Хүний эрх хамгаалагч гэж хэн бэ?

Aдмин / Хууль

Парламент өнгөрсөн хаврын чуулганаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Монгол Улс Ази тивд анх удаа хүний эрх хамгаалагч гэж хэнийг хэлэх, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдвөл хэрхэн хамгаалах талаар эрхзүйн зохицуулалттай улс боллоо хэмээн хууль санаачлагчид хэлж байв. Тус хуулиар хүний эрх хамгаалагч гэж хэн болох, хүний эрх хамгаалагч нь хүний эрх, эрх чөлөө, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах болон хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг хувийн ашиг сонирхолд ашиглахыг хориглосон зэрэг хоёр гол асуудлыг зохицуулсан байна. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм.

Хүний эрх хамгаалагч нь...

Ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг хүний эрх хамгаалагч гэж хуульд тодорхойлжээ. Түүнчлэн хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн эсрэг хүчирхийллийн бус, тайван аргаар үзэл бодлоо илэрхийлж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг хүндэтгэж, аливаа хэлбэрээр хүний эрхийг хамгаалахыг “хүний эрх хамгаалах үйл ажиллагаа” гэж хуульд тусгажээ.

Хүний эрх хамгаалагчийн эрхүүд

-Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих зорилгоор аливаа хэлбэрээр эвлэлдэн нэгдэх, төрийн бус байгууллага, эвсэл, холбоо, бүлэг, нэгдэл байгуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцох

-Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах явцад олж авсан мэдээллийн эх сурвалжийг тухайн хүний эрхийн зөрчил арилж, эрх нь бүрэн сэргээгдэх хүртэл хугацаанд нууцлах, төрийн байгууллага, албан тушаалтныг хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хангах, хамгаалах чиг үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор санал, хүсэлт, гомдол

-Хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан, нийтийн сонсголд ажиглагчаар оролцох, төрийн байгууллага, албан тушаалтан хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээг дагаж мөрдөж байгаа эсэхэд байр сууриа илэрхийлэх

-Хүний эрх хамгаалагчийн хувиар явуулсан үйл ажиллагааныхаа үед халдлагаас хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, эдийн болон эдийн бус хохирлоо хуульд заасан журмын дагуу барагдуулах, нөхөн төлбөр авах гэж заажээ.

Хуулийн онцлох заалтууд

-Хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг ашиглан бусдыг сүрдүүлэх эрсдлүүдийг тооцож тухайн хүн нь хүний эрх хамгаалагч мөн эсэх, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулснаас шалтгаалан эрх нь зөрчигдсэн эсэхийг тогтоодог, зөрчигдсөн эрхийг нь хамгаалах үйл ажиллагаа явуулдаг Хүний эрх хамгаалагчийн хороо байгуулна.

-Хүний эрхийн хамгаалагчийн хороо долоон гишүүнтэй байна. Нээлттэй, ил тод сонгон шалгаруулалт явуулж гишүүдийг сонгоно. Дээр нь энэ долоо хүний нэг нь хүний эрхийн комиссын гишүүн байна гэж заасан. Гэхдээ давуу байдлыг үүсгэхгүйн тулд долоон гишүүн жил жилээр тойроод хороог удирдаад явахаар хуульд тусгасан.

-Тус хороо нь хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, гомдол, мэдээллийн талаар нотолгоо, баримт, мэдээлэл цуглуулах, хүний эрх хамгаалагчийг хамгаалах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн гаргасан дүгнэлтийг ХЭҮК-т хүргүүлж шийдвэрлүүлэх үүрэг хүлээнэ.

Хүний эрх хамгаалагч ба зарчим

Хүний эрх хамгаалагч үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална.

-Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх

-Шударга, хүнлэг ёсыг эрхэмлэх

-Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх

-Ялгаварлан гадуурхахгүй байх

-Бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх гэжээ.

Харин хүний эрх хамгаалагчид дараах үйлдэл, эс үйлдэхүйг хориглоно. Үүнд, хүчирхийллийн арга хэрэглэж, тайван бус аргаар үйл ажиллагаа явуулах, явуулахыг уриалах, хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг хувийн ашиг сонирхолд ашиглах, .хүний эрх, эрх чөлөө, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах.зэргийг хуулийн төсөлд заажээ.

Олон улсын жишиг ямар байдаг вэ?

