Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн ОНЦЛОХ заалтууд
УИХ-ын чуулган өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхийн саналаар баталлаа. Хуулийн шинэчилсэн найруулгын онцлох заалтуудаас дурдвал,
6 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр
6.1.Энэ хуульд заасан дараахь үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ:
6.1.1.бие махбодын хүчирхийлэл;
6.1.2.сэтгэл санааны хүчирхийлэл;
6.1.3.эдийн засгийн хүчирхийлэл;
6.1.4.бэлгийн хүчирхийлэл.
6.2.Энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүн нөгөө хүнийхээ амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан буюу учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.
6.3.Энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүн нөгөө хүнийхээ хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ.
6.4.Энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүн нөгөө хүнийхээ цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг эдийн засгийн хүчирхийлэл гэнэ.
6.5.Энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүн эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулж нөгөө хүнээ бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг бэлгийн хүчирхийлэл гэнэ.
6.6.Энэ зүйлд заасан гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг нөхцөл байдлын үнэлгээ хийх, хохирогчид үйлчилгээ үзүүлэхэд харгалзан үзнэ.
7 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхийг хориглох
7.1.Энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүн нөгөө хүнийхээ эсрэг аливаа хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхийг хориглоно.
7.2.Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл өгсөн хүн, гэрч, хохирогчид туслалцаа, дэмжлэг үзүүлсэн иргэн, энэ хуульд заасан үүргээ гүйцэтгэж байгаа албан тушаалтан, ажилтныг айлган сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөж мөшгих, дарамт, шахалт үзүүлэх, буруутгах, үйл ажиллагаанд нь саад учруулахыг хориглоно.
7.3.Гэр бүлийн хүчирхийллийг сурталчлах, зөвтгөх агуулгатай, түүнчлэн хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, хувийн нууц, нэр төрд халдсан мэдээ, мэдээлэл, зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон бусад хэлбэрээр түгээхийг хориглоно.
7.4.Хохирогчийг энэ хууль болон бусад хуульд заасан эрхээ эдлэхэд шашин шүтлэг, соёл, зан заншлын хэм хэмжээнд үндэслэсэн аливаа хязгаарлалт тогтоохыг хориглоно.
7.5.Хохирогч гомдлоосоо татгалзсан, эсхүл хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг зогсоох үндэслэл болохгүй.
8 дугаар зүйл.Хохирогчийн эрхийг хангах
8.1.4.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаагаас үл хамааран хохирогч, хүчирхийллийн болзошгүй эрсдэлд байгаа хүнд энэ хуульд заасан хамгаалалт, үйлчилгээ, туслалцаа, дэмжлэг үзүүлэх;
8.1.8.монгол хэл, бичиг мэдэхгүй, хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хохирогчийг орчуулагч, хэлмэрчээр хангах;
12 дугаар зүйл. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн чиг үүрэг
12.1.6.улсын төсвийн хөрөнгөөр түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэх;
12.2.3.орон нутгийн төсвийн хөрөнгөөр түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлүүлэх;
13 дугаар зүйл. Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
13.1.1.түр хамгаалан байрлуулах үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах;
14 дүгээр зүйл. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
14.1.4.гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, үйлчилгээ, туслалцаа, дэмжлэг үзүүлэх ур чадварыг эзэмшүүлэх сургалтын агуулгыг бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багш бэлтгэх, давтан сургах сургалтын хөтөлбөрт тусгах, тогтмол хяналт үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах;
14.1.5.хохирогч хүүхдийг суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах нөхцөлийг бүрдүүлэх, холбогдох дүрэм, журмыг баталж мөрдүүлэх;
14.1.6.боловсролын байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн талаархи статистик мэдээ, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх, хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх болон холбогдох бусад байгууллагыг мэдээллээр хангах журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
16 дугаар зүйл. Соёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
16.1.1.хүний эрх, эрх чөлөө, эрх тэгш байдлыг хүндэтгэсэн, гэр бүлийн тэнцвэрт харилцааг дэмжсэн эерэг зан үйл, хандлагыг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэсэн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх, энэ чиглэлийн үйл ажиллагааг дэмжих, сурталчлах ажлыг зохион байгуулах;
16.1.2.хүчирхийллийг илэрхийлсэн, зөвтгөсөн агуулга бүхий соёл, урлагийн арга хэмжээ, аливаа уран бүтээл, утга зохиолыг нийтэд түгээхээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, хязгаарлалт тогтоох;
21 дүгээр зүйл. Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
21.1.3.хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх тусгай утасны үйлчилгээг улсын хэмжээнд зохион байгуулах;
22 дугаар зүйл. Төрийн бус байгууллагын чиг үүрэг
22.1.1.энэ хуулиар үүрэг хүлээсэн ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэжлийн арга зүйгээр хангахад дэмжлэг үзүүлэх
22.1.2.олон нийтэд мэдээлэл түгээх, сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах
22.1.3.хохирогчийг түр хамгаалах байраар хангах болон энэ хуульд заасан бусад үйлчилгээ үзүүлэх.
