Д.Ганхуяг: Монгол Улсын 2023 оны төсвийг батлахдаа эрс өөрчлөлт хийхгүй бол Шинэ Сэргэлтийн бодлого уналтын бодлого болчих эрсдэлтэй байна

Aдмин / Эдийн засаг

Ардчилсан оронд төр, засаг нь эдийн засаг, мөнгө, ялангуяа төсвийн бодлого, энэ хуулийн төслийг хэлэлцэхдээ олон нийтэд танилцуулах, тайлагнах нийтлэг зарчим байдаг. Монгол Улсын хууль ч ийм байгаа. Иймээс иргэн хүний хувьд холбогдох саналаа олон нийтийн сүлжээгээр гаргаж байна. Ирэх оны мөнгөний бодлого, төсвийн тухай багц хуулийг хэлэлцэхдээ өмнөх жилүүдийн эдгээр бодлогуудын шийдвэрийн хэрэгжилт, үр дүнг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай. Үр дүн талаас нь доорх мэдээлэлүүдээс товчхон дүгнэхэд “эдийн засаг агшиж, өр зээл нэмэгдэж, инфляцийн өсөлт болон төгрөгийн ханшны огцом уналтаас ядуурлыг хамрах хүрээ нэмэгдсэн байна” гэж хэлэхээр байна. Тэгэхээр ийм мөнгө, төсвийн бодлогыг цааш нь үргэлжлүүлэхгүй байж, өөрчлөх шаардлагатай юм. 2024 онд өнөөгийн эрх баригч МАН болон УИХ-ын гишүүдийн ажлыг иргэд сонгогчид өөрсдийнх нь амьжиргааны чанар дээшилсэн, эсхүл доошилсноор л дүгнэх байх. Тэрнээс контор байшин барьсан гэх ажил бол угаасаа 3,4 дүгээр зэрэгт яригдана.

Ерөнхий сайд маань Шинэ Сэргэлтийн Бодлогоо зарласан энэ нь ч зөв байсан. Энэ бодлогын гол зорилтууд нь эдийн засгаа тэлж экспортыг эрс нэмэгдүүлэх, өрийн дарамтыг нэмэгдүүлэхгүй байх,халамжаас ажил эрхлэлтэд шилжихийг бүх талаар дэмжих, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж ядуурлыг бууруулах, улсын төсвийн үр өгөөжийг сайжруулж үр дүнгүй зардлыг хэмнэх,улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад шаардлагатай томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг урагшлуулах, авлигатай тэмцэхэд эдийн засаг дахь төрийн шаардлагагүй оролцоог багасгаж олон нийтийн хяналтыг сайжруулах зэрэг юм байна гэж ойлгосон. Гэтэл УИХ-д өргөн баригдаад байгаа 2023 оны төсвийн бодлого нь Шинэ Сэргэлтийн бодлогод нийцэхгүйгээр барахгүй,шууд унагаахаар байна. Тодруулбал, УИХ-аар хэлэлцэгдэж байгаа 2023 оны төсвийн тухай хуулиар төсвийн зарлагыг 14 хувиар нэмэх, төсвийн алдагдлыг 1.6 их наяд, ЗГ-ын өрийг 5.8 их наядаар нэмэх, түүхэнд байгаагүй их буюу 3 их наядын хөрөнгө оруулалт хийх, төсвийн хүрээний мэдэгдэлд нийгмийн халамжийн арга хэмжээнд 604.0 тэрбум төгрөг гэж тогтоож хуульчилсан байсан ч үүнийг 3.3 дахин нэмэгдүүлж 2.0 их наяд болгожээ. Хэрэв энэ хууль УИХ-аар дэмжигдэж батлагдвал ирэх жилийн өдийд Монгол Улс хөгжиж байгаа орноос шууд буурай хөгжилтэй орны ангилалд шилжих байх гэж болгоомжилж байна. Ёстой нөгөө ниргэсэн хойно нь хашгирав гэдэг болох вий!

СУДАЛГААНД ҮНДЭСЛЭСЭН ДҮГНЭЛТ

Нэг. Өнөөгийн эдийн засаг (э/з гэх), нийгмийн байдал:

1. Өнөөгийн байдлаар ам $( $ гэх)-тай харьцах төгрөгийн ханш 2016 оны 6 сарын үеийнхтэй харьцуулахад 77 орчим хувиар унаад байна.

2. УБ хотод одоо инфляц 16.4 хувьтай гэх.Энэ тоо нь өргөн хэрэглээний барааны сагсны 300 гаруй төрлийн барааны үнийн өөрчлөлтөөс тооцсон тоо.Энэ сагсанд ороогүй импортын олон төрлийн өдөр тутмын хэрэглээний барааны үнэ дахин дахин өссөн.