НҮБ 1998 онд (Хүний эрхийг хамгаалагчийн тухай тунхаглал) -ыг батлан гаргажээДэлхийн улсуудад аливаа шударга бус явдлын эсрэг, хүний эрх, эрх чөлөөг бодитойгоор эдлүүлэхийн төлөө тэмцэж буй хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагаа явуулах орон зай, эрх чөлөө нь хязгаарлагдаж, заналхийлэл, дарамт шахалтад орж буйг анхаарч Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1998 оны A/RES/53/144 тогтоолоор Хүний эрхийг хамгаалагчийн тухай тунхаглалыг батлан гаргаж, арга хэмжээ авахыг улс орнуудад уриалсан билээ. Хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагааны баталгаа, хамгаалалтыг хууль тогтоомжоор дэмжих зорилгоор дэлхийн 40 гаруй улс хүний эрхийн хамгаалагчийн эрхийг баталгаажуулсан хууль тогтоомжийг баталсан байна.


ЭКСПЕРТИЙН ҮГ


УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Шийдвэр гаргагчдын хүний эрхийн тухай мэдлэг нимгэн байна

- Хүний эрхийн үндэсний комиссыг хараат бус байгууллага гэж тунхагласан атлаа комиссын гишүүдийг төр энд авч ирчихээд дарга нь мэт загнаад байгаа нь өөрөө хүний эрхээ ойлгохгүй байна гэсэн үг. Хүний эрхийн үндэсний комиссоо байгуулчихсан, тэр нь бүх хүний эрхээ хариуцаад явна гэж гэнэн ярьдаг. Гэтэл энэ комиссынхоо төсвийг гүйцэд олгоогүй байх жишээтэй. Наад зах нь энэ үл эс үйлдлээрээ, эсвэл хийх ёстой зүйлээ гүйцэд хийгээгүй байхад ард нь хүний эрх зөрчигдөөд явж байдаг. Ингэж төр хүний эрхийг зөрчдөг. Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуультай болсноор иргэний нийгмийн байгууллагууд зоригтой ажиллах ёстой. Энэ хуулийг батлах явцад анзаарагдсан нэг зүйл бол манай улсад хүний эрхийн тогтолцоо гүйцэд хөгжиж төлөвшөөгүй байна. Одоогийн байгаа институт нь бүрэн хүчин чадлаараа ажиллах болоогүй байна. Шийдвэр гаргагчдын хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэг нимгэн байна даа.

ХЭҮК-ийн гишүүн Х.Мөнхзул: Хүний эрх хамгаалагч эмэгтэйчүүдийн эрх ихээр зөрчигддөг

-Манайд “хүний эрхийн хамгаалагч” гэж хэн болох, хүний эрхийн хамгаалагчийг аливаа халдлагаас хамгаалах тусгайлан хамгаалсан эрх зүйн зохицуулалт байгаагүй Хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагааг бүхэлд нь хамгаалж, дэмжих асуудал нь хуулиудад ганц нэг заалт орсноор бий болохгүй тул иж бүрнээр шийдвэрлэх бие даасан хууль байх нь зүйтэй. Одоогийн нөхцөл байдалд ялангуяа эмэгтэй хүний эрхийн хамгаалагчдын эсрэг цахим орчинд үг хэлээр дайрч, доромжлох, сүрдүүлэх, нэр төрийг гутаах үйлдлүүд ихээр гарах болсон. Эмэгтэйчүүдийн хүний эрхийн талаар, жендэрийн тэгш байдлын талаар дуугарсан “эмэгтэйчүүдийг жендэр ярьсан солиотой хэдэн хүүхнүүд”, “уламжлалт үнэт зүйл аюул учруулагч гэж нэр хоч өгөх асуудал түгээмэл байсаар байна. Хууль хэрэгжсэнээр хүний эрхийн хамгаалагч аюулгүй, эрсдэлгүй тайван орчинд өөрийн болон бусдын эрхийн төлөө ажиллах боломж бий болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Т.БАТСАЙХАН


Сэтгэгдэл

Асуулт. [192.82.73.73] 2021-09-12 18:01:39

Гомонууд хуний эрхтэй юу?

Зочин [202.55.188.107] 2021-09-11 01:46:07

уламжлал ярьвал агуйд амьтны арьс нөмрөөд үржих, амьтан барьж идэхээс өөр ажилгүй сайхан л амьдарч байсаншд. хөгжөөд яадаг юмб. архи уух, авгайгаа зодох, нэг нь нөгөөгийнхөө эрхийг зөрчиж амьдарч байсан хуучин уламжлал, цаашаа хадгалж авч явах үнэт зүйлд орох уу? муу нь шигшигдэж гээгдээд сайжрирч өөрчлөгдөөд явдаг нь байгалийн жам. тэгж жамаараа өөрчлөгдөхгүй байгаа бол тэнд харин асуудал байнаа гэсэн үг.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.