хүүхэд 11-ээс 14 нас - 40 мкг/ хоногт
Охид 11-ээс 14 нас - 45 мкг/ хоногт
Эрэгтэй 15 –аас- 18 нас - 50 мкг/ хоногт
19 нас ба түүнээс дээш - 70 мкг/ хоногт
Эмэгтэй 15 –аас- 18 нас - 50 мкг/ хоногт
19 нас ба түүнээс дээш - 55 мкг/ хоногт
Жирэмсэн эх – 65-аас 200 хүртэл мкг/ хоногт
Хөхүүл эх – 75-аас 200 хүртэл мкг/ хоногт
Хэрэглээний дээд хэмжээ - 400 мкг –ийг хоногт хэрэглэж болно.
Селений бусад бодистой харилцан үйлчилгээ:
Селен нь Е-аминдэм ба Иод микроэлемент организмд хангалттай байвал илүү сайн шингэх бөгөөд эдгээр бодисууд нь бие биенийхээ үйлчилгээг идэвхижүүлдэг. Харин сахар болон бусад хагас бэлэн бүтээгдэхүүнүүд нь селений шингэцэд сөрөгөөр нөлөөлнө. Мөн зарим нэгэн эмийн бэлдмэлүүд (жишээ нь парацетамол) организм дахь селений агууламжийг бууруулна.
Селен агуулсан бүтээгдэхүүнүүд:
Селен нь олонхи ургамлын болон амьтаны гаралтай бүтээгдэхүүнүүдэд илүүтэй агуулагдана. Үүнд: далайн загас болон далайн бүтээгдэхүүнүүд ялангуяа осьминог, краб, кальмар, сельд ба далайн байцаа, далайн давсанд их байдаг. Мөн мах болон малын дотор гэдэс (элэг, бөөр, зүрх), үр тарианы бүтээгдэхүүнүүд: улаан буудайн соёлж, бүхэл үрийн ширхэгтэй гурил, хэвэг, хар будаа, овьёос, эрдэнэшиш зэрэг ургамлууд, улаан лооль, сармис, дрожж, мөөг, өндөг, оливийн тосонд ч агуулагдах боловч боловсруулалтын явцад селений хэмжээ байга буурч байдаг. Гэхдээ хөрсөнд агуулагдах хэмжээнээс ихээр шалтгаална. Харин нярай хүүхэд эхийн сүүгээр дамжуулан селен авах ба эхийн сүүнд үнээний сүүнээс хэд дахин илүүтэй агуулагдана.
Селений дутал нь :
Организмын селений дутагдал нь янз бүрийн өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлэн маш хүнд үр дагаварт хүргэж болно. Сул дорой байдал, сэтгэл гутрал, бэлгийн үйл ажиллагаа болон хөдөлмөрлөх чадвар доройтох, арьс, зүрх судасны, хавдар судлалын өвчин, харааны саад тотгор, бусад олон өвчин биед селен дутагдлын үр дүн үүсч болно. Ялангуяа селен дутагдал эхийн сүүгээр хооллох боломжгүй нярай (ялангуяа хөвгүүд) өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, таагүй экологийн нөхцөл байдалд оршин суугчдад илүүтэйгээр ажиглагддаг. Селений дутагдалаас гаргах хамгийн сайн арга бол сайн хоол тэжээл юм. Селен агуулсан биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх тохиолдолд эмчээс зөвлөлгөө авах хэрэгтэй.
Селений илүүдэл :
Селен өндөр агуулсан хүнс хэрэглэснээр селений илүүдэл үүсэх тохиолдол маш ховор байдаг. Ер нь селений илүүдэл ховор байдаг, гэвч заримдаа селен агуулсан биологийн идэвхит бүтээгдэхүүн хэт ихээр хэрэглэснээр илүүдэл үүссэн тохиолдол бий. Селен нь цэвэр хэлбэрээрээ маш хүчтэй хор тул селен агуулсан биологийн идэвхит бүтээгдэхүүн, эм бэлдмэлийг эмчийн хяналтан дор хэрэглэх учиртай, учир нь биед селений илүүдэл нь их хэмжээний хордлого болон бусад ноцтой үр дагаварт хүргэж болох юм. Селен их хэмжээгээр агуулсан эм бэлдмэлийг хэрэглэх зөвлөмжийг зөвхөн эмч мэргэжилтэнүүд өгнө.
НЭМХ-ИЙН ХООЛ СУДЛАЛЫН ТӨВ. ЭША А/У-НЫ ДОКТОР Э.ЭРДЭНЭЦОГТ
2016.10.09
Сэтгэгдэл