3. 2022 онд Сангийн яам ба Монголбанк эдийнзасгийн өсөлтийг 5-5.8%, Дэлхийн банк ба Азийн Хөгжлийн банк 2.3-2.5% гэж төсөвлөсөн байна. Гэтэл энэ оны 2-р улиралд эдийн засгийн өсөлт 1.9%-тай гарчээ. Ийм байдлаар эдийн засаг агшиж байна. Түүнчлэн төлбөрийн тэнцэлийн алдагдал 1.6 тэрбум ам.долларт хүрсэн гэх.

4. 2016 оны 06 сарын үетэй харьцуулахад төгрөгийн худалдан авах чадвар 2.5 дахин буурчээ.

5. Засгийн газрын өр 2016 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд дахин нэмэгджээ. Гаднаас гадаад валютаар зээл авч нэрлэсэн үнээр бүртгэсэн тул өнөөгийн төгрөгийн ханш уналт нь өрийн дарамтыг шууд нэмэгдүүлж байна.Иймээс OECD (Organisation for Economic Co-operation and Development-Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага) болон зарим хөгжилтэй орнууд манай улсыг төлбөрийн чадварын найдвартай байдлын үзүүлэлт буурч байгаа хөгжиж буй орнуудын жагсаалтад оруулсан байна. Мөн олон улсын хөрөнгийн зах зээл дээрх Монгол Улсын ЗГ-ын бондын өгөөж ч буурсаар байна! Иймд цаашид хэрхэвч гадаад өр зээлийг нэмэгдүүлж болохгүй болж байна.

6. 2016 оноос 2022 оныг хүртэлх хугацаанд төрийн эдийн засаг дахь оролцоо (ДНБ-нд эзлэх улсын төсвийн нийт зардлын хэмжээ) 10 орчим %-иар нэмэгдэж, халамж авагч хүний тоо 3 дахин нэмэгдэж, төрийн өмчит ААНэгжийн тоо ихээр нэмэгдэж, зөвхөн томоохон төрийн өмчит 10 ААНэгжийн алдагдал 2022 оны байдлаар 6.4 их наядад хүрчээ. Эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэх тусам зардал өсч Төр данхайж,ядуурал нэмэгдэж, авилгал өсдөг нь хэнд ч ойлгомжтой болсон цаг үе.Тиймээс 2 оронтой тоонд орж ирж байсан авилгалын үзүүлэлт хойш ухарсаар 110 дугаар байранд эрэмбэлэгджээ.

7. Монгол Улс Бизнес эрхлэхэд таатай орчины үзүүлэлтээр ( ease of doing busi­ness index)олон улсын хэмжээнд 2015 онтой харьцуулахад 2020 онд 20 орчим байраар ухарч 81-д эрэмлэгджээ. Эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэх тусам төрийн хүнд суртал ихэсч бизнесийн орчин мууддаг.

8. Ковидод зориулж гаднаас 680 орчим сая.ам долларын зээл тусламж авсан гэх. Энэ нь тэр үеийн доллартай харьцах төгрөгийн ханшаар 1 их наяд 930 тэрбум төгрөг болжээ. Энэ хөрөнгийг хэрхэн зарцуулсан талаарх олигтой тайлан гараагүй гэх. Ковидыг боломжийн давсан ч Ази тивдээ ковидын үед баян хоосны ялгаа хамгийн их ихэссэн орноор тодорчээ. 9. Барилга бүтээн байгуулалтын салбар хамгийн их ажлын байр бий болгодог салбар. Гэвч 2020 онтой 2022 оныг харьцуулахад барилгын өртгийн индекс 35% өсч, барилгын өртөг 50 гаруй %-иар өсчээ. Хэрэв энэ барилгын нэгж өртгийг нэмэгдүүлэхгүй бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригддаг барилга байгууламж ихэнх нь явц дундаа зогсох, мөн барилгын олон компаниуд үүдээ барих нөхцөл байдал үүссэн байна.Энэ байдлыг 2023 оны улсын төсвийг төлөвлөх, батлахдаа зайлшгүй тооцох хэрэгтэй.

10. Өрхийн баланс хасах гарсаар байна. Хүмүүс банкнаас хадгаламжаа татаж байгаа нь өрхийн орлого, зарлагын алдагдалаа нөхөх зорилгоос гадна, гол нь хадгаламжийн хүүнээс илүүтэйгээр төгрөгийн ханш огцом унасан учраас үр өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор тул хадгаламжаа татаж байгаа болов уу.

Хоёр. ДЭЭРХ эдийн засаг, НИЙГЭМ, БИЗНЕСИЙН ОРЧНЫ ТААГҮЙ БАЙДАЛ НЬ ИРГЭД, ӨРХИЙН АМЬДРАЛ, Аж ахуйн НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРХЭН СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ?

