ОХУ Киев, Харьков хотууд руу олон тооны пуужин, дроноор довтлов

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын зэвсэгт хүчин хоёрдугаар сарын 3-ны мягмар гарагт шилжих шөнө Украины хэд хэдэн бүс нутагт дахин пуужин болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон)-ийн хосолсон довтолгоо хийжээ.

Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал болон Киев, Харьков хотын эрх баригчид энэхүү довтолгооны улмаас олон газар дэлбэрэлт болсон талаар Telegram сувгаараа дамжуулан мэдээлсэн байна.

Довтолгооны үеэр Киев хотод агаарын температур -20°C, Харковт -22°C байжээ.

Киев мужийн Цэргийн захиргааны дарга Тимур Ткаченко орон нутгийн цагаар 01:30 орчимд олон нийтийн сүлжээндээ “Оросууд хахир хүйтэн үеэр Киев хот руу дахин өргөн хүрээтэй довтолгоо хийхээр шийдсэн бололтой.

Одоогийн байдлаар Днепровскийн дүүрэгт олон давхар орон сууцууд болон нэгэн боловсролын байгууллага цохилтод өртсөн тухай мэдээлэл ирж байна” хэмээн бичжээ.

Киев хотын захирагч Виталий Кличко Дарницкийн дүүрэгт орон сууцны бус барилга байгууламжид цохилт өгсөн, мөн Днепровскийн дүүрэгт байрлах цэцэрлэгийн барилгад гал гарсан талаар мэдээлсэн байна.

Мэдээ нийтлэгдэх үеийн байдлаар Киев хотод гэмтэж бэртсэн хүний талаар албан ёсоор мэдээлээгүй байжээ.

Харьков хотын захирагч Игорь Тереховын мэдэгдсэнээр, ОХУ тус хотод баллистик пуужингаар хэд хэдэн удаа цохилт өгч, Слободскийн дүүрэгт хоёр удаа туссан байна.

Мөн Харьков мужийн Цэргийн захиргааны дарга Олег Синегубов бүс нутагт цохилтот дрон болон удирдлагатай нисэх бөмбөг ашигласан хэд хэдэн халдлага гарсан талаар мэдээлжээ.

Тэрбээр “Дайсны цохилтын улмаас Харьков хотод хоёр хүн гэмтсэн. Мөн 27 болон 58 настай эрэгтэйчүүд одоогоор эмнэлгийн тусламж авч байна” гэж Telegram сувагтаа бичсэн бөгөөд үүнээс гадна Дергачи хотод дахин хоёр хүн бэртсэн гэж нэмж дурдсан байна.

ОХУ “эрчим хүчний эвлэрэл”-ийг зөрчив

Украины Эрчим хүчний дэд сайд Артём Некрасов "ОХУ өнгөрсөн шөнө Украины эрчим хүчний дэд бүтцэд өгч буй цохилтоо дахин сэргээснээр дөрөв хоногийн өмнө зарласан “эрчим хүчний эвлэрэл”-ийг зөрчсөн" гэж мэдэгдэв.

Түүний хэлснээр, хоёрдугаар сарын 2-нд шилжих шөнө Оросын цэргүүд Харьков, Сумы, Днепропетровск, Черкассы мужууд дахь эрчим хүчний объектуудыг онилон довтолсон байна.

Украины Эрчим хүчний яамнаас мэдээлснээр, эвдэрсэн эрчим хүчний байгууламжууд дээр сэргээн засварлах ажил тасралтгүй үргэлжилж буй ч Киев хот болон Киев мужид цахилгаан эрчим хүчний дутагдалтай хэвээр байгаа аж.

Түүнчлэн цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан Одесса, Николаев, Кировоград мужуудад 160 гаруй суурин газар цахилгаангүй болжээ.

Дэд сайд мөн Днепропетровск мужид эрчим хүчний салбарын ажилтнуудыг онилсон санаатай халдлага гарсан тухай мэдэгдсэн байна. Тодруулбал, өмнөх өдөр нь Оросын дронууд Павлоградын тойргийн “Терновская” уурхайн ойролцоо байрлах нэгэн эрчим хүчний компанийн ажилчдын автобусыг онилон цохилт өгчээ. Үүний улмаас 16 уурхайчин амиа алдаж, 14 хүн шархадсан байна.

Мөн хоёрдугаар сарын 2-ны өдөр тус компанийн байгууламжид дахин цохилт өгч, захиргааны барилгуудыг эвдэлсэн тухай "ДТЭК" эрчим хүчний компани мэдэгдсэн байна.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Эвлэрэл нь 7 хоногийн хугацаатай байсан. [202.126.90.144] 2026-02-03 11:36:20

Анхнаасаа л Трамп 7 хоногийн эвлэрэл хүссэн, түүнийг нь Орос зөвшөөрөөд 7 хоног пуужиндаагүй. Тэгээд тэр 7 хоног нь өнгөрөхлээр үргэлжлүүлээд пуужиндаж байна. Юүн эвлэрээл украйнчууд яриад байгаа юмб?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.