Д.Трамп: Эцсийн хугацаа бол 11 дүгээр сарын 27

Aдмин / Гадаад мэдээ

Украинд дайныг зогсоох зорилго бүхий “энхийн төлөвлөгөө”-г В.Зеленский 11 дүгээр сарын 27-ноос хойшлуулахгүйгээр дэмжих ёстой. Баасан гарагт Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ийнхүү хэлсэн байна.

“Бидэнд энхийг тогтоох арга зам бий, Украины Ерөнхийлөгч уг төлөвлөгөөг дэмжинэ гэж бодож байна, хэзээ нэгэн цагт тэрбээр үүнийг зөвшөөрөхөөс аргагүйд хүрнэ” хэмээн Д.Трамп дурджээ.

Хэрвээ АНУ-ын санаачилга В.Зеленскийд таалагдахгүй бол Украин үргэлжлүүлэн тулалдах хэрэгтэй болно, харин 27-ны пүрэв гараг бол эцсийн хугацаа гэдгийг тэрбээр сануулсан байна.

Ройтерс агентлаг эх сурвалжуудаасаа эш татан мэдээлснийг үзвэл, хэрвээ Украины тал Вашингтоны төлөвлөгөөг дэмжихгүй бол АНУ тагнуулын мэдээлэл, зэвсэг техникийг Украинд нийлүүлэхээс татгалзаж магадгүй байгаа ажээ.

Харин В.Зеленский Украины иргэдэд хандан 28 зүйл заалт бүхий “энхийн төлөвлөгөө”-ний талаар хэлэхдээ “ирэх долоо хоног үйл явдлаар дүүрэн тун амаргүй өдрүүд байх болно” гэсэн байна. “Украин улс нэг бол нэр төрөө алдах, нэг бол гол түншээ алдах тун адармаатай сонголтын өмнө ирж магадгүй” гэдгийг тэрбээр хэллээ.

Америкийн энхийн төлөвлөгөөнд Герман улс болон Европын Холбоо болгоомжлонгуй хандаж байна. Төлөвлөгөөнд тусгаснаар, Украины тал газар нутгийн асуудлаар Орост буулт хийх, АНУ болон Европын Холбоо Украиныг сэргээн босгох ажлыг санхүүжүүлэх ажээ. Мөн Оросын эсрэг хоригийг үе шаттайгаар цуцлах, Москва, Вашингтоны хооронд урт хугацааны эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах тухай заалтууд орсон байна.

Харин Европын орнууд болон украинчууд уг төлөвлөгөөг төдийлөн дэмжихгүй байна. Европын удирдагчдаас хамгийн түрүүнд Германы Канцлер Ф.Мерц энхийн төлөвлөгөөний талаар Д.Трамптай утсаар ярьжээ. Ройтерсийн мэдээнд дурдсанаар, Европын орнууд өөрийн гэсэн “зуучлалын баримт бичгийг” боловсруулж байгаа бөгөөд түүнийг Йоханнесбург хотноо 22-23-ны өдрүүдэд болох G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр үргэлжлүүлэн хэлэлцэх бололтой.

Энэ уулзалтад Мерцээс гадна Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Их Британийн Ерөнхий сайд К.Стармер, Италийн Ерөнхий сайд Ж.Мелони нар оролцоно.

Б.АДЪЯАХҮҮ


Сэтгэгдэл

Зочин [188.162.254.38] 2025-11-22 14:33:00

тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачин

Зочин [202.9.47.84] 2025-11-22 13:28:35

Трамп хятадын эсрэг худалдааны хориг өндөр татвар өндөр тариф тогтоосонд хятадын эрлийзүүд түүнийг үзэн ядаж доромжилдог болсон.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.