Отгонтэнгэрийн тахилгад оролцох иргэд тусгай хамгаалалттай газрын журмыг мөрдөхийг зөвлөв
Отгонтэнгэр уулын төрийн их тахилга ирэх сарын 17-нд болох бөгөөд тахилгад оролцох иргэдийг тусгай хамгаалалттай газрын дэг журам, байгаль хамгааллын шаардлагыг мөрдөхийг Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа.
Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уул нь өндөр уулын экосистем, биологийн олон төрөл зүйл бүхий эмзэг орчин төдийгүй Монголчуудын эртний шүтээн, тахилгын уламжлалыг хадгалсан ариун дагшин газар юм.
Тус газрын онгон бүсэд буу авч явах, байшин барилга барих, нохой дагуулах, майхан барих, гал түлэх зэрэг үйлдлийг хуулиар хатуу хориглодгийг хамгаалалтын захиргаа онцоллоо.
Иймд тахилгын үйл ажиллагаанд оролцох иргэд нэг мөр замаар зорчиж, хөрсний элэгдэл үүсгэхгүй байх, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхыг зөвлөв. Мөн овоонд хадаг, дарцаг, торго өргөхгүй байх, харин тариа будаагаа өргөж, сүү, цайныхаа дээжийг барин сэтгэлдээ залбирахыг уриаллаа. Түүнчлэн гол горхи, овоонд савтай сүү тавихгүй байхыг сануулав.
Отгонтэнгэрийг зорин ирэх мөргөлчид, аялагчид тухайн газрын ёс заншил, шүтлэгийг хүндэтгэж, нутгийн уламжлалыг даган, тусгай хамгаалалттай газрын журмыг мөрдөх шаардлагатайг мөн дурдлаа.
Жил бүрийн дөрөвдүгээр сараас есдүгээр сарын хооронд өдөрт дунджаар 1500 орчим автомашин тусгай хамгаалалттай газраас зөвшөөрөл авч зорчдог бөгөөд энэ хугацаанд байгаль хамгаалагчид аялагч, жуулчдад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг.
Мөн хайрхны өвөрт байрлах тусгай хамгаалалттай бүсэд “морин хөтөч” үйлчилгээ ажилладаг байна. Энэ хүрээнд нутгийн малчид морь, малаа ашиглан аялагчдыг хөтлөн дагуулж, нутаг орны онцлогийг танилцуулдаг бөгөөд байгаль хамгаалагчид, сумын багийн дарга нартай хамтран гурвалсан гэрээ байгуулан ажилладаг онцлогтой юм.
Уг үйлчилгээ нь аялагчдын аюулгүй байдлыг хангах, зохион байгуулалтыг сайжруулах зорилготой бөгөөд байгальд хог хаягдал үлдээхгүй байх, зөв боловсон аялах талаар мэдээлэл өгч байна.
Сүүлийн жилүүдэд Отгонтэнгэрийн Бадархундага нууранд аялагч, мөргөлчид металл эд зүйлс, аяга зэрэг өргөснөөс шалтгаалан ус бохирдох эрсдэл нэмэгдэж байгааг хамгаалалтын захиргаа анхааруулж байна. Тус рашаан нь тунгалаг цэвэр, эмзэг орчинтой учир элдэв химийн хольцтой аяга, тагш. зэс, гууль зэрэг байгальд сөрөг нөлөөтэй эд зүйлс өргөхгүй байхыг уриалж байна.
Иймд иргэдийг байгалиа бохирдуулахгүй, ариун дагшныг нь хүндэтгэн залбирч мөргөхийг Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас зөвлөлөө.


































































Сэтгэгдэл
Чингис хаан [66.181.161.147] 2026-05-14 16:33:04
Хамаг байгаль орчин бохирдуулах вий дээ , хүмүүсийг алсаас сүсэглэвэл зохистойг сануул