Саудын Арабын газрын тосны байгууламжууд руу довтолгоогоо үргэлжлүүлнэ гэж хуситууд мэдэгджээ
Йемений хуситууд Саудын Арабын нисэх онгоцны буудлууд болон газрын тосны байгууламжууд руу довтолгоогоо үргэлжлүүлнэ гэж лхагва гарагт мэдэгджээ. Үүнээс нэг өдрийн өмнө Саудын Арабын газрын тосны томоохон компани болох "Saudi Aramco"-гийн төв байранд цохилт өгч, их хэмжээний хохирол учруулсан талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.
Хуситуудын мэдэгдсэнээр, довтолно хэмээн мэдэгдэж буй эдгээр байгууламж нь цэргийн ажиллагааны хууль ёсны бай бөгөөд Саудын Арабаас Йеменд өгсөн цохилтуудын хариуд довтолж байгаа ажээ. Үүний улмаас Персийн булангийн бүс нутагт АНУ, Ираны хооронд үүссэн сөргөлдөөнөөс үүдэн дахин хурцадсан мөргөлдөөн улам даамжирч болзошгүй байна.
Өнгөрсөн долоо хоногт хуситууд Саудын Араб руу хийх довтолгоогоо эрчимжүүлсэн байна. Тухайлбал, бямба гарагт Эр-Рияд хотын Хаан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд цохилт өгсний улмаас 13 хүн амиа алджээ.
Мягмар гаргийн шөнө Саудын Арабын зүүн нутгийн Дахран хот дахь "Saudi Aramco" компанийн төв байранд өгсөн цохилтын улмаас гал гарч, барилгын хэд хэдэн давхрыг хамарсан талаар уг үйл явдлын талаар мэдээлэлтэй гурван эх сурвалж "Reuters" агентлагт мэдээлжээ. Харин Саудын Арабын Эрчим хүчний яам бага хэмжээний гал гарсан гэж мэдэгдсэн байна.
Хоёр эх сурвалжийн мэдээлснээр, "Aramco" компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд ажилтнууд нь гэрээсээ ажиллаж байгаа аж.
Мөргөлдөөн улам хурцдаж байгаа нь Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салманы эдийн засгаа төрөлжүүлэх, газрын тосноос хамааралт байдлыг бууруулах томоохон төлөвлөгөөнд сөргөөр нөлөөлж байна.
Өнгөрсөн сард Йеменд дахин мөргөлдөөн эхэлсний дараа Саудын Араб Йемений Засгийн газрын хүчнийг дэмжиж байгаагийн хариуд довтолж байгаагаа хуситууд мэдэгджээ.
Ираны нөлөө улам нэмэгдэж, хил орчмын бүс нутагт нь тогтворгүй байдал үүсэхээс болгоомжилсон Саудын Араб 2015 онд хуситууд Йемений нийслэл Сана хотыг эзлэн авсны дараа тус улсын Засгийн газрыг дэмжин иргэний дайнд оролцож эхэлсэн юм.
Йемений мөргөлдөгч талууд НҮБ-ын зуучлалаар 2022 онд гал зогсоох тохиролцоонд хүрсэн боловч өнгөрсөн сард хуситууд гэнэтийн давшилт хийж, Улаан тэнгисийн эрэг дагуу урагшлан, стратегийн чухал ач холбогдолтой Баб-эль-Мандебын хоолойд хүрсэн байна. Үүнтэй холбоотойгоор Саудын Араб олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Йемений Засгийн газрыг дэмжиж, хуситуудын эзэлсэн газар нутгийг эргүүлэн авах зорилгоор цэргийн ажиллагаагаа сэргээжээ.
Д.ЖАРГАЛ

.jpg)






































































Сэтгэгдэл