Монгол Улс 1996 оноос Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм. Энэхүү өдрийг өнөөдөр 29 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хэн нэгнийг хэлмэгдүүлэх, шударга бусаар шүүх явдал бараг гарахаа больж хилс хэрэгт хэлмэгдэгч гэсэн ойлголт байхаа больсон. Харин их хэлмэгдүүлэлтийн он жилүүд гэх бараан түүх Монголын түүхэнд хар толбо болон үлдсэн. 1922 оноос 1939 оны хооронд Монголын сор болсон олон аавын хүү, ээжийн охиныг улс Төрийн хилс хэрэгт буруутган цөлж, шоронд хорьж, бүр амь насыг нь хороосон тохиолдол олон.

1937 оноос эхтэй хэлмэгдүүлэлтэд зөвхөн хоёр жилийн дотор буюу 1939 он хүртэл 30 мянга орчим хүнийг буудан хороосон гэх баримт байдаг аж. Нийт хэлмэгдэгч 31652 үүнээс, хэлмэгдсэн лам, хуварга 18775 буюу 59.7 хувь, цаазын ялаар шийтгэгдсэн 13827 буюу 73.6 хувь, хорих ялаар шийтгэгдсэн 4039 буюу 21.5 хувь, бусад /баривчлагдаад суллагдсан, шоронд нас барсан, шийтгэсэн тогтоолгүй, ор сураггүй алга болсон гэх мэт/ 909 буюу 4.8 хувь хэлмэгдүүлэлт өрнөсөн хугацаанд устгагдсан сүм хийдийн тоо 1250 орчим байсан гэх статистик мэдээлэл бий.