1. Ядууралыг хамрах хүрээ нийт хүн амын 40%-д ойртсон гэх мэдээлэл гарах болсон.Өөрөөр хэлбэл 10 монгол өрхийн 4 нь ядуувтар амьдрах болсон гэсэн үг.Ядууралыг хамрах хүрээг тооцдог суурь үзүүлэлтээ эргэж харах шаардлагатай.Инфляц өссөн,төгрөгийн худалдан авах чадвар эрс буурсан энэ үед энэ үзүүлэлтийг бодитой тогтоох хэрэгтэй болжээ.

2. ААНэгжүүдийн орлого, ашиг 50 орчим %-иар буурч,олон ЖДҮЭрхлэгчид хаалгаа барьж байна гэсэн мэдээлэл гарсаар байна.Өнгөрсөн жилүүдэд Монголын дундаж орлоготой иргэдийн давхарга нимгэрсэн гэсэн дүгнэлтийг олон улсын байгууллага хийсэн байдаг.

3. Иргэдэд ажил эрхлэх сонирхол буурч,ажилгүйдэл нэмэгдэж байна.

4. Шалтгаан нь сүүлийн 10 гаруй жил 1 хүнд оногдох ДНБ 4300 $, улсын дундаж цалин (төрийн албан хаагч, багш, эмч нарын цалин)435$-орчимд хэлбэлзэж, эдийн засагт $-оор бол ямар ч өсөлт гарсангүй. Төгрөгөөр бол ДНБ 2.8 дахин өссөн байна. Тухайлбал 2016 онд 1 сая.төг-н цалин 513 $ болж байсан бол,өнөөдөр( 2022 оны 09 сар) 290$ болсон байна.

Энэ байдлаас хүмүүс ялангуяа залуучууд ажил эрхлээд авдаг цалин нь сарын зардлынх нь 50 %(14 хоног)-д нь ч хүрдэггүй тул ажил хийх сонирхолгүй болж гадагш явсаар байна. Мэрэгжилдээ дуртай, ажлынхаа үр дүнгээр бахархаж ажиллан амьдралаа арай ядан залгуулж ирсэн багш, эмч нар маань ч аргагүйн эрхэнд ажлаасаа гарч байна гэсэн мэдээлэл гарсаар байна.Ер нь энэ байдал цаашид үргэлжилвэл манай улсад ажиллах хүчний хомсдолд богино хугацаанд орж болзошгүй болжээ.

Гурав. ОДОО ЯАХ ВЭ. ЮУНЫ ӨМНӨ ИЙМ БАЙДАЛД ОРСОН ШАЛТГААНЫГ ЗӨВ ОНОШЛОХ ХЭРЭГТЭЙ БАЙХ

Дараа нь ард түмэндээ зөвхөн үнэнийг мэдээлсэн нь зөв юм. Ингэснээр төр, засаг маань олон түмэн, хувийн хэвшлийнхээ дэмжлэгтэйгээр өнөөгийн энэ хямралтай хүнд байдлыг даван гарах нь дамжиггүй юм.Энэ байдал нь гол нь ковидоос үүдэн олон улсын хэмжээнд үүссэн тээвэр ложистокийн хямралаас хамаарч бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, эрэлт ихсэн,юмны үнэ нэмэгдсэнтэй шууд холбоотой. Түүнчлэн манай гадаад худалдааны гол түнш болох урд хөрш ковидоос хамаарч байсхийгээд хил, гаалиа нээж, хааж ирсэн нь ч бас сөрөг нөлөөтэй байсан. Мөн бүс нутагт дайны байдалтай байгаа нь ч эдийн засгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөөр байна. Түүгээр ч зогсохгүй дэлхийн олон оронд юмны үнэ өсч, инфляци ч нэмэгдсээр байна. Гэсэн ч дээр нь манай улсын төр ,засгийн оновчгүй, алдаатай бодлогын шийдвэрүүд нөлөөлсөн ч тодорхой. Энэ хүнд үед үүнтэй маргах хүн арай ч гарахгүй байх.

Энд нэг хэдэн тоо бичье!

