Монгол цэргийг "дэлхийн цэрэг" болгосон генерал

Aдмин / Нүүр

Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг олон улсын цэргийн алба хаагчидтай мөр зэрэгцэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын эвслийн цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэх чадавхтай болгон хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх их үйл хэргийн ачааны хүндийг үүрэлцсэн нэгэн эрхмийг онцлохыг минь зөвшөөрнө үү.

Монгол цэргүүдийг өнөөдөр НҮБ-аас болон даян дэлхийн энх тайвны төлөө мөн терроризмын эсрэг явуулсан ажиллагаануудад хамтран үүрэг гүйцэтгэсэн хамтын ажиллагаатай орнуудаас “Дэлхийн цэрэг” хэмээн хүндэтгэн нэрлэх болсон нь 20 жилийн тэртээгээс улбаалсан Монголын төр, нийгмийн болон цэргийн зүтгэлтнүүдийн алсын хараа, өргөн сэтгэлгээ, шийдмэг байдалд өгсөн ямар нэгэн хачиргүй үнэлгээ гэдэгтэй олон хүн санал нийлэх буй за.

Энэхүү амжилт тийм ч амархан олдоогүй гэдгийг эрхэм офицер, ахлагч, ажилтан, алба хаагчид бүгд мэдэх ба энэхүү амжилтыг түүчээлэн авчрахад жинтэй хувь нэмэр оруулсан хүндэт хүмүүсийн нэгийг дэслэгч генерал Ц.Тогоо гэдгийг хүн бүхэн ам дамжин ярьж, хүндэтгэл үзүүлж байдаг билээ. Ц.Тогоог Батлан хамгаалахын дэд сайдаар томилогдсон 2000 оны үед Монгол Улсын Зэвсэгт хүчин нэг их өнгөлөг, чадварлаг байгаагүй. 1989, 1991 оны орон тооны цомхотголоор шилдэг боловсон хүчнүүдээ алдсан, 1990 оноос хойших нийгмийн өөрчлөлтийн эрхэнд “амьдрал хөөхөөр” олон офицер, ахлагч, алба хаагчид, армиа орхисон, үлдсэн нь цалин мөнгөө олон сараар хүлээдэг, авсан цалин нь өнөө маргаашийн талханд ч хүрдэггүй, төсөв мөнгөгүйн улмаас цэргийн бэлтгэл бараг зогссон, товчхондоо хонгилын үзүүрт гэрэлгүй үе байсан юм. Гадаадад ажиллагаанд оролцох нь битгий хэл сургалтад хамрагдах гэдгийг мартаад хэдэн жил болоод байсан үе. Ганц ойрын түнш орон болох Оросын Холбооны Улс цэрэг-техникийн хамтын ажиллагаагаа царцаасан байсан ба бусад улс орнуудын тусламж, дэмжлэг далайд дусал төдий байв.

сонин mn

Дэд сайд Ц.Тогоо болон тухайн үеийн Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бодлогыг тодорхойлогчид болох Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Дашзэвэг нарын хүмүүс бусад нөхдийн хамтаар энэхүү хэцүү нөхцөл байдлыг хэрхэн давах, Зэвсэгт хүчний гадаад харилцааг хөгжүүлэх талаар санал бодлоо нэгтгэж, бодлого, стратегийг боловсруулахад оролцсон байна. Товчоор хэлэхэд түүний боловсруулсан стратегийн цөм нь Монгол Улсын Зэвсэгт хүчнийг НҮБ-ын ажиллагаануудад оролцуулах боломжийг бүрдүүлэх, ингэснээр бие бүрэлдэхүүний болон Зэвсэгт хүчний сургалт, бэлтгэлийг сайжруулах, бэлэн байдлыг дээшлүүлэх, хөрөнгө санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлэн нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, Зэвсэгт хүчний гадаад харилцааг өргөжүүлэн сайжруулснаар улс үндэснийхээ аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг байв.

Монгол Улсын Зэвсэгт хүчнийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх ажиллагааны оргил үе нь 2000-2002 он байсан ба чухамхүү энэ үед 2002 онд “Цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдлага боловсруулж, Монгол Улсын Их Хурлаар батлуулсан.

