Т.Мөнх-Эрдэнэ: УИХ-д олон суудал авсан, ялалт байгуулсан нам шүүгчдийн томилгоог шийддэг болох нь эрсдэл дагуулна

Aдмин / Хууль

МУИС-ийн хууль зүйн сургуулийн багш Т.Мөнх-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-УИХ-ын чуулганаар Шүүхийн тухай багц хуулийг хэлэлцэж байна. Иргэдэд ойлгогдож байгаагаар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тэр чигээр нь УИХ-д авах гээд байгаа юм шиг, нөгөө талаасаа Ерөнхийлөгч тэр эрх мэдлээ хадгалж үлдэх гээд байгаа юм шиг дүр зураг харагдаж байна л даа. Яг юун дээр УИХ, Ерөнхийлөгч ингэж хоёр талцаад байгаа юм бол?

-УИХ-аар Шүүхийн тухай багц хуулийн төсөл ид хэлэлцэгдэж байна. Гэхдээ зарим талаараа нэлээд хайрцаглагдсан шинжтэй төслийн хэлэлцүүлэг явж байна гэж судлаач хүний хувьд харж байгаа. Шүүхийн тухай хууль Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаажуулахад чиглэсэн суурь хууль . Тиймээс маш олон талаас нь ярилцах, хэлэлцэх, шүүхийн салбарт ажилладаг мэргэжлийн хүмүүсийг оролцуулж байр суурийг нь сонсох ёстой. Өөрөөр хэлбэл төдийлөн яарах хэрэггүй гэсэн үг. Шүүхийн тухай хууль анх боловсруулагдаж, өргөн баригдах процесс нь нэг талаас Засгийн газар нөгөө талаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн боловсруулсан хоёр төсөл байсан. Ерөнхийлөгчийн боловсруулсан хуулийн төсөлд Ерөнхийлөгч эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн зохицуулалт байхгүй. Харин эсрэгээрээ Ерөнхийлөгч өөрийнхөө тодорхой чиг үүргийг хуульчдын мэргэжлийн нийгэмлэгт өгөхөд чиглэсэн концепцитой төсөл. Ерөнхийлөгч төслөө татаж авснаар өнөөдөр Засгийн газрын боловсруулсан хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд явж байгаа. Төслийг хэлэлцэх явцад Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрдүүлэх болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг бүрдүүлэх зохицуулалт дээр маш их анхаарал хандуулах ёстой. Учир нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн Үндсэн хуульд заасан нэг чухал чиг үүрэг нь шүүгчдийг хуульчдаас шилж сонгох асуудал юм. Мэргэшсэн, чадварлаг, шударга хуульчийг Ерөнхийлөгчид санал болгоно гэж. Тиймээс энэ чиг үүргийг хэрэгжүүлж байгаа бүтэц, институц нь улс төрөөс хараат бус байх ёстой.

Судлаачийн хувьд сануулж хэлэхэд 2019 оны арваннэгдүгээр сарын 11-нд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Нэмэлт, өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Түүнийг дагаад 2020 онд УИХ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Үүнийг судлаачид ч төдийлөн ярихгүй, УИХ-ын гишүүд ч хэлэлцүүлгийн явцад сануулахгүй байгаа. Шүүхийн тухай хуулийг боловсруулахдаа Ажлын хэсэг юу анхаарах хэрэгтэй вэ гэдгийг энэ тогтоолд заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл үзэл баримтлалын чиглэлийг нь өгсөн гэсэн үг. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэсэг буюу 3.1.1-д “Шүүхийн ерөнхий зөвлөлийн бие даасан хараат бус, тогтвортой байдлыг хангах зорилгоор түүний бүрэлдэхүүний таван гишүүнийг шүүгчид дотроосоо хувь тэнцүүлэн сонгож, бусад таван гишүүнийг бусад институцээс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн сонгон шалгаруулж томилох” гэсэн чиглэлийг УИХ өгсөн.

Гэтэл одоо хэлэлцүүлгийн шатанд явж байгаа төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч биш таван гишүүнийг сонгохдоо УИХ ажлын хэсэг байгуулаад , ажлын хэсэг нь хүмүүсийг сонгон шалгаруулж УИХ-аар батлахаар заасан. Энэ нь Шүүхийн ерөнхий зөвлөлийг улс төрөөс хараат бус байлгана гэсэн Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй байгаа юм.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн арван гишүүнээс тав нь дотроосоо, тавыг нь УИХ томилох юм байна. УИХ тав гишүүнийг томилсноор гарах эрсдлийг та бүхэн юу гэж харж байна вэ?