2016 оны улсын төсвийн тодотголоос хойш 2022 оны хооронд нийт 14.7 их наяд ₮-н алдагдалтай төсвийг баталжээ. Мөнгөний нийлүүлэлт( M2)-ийг 2016 онтой харьцуулахад 2017 онд 30.4%, 2018 онд 62.3%, 2019 онд 89.7%, 2020 онд 99%,2021 онд 130%-иар тус тус нэмэгдүүлжээ. 2017-2021 оны 5 жилд нийт 16 их наяд төгрөгийг зах зээлд нийлүүлжээ.Зах зээлд ийм их хэмжээгээр төгрөг нийлүүлсэн ч үүнтэй дүйцэхүйц хэмжээгээр эдийн засгаа тэлж, экспортоо нэмэгдүүлж чадсан бол өөр байх байв.Өнгөрсөн жилүүдэд манай экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, алтны зах зээлийн үнэ үнэхээр сайн байсан. Гэсэн ч эдгээр бүтээгдэхүүний экспортын биет хэмжээг нэмэгдүүлж чадаагүйгээр барахгүй,энэ хэмжээ нь 20-40%-иар буурчээ. Энэ байдалд ороход тухайн үеийн ЗГ& УИХ, Монгол банкны удирдлагын судалгаанд үндэслээгүй алдаатай шийдвэрүүд нөлөөлж ирснийг 2000 оноос хойших макро эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад ойлгогдоно. Гэвч өөрсдөө ийм байдалд хүргэсэн атлаа,нөгөө л аргаараа буруутанг хайсаар байгаа нь маш явцгүй үйлдэл. Өөрсдөө буруутай мөртлөө бусдад бурууг өгөөд алдаагаа засахгүй бол цаашид манай орны эдийн засаг, нийгмийн байдал улам хүндрэх нь ойлгомжтой байна. Энэ талаар олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид ч ярьсаар, бичсээр байна. Ер нь УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль угтаад, ялангуяа сонгуулийн үеэр иргэдийн саналыг худалдан авах зорилгоор янз янзын хэлбэрээр бэлэн мөнгө тараах, элдэв халамж зохиож мөнгө өгөх байдал хирээс хэтэрснийг эрх баригчид ч өөрсдөө, мөн судалгааны байгуулагууд шүүмжилсээр байна. Энэ байдлыг бодитоор өөрчлөхгүй бол Монгол Улс хөгжихгүй,өөдлөхгүй өнөөг хүртлэх шигээ нэг байрандаа хий эргэсээр байхаар байна. Сонгуулийн үед иргэдийн нэлээд хэсэг нь хэсэгхэн хугацаанд цалингаасаа гадна хэдэн төгрөгийн орлоготой болдог. Мөн сонгуулиар улс төрийн намууд нийгмийн халамжийн чанартай баахан амлалт өгдөг,энэ амлалтаа хэрэгжүүлэхдээ цаашдын экспортын орлогын өсөлт, гадаад валютын нөөц,олон улсын болон бүс нутгийн улс төр, эдийн засгийн байдлын хандлага зэргийг сайтар судлалгүй, харгалзан үзэлгүйгээр мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж ирсэн нь гол алдаа болжээ гэсэн дүгнэлтэд хүрч байна. Ийм хэлбэрийн улстөрийн авилгал зарим орнуудыг сүйрүүлсэн байдаг.

Энд бэлэн мөнгө тараадаг, мөн сонгуулийн бусад бэлэн мөнгөний амлалтуудыг хэрэгжүүлсэнээр нийгэмд ямар сөрөг үр дагавар авчирсаныг гуравхан жишээн дээр хэлье!

* 2008-2012 оны хооронд Эх орны хишгээр иргэн бүрт 1.5 сая₮ тараах болон бусад мөнгөний амлалтыг тодорхой түвшинд хэрэгжүүлэхэд 2.8 тэрбум$-тай тэнцэх төгрөгийг зарцуулсан гэсэн мэдээлэл бий. Энэ мөнгө аманд ч үгүй хамарт ч үгүй гэдгийн жишгээр Эрээний барааны төлбөрт явсан гэж судлаачид хэлдэг. Энэ хөрөнгийг улсын хөгжилд чухал ач холбогдолтой дэд бүтэц барихад тодруулбал гол боомтуудын шинэчлэл, Таван толгойн орд, Гашуун сухайт-Ганц модны боомт хоорондын 250 км төмөр замыг барихад зарцуулсан бол аль хэдийнэ энэ төмөр баригдчих байсан байх.

* 2016-2020 оны хооронд төгрөгийн доллартай харьцах ханш 46.7 орчим хувиар унажээ. Үр дүнд энэ хугацаанд доллараар тооцсон ДНБ ч өссөнгүй, улсын дундаж цалин ч өссөнгүй, 2016 онд 1 сая төгрөг 513 доллартай тэнцэж байсан бол 2020 оны төгсгөлд 1 сая төгрөг 350 доллартай тэнцэх болов.Ядуурлыг хамаарах хүрэх 2016 онд 25 орчим хувьтай байсан бол 30 %-д хүрэх болов.Төгрөгийн ханшны уналт нь ЗГ-ын гадаад өрийн ачаалалыг нэмэгдүүлсээр иржээ.