23 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх
23.1.Дараахь албан тушаалтан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар албан үүрэгтэйгээ холбоотойгоор олж мэдсэн бол цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад мэдээлэх үүрэгтэй:
23.1.1.бүх шатны боловсролын байгууллагын багш, сургуулийн нийгмийн ажилтан, бусад ажилтан
23.1.2.эрүүл мэндийн ажилтан, нийгмийн ажилтан, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан ажилтан
23.1.3.баг, хороо, сум, дүүргийн холбогдох албан тушаалтан
23.1.4.төрийн албан хаагч, төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын ажилтан.
23.2.Хүн, хуулийн этгээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад мэдээлж болно.
23.3.Мэдээллийг амаар болон бичгээр, утсаар, цахим хэлбэрээр өгч болно.
23.4.Мэдээллийг ямар хэлбэрээр өгснөөс үл хамаарч мэдээлэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан гэр бүлийн хүчирхийллийг хуульд заасан арга хэрэгслээр таслан зогсоох, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул учирсан, эсхүл тухайн орчин нь аюултай гэж үзвэл хохирогчийг хамгаалах арга хэмжээг даруй авах үүрэгтэй.
23.5.Гэр бүлийн хүчирхийллийн тухай гомдол, мэдээллийг хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн оршин сууж байгаа газрын харьяаллаас үл хамааран ойр байгаа цагдаагийн байгууллагад гаргана.
23.6.Энэ хуулийн 23.1-д заасны дагуу мэдээлэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан мэдээлэл өгсөн хүний талаархи мэдээллийг нууцлах үүрэгтэй.
23.7.Холбогдох албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн хохирогч, гэрч, мэдээлэл өгсөн хүний талаархи мэдээллийг задруулахыг хориглоно.
24 дүгээр зүйл. Сум, багийн Засаг даргын хүлээх үүрэг
24.1.Сум, багийн Засаг дарга хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор дараахь арга хэмжээг шуурхай авах үүрэгтэй:
24.1.1.хүчирхийлэл үйлдэгчийг захиргааны байранд дуудан ирүүлж, шаардлага тавих, сануулга өгөх
24.1.2.эмнэлгийн яаралтай тусламжид холбох, шаардлагатай гэж үзвэл хохирогчийн байгаа орон байрны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах, боломжтой бол хохирогчийг төрөл, садан, ойр дотны хүний түр хамгаалалтад өгөх
24.1.3.хохирогчид энэ хууль болон бусад хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж, үйлчилгээний талаар мэдээллээр хангах
24.1.4.хохирогчийн зөвшөөрснөөр харьяа баг, хороо, сумын нийгмийн ажилтанд мэдэгдэх;
24.1.5.хүчирхийлэл үйлдэгдсэн тухай хохирогч, хүчирхийлэл үйлдэгч болон гэрчээс асууж, тэмдэглэл хөтлөх, шаардлагатай бусад ажиллагаа явуулах
24.2.Хохирогч бие махбод, сэтгэл санааны хувьд ноцтой хохирол хүлээсэн, хохирч болзошгүй, эсхүл хүүхэд хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй гэж үзвэл сум, багийн Засаг дарга хохирогч зөвшөөрөл өгсөн эсэхийг үл харгалзан харьяа баг, хороо, сумын нийгмийн ажилтанд, эсхүл сургуулийн нийгмийн ажилтанд мэдэгдэнэ.
25 дугаар зүйл. Цагдаагийн байгууллага, алба хаагчийн хүлээх үүрэг
25.1.2.энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан мэдээллийг хүлээн авч, шаардлагатай тусламж, зөвлөгөө өгөх, холбон зуучлах утас 24 цагаар ажиллуулах.