-Эрсдэл ихтэй гэж харж байгаа. 10 гишүүний 50 хувийг шүүгчид дотроосоо томилсноор цэвэр улс төрөөс хараат бус байж чадна. Гэтэл нөгөө 50 хувь нь улс төрөөс цэвэр хараат байх арга хэрэгслийг ашиглаж байна . Улсын ерөнхий прокурор, Үндсэн хуулийн цэц, Монголын хуульчдын холбооноос шүүгч биш таван гишүүнийг томилоод сонгон шалгаруулаад явах бүрэн боломжтой байтал томилох эрх мэдэл УИХ-д шилжиж байгаа юм. Найм, есөн жилийн дараа энэ асуудлын шийдлийг дахиад яриад сууж байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн эрх мэдэл УИХ-д шилжсэнээр шүүх хараат бус ажиллаж чадсангүй гэж. УИХ сонгуулийн мөчлөгөөр дөрөв дөрвөн жилээр солигддог бүтэц. Нэг гишүүн байнга ажиллаад байх нь ховор. Иймээс дараагийн сонгуулиар ямар бүрэлдэхүүн орж ирэхийг мэдэхгүй. Тэгэхээр нэг хүнд байсан эрх мэдлийг 76 хүн рүү шилжүүлчихэж байгаа юм. Ингэснээр улс төржих магадлал улам ихэснэ. УИХ бол цэвэр улс төрийн байгууллага. Тиймээс цаашдаа маш их улстөржсөн байр суурь гарахыг үгүйсгэхгүй.

-Уг нь нэг хүнд төвлөрснөөс 76 хүнд төвлөрсөн нь дээр гэдэг байр суурь байдаг л даа.

-Үүнийг оновчтой үндэслэл биш гэж харж байна. УИХ-д олон суудал авсан, ялалт байгуулсан нам шүүгчдийн томилгоог шийддэг болох нь эрсдлийг дагуулна.

-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гадна Сахилгын хороо гэж Үндсэн хуулийн байгууллага бий. Энэ нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн томилгоотой ойролцоо дүр зурагтай байна гэж үзэж байгаа. Одоо байгаар төслөөр явбал ямар эрсдэлүүд гарах бол.

-Шүүхийн Сахилгын хороо дөрөв нь шүүгч, тав нь шүүгч биш 9 гишүүнтэй байхаар төсөлд тусгагдсан. Дөрвөн шүүгчийг нийт гишүүдийн чуулганаас сонгоно. Харин шүүгч биш таван гишүүн Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүнийг сонгон шалгаруулах журамтай адилхан явахаар байгаа. Өөрөөр хэлбэл дахиад л УИХ томилгоог бүрэн шийднэ гэсэн үг. Шүүхийн сахилгын хороо ажиллаж байгаа шүүгчийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа хүн сахилгын зөрчил гаргах юм бол түүнд нь хариуцлага ногдуулдаг байгууллага.

-Өнгөрсөн 30 жилийн практикт шүүгч нь шүүгчдээ хариуцлага тооцсон тохиолдлууд хэр олон байдаг юм бэ?

-30 жилийн хугацаанд шүүгч нь шүүгчид хариуцлага тооцох механизм, тогтолцоо янз бүрийн хувилбараар явж ирсэн. Жишээ нь Хууль зүйн сайд нь Шүүхийн ёс зүйн хороогоо тэрүүлж үзсэн, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нь ч тэргүүлж байсан. Сүүлд нь болохгүй болохоор нь гурван талаасаа гурав гурван хүн дэвшүүлээд Шүүхийн ёс зүйн хорооны 9 гишүүн өнөөдөр ажиллаж байгаа. Ингээд үзэхээр аль ч тогтолцоонд авах ч юм бий дутагдалтай зүйл ч бий. Өнөөдөр сонгочихоод байгаа Шүүхийн сахилгын хороо нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ороод ирсэн учраас байх ёстой юу үгүй юу, буруу зөрүү гэж ярих нь утгагүй. Өнөөдөр хэлэлцэж буй төслийн хувилбараар шүүгч биш гишүүд давамгайлсан Шүүгчийн сахилгын хороог байгуулахаар байгаа. Энд анхаарах нэг зүйл нь Шүүхийн сахилгын хорооны сахилгын хэрэг хянан шийдвэрлэх процедурыг маш сайн зааж өгөх ёстой.