* 2020-оны сүүлээс 2022 оны 09 сарын сүүлийн байдлаар төгрөгийн доллартай харьцах ханш 20 гаруй хувиар унажээ. Үр дүнд энэ хугацаанд доллараар тооцсон ДНБ ч өссөнгүй, улсын дундаж цалин ч өссөнгүй, 2016 онд 1 сая төгрөг 513 доллартай тэнцэж байсан бол 2022оны 9 сарын төгсгөлд 1 сая₮ 290 $-тай тэнцэх болов.Ядуурлыг хамаарах хүрэх 2016 онд 23 орчим%-тай байсан бол, 2022 оны 09 сарын байдлаар 40%-иас давсан гэсэн мэдээлэл гарч байна.Төгрөгийн ханшны уналт нь ЗГ-ын гадаад өрийн ачаалалыг 16 орчим %-иар нэмэгдүүлэх болжээ.

Хэрэв дээрх алдаатай бодлогыг 2024 оны УИХ-ын сонгуулийн дуустал үргэлжлүүлвэл тэр үед ядуурлыг хамрах хүрээ 60% давахыг ч үгүйсгэхгүй. Хэрэв ингэвэл Монгол Улсад ажил хийх ч хүн олдохгүй болох байх. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ч гарч явах байх.Шалтгаан нь үндэсний валютын ханш нь байнга тогтворгүй огцом унаж байдаг оронд ямар ч байгууллага үйл ажиллагаа явуулах сонирхолгүй байдаг.Төгрөгийн ханшны уналтаас хамаарсан өрийн чаалал ихээр нэмэгдэнэ.Ингэж улсаараа тоглож сонгуульд ялах нь ямар ч утгагүй байж таараа. Эндээс Монгол Улс бараг мах, гурил, хүнсний ногооноос бусад бүх өргөн хэрэглээний маш олон төрлийн бүтээгдэхүүнээ импортоор авдаг тул төгрөгийн ханш унахаар дагаад эдгээр барааны үнэ өсчихдөг нь нийт иргэдийн амьжиргаанд хүндээр тусч ядууралыг хамрах хүрээг тэлсээр байгаад л өнөөгийн төр, засаг гол анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдэг нь тодорхой.

Нэгэнт дээрх байдлаар хэрээс хэтэрсэн их хэмжээний төгрөгийг зах зээлд нийлүүлчихээд экспортын орлогыг дорвитой нэмэгдүүлж чадаагүй учраас л төгрөгийн ханш унасаар байна.Саяхан Монголбанк бодлогын хүүгээ нэмлээ, энэ нь л төв банкны гол чадах ажил. Монгол банк доллар олж, эсхүл долларыг хэвлэж чадахгүй шүү дээ.Энэ арга хэмжээний сөрөг тал нь арилжааны банкны хадгаламжийн хүү өсч үүний дагуу иргэд, ААН-д олгогдох зээлийн хүү буурахгүй,яваандаа зээлийн хүү өсөх магадлалтай.

Дөрөв. ТЭГВЭЛ ОДОО ЯМАР БОДЛОГЫН ЯМАР АРГА, ХЭМЖЭЭНҮҮДИЙГ АВБАЛ ЗҮГЭЭР ВЭ?

Зүгээр нэг хэдэн санал бичье!

Төр, засаг ч, надтай адилхан энгийн иргэд ч энэ саналуудад хаяж гээхийн ухаанаар хандана уу? Би саналаа л бичиж байгаа болохоос өөрийн саналыг хэрэгжүүл гэж хэнд ч тулгах эрхгүйг ойлгоно байх. Гол нь “Хямралыг Боломж Болгон Ашиглах” учиртай. Шинэ Сэргэлтийн Бодлогын туйлын зорилт нь ч энэ байх. Үүний тулд Хямралыг Сөрсөн Зорилт гарган тавьдаг гэх. Тэгвэл ирэх 3 жилийн хугацаанд 1 хүнд оногдох ДНБ-ийг доллараар 40 % өсгөж 6000 доллар болгох зорилтыг яагаад дэвшүүлж болохгүй гэж. Ингэснээр улсын дундаж цалин 600$ болох боломжтой! Дараагийн 4 жилд 1 хүнд оногдох ДНБ-ийг 10,000$ болгох зорилт тавьяа. Энэ зорилтыг хэрэгжүүлж чадсанаар л нийт иргэдийн олонх нь дэлхийн дундаж орлоготой Монгол улс болох юм. Өөр ямар ч хэмжүүр байхгүй! Энэ зорилтын төлөө олон түмэн, хувийн хэвшил, төр засагтайгаа хамтарч зүтгэх боломжтой! Гагцхүү Төр, засгийн манлайлал хэрэгтэй байна. Зөвхөн энэ зорилтондоо эдийн засаг, мөнгө, төсвийн бодлогоо бүрэн нийцүүлэх.