25.4.Цагдаагийн алба хаагч гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор бусдын орон байранд нэвтрэн орж, дараахь ажиллагааг явуулж болно:
25.4.1.хохирогч болон гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг шалгах, хуульд заасан журмын дагуу аюулын зэргийн үнэлгээ хийж, түүнийг үндэслэн хохирогчийг нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байранд хүргэх, боломжтой бол төрөл, садан, ойр дотных нь хүний хамгаалалтад өгөх;
25.4.6.шаардлагатай бол хүчирхийлэл үйлдэгчийг баривчлах;
25.6.Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг хүчирхийлэл үйлдэгч биелүүлэхээс татгалзсан, эсхүл эсэргүүцсэн бол албадлага хэрэглэнэ.
28 дугаар зүйл. Хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах
28.3.Энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүн хүүхэдтэй хүнлэг бус, хэрцгий харьцах, ялгаварлан гадуурхах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, заналхийлэх, хүч хэрэглэх, зодож шийтгэх, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх хэлбэрээр хүүхдийн бие махбодод халдах, үл хайхрах, хүүхдийн дэргэд архидан согтуурах, мансуурах, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно.
29 дүгээр зүйл. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх
29.1.Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртсөн байж болзошгүй гэж үзвэл хүн, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, хуулийн этгээд цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад болон хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх утасны үйлчилгээнд мэдээлэх үүрэгтэй.
29.2.Бүх шатны боловсролын байгууллагын багш, эмч, эмнэлгийн ажилтан, нийгмийн ажилтан, хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, ажилтан нь хүүхдийн бэртэл гэмтэл, өвчлөл, сэтгэл санааны байдал, айдас, хичээл таслалт, сургууль завсардалт зэрэг хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, зан үйлд гарч байгаа сөрөг нөлөөллийн шалтгааныг тогтоох, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг шалгах үүрэгтэй.
30 дугаар зүйл. Хүүхдийг тусгай хамгаалалтаар хангах
30.1.1.хүүхдийг хүчирхийлэл үйлдэгчээс тусгаарлан түр хамгаалалтаар хангах;
30.1.2.хүүхдийн байгууллага, ажилтанд мэдээлэх.
30.2.Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх журмыг хуульд заасан эрх бүхий байгууллага батална.
30.4.Энэ хуулийн 30.1.1-д заасан арга хэмжээг аюулын эрсдлийн зэрэг дунд болон өндөр, эсхүл дараахь нөхцөл байдал байна гэж үзвэл эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн саналыг харгалзахгүй авна:
30.4.1.хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар үйлдсэн буюу үйлдэж болзошгүй;
30.4.2.хүүхдээ барьцаалсан, барьцаалж болзошгүй;
30.4.3.хүүхдийн эмзэг байдлыг өөрт ашигтай шийдвэр гаргуулах, ашиг олоход ашигласан, ашиглаж болзошгүй;
30.4.4.хүүхдийг айдас, сэтгэл санааны дарамтад оруулсан, оруулж болзошгүй;
30.4.5.хүчирхийлэл үйлдэгч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг.
30.5.1.хүүхдийг нэг цэгийн үйлчилгээний төв, эсхүл түр хамгаалах байранд хүргэх;
30.5.2.энэ хуулийн 30.5.1-д заасан арга хэмжээг авах боломжгүй бол эцэг, эх, төрөл, садангийн болон бусад хүн, өөр гэр бүлд хүлээлгэн өгөх;
30.5.3.хүүхдэд асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлдэг төрийн, төрийн бус байгууллагад хүргэх.
30.6.Цагдаагийн ажилтан, эсхүл сум, багийн Засаг дарга энэ хуулийн 30.5-д заасан хүн, байгууллагад хүүхдийг хүлээлгэн өгөх бол түүнд эрх, үүргийг сануулж, бичгээр баталгаажуулна.
30.7.Хохирогч хүүхэд долоо, түүнээс дээш настай бол энэ хуулийн 30.5.2-т заасан хүн, гэр бүлийг сонгоход түүний саналыг харгалзана.
31 дүгээр зүйл. Аюулын зэргийн үнэлгээ
31.1.Цагдаагийн алба хаагч хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирсан, учирч болох эрсдэлд аюулын зэргийн үнэлгээ хийнэ.
33 дугаар зүйл. Хохирогчид үзүүлэх үйлчилгээний төрөл
33.1.Хохирогчид үзүүлэх үйлчилгээ дараахь төрөлтэй байна:
33.1.1.аюулгүй байдлын хамгаалалт;
33.1.2.эмнэлгийн тусламж, үйлчилгээ;
33.1.3.сэтгэл зүйн үйлчилгээ;
33.1.4.нийгмийн халамжийн үйлчилгээ;
33.1.5.хүүхэд хамгааллын үйлчилгээ;
33.1.6.хууль зүйн туслалцаа;
33.1.7.холбон зуучлах үйлчилгээ.