-Ерөнхийлөгчийн хуулийн төслийг хэдийгээр татаж авсан ч төсөл дээр Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороог ямар хувилбараар дэвшүүлж байсан юм бол.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл дээр шүүгч биш гишүүдэд Монголын хуульчдын холбооны оролцоог оруулахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, Монголын хуульчдын холбоо нь төрөөс хараат бус хуульчдын мэргэжлийн байгууллага учраас эндээс Шүүгчдийн сахилгын хорооны гишүүдийг томилоход оролцуулдаг байя гэсэн гол концепци байсан. Мөн Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг 12 хүний бүрэлдэхүүнтэй байхаар заасан. Гол нь тоонд бус хараат бус, төрийн болон бусад ашиг сонирхлоос ангид ажиллаж чадах институцийг бүрдүүлэх нь чухал юм. УИХ-аас таван гишүүнийг томилох нь улс төрөөс хараат байх зарчмыг бэхжүүлж чадаагүй гэж үзэж байна.

-Хүмүүсийн ойлголтоор Ерөнхийлөгч өөрөө бүх томилогоог хийх гээд байгаа юм шиг дүр зураг харагдаж байна гэсэн шүүмжлэл явсан. Гэтэл төсөл дээр ийм зүйл байхгүй гэж ойлгож болох уу?

-Тийм зүйл байхгүй. УИХ-аар нийтийн сонсгол хийж томилно гэсэн зохицуулалттай байсан. Түүнээс Ерөнхийлөгч шууд оролцож бүх хүнийг томилох асуудал байхгүй.

-УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр хэлэхдээ, Ерөнхийлөгч хэдийгээр төслөө татсан ч саналууд өгсөн. Би Ерөнхийлөгчтэй уулзсан. Ерөнхийлөгчийн саналын бараг 98 хувь нь энэ төсөлд тусгагдсан гэж ярьсан.

-Ерөнхийлөгчөөс оруулсан саналыг тусгасан уу гэвэл тусгасан. Гэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрдүүлэх, Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэх, энэ байгууллагыг институцийн хувьд бие даасан хараат бус байлгах зарчим дээр Ерөнхийлөгчийн төслийн гол концепцийг аваагүй байна гэж судлаачийн хувьд харсан. Бусад хэсгүүд дээр, жишээлбэл, Улсын дээд шүүхийн эрх хэмжээ, чиг үүрэг болон Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх процедурын асуудал дээр нэлээд саналыг авсан.

-Үндсэн хуулинд бас нэг зарчмын өөрчлөлт орсон нь Ерөнхийлөгчид Үндсэн хуульд заагаагүй бүрэн эрхийг нь олгохгүй гэсэн заалт байгаа. Үндсэндээ энэ заалтаар Ерөнхийлөгч маань бүх асуудлаас хол хөндий болчихож байгаа юм биш үү?

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд орсон 33.4 дэхь зүйл заалтад тодорхой бүрэн эрхийг Ерөнхийлөгчид олгоно гэсэн зохицуулалт орсон. Эрх зүйн чадавх, чиг үүрэг, бүрэн эрх гэсэн тулгуур гурван ойлголтыг авч үзэхгүйгээр бүрэн эрхийг ярих боломжгүй. Өөрөөр хэлбэл, аливаа төрийн эрхийг хэрэгжүүлж байгаа удирдлагад чадавх гэж юм бий. Энэ чадавх юугаар тодорхойлогддог вэ гэхээр түүнд олгосон чиг үүрэг , бүрэн эрхээр тодорхойлогддог. Тодорхой чиг үүрэг байгаа бол түүнийг хэрэгжүүлэх шаардлагатай бүрэн эрх заавал байх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцын хувьд их өвөрмөц. Төвийг сахисан институц гэдгээрээ хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлээс ялгаатай байдаг. Тийм учраас Монгол Улсын Үндсэн хуулинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн чадавхийг тодорхойлохдоо “Монгол Улсын Төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байна” гэж заасан. Энэ бол Ерөнхийлөгчийн чиг үүрэг. Төрийн тэргүүнийхээ хувьд , үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийнхээ хувьд, төвийг сахих институцын хувьд Ерөнхийлөгчийн тодорхой бүрэн эрхүүдийг ганцхан 33 дугаар зүйлд олгоогүй байхгүй юу. Жишээ нь Шүүхийн эрх мэдлийн асуудалд бүх шүүгчдийг Ерөнхийлөгч томилоно гэж. Энэ нь юуг хэлж байна гэхээр Төрийн тэргүүн өөрөө төвийг сахисан байр суурьтай, улс төрийн намаас татгалздаг учраас Ерөнхийлөгч шүүгчийг томилдог. Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн чиг үүрэг нь шүүх эрх мэдлийн бие даасан хараат байдлыг хангахад оршдог. Тэр чиг үүргээ хэрэгжүүлж байгаа хүн Үндсэн хуулийн үзэл баримтлалаар шүүгчдийг томилох бүрэн эрхтэй. Тэгэхээр ганцхан 33дугаар зүйгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрх хязгаарлагдахгүй.