Дэслэгч генерал Ц.Тогоо уг хуулийг батлуулахад дэд сайдын хувиар эхнээс нь гар бие оролцсон ба хуулийн төсөлд үнэтэй санаануудыг тусгуулсан гэдгийг ажлын хэсэгт оролцсон хамтран зүтгэгчид нь дурдаж байсан билээ. Хууль эрх зүйн орчны бүрдэлт биеллээ олох тэр үед буюу 2002 оны 10 дугаар сард дэслэгч генерал Ц.Тогоо Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилогдсон нь Зэвсэгт хүчин хэмээх энэхүү их айлын хувьд азтай тохиолдол байсан гэж хэлж болно. Батлан хамгаалах салбарын бодлогыг тодорхойлдог цөөн албан тушаалтны нэгэн буюу дэд сайдаар ажиллаж байсан, нийгмийн өөрчлөлтийн үед цэргийн боловсролын системийг шинэчлэхэд хувь нэмрээ оруулсан, хамгийн гол нь тухайн үеийн бодлогын өөрчлөлтийг төлөвлөн хэрэгжүүлэгчдийн нэг төдийгүй цаашдын өөрчлөлт, шинэчлэлийн хэрэгцээ, шаардлагыг хамгийн сайн ойлгосон эрхэм Зэвсэгт хүчнийг толгойлох болсон нь тун ч завшаантай хэрэг болсон юм.

Зэвсэгт хүчний хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцах гэж цаг алдах шаардлага түүнд байсангүй, бодож төлөвлөсөн зүйлсээ хэрэгжүүлэхээр нэн даруй ханцуй шамлан орж юуны өмнө энхийг сахиулах ажиллагааны хэлтсийг газар болгон өргөжүүлж даргаар нь энхийг сахиулах ажиллагаанд цэргийн алба хаагчдаа оролцуулах бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байсан тус хэлтсийн дарга, өмнө нь АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд цэргийн атташегаар ажиллаж байсан хурандаа Г.Рагчааг (хожим хошууч генерал цол хүртсэн) томилж байсан нь хамгийн оновчтой алхам байжээ.

Мөн өөрийн орлогч дарга нараа зөв сонгож, бүрэн итгэл үзүүлсэн нь цаашид үр дүнтэйгээр хамтран ажиллахын эхлэл байлаа. Дэслэгч генерал Ц.Тогоо Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр олон бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулжээ. Юуны өмнө, цэргийн багт үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний гадаад хэлний мэдлэгийн түвшнийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байсан учир АНУ-аас англи хэлний сургагч багш нарыг урьж ирүүлэн ажиллуулсан бөгөөд 2003 оноос Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургалтын төвийг байгуулан бие бүрэлдэхүүний гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх боломжийг бүрдүүлсэн нь хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт байсан гэдгийг маш олон хүн хэлдэг, нотолдог. Түүнээс гадна “Хааны эрэлд” олон улсын сургуулийг анх 2003 оноос АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор явуулж эхэлсэн ба энэ нь цэргийн багуудын, ялангуяа удирдах бүрэлдэхүүний ажиллагааны бэлтгэлийг олон улсын жишигт нийцүүлэх үндсэн суурь болдог үнэ цэнтэй үйл ажиллагаа болон өргөжөөд 20 шахам жил болжээ.

Генерал Ц.Тогоогийн удирдлагаар цэргийн алба хаагчдын энхийг сахиулах ажиллагааны сургалт бэлтгэлийг НҮБ-ын стандарт, шаардлагад нийцүүлэх арга хэмжээг АНУ, Япон, БНСУ, БНТУ болон бусад олон улс орнуудын тусламжаар шийдвэрлэсэн байдаг.

Үүний тод жишээ нь 2003 оноос эхлэн АНУ-аас Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх хөтөлбөрт зориулсан санхүүжилт үлэмж нэмэгдсэн төдийгүй НҮБ-ын болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцсон багуудын удирдлагын бүрэлдэхүүний 90 гаруй хувийг тус хөтөлбөрт хамрагдсан алба хаагчид эзэлж байна. НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд цэргийн алба хаагчдаа оролцуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн, алба хаагчдын ажиллагаанд оролцоход шаардлагатай сургалт, бэлтгэлийн түвшин тодорхой хэмжээнд дээшилсэн, мөн тодорхой тооны орнууд Монгол Улсыг энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж эхэлж байсан тухайн үед Зэвсэгт хүчнийхээ гадаад хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах хэрэгцээ, шаардлага зайлшгүй тулгараад байсан.