Энэ ажлын хүрээнд доорх ажлуудыг яаралтай хиймээр байна.

1. Мөнгөний бодлогын хүрээнд: Монголбанкны (МБ) улс төрөөс хараат бус,бие даасан үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлж сайжруулах. Эдийн засаг ялангуяа төсвийн бодлого буруу яваад байхад МБ юу ч хэлэхгүй, дуугарч чадахгүй байгаа нь бие даасан байдал алдагдсаныг харуулж байна. Цаашид улс төрийн нам дагаж гэлдэрсэн биш хараат бусаар бие дааж ажиллах чадвартай, туршлагатай банкир& санхүүчийг мэрэгжлийн холбооноос нь шалгаруулж төв банкны ерөнхийлөгчөөр томилдог болох. МБ нь улс төрийн захиалгаар ажиллаж зах зээлд хирээс хэтэрсэн мөнгөний нийлүүлэлт хийж энэ нь үндэсний валютын ханшны тогтвортой байдлыг алдагдуулсан бол хатуу хариуцлага хүлээлгэдэг болох. МБ холбоотой мэдээлэлүүдийн ямар мэдээлэл нь нууцад хамаарах учиртай юм, ямар мэдээлэл нь энгийн мэдээлэл болох,энэ заагийг тодорхой болгох. Тэгээд нууцад хамарсан мэдээлэлээр улстөржвөл ёс зүйн хариуцлага тооцдог болох. Ер нь аливаа орны төв банкны хариуцдаг үндэсний валютын ханшны тогтвортой байдлыг хангах үндсэн үүрэн нь бүх ААН-ийн үйл ажиллагаа,нийт иргэдийн амьжиргаанд чухал нөлөөтэй тул улс төрөөс хараат бус бие даасан байдаг. Гэтэл төв банкны ерөнхийлөгч УИХ дээр байнга очоод л улс төрчдөд загнуулаад байгаа нь хараат бус байдал алдагдсаныг илэрхийлж байна. Эрх мэдэлтэй,мөнгөтэй хүмүүс нь $-н ханш өсөхийг урьдчилж мэдээд төгрөгөө $ болгоод хадгалчихдаг гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл их явдаг. Үүний үнэн эсэхийг яаралтай тогтоох. Энэ үнэн бол ноцтой шүү!

2. Төсвийн бодлого: -Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийг ягштал мөрддөг болох. Хэрэв мөрдөхгүй юм бол эдгээр хуулийг 1 жилийн өмнө баталж цаг үрээд хэрэггүй. Энэ хуулиудаа ирэх жилийн төсөв батлахдаа өөрчилдөг байдал олон жил үргэлжилж байна. Энэ нь маш хортой үр дагаврыг авчирсаар байна.Тодруулбал төр,засаг нь улс орны э/з нийгмийн амьдралыг ганцхан жилээр л харсан бодлогын шийдвэр гаргаж байна гэсэн үг.

Урсгал зардлыг санхүүжүүлэх зорилгоор гаднаас зээл авдагийг хориглосон хууль гаргах. Сайн ч байсан муу ч байсан тусгаар тогтносон орны Төр, засаг нь санхүүгийн муу менежмэнттэй айл шиг байж боломгүй. Уг нь Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн хуулинд тухай жилд олох орлогоо л тэр жилдээ зарцуулна шүү гэсэн утгатай заалт байдаг. Даан ч мөрдөхгүй юм. Одоо 2023 онд ЗГ-ын гадаад өрийг нэмэгдүүлж болохооргүй байна. Шалтгаан нь ганцхан үзүүлэлтийг харчих. Сүүлийн сард олон улсын хөрөнгийн зах зээл дээрх Монгол Улсын ЗГ-ын бондын өгөөж ч огцом буурсаар байна.Цаашид төгрөгийн ханшны уналт үргэлжилбэл ЗГ-ын төлөх өрийн хэмжээ, тэр ачаалал нэмэгдэх нь тодорхой. Иймд 2023 оны төсвийг алдагдалгүй батлах нь зүйтэй гэж хэлэх байна. Төсвийн үр өгөөжийг сайжруулахад онцгой анхаарах хэрэгтэй болжээ. Энэ үзүүлэлтээр Монгол Улс олон улсын хэмжээнд ихэд хойгуур эрэмбэлэгддэг.