-Бие даасан, хараат бус, улс төрөөс ангид гэдэг үгийг амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд ямар хувилбар байвал зохистой гэж судлаач хүний хувьд үзэж байна.

-Дэлхий нийтийн жишгийг харахад аль болох гүйцэтгэх мэдлээс хараат бус, хууль тогтоох эрх мэдлээс нэр дэвших, сонгон шалгаруулах процедур явах ёстой гэж үздэг. Судлаачийн хувьд хамгийн оновчтой хувилбар бол хуульчдын мэргэжлийн холбооны оролцоог энд оролцуулах ёстой гэж хардаг. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүхийн захиргааны тухай хууль дээр Монголын хуульчдын холбоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч биш нэг гишүүнийг санал болгож байгаа. Энэ зохицуулалтыг улам боловсронгуй болгоод явах ёстой байсан гэж үздэг.

-Хуулийн төсөлд тусгаснаар Монголын хуульчдын холбоо Шүүхийн ерөнхий хорооны тав, Сахилгын хорооны дөрвөн гишүүнийг томилоход оролцоод, нөлөөлөөд явах боломжтой юм биш үү?

-Ажлын хэсэгт орсноор нэр дэвшүүлэхэд хангалттай оролцоотой байна гэж үзэхэд хэцүү. Сая ХЭҮК-ын гишүүдийг томилсон томилгоо болсон. Үүнийг адилхан байдлаар авч үзээд байгаа. ХЭҮК-ын үйл ажиллагаа статус бол Шүүх эрх мэдлийн байгууллагаас огт өөр. Тиймээс харьцуулж болохгүй. Бид бие даасан шүүх эрх мэдлийн асуудлыг яриад байгаа. Шүүх эрх мэдлийн асуудлыг ярьж байхад ХЭҮК-тэй жишиж байна гэдэг бол харьцуулалтаа огт олоогүй зүйл. Харин түүний оронд бусад институцын тэнцвэртэй оролцоог хангаж, тэдгээрээс нэр дэвшүүлж сонгон шалгаруулах байдлаар явсан бол илүү институцын бие даасан байдал хангагдана.

-Дээд шүүхийн чиг үүрэг, эрх мэдэл, эрх хэмжээ ямар болж өөрчлөгдөх гэж байна вэ?

-Шүүхийн тухай хуулийн гол концепцийн нэг нь Улсын дээд шүүх дээр чиглэж байгаа. Улсын дээд шүүхийн чиг үүргийг дэлхийн бусад орнуудын жишигт нийцүүлэх ёстой. Тэр үзэл баримтлал энэ төсөл дээр явж байгаа. Энэ үзэл баримтлал Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл дээр анх орж ирж байсан. Шүүхийн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, эрх зүйг хөгжүүлэх чиг үүргийг дэлхий нийтэд хэрэгжүүлдэг. Улсын дээд шүүх нэхэмжлэгч, хариуцагчаас ирсэн бүх гомдлыг хянан хэлэлцэх байдлаар маш их ачаалалтай ажилладаг. Нэмэлт өөрчлөлтөөр энэ байдлыг өөрчлөх буюу дэлхий нийтийн жишигт нийцүүлэх чиглэлээр явж байгаа. Энэ байдлыг өөрчлөх буюу дэлхийн жишигт нийцүүлэхийн тулд гурван үндэслэлээр хандаж болохоор байна. Нэгдүгээрт, анхан болон давж заалдах шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хоёрдугаарт, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн тохиолдолд, гуравдугаарт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол гэдэг гурван үндэслэлээр гомдол байх юм бол дээд шүүх хянахаар гэж одоогийн хэлэлцэж байгаа төсөлд томьёолсон. Энэ нь агуулгын хувьд зөв боловч томьёолохдоо анхаарах зүйл байна.