Тэр үед АНУ болон барууны зарим орнууд Монгол Улсыг дэлхий дахинд энхийг сахиулах үйлсэд оролцохыг дэмжиж байсан хэдий ч шууд санхүүгийн болон зэвсэг техникийн тусламж үзүүлэн хамтран ажиллах түвшинд хараахан хүрээгүй байсан. Энэ нь тус орнуудын Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхын талаар тодорхой ойлголтгүй байсан мөн цэргийн итгэлцэл хараахан бий болоогүй байсантай холбоотой юм. Аливаа зүйлийг эхлүүлэх ямагт хэцүү байдагчлан монгол цэргүүдийн ур чадварыг таниулах боломжийг олох нь хамгаас хэцүү зүйл байсан бөгөөд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох хүсэлтээ хэдэнтээ гаргасан боловч хараахан сонгогдоогүй үе байсан билээ.

Энэ үед Монгол Улс “Терроризмын эсрэг дэлхий дахины дайн”-ыг дэмжихээ илэрхийлээд байсан ба 2003 оны 7 дугаар сараас Монгол Улсын цэргийн багийг Ирак дахь дайны дараах сэргээн босголтын болон олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд оролцуулах болсон нь энэхүү бэрхшээлийг давах болон бусад олон зүйлийн эхлэл болсон билээ.

Энэхүү түүхэн шийдвэрийг гаргуулахад дэслэгч генерал Ц.Тогоогийн оруулсан хувь нэмэр асар их байсан ба Батлан хамгаалахын сайдын хамтаар тухайн үеийн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Н.Багабанди, гишүүд Монгол Улсын Их хурлын дарга С.Төмөр-Очир болон Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр нарт танилцуулга хийж холбогдох шийдвэрийг гаргуулсан.

Танилцуулгын явцад уг ажиллагаанд бие бүрэлдэхүүн, зэвсэг техникийг илгээх төсөвлөгдсөн хөрөнгө байхгүй, үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн ҮАБЗ-ийн гишүүдийн асуултад Зэвсэгт хүчнийхээ урсгал зардлаас тэвчиж болох зардлыг хэмнэнэ, шийдвэрлэнэ хэмээн зоримог шийдлийг санал болгож байсан нь энэ ажиллагаанд Монгол Улс цэргээ оролцуулах цаашлаад НҮБ-ын болон олон улсын ажиллагаанд цэргийн багуудаа илгээх эхлэлийг тавьсан юм. Түүнчлэн энэхүү ажиллагаанд оролцсоноор дэлхийн олон оронд орчин үеийн монгол цэргийн чадавхыг таниулах боломжийг бий болгосон төдийгүй Монгол Улсын дэлхий нийтийн энхийг эрхэмлэх бодлогыг идэвхтэйгээр дэмжиж буй байдлыг харуулснаар маш олон оронтой цэргийн итгэлцлийг бий болгох эхний шат тавигдсан юм. Өргөн хүрээгээр нь авч үзвэл энэхүү шийдвэр нь тун ч зоримог алхам байсан бөгөөд Монгол цэргийг “Дэлхийн цэрэг” болгох эхлэлийг тавьсан юм. Үүний ачаар Монгол Улс АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Мянганы сорилт сан”-гийн хөтөлбөрт хамрагдаж, энэхүү хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан анхны Компакт гэрээ нь 2008-2013 онд хэрэгжиж эрүүл мэнд, мэргэжлийн боловсрол, эрчим хүч, байгаль орчин, зам тээврийн салбарт нийт 268.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн билээ. Улмаар уг хөтөлбөрийн 2 дахь шат одоо хэрэгжиж байгаа ба энэ хүрээнд Монгол Улсад нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгогдох юм.