Гол нь улсын төсвийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлдэг болох. Эрэмбэлдэггүй болохоор Монгол Улсыг контор улс болсон гэх. Хотод ч хөдөөд ч ихэнх төрийн байгууллага конторын байшинтай болсон.Ийм конторууд ашиглалтын зардал гээд төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлсээр байна. Сонгууль мажоратор жижиг тойргоор явагдаж байгаа тул төсвийг жинхэнэ үрэн таран хийж байна даа. 3000 хүн амтай сум уруу хар зам татаж байна. Аймаг дүүрэг бүрд ахмад, залуучууд гээд нийгмийн сонирхлын бүлгээр төвүүд барьж байх шиг байна. Уг нь хөгжилтэй орнуудад иргэдэд үйлчлэх нэг л төв байдаг бололтой юм билээ.Мөн төрийн чиг үүрэгт хамаарахгүй иргэд, айлууд, хувийн хэвшлийн хийж чадах айлуудын бие засах газар, малын хашаа,усан бассейн, янз бүрийн хөшөө, худалдаа үйлчилгээний төв зэргийг хууль зөрчин зөрчин татвар төлөгчдийн хөрөнгөөр баримааргүй байна. Иймд улсын төсвийн үр өгөөжийг сайжруулах өнцгөөс төсвийн бодлогын шинчлэл хийх болжээ.

Одоогийн 76 гишүүн”2024 онд иргэд сонгогчид гишүүдийн бариулсан байшин, бүтээн байгуулалтын ажлаар тэдний ажлыг дүгнэхгүй. Харин нь айл өрх, иргэдийн амьжиргааны чанар дээшилсэн үү ? Доошилсон уу гэсэн ганцхан үзүүлэлтээр дүгнэнэ” гэдгийг ойлгомоор байна. Яг өнөөгийн бодит байдлыг хэлэхэд инфляци, төгрөгийн ханшны уналтаас энгийн айл, иргэдийн амьжиргаа хүндэрсээр байна. Үүний саяхан болсон УИХ-ын чуулганы нээлтийн үеэр Д. Ганбат гишүүн “Ард түмний амьжиргааны байдал, Төрийн дарга нарын газар дээрээ буухгүй байгаа болон тансаглалын байдалыг” их зохиолч Д.Нацагдоржийн "Цагаан сар ба Хар нулимс” шүлэгтэй харьцуулах шиг болсон.

* Өнөөгийн байдлаар хамгийн өндөр ач холбогдол хөрөнгө оруулалт бол Хятадын боомттой өөрийн орны боомтыг яаралтай төмөр замаар холбож ашиглалтад оруулахад,экспортын болон импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч үндэсний компаниудаа хөнгөлөлттэй санхүүжилтээр дэмжихэд,хотын түгжрэлийн асуудлын шийдэхэд дэмжлэг үзүүлэх гэх мэт.

Халамжийн тухайд зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлнэ. Хөдөлмөрийн насны ажил эрхлэх боломжтой нэг ч хүнд ямар нэгэн халамж олгохгүй гэж зарлах

3. Эдийн Засгийн Бодлого: -Бизнес эрхлэхэд таатай өрсөлдөх чадвартай орчныг бий болгох. Ардчилсан, зах зээлийн эдийн засагтай орнуудын хувьд Төрийн үндсэн чиг үүрэг нь нийт иргэд, ААН-д аж ахуй, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх. Олон улсын зах зээл дээр улс орнууд энэ үзүүлэлтээр (ease of do­ing business index) өрсөлдөж байна. Засгийн газраас Шинэ Сэргэлтийн Бодлогыг хэрэгжүүлэх зорилтынхоо хүрээнд энэ үзүүлэлтээр эзэлж буй байрыг ирэх 3 жилийн хугацаанд 20 байраар урагшуулна гээд зарлахад л гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хандлага шал өөр болоод явчихна.

* Том төслүүдээ хөдөлгөх. Экспортын биет хэмжээг нэмэгдүүлэхэд бүх хүчээ дайчилах. Монгол Улсаас бүтээгдэхүүн экспортлогдсон бол орлого нь заавал Монгол Улсын арилжааны банкаар дамждаг байх. Энэ зарчим нь бүх оронд үйлчилдэг. Экспортын бүтээгдэхүүний боомтын борлуулалтыг үнийг шудрага тогтоох. Нөгөө эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төсөл яасан юм болоо!

