ТЕРРАРИУМ БУЮУ БИЧИЛ ЦЭЦЭРЛЭГ

Aдмин / Технологи

Танин мэдэхүйн мэдээ:

Террариум (Terrarium) буюу бичил цэцэрлэг нь сүүлийн үеийн минималист интерьер дизайны гол чиг хандлага болоод байна. Анх 1842 онд Их Британий ургамал судлаач, доктор Натаниэль Бэгшоу Уорд (Nathaniel Bagshaw Ward) шавжны зан үйлийг ажиглах туршилтынхаа хүрээнд битүүмжилсэн шилэн саванд эрвээхийн зулзага өсгөж байхдаа санамсаргүйгээр оймын спор болон хөвд бүхий савыг битүүмжлэн орхисноор террариумыг олж нээжээ (Зураг 1). Хэсэг хугацааны дараа битүү шилэн саванд фотосинтез явагдаж, хуримтлагдсан дулаан болон чийгийн нөлөөгөөр ургамал ургах тааламжтай нөхцөл бүрдэн бяцхан цэцэрлэг үүссэн байна. Үүний дараагаар Уорд олон туршилтууд хийсэн ба 1842 онд "Битүү нөхцөлд ургамал ургах тухай" номоо хэвлүүлсэн нь Их Британи цаашлаад, Европ даяарх ургамал судлаачдын дунд алдартай болсноор эрдэмтэд ялгаатай экосистемүүдийг бичил цэцэрлэг болгон бүтээж, түүнийгээ судалж, ажиглаж эхэлсэн (Зураг 2).

Террариум (terrarium нь –terra буюу газар нутаг, -arium сав гэсэн Латин үгнүүдээс гаралтай) нь анх битүү шилэн саванд хөрс ургамлыг хийх зохиомжтой байсан ч цаг үеийн эрхээр интерьер дизайны шийдэлд нийцэхийн тулд улам бүр хөгжин олон хувилбартай болсон. Мөн түүнчлэн Японд тусгайлан урлаг болон хөгжсөн байна (Зураг 3). Орчин үед террариум нь задгай, битүү, модон дээр, зэн цэцэрлэг, суккулент цэцэрлэг, цахирмаан цэцэрлэг гэх мэт олон төрөлтэй.

Мөн зарим улсад байх Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх зохиомол байгалийн экосистемүүд нь ч энэхүү террариумын томруулсан хувилбар юм. Эдгээр шийдлүүдээс товчхон дурдвал; битүүмжилсэн террариумд хөвд, цахирмаа, ойм, агаарын үндэстэй ургамал зэрэг халуун орны ургамлын сортуудыг хольж тарихад тохиромжтой байдаг. Битүү террариум дах ургамлуудын чийг ихэдсэнээс навч гэмтэж, хөгц ба мөөгөнцөр үүсдэг тул агаарын солилцоо явуулах болон савны ханан дах илүүдэл чийгийг арилгахаар долоо хоногт нэг удаа нээж байх хэрэгтэй байдаг. Битүү террариумд нян, бактери амархан үржих эрсдэлтэй тул хөрс болон ургамлын үндсийг сайтар ариутгасны дараа суулгах хэрэгтэй. Шилний дотор хананд усны конденсац үүсээгүй тохиолдолд террариум нь хуурайшсан, услах нэн шаардлагатай байгааг сануулдаг. Харин задгай террариумд орчны болон хөрсний чийгшил багатай нөхцөлийг илүүд үздэг буюу хуурайдуу, нарны шууд тусгал шаарддаг суккулент ургамлууд тохиромжтой боловч усалгааг маш сайн тохируулахгүй бол үндэс илжрэх аюултай юм. Террариум нь хайрга, хөвд, хөрс, ургамал ба чимэглэлийн гэсэн 5 үндсэн давхаргатай (Зураг 4).

Хайрган давхарга нь таны террариумын саванд ус зайлуулах систем болох ба хөрсний давхаргаас ирсэн илүүдэл усыг хадгалж ууршуулна. Хөвдөн давхарга нь хөрс ба хайрга хоорондох тусгаарлагч болох ба хөрсний давхаргаас илүүдэл усыг өөртөө шингээдэг бол хөрсний давхарга нь ямар ургамал сонгон тарьж байгаагаас хамааран янз бүрийн найрлагатай байдаг. Ургамлын давхаргад савны онцлогт тохируулан ургамлуудаа сонгох ба түүнээс гадна ургамал хоорондын зохилдлогоог тооцоолох нь чухал юм. Өөрөөр хэлбэл таны сонгосон бүх ургамлууд нэг ижил ургах орчинтой байх нь маш чухал. Хэдийгээр гоёл чимэглэлийн давхарга нь гоо зүйн таашаал өгдөг ч, ургамлын ил гарсан үндсийг нарны шууд тусгалаас хамгаалах, ус чийгийг удаан хадгалах зэрэг үүргүүдийг давхар гүйцэтгэдэг.

Сүүлийн үед Европ болон АНУ-ын зарим сэтгэл заслын төвүүдэд өвчтөнүүдээр бичил цэцэрлэг, террариумыг хийлгэх эмчилгээний шинэ арга өргөн дэлгэрээд байна. Судлаачид тухайн хүн террариумыг хийх үедээ анхаарлаа бүрэн төвлөрүүлж, өөр зүйлс бодохгүй болох ба өөрийн уран сэтгэмжийг ашиглан зохион бүтээсэн бүтээлээсээ тааламжтай сайхан мэдрэмж авах зэрэг нь тухайн хүний стресс, ядаргааг бууруулах ба сэтгэл санааны тавгүйтэлээс гаргадаг ач тустайг дурджээ.

Мэдээ бэлтгэсэн: Б.Лянхуа

Эх сурвалж:

https://www.ecoponics.com.sg/terrarium-workshop-singapore-terrarium-layers/

https://en.wikipedia.org/wiki/Terrarium

https://www.bbc.com/future/article/20211130-the-magical-miniature-worlds-of-terrariums

https://daily.jstor.org/the-accidental-invention-of-terrariums/


Сэтгэгдэл

Ёстой сонин гоё сэдээлэл байна үргэлжлүүлээрэй амжилт [192.82.84.79] 2022-01-22 22:57:33

Ёстой сайхан мэдээлэл байна баярлалаа улам ихийг оруулаарай


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.