Мөн дэслэгч генерал Ц.Тогоо өөр олон орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оройлон оролцсон ба Монгол Улсын ЗХЖШ-ын даргаар ажиллаж эхэлсэн эхний жилдээ буюу 2003 оны 5 дугаар сард ОХУ-д ажлын айлчлал хийснээр олон жил царцанги байсан хоёр орны цэргийн хамтын ажиллагаа эргэн сайжрах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Үүний үрээр ОХУ-аас офицер, ахлагч нарыг тус улсын цэргийн сургуулиудад суралцуулах асуудал эргэн сэргэж мөн зэвсэг техникийн тусламж үзүүлэх гэрээ байгуулагдах нөхцөл бүрдсэн байна. Түүнчлэн тус ондоо БНХАУ-д албан айлчлал хийсэн бөгөөд энэ нь БНХАУ-тай цэргийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдол үзүүлсэн. Энэ айлчлалын үеэр БНХАУ-ын тал манай цэргийн алба хаагчдыг цаашид өөрийн цэргийн сургуулиуддаа сургах, энхийг сахиулах хүчний салбарт хамтран ажиллах, хамтарсан дадлага, сургууль хийх зэрэг асуудлаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байдаг. Мөн Япон Улстай зохион байгуулагдсан хоёр орны батлан хамгаалах салбарын хамгийн анхны зөвлөлдөх уулзалтыг 2003 оны 1 дүгээр сард зохион байгуулсан бөгөөд дэслэгч генерал Ц.Тогоо хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал хүсэлтээ гаргасан нь цаашдын харилцааг өргөжүүлэх үндсэн чиглэл болж өгсөн байна. Үүнээс гадна түүнийг ЗХЖШ-ын даргаар ажиллаж байх хугацаанд нийт 11 улстай (Нидерланд, Беларусь, БНТУ, Люксембург, Украйн, Финланд, Болгар, Казакстан, Кувейт, Катар, БНАСАУ) цэргийн болон цэрэг-техникийн харилцааг тогтоосон байна. Дэслэгч генерал Ц.Тогоогийн сайхан харьцаа, нөхөрсөг зан нь түүний ажил үйлсэд нь ч тод харагддаг.

Тэрээр ОХУ, БНСУ, Катар БНТУ зэрэг орнуудын Жанжин штабын дарга нартай найз нөхдийн харилцаатай байсан ба энэ нь Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн түлхэц болсон нь эргэлзээгүй. Ганцхан жишээг дурдахад, тэрээр ОХУ-д гэхэд л 4 удаа айлчилсан бөгөөд энэ нь ОХУ, Монгол Улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг дахин сэргээхэд томоохон хувь нэмэр оруулсан хэмээн мэргэжил нэгт нөхөд нь бахархан ярьдаг билээ.

Монгол цэргийг “Дэлхийн цэрэг” болгох, мөн Зэвсэгт хүчний хөгжлийг шинэ шатанд гаргахад оруулсан энэ эрхмийн хувь нэмрээс цөөхөн жишээг дурдахын сацуу ийм их үйл хэргийг хэрхэн амжуулсан болохыг нь тайлбарлахыг хичээе. Нэгээхэн хүний хийж чадамгүй энэ үйлийг хэрэгжүүлэхэд түүний байнга шинийг эрэлхийлж байдаг зан, бодож олсон шинэ санаагаа заавал хэрэгжүүлэхээр улайран хөдөлмөрлөж ажил хэрэг болгодог шаргуу чанар нь тус болсон гэдгийг хамтран ажиллаж байсан нөхөд нь нотолдог юм билээ. Монгол Улсын Зэвсэгт хүчний гадаад харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан ба ингэхдээ тухайн улс орнуудын язгуур эрх ашгийг болон үндэсний ашиг сонирхлыг сайтар судалснаар тухайн улстай Монгол Улс үндэсний эрх ашиг, сонирхлын хувьд түгээмэл зүйл бий эсэхийг олж мэдэн чухам тэр чиглэлээр харилцан ажиллагаагаа хөгжүүлэх санал дэвшүүлдэг байсан нь магадгүй түүний амжилтын үндэс байсан болов уу. Нэгэн жишээ дурдахад, хошууч генерал Я.Чойжамц түүний талаар “Манай орны Зэвсэгт хүчний гадаад харилцааг хөгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд түүхэн чухал ажил хийсэн хүн. Тэр бээр гадаад харилцааг өргөжүүлэх, хүрээг тэлэх асуудалд өндөр хариуцлага хүлээж ажилласан хүн.