ЭЗХЯамтай болсон. Үүнд талархууштай. Ашгүй Яамны сайд нь туршлагатай улс төрч болжээ.Миний олж мэдсэнээр энэ яамны үндсэн чиг үүрэг нь цэвэр хувийн хэвшлийг дэмжих, хамтарч ажиллах. Энэ дэлхий дээр байгаа улс орнуудын 80 гаруй хувь нь Худалдаа, Эдийн засаг, Аж үйлдвэрийн чиглэлийн яамтай гэсэн судалгаа бий.Эдгээр орны ийм яамдын чиг үүргийг гялс судлах хэрэгтэй. Энэ яам ЗГ дээр болон парламент дээр бизнест таатай мөнгөний, төсвийн бодлогыг батлуулахын төлөө бодлого, өрсөлдүүлэн тэмцэх нь бас нэг үндсэн ажил нь байдаг. Монгол Улсын тухайд гадаад худалдааны бодлого, эрх зүйн орчин тодорхой бус явж ирсэн. Жижиг зах зээлтэй тул эдийн засгийг хөгжүүлэх, тэлэхэд гадаад худалдаа маш чухал нөлөөтэй. Манай гадаад худалдаанд асар их саад тотгор байдаг. Хоёр хөрш маань хоёулаа ДХБайгуулагын гишүүн тул худалдаанд ойролцоо нөхцөлтэй байх учиртай. Өнөөг хүртэл дипломатууд, ХАА-н чиглэлийн хүмүүс гадаад худалдааны бодлого явуулж ирсэнийг өөрчлөх хэрэгтэй байна.

Төмөр замын тээврээ эхлүүлэхэд хоёр талын боомтыг холбоход шаардагдах хөрөнгийг нэн тэргүүнд шийдвэрлэх.

Төрийн өмчит ААНэгжүүдийн байдал хүндэрчихлээ. Бусад орны туршлагаар томоохон компаниудаа бүгдийг нь хувьцаат компани болгох. Заавал гадаадын хөрөнгийн бирж дээр IPO хийх гэж хугацаа алдалгүй. Өөрийн бирж дээрээ хийчих боломжтой.Энэ компаниудын алдагдал өсөөд байгаа нь хувийн компаниудтай харьцуулахад зардал, тогтмол зардал нь 2-3 дахин өндөр бга гэх. Төрийн өмчит компани уул уурхайн салбарынх байх юм бол оператор компани нь хувийн хэвшил байдаг. Ингэхгүй бол нөгөө л шан харамж, авлигын асуудал хавтгайрах болно. Ийм үе ч байсан.Олборлох салбарын оператор компанийг ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 5 жилээс доошгүй байдаг. Гэтэл манайх 1-2 жил байдаг. Шалтгаан нь энэ үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт ихээр шаарддагтай холболтой.Үндэсний хувийн хэвшлийн хэдхэн оператор компани үнэхээр зовдог бололтой юм билээ. Дээр нь ажлаа хийлгэчихээд төлбөрөө төлдөггүй гэх мэт. Төрийн өмчит уул уурхайн компаниудын хуримтлагдсан ашгийг засаг шууд мэдэж өөр зүйлд зарцуулах нь маш зохимжгүй хууль тогтоомжинд ч нийцэхгүй юм. Үндсэн хуулинд хуулийн этгээдийг өмчийн хэлбэрээр ангилахгүй гэсэн утгатай заалт бий. Эдгээр компаниудын ноогдол ашгийг төрийн сандаа татаад зарцуулалтыг нь УИХ-аар шийдвэрлүүлэх нь ёс ёмбогор байх болно.

УИХ-ын гишүүн асан Д.ГАНХУЯГ


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.137] 2022-10-09 06:58:01

MAN iin amlaltiig unshij setgel sanaagaa taivshruulj suuna

Зочин [103.57.92.192] 2022-10-09 01:37:13

Бодож сэтгэдэг ийм хүнээр МАН дутагдаад байгаам даа. Нэг л том том ярьсан хийрхүү хүмүүс. Явуулж байгаа бодлого нь эргэж буцсан ард түмэнд таалагдах гээд сошиалаар бодлогоо тодорхойлдог болчоод байнаа. Одоо бүр төсвөө бүх нийтээр хэлэлцүүлнэ гэнэ. Тэгвэл засгийн газар байхын хэрэг нь юу байна. Буруудвал хариуцлагаас бултах арга уу чааваас

ЗОЧИН [64.119.17.109] 2022-10-08 03:37:40

АН-ынхан дотроос ёстой сэрээгээр хатгаад авмаар хүн чинь Д.ГАНХУЯГ

Зочин [192.82.67.198] 2022-10-08 01:33:06

Ugaasaa odoo shine sergeed baigaa um yu ch alga. Shine nunalt ehelseen unendee. Une ydreer + dej baihad yu sergeh vee dee. Gemt herwg k yanz burwer useh biz. Yaduural ajilguidel uniin uswlt tees boloid muu zuil ihsene. Shine sergelt gej baihaar ireh 2 jiliig yaaj hor hohirol bagatai davahaa bodoh yostoi. Ajliin bairiig l ih demjih heregtei dee

Zochin [103.229.120.251] 2022-10-07 01:05:38

Iim ylsuudaa concmoor um.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.