Тамирчдын танхайрал хэрээс хэтэрлээ

Д.Тулга / Спорт

Өнгөрсөн амралтын өдрүүдэд насанд хүрэгчдийн 36 дахь удаагийн УАШТ болж өнгөрсөн. Бямба гаригийн тоглолтод эрэгтэйчүүдийн 75 кг жингийн тулаанд "Алдар" спорт хорооны тамирчин Н.Шинэбаяр, “Хангарьд” спорт хорооны тамирчин Ж.Отгонжаргал нар шигшээд үлдсэн. Харин Н.Шинэбаярын өрсөлдөгч, Хөх чоно клубын тамирчин, Спортын мастер Б.Содгэрэл өрсөлдөгч тамирчнаа мөргөсөн зүй зохисгүй үйлдэл гаргасан юм.

Түүгээр ч зогсохгүй шаардлага тавьсан шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж, шүүгчийн биед халдаж, "заналхийлсэн" нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд цацагдсан. Энэ үйлдлийг нь “тамирчин хүнд баймгүй ёс зүйгүй үйлдэл”, “Дэвжээн дээрээ ч биеэ барьж чадахгүй байгаа бол гудамжинд ч бас танхай байдлаа барьж чадахгүй”, “Авьяаслаг тамирчин байсан ч ёс зүйгүй л бол аюултай “зэвсэг” тул эрхийг нь хас” гэх мэтээр цахим ертөнцөд шүүмжлэл дагуулсаар байна.

Түмний нүднээс ч зоволгүй хийсэн Б.Содгэрэлийн ёс зүйгүй энэ үйлдэлд Монголын боксын холбоо ямар хариуцлага тооцохыг нийгэм тэр аяар ажиж байна. Энэ талаар МБХ-ны Хэвлэл мэдээллийн албанаас тодрууллаа.

-МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ОРУУЛАХ ГЭЖ БАЙНА-

-Спортын мастер Б.Содгэрэлийн алдаанд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Манай Мэргэжлийн зөвлөлийн дарга гадагшаа томилолтоор явсан байна. Томилолтын ажил энэ сарын 25-нд дуусч, Монголд ирнэ. Ирсний дараа Мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж, асуудлыг шийдвэрлэх болно.

- Одоогоор ямар ч арга хэмжээ аваагүй байгаа гэсэн үг үү?

- Эхний ээлжинд медалийг нь хурааж, багийн дүнгээс оноог нь хассан байна.

-Б.Содгэрэл ийм үйлдэл гаргах болсон шалтгаанаа тайлбарласан уу?

-Б.Содгэрэлийн аав өргөдөл өгсөн зэрэг мэдээллүүд бий. Гэхдээ мэргэжлийн зөвлөлийн хурал болж, энэ асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргах хүртэл бусад мэдээллийг өгөх боломжгүй байдаг юм.

-ТАМИРЧНЫ ЁС ЗҮЙ, ЖУДАГ ХААЧИВ-

Зарим тамирчдын гаргаж буй ёс зүй, жудаггүй занг Монголын нийт тамирчдад нялзааж ойлгож болохгүй нь мэдээж. Гэхдээ спортынхонтой холбоотой таагүй, танхайрлын тухай мэдээллүүд сүүлийн хэдэн жилд урд хожид сонсогдож байгаагүйгээрээ өслөө. Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн мэдээллэж буйгаар, сүүлийн хоёр жилийн хугацаанд улсын цолтой 10 гаруй бөх газрын наймаа, залилан, танхай, хар тамхи зэрэг хачин жигтэй хэрэгт холбогдсон байх юм.

Тамирчин хүнийг хүчтэй, бяртай, овсгоо самбаатай гэдгээс нь гадна эр хүн шиг шийртэй, ноён нуруутай байдагт нь ард түмэн хайртай. Хүчтэй бас ухаалаг байдал нь бидэнд “аавын энтэй” санагддаг болохоор тэр биз.

Гэвч зарим тамирчдын булчин нь “сунах” тусам тархи нь “агшдаг” болчихсон шиг. Гоо бүсгүйн тэмцээнд орж буй мэдлэг маруухан ч үзэсгэлэнтэй эмэгтэйчүүлийг санагдуулна.

Өнгөрсөн жилүүдэд тамирчин хүний жудаг, ёс зүйг зөрчсөн томоохон жишээнүүдээс иш татъя. Үүнд:

НЭГ. Монголын боксын холбооны Мэргэжлийн зөвлөл 2014 онд нэгэн тамирчны “Сонирхогчдын бокс” тоглох эрхийг бүх насаар нь хасав. Учир нь 1992 онд төрсөн Х.Энх-Амар гэгч нь 1995 онд төрсөн дүү болох Х.Энхдэлгэрийн нэрээр олон жил тулалдаж, УАШТ-д хүртэл ялалт байгуулж байв. Насаа дарж олон жил тоглосны эцэст Азийн 17 дугаар наадамд өрсөлдөхөөр явах үед нь ТЕГ-аас хил дээр байцаахдаа мэдэж илрүүлжээ. Уйваагүй, худалч зан, өөртөө үнэнч биш байдал тамирчин хүний ёс зүй биш ээ.