Гаднын улс орнуудтай харилцаагаа өргөжүүлэх, хоёр талын үр ашигтай харилцааг бий болгох, олон орны бие даасан командлалуудтай Монголын Зэвсэгт хүчнийг холбосон хүн” гэж бичсэн байна.

Дэслэгч генерал Ц.Тогоо нь монгол цэргийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд оролцуулах эхлэлийг тавьсан манлайлагчдын нэгэн бөгөөд түүнийг ЗХЖШ-ын даргаар ажиллаж байх үед Ирак болон Афганистан Улс дахь олон улсын ажиллагаа мөн БНАКУ, Баруун Сахар, Этиоп болон Эритерей Улсууд, Гүрж, Сиерра Леон, Чад Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Суданд НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд цэргийн багууд болон цэргийн ажиглагч, штабын офицеруудыг анхлан илгээсэн билээ. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын хувьд цэргүүдээ дайн, самуунтай газар руу илгээх нь тийм амар байгаагүй нь мэдээж, эрхэм генерал “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд Зэвсэгт хүчний багаа илгээсэн талаар өгүүлэхдээ “Одоо эргээд бодоход бид маш зоригтой алхам хийж залуусаа Ирак руу илгээж байлаа. Явуулах гээд бэлтгэл хангаж байхад бидэнд агсамж, дуулга юу ч байгаагүй. Өвдгөвч, тохойвч ч гэж мэддэггүй байлаа. Энэ бол Монголын Зэвсэгт хүчнийг шинэчлэх, нийгэмд таниулах, олон улсын түвшинд гаргах ганц зам байсан учраас тийм зоригтой алхам хийсэн. Хэдэн залуусаа Ирак руу явуулчхаад бүтэн нойртой хоносон шөнө цөөхөн дөө” гэж дурсан ярьсан байдаг.

Гэхдээ энэ шийдвэр нь хамгийн оновчтой шийдвэр байсныг энэхүү түүхийг мэдэх болон сонирхон анзаарсан хүн бүхэн мэдэх билээ. Жишээлбэл, Иракт цэрэг илгээсэн шийдвэрийн талаар “Энэ шийдвэр зөв байсныг амьдрал өөрөө нотолж өгсөн дөө” гэж Монгол Улсын Их Хурлын дарга асан, доктор, профессор Д.Лүндээжанцан бичжээ.

Эдгээр оновчтой шийдвэрүүд болон алсыг харсан зөв зүйтэй алхмуудыг авч хэрэгжүүлэхэд түүний дээр өгүүлсэн зан чанарууд нөлөөлсөн нь гарцаагүй ч түүний стратегийн болон системийн сэтгэлгээ мөн үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэгт бид итгэлтэй байдаг юм. Түүний батлан хамгаалах, хууль эрх зүй, эдийн засаг, боловсрол, гадаад харилцаа, нийгэм, эрүүл мэндийн болон бусад бүх системүүдийн харилцан хамаарал ба тэдгээрийн Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, олон улсын түвшинд гаргах үйл хэрэгт хэрхэн нөлөөлж болохыг анхааран харж чадаж байсан жишээг түүний боловсруулан батлуулсан “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-өөс харж болно. Түүний стратегийн сэтгэлгээ нь аливаа шийдвэрийг гаргахдаа хүрэх үр дүнгээ эхлэн тодорхойлж түүнд хүрэхэд шаардлагатай эх үүсвэр болон арга замыг уялдуулан тодорхойлдог арга барилаас нь үргэлж харагддаг.

