Моди: Трамптай уулзахыг тэсэн ядан хүлээж байна

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахыг тэсэн ядан хүлээж буйгаа мэдэгдэв.
Тэрбээр нийгмийн сүлжээний “Х” (хуучнаар Twitter) хуудастаа "Энэтхэг, АНУ хоёр улс ойрын нөхөд, мөн байгалийн (жам ёсны) холбоотнууд юм. Манай талууд худалдааны хэлэлцээрийг аль болох хурдан дуусгахын төлөө хамтран ажиллаж байна.
Би мөн Ерөнхийлөгч Трамптай уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Бид ард түмнүүдийнхээ илүү гэрэлтсэн, хөгжил цэцэглэлтэй ирээдүйн төлөө хамтран ажиллах болно" гэж бичжээ.
Мөн тэрбээр хоёр орны худалдааны хэлэлцээ "Энэтхэг-Америкийн түншлэлийн хязгааргүй боломж"-ийг нээх болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Truth Social" нийгмийн сүлжээндээ:"АНУ, Энэтхэг хоёр худалдааны саад тотгорыг арилгах чиглэлд хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа бөгөөд улс төрийн дээд түвшний уулзалтууд ойрын долоо хоногуудад болно" гэж бичжээ.
АНУ Энэтхэгийн эсрэг нэмэлт тариф тогтоолоо - Энэтхэгийн ГХЯ шударга бус гэж үзэв
АНУ 2025 оны наймдугаар сарын 6-нд Энэтхэгт Оросоос түүхий нефть болон газрын тосны бүтээгдэхүүн худалдан авч буйтай холбогдуулан нэмэлт 25 хувийн гаалийн тариф тогтоосон. Үүний үр дүнд Энэтхэгээс АНУ руу импортолж буй бараа, үйлчилгээний нийт татварын хэмжээ 50 хувьд хүрчээ.
Энэтхэгийн Гадаад хэргийн яам уг үйлдлийг шударга бус хэмээн мэдэгдсэн байна.
Худалдааны хэлэлцээр саатлаа
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Вашингтонд айлчилсны дараа хоёр улс бүрэн хэмжээний худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг энэ оны хоёрдугаар сард эхлүүлжээ.
Гол зорилго нь 2030 он гэхэд хоёр талын худалдааны хэмжээг 500 тэрбум ам.долларт хүргэж нэмэгдүүлэх бөгөөд уг хэлэлцээрийг 2025 оны намар гарын үсэг зурж батлах аж.
Энэтхэгийн төлөөлөгчид хэлэлцээний хүрээнд Вашингтонд хэд хэдэн удаа айлчилсан ч зургаа дахь шатны хэлэлцээг наймдугаар сарын 25-нд Энэтхэгт хийхээр төлөвлөсөн ч цуцлагдсан байна.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.126.91.149] 2025-09-10 15:32:51
Шалчига бидда вэ,,,
Зочин [192.82.65.175] 2025-09-10 14:54:37
Индия Орктой Бээжинд жаахан далчигнаснаа гэнэт ойлгоод гөлөг болж байгаа нь энэ.