Монгол Улсын Дээд шүүх Монгол Улсын үндсэн хуульд зааснаар Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах чиг үүрэгтэй субьект. Дээд шүүх хийсвэр тайлбар хийх үү эсвэл тодорхой хэрэг маргаан дээр тулгуурласан тайлбар хийхүү гэдэг дээр маргалддаг. Шүүх бүрэлдэхүүний таван шүүгчийн гаргасан шийдвэрийг Улсын дээд шүүхийг төлөөлөх хүчин чадалтай тайлбар гэж үзэх үү гэдэг дээр Үндсэн хуулийн цэц “хангахгүй” гэж шийдсэн. Тэгэхээр таван шүүгч дээд шүүхийг төлөөлөхгүй. Миний бодлоор энэ нь агуулгын хувьд зөв ч Улсын дээд шүүх албан ёсны тайлбараа хэрхэн яаж гаргах вэ гэдэг механизмыг энэ хуулийн төсөл дээр маш сайн бичиж өгөх ёстой. Хуулийн төсөлд энэ хэсэг хангалтгүй, тодорхой биш байгаа.

-Хуулийн төслийг хэдийгээр давуу, сул талтай гэж ярьж байгаа ч гэсэн олонхиороо батлах байх. Үр дүн нь ямар байх бол?

-Шууд үр дүнг хэлэхэд эрт байна. Таамаглал хэлэхэд ололттой зохицуулалт олон бий. Тэр хүрээнд ажиллаад явах байх. Гэтэл шүүгчдийг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлдэг байгууллага буюу Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрдүүлэх, Шүүгчдэд сахилгын хариуцлага хүлээлгэдэг буюу шүүчдийн сахилгын хороог бүрдүүлэх механизм бол оновчгүй явах гээд байна шүү гэдгийг хэлэх байна. Тэр хэсэг дээр маш их эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй.


Сэтгэгдэл

Зочин [64.119.21.184] 2021-01-15 22:07:56

Ерөнхийлэгч тэгээд улс төрөөс ангид байж, их шудрага бх юмуу. Элбэгдоржийг хар. Ямарч хуулийн мэдлэггүй Дорлигжавыг улсын прокурор тавьж юу болов? Эцэстээ охин нь Туркэд найз залуутайга үхэв. УИХ аас 5 шүүгчийг томилох нь харин 1 хүний нөлөөлөөс салгах болно.

Зочин [202.126.88.181] 2021-01-15 21:02:38

Eрөнхийлөгч ч гэсэн аль нэг намаас л гарч ирдэг. Ялгаа ч юу байхав

Жж [64.119.21.184] 2021-01-15 22:00:32

Түмэн зөв.

Зочин [202.126.88.181] 2021-01-15 21:01:31

Шүүгч байтугай өмгөөлөгч ч нэг өдөр ч хийж үзээгүй хүмүүс л шүүхийн хууль хийгээд л, яриад л, заагаад л кккк

del [202.55.188.37] 2021-01-15 11:45:14

ямар юмны гар хөл юм болдоо.

зочин [203.91.115.41] 2021-01-15 11:11:50

УИХ д хэн,аль нам байх нь хамаагүй гагцхүү шудрага эх орон ч,чадалтай залуучуудыг л тэр шүүхдээ томилох ёстой.Энэ хүн юу яриад байна.Ухаандаа нөгөө АН гарахаар өөрийнхөө шүүгчдийг.МАН бас өөрийнхийгөө сонгох юм уу,тэгвэл Монгол орны нийтлэг эрх ашиг гэж байхгүй зөвхөн намын эрх ашиг л гэж байх юм биздээ.Одоо яг нөгөө Элбэгдоржийн хийсэн ажил шиг хонгилоороо л байх хэрэг үү.Хүн бүр аль нам нь ч ялгаагүй наад хонгил гэдэг үхширсэн бодол хоцрогдлоо таягдаж хаяаач.

Зочин [122.201.21.254] 2021-01-15 09:31:10

Ялагдсан нам нь шүүгчдийг томилдог болно, тэгээд ялсан намынханыг намнаж шоронд хийнэ гэсэн логика эндээс харагдаж байна.

zochin [66.181.185.92] 2021-01-15 08:54:04

Mash zuv tailbar

Зочин [202.126.88.197] 2021-01-15 08:16:54

Ийм юмнуудыг сонгосон нь бидний алдаа! Багш залуу маш зөв харжээ, дэмжиж бна.

Зочин [192.82.72.114] 2021-01-15 05:40:28

Бууны нохой, эзэндээ үнэнч, өөрийн гэсэн байр суурьгүй

ЗОЧИН [192.82.71.106] 2021-01-15 05:16:32

ОДОО НАМЫН ЭРХ АШИГ ГЭЖ БАЙХААС МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШИГ БОЛ ТЭДНИЙ ТОЙРОГИЙН ГАДНА ҮЛДДЭГ БОЛСОН.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.