Дотнын анд, доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хошууч генерал Н.Жалбажавынх нь нотолж буйгаар Ц.Тогоогийн ЗХЖШ-ын даргын хариуцлагатай албанд удирдан зохион байгуулсан, санаачлан хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ бүрээс “цэргийн хүнээ” гэсэн хүмүүнлэг үзэл бодол нь шингэсэн байдаг юм. Түүний удирдсан он жилүүдэд Зэвсэгт хүчний алба хаагчдын цалин хөлс гурван ч удаа нэмэгдэж, олон арван офицер, ахлагч нар орон сууцтай болж, энхийг сахиулагчдын эрх зүй, нийгмийн баталгаа эрс сайжирч, цэргийн анги, байгууллагуудад цэргийн хүн өсөж хөгжих, амралт чөлөөт цагаа үр ашигтай өнгөрөөх цэргийн хүндээ, энхийг сахиулагч цэнхэр дуулгатан нартаа ээлтэй орчин бүрдүүлэх үндэс тавигджээ. 2000-2010-аад онд Зэвсэгт хүчний удирдлага, энхийн цэнхэр дуулгатнуудын хичээл зүтгэлээр төрийн цэргийн нэр хүнд ихэд өсөж, цэргийн хөдөлмөрийн нийгмийн ач тусыг түмэн олон илүүтэй ухаарч, иргэн-цэргийн харилцаанд мэдэгдэхүйц ахиц, дэвшил гарсан гэж бодогддог.

Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд цэргээ илгээж эхэлснээс хойш өнгөрсөн хугацаанд дэлхийн 13 улс, мужид явагдсан 17 ажиллагаанд давхардсан тоогоор 20 мянга гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна. Өнөөдрийн байдлаар манай улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлаж буй 119 орноос 24 дүгээр байрт жагсаж байгаа нь нийт хүн амтай харьцуулахад томоохон үзүүлэлт юм. Мөн Монголын энхийг сахиулагчдыг дэлхий даяар өндрөөр үнэлдэг болоод удаж байна. Жишээлбэл, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш айлчлах үедээ манай цэргүүдийг авхаалж самбаатай, тэвчээртэй, сахилга баттай, аливааг сурахдаа амархан гэж онцлон тодорхойлж байсан юм. Үүнээс гадна хамтарч үүрэг гүйцэтгэж байгаа гадаадын бусад улс орны цэргийн дээд командлалууд ч манай цэргүүдийг сайшаадаг юм билээ.

Түүнчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчний гадаад харилцаа, хамтын ажиллагаа маш өндөр түвшинд хүрсэн. Олон улс оронтой цэргийн хамтын ажиллагаа болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг үүсгэн бэхжүүлсэн нь дэслэгч генерал Ц.Тогоогийн алсын хараа, хичээл зүтгэл, идэвх санаачилгатай холбоотой билээ.

Түүнийг Зэвсэгт хүчний Жанжин штабын хийморьлог багийг удирдаж байх үед мөн Батлан хамгаалахын дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаанд Монгол Улсын гадаад харилцаа өргөжин тэлж, Монгол Улсын энхийг сахиулагчид маань дэлхий дээрх хамгийн аюултай цэгүүдэд НҮБ-ын гишүүн орны хувьд хүлээсэн нэр хүндтэй үүрэг болох энхийг сахиулах ажиллагаанд манлайлан оролцож, цэргийн дипломат арга замаар улс орныхоо аюулгүй байдлыг хангахад тус нэмрээ оруулж, Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд дуурсгаж эхэлсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх, дэслэгч генерал, доктор, профессор Ц.Тогоогийн Монгол цэргийг “Дэлхийн цэрэг” хэмээх эрхэм алдарт хүргэлцсэн, Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний гадаад харилцааг шинэ шатанд гаргахад оруулсан үнэтэй хувь нэмрийг нь бахархан өгүүлэхийн хамтаар Монгол Улсынхаа нийт энхийг сахиулагчид, тэдний гэр бүлд Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэе.

Монгол цэргийн босоо цагаан хийморь үргэлж дээшлэн байг!

Даян дэлхийд энх амгалан эргэлт буцалтгүй тогтох болтугай!

Боловсролын Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Пүрэвийн Цэдэв

"Соёмбо" сонин


Сэтгэгдэл

zochin [103.80.210.64] 2022-05-30 00:34:09

eronhiilogch enhbayar gyai bhdaa enhiin sahiulah ajillagaand yawuulsan shuudee

зочин [64.119.18.29] 2022-05-27 16:50:26

Пээ, энэ хүн ерөнхийлөгчийн багш юм болов уу? эсвэл ойрын хүн нь юм болов уу? нэг л биш ээ...