ХОЁР. Ард түмний хайртай аварга Г.Өсөхбаяр А.Сүхбатыг өшиглөж байсан явдлыг та бүхэн санаж байгаа байх. Гэсэн ч Г.Өсөхбаяр аваргад ямар ч шийтгэл ногдуулаагүй.


ГУРАВ. Аймгийн арслан н.Пүрэвсайхан Л.Пүрэвжав харцагыг өшиглөөд амжив. Уг нь энэ тохиолдолд спортын бус авир гаргасан гэдгээрээ н.Пүрэвсайханыг шууд унасанд тооцвол болно доо. Тийм зүйл байдаггүй


ДӨРӨВ. Улсын начин Д.Цогзолдорж Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойд зориулсан барилдааны нэгийн даваанд 23 настай залуу бөхийг амлан авч барилдсан. Тэд барилдааны явцад талбайн захад очиход улсын начин “голлоё” гэж хэлжээ. Улмаар барьц тавиулангуутаа тахимдаж унагасан билээ. Залуу бөх “Та луйвардлаа” хэмээн тахимаа өгөхгүй хэсэг гүрийсэнд улсын начин ихэд бухимдаж, учраа бөхөө дэвжээнээс гаргаад “Улсын цолтой бөхийн өмнөөс том дуугарлаа” хэмээн нүүрэн тус газарт нь цохижээ. Үүнээс болж залуу бөхийн үүдэн дөрвөн шүд унасан байдаг.


ТАВ. Улсын харцага Г.Намсрайжав 2012 онд ажил үүргээ гүйцэтгэж, шаардлага тавьсан замын цагдаагийн алба хаагчийг зодож гэмтээв. Албан үүргээ гүйцэтгэж байгаад бусдад зодуулсан замын цагдаагийн алба хаагчийн нүдний ухархайны яс хугарсан. Харин Ардын хувьсгалын 93 жилийн ойн байр наадамд Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын харцага Г.Намсрайжавын хүү Н.Батсуурь түрүүлж улсын арслан цол хүртсэн. Хүү нь энэ том амжилтад хүрсэн ч наадамчин олон түүнийг “Цагдаа зоддог Г.Намсрайжавын хүү” хэмээн шивэр авир хийлцэж байв.


ЗУРГАА. 2011 оны дөрөвдүгээр сарын эхээр Жудо бөхийн ОУХМ “Хангарьд” спорт хорооны тамирчин С.Ням-Очир, “Женко” группын бөх асан Улсын аварга Сугаржаргал, Баянжаргал нар “Face” баарны хамгаалагч 22 настай залууг ажлаа хийж байхад нь бүлэглэн зодож, нүүрийг нь цөмлөн нурууг нь хугалснаар барахгүй доод биеийг нь мэдээгүй болгож байсан удаатай.


ДОЛОО. Улсын начин, жудо бөхийн Олон улсын хэмжээний мастер Б.Одхүү 2013 онд нийслэлийн “Garden” ресторанаар үйлчлүүлж байхдаа Монгол Улсын заан Ц.Баярсайханыг зодож, хүнд бэртээсэн, 2004 онд “Muse” бааранд, 2005 онд Баянгол дүүрэг дэх “Аяз” бааранд, дараа нь мөн Тэрэлж дэх “Гурван түрэг” амралтын газарт Английн иргэн Налон Корбитт болон Б нарыг зодсон хэрэгт шүүхээс хорих ял сонсч байсан юм. Багануурын хорихоос суллагдсаны дараа “River sound” бааранд боксчин Э-г зодож танхайрсан бол үүний дараахан УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг зодож ихээхэн шуугиан дэгдээж байсан удаатай.


Энэ мэт тохиолдлуудаас л бидний үлгэр жишээ болгож хүндлэн, бахархдаг тамирчдаас маань ёс зүй, ёс жудаг гэх ойлголт алсарсаар байгааг харж болно. Магадгүй энэ тохиолдлуудын тоо улам нэмэгдэж, тамирчдын танхайрал, худал үгс ихэсвэл нийгэмд аюултай. Булчин шөрмөс нь зангирсан, биеэ барьж чаддаггүй булиа эр хаана ч, хэзээ ч, хэн нэгнийг цохиод унагачихаж мэднэ. Хохирсон иргэнийг хамгаалахаар ирсэн цагдааг ч яаж ч мэднэ. Сэтгэлийн боловсрол олоогүй, хүмүүжлийн доголдолтой хүмүүсээс гармаар ийм үйлдлүүд тамирчин хүнд, их спортод лав зохихгүй. Дэвжээн дээрээ гараад цусаа гартал ноцолдчихоод, дэвжээнээсээ буугаад тосоо гартал тэврэлддэг тийм спортыг, тийм тамирчдыг ард түмэн бид хүсч байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000