33.5.Энэ хуулийн 33.1-д заасан үйлчилгээг хохирогчид үнэ төлбөргүй үзүүлнэ.
34 дүгээр зүйл. Аюулгүй байдлын хамгаалалт
34.1.1.түр хамгаалан байрлуулах;
34.1.2.нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх;
34.1.3.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтад хамруулах.
35.5.Түр хамгаалах байрны байршил нууц байна.
36.1.Энэ хуулийн 33.1-д заасан үйлчилгээг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй 24 цагийн турш нэг цэгээс үзүүлэх чиг үүрэг бүхий нэгж эмнэлэг, төрийн, төрийн бус байгууллагад ажиллана.
37.2.Эмнэлгийн яаралтай тусламжаас бусад үйлчилгээг хохирогчийн байнга буюу түр оршин сууж байгаа газрын нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллага, хэрэв хохирогч эрүүл мэндийн байгууллага, хамгаалах байранд байгаа бол уг байгууллагын оршин байгаа газрын нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллага үзүүлнэ.
38 дугаар зүйл. Сэтгэл зүйн үйлчилгээ
38.1.Хохирогчид үзүүлэх сэтгэл зүйн үйлчилгээ дараахь хэлбэртэй байна:
38.1.1.сэтгэл зүйн зөвлөгөө;
38.1.2.сэтгэл заслын үйлчилгээ.
39 дүгээр зүйл. Хууль зүйн туслалцаа
39.1.Хохирогчид үзүүлэх хууль зүйн туслалцаа дараахь хэлбэртэй байна:
39.1.1.хууль зүйн зөвлөгөө;
39.1.2.өмгөөллийн үйлчилгээ.
39.2.Хууль зүйн зөвлөгөөг утсаар болон цахим хэлбэрээр үзүүлж болно.
41 дүгээр зүйл. Хүүхэд хамгааллын үйлчилгээ
41.2.Хохирогч хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажилтныг тусгай сургалтаар бэлтгэнэ.
41.3.Хохирогч хүүхэд долоо, түүнээс дээш настай бол хүүхэд хамгааллын үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэхдээ түүний саналыг харгалзана.
41.5.Хохирогч хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс нь тусгаарлан нэг цэгийн үйлчилгээнд хамруулах, түр хамгаалан байрлуулах тохиолдолд насанд хүрсэн хүнээс тусад нь байрлуулна.
43 дугаар зүйл.Хохирогчийг хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулах журам
43.1.Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд байрлаж байгаа, эсхүл энэ хуулийн 33.1.1-д заасны дагуу түр хамгаалалтад байгаа хохирогч, түүний насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэл үйлдэгчтэй уулзах шаардлагатай бол насанд хүрсэн хохирогч өөрөө, эсхүл хохирогч хүүхдийн эцэг, эх, харгалзан дэмжигч хүсэлт гаргаж болно.
43.2.Хохирогч хүүхэд арван дөрвөн насанд хүрсэн бол өөрөө хүсэлт гаргаж болох бөгөөд уг хүсэлтийг түүний эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч зөвшөөрч байгааг бичгээр илэрхийлсэн байна.
43.3.Хохирогчид үйлчилгээ үзүүлж байгаа хамтарсан баг хохирогчийг хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулах зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.
43.4.Хамтарсан баг уулзалтын зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэхдээ энэ хуулийн 30.4-т заасан үндэслэл, нөхцөл байдлын болон аюулын зэргийн үнэлгээг үндэслэн, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзана.
43.5. Дараахь тохиолдолд хохирогч, түүний хүүхдийг хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулахыг хориглоно:
43.5.1.хохирогч сэтгэл санааны хямрал, айдастай байгаа бол;
43.5.2.бэлгийн хүчирхийллийн хохирогч бол;
43.5.3.хохирогч болон хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахаар бол;
43.5.4.хохирогч өөрөө уулзахыг хүсэхгүй байгаа бол.
43.6.Уулзалтыг баг, хороо, сумын нийгмийн ажилтан хариуцан зохион байгуулах бөгөөд аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага хариуцна.
44 дүгээр зүйл.Зан үйлд нөлөөлөх сургалт
44.1.Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үүссэн зөрчилдөөнтэй асуудлыг хүч хэрэглэхгүйгээр шийдвэрлэх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн зан үйлд нөлөөлөх сургалт нь албадан болон сайн дурын хэлбэртэй байна.
44.4.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас баривчлах, хорих ял шйитгүүлсэн этгээдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадан сургалтад хамруулна.
Ж.МАРАЛ
Сэтгэгдэл