Зочин [202.126.88.214] 2022-05-27 15:49:47

Хийсэн бүтээсэн юмтай үнэхээр хөдөлмөрч хүн байнаа. Бичлэгийн хувьд энэ эрдэмтэн логик уялдаа холбоотой ёстой гайхалтай бичиж.

Цэрэг [66.181.161.22] 2022-05-27 15:29:53

Үнэхээр мундаг генерал даа. Энэ хүний жанжин штабыг удирдаж байхад энхийг сахиулах ажиллагаанд Монгол цэргүүд явж эхэлсэн дээ

Зочин [202.9.46.252] 2022-05-27 10:58:43

Ганц Тогоог дөвийлгөж магтсан, уншаад ч ойлгохооргүй хоосон магтаалаар дүүргэсэн юм бичжээ энэ доктор гуай. Ийм галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичдэг, бодит байдлыг гуйвуулж долигонохын донтой эрдэмтэн байдагт харамсаж байна. Арай ч дээ. Эсвэл согтуудаа бичсэн юмаа сонинд тавьчихаа юу. Соёмбо сонины редакц ч гэсэн ийм балай юм гаргаж байдаг хариуцлагагүй л байна даа. Тогоо гёнерал үүнийг уншаад ичиж байгаа байлгүй дээ. Ийм долигонуур юмнууд л эрдэмтэн болж эргүүтэж явдаг юм байна л даа.

зочин [192.82.86.95] 2022-05-27 12:04:35

Хийсэн бүтээсэн юмтай хүн байна. Гэхдээ хамтын хөдөлмөрийн үр дүнг нэг хүнд халдаан хэт дөвийлгөх нь тухайн хүнийг өөрийг нь эвгүй байдалд оруулдаг юм даа.

Болд [183.177.98.42] 2022-05-27 10:58:31

Тогоо генерал жанжин штабын даргаар ирээд энэхүү энхийг сахиулагчийг эхлүүлж байсандаа мундаг генерал шүү.

Зочин [66.181.188.214] 2022-05-27 08:16:56

Эзлэн түрэмгийлэгч орос офицертэй авхуулсан зургаа тавиулсан нь ямар учиртай юм.Орос бол энхийг сахиулах үйл ажиллагаанаас хол хөндий улс.

Зочин [202.21.124.129] 2022-05-30 03:22:50

hutsaad baival tanai geriig ch ezlen turemgiilne shd ee. Fuugaihan suuj bai haltar gulug

33 [202.9.41.108] 2022-05-27 05:03:46

дэслэгч генерал Ц.Дашзэвэгийн хувь нэмэр санаачлага маш их үүрэгтэй байсан. Тогоо ба түүний цэргийн сургуулийн хамуудын үүрэг роль 3-4-р жагсах бх. Түүх үнэнээрээ байх сайхан.

Зочин [126.194.83.197] 2022-05-27 04:44:43

Дэлхийн цэрэг гэнээ хаха. Манай цэргүүдийг афган г.м д цаагуураа юу гэж ярьдаг мэдэх үү? Бэлтгэлгүй чадваргүй баазын манаач аас өөр юм хийлгэж хэрэггүй гэдэг байсныг НАТО нь хамт бааз дээр байсан гадны албан хаагчид ярьж байхыг сонсож л байлаа.

Зочин [66.181.161.90] 2022-05-28 17:30:13

126.194.83.197 сайхан ш......ж бнааа сүүлийн үед ямар санаатай нь мэдэгдэхгүй иймэрхүү юмнууд ЗХ харлуулах гэж худлаа мэдээ дураараа сэвдэг болжээ.

Зочин [202.9.41.13] 2022-05-27 11:16:19

Хуц

Тагнуул ажилаа хий. [202.179.21.221] 2022-05-27 10:22:42

126,194,83,197 Чи урвагчийн зүрхтэй юм байна. Энэ урвагчийг олох хэрэгтэй. Зэвсэгт нэгт андаа муулдаг хогийн урвагч байна.

Зочин [202.21.110.138] 2022-05-27 04:02:15

Гарчиг нь ойлгомжгүй байх юм

Зочин [66.181.186.81] 2022-05-27 03:15:32

макаров гэж алуурчинтай зургаа авахуулчихжээ ном уншуулаарай


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.