Р.Энхтүвшин: Гурван хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна

Д.Тулга / Эрүүл мэнд

Манай улсын нийт хүн амын 40 орчим хувь сэтгэцийн ямар нэг эмгэг тулгамдсан асуудалтай гэх судалгаа бий. Мөн сүүлийн үед хүн амын дунд амиа егүүтгэх байдал ихэсчээ. Энэ талаар АШУҮИС-ийн багш, Анагаахын сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн дэргэдэх “Сэтгэцийн эрүүл мэнд судлаач оюутан клуб”-ын удирдагч Р.Энхтүвшинтэй ярилцлаа.

-СЭТГЭЛЗҮЙН ХАМГИЙН ИХ АСУУДАЛТАЙ ХҮМҮҮС БОЛ ХҮҮХЭД-

-Сэтгэцийн эрүүл мэнд гэж чухам юуг хэлээд байгааг манай уншигчдад тайлбарлаж өгөхгүй юү?

-Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал бол маш өргөн ойлголт юм. Бие өвдөхөд сэтгэц дагаад өвддөг. Сэтгэц өвдөхөд нийгэм дагаад өвдөнө. Нийгэм өвдөхөөр сэтгэц нь дагаад өвддөг гэх юм уу бие биетэйгээ уялдаа холбоотой эрүүл мэндийн салбар юм. Эдгээрийг хооронд нь салгаж ойлгох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, сэтгэцийн эрүүл мэнд бол хүний эрүүл мэнд болон нийгмийн байдалтай салшгүй холбоотой зүйл. Хүмүүс сэтгэцийн эмгэг гэхээр л галзуу, солиотой гэж ойлгодог. Гэтэл галзуу гэдэг бол халдварт өвчин. Солио бол сэтгэцийн өвчний төрөлдөө орно. Сэтгэцийн эмгэгтэй болохоороо л “Шар хад”-ны эмнэлэгт хэвтдэг, солиордог, галзуурдаг гэж ойлгодог. Гэтэл сэтгэцийн эмгэг гэдэг нь бидэнтэй өдөр тутам тохиолддог. Орчин үед нийгэм хөгжих тусам, хүмүүсийн оюуны чадамж нэмэгдэх тусам сэтгэцийн эмгэг өвчлөл нэмэгдсээр байна.

-Манай улсын хүн амын дундах сэтгэцийн өвчлөл ямар хэмжээнд байгаа вэ? Энэ талаар хийгдсэн сүүлийн үеийн судалгаа статистик тоо баримт бий юу?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхийн хүн амын нийт өвчлөлийн 15 хувийг сэтгэцийн эмгэг эзэлж байдаг. Өөрөөр хэлбэл, дэлхий дээр байгаа хэдэн мянган төрлийн өвчлөлийн 15 хувийг энэ өвчин дангаар эзэлж байна. Таамаг судалгаагаар 2020 он гэхэд энэ үзүүлэлт өсч, 20 хувьд хүрч өснө гэсэн дүгнэлт гарсан. Харин манай улсын хувьд хийгдсэн судалгаагаар, арван жилийн дотор архинд донтох эмгэг 25 дахин ихэссэн байх жишээтэй. Мөн сэтгэл түгших эмгэг найм дахин, сэтгэл гутрах эмгэг долоо дахин гэх мэтчилэн сэтгэцийн эмгэгийн өвчлөл манай улсад ч мөн эрчтэй явагдаж байна.

-Аль салбарынхан сэтгэцийн өвчлөлд амархан өртөх магадлалтай байдаг юм бол оо? Мөн насны хувьд?

-Сэтгэцийн эмгэгээр хүйс харгалзахгүй, ямар ч настай хүн өвчлөх магадлалтай байдаг. Хүүхэд ч өвчлөх эрсдэлтэй. Жишээ нь зарим хүүхдүүд нүдээ ойр ойрхон цавчдаг. Үүнийг хүмүүс архаг ядаргаа гэх мэтээр тайлбарладаг. Хуруу, хумсаа мэрэх, орондоо шээх гэх мэт. Мөн сүүлийн үед хэт хөдөлгөөнтэй эмгэг, аутизм, оюуны хомсдол гээд олон эмгэг өвчлөл тохиолдож байна. Зөвхөн нас насанд тохиолддогоороо өөр байна.

Бид нас баралтын эхний таван шалтгааны талаар ярилцдаг. Гэтэл бид зургаа дахь шалтгааны талаар огт ярьдаггүй. Үүний цаана маш олон зүйл байгаа юм. Эзлэх хувь нь бага боловч цаана нь ид боловсрох, хөдөлмөрлөх, хамгийн өндөр бүтээмж гаргах насан дээрээ нас барж байгаа юм.

-Хүүхдийг ухаалаг гар утас, компьютер зэргээр удаан тоглуулахгүй байлгавал сэтгэцийн эмгэгт өртөхгүй гэж бодож байлаа?

-Энэ талаар Америкт нэг судалгаа хийсэн байдаг юм. Нэг нас зургаан сартай хүүхдүүдийн дунд зан үйлийн судалгаа хийсэн байдаг. Тэднийг янз бүрийн нөхцөл байдалд оруулаад хариу үйлдлийг судалсан. Ингээд 20 жилийн дараа тэднийг насанд хүрсний дараа тестээр судалгаа авахад нэг нас зургаан сартайдаа өгч байсан хариу үйлдэл нь 20 настайд нь яг хэвээрээ байсан. Тэгэхээр хүүхэд хэн болох вэ гэдэг нь таван нас хүртэл насандаа тогтдог. Энэ үед л хүүхэддээ хүмүүжил олгож, төлөвшүүлэх хэрэгтэй. Энэ насандаа хүүхэд юу үзэж харж өснө, тэгж л төлөвшдөг. Тэгэхээр хүүхдийг 0-5 настайд хажууд нь битгий хэрэлд, энэ үед л хүүхэддээ сэтгэлийн гэмтэл битгий өг. Хүүхэд хамгийн их стресстдэг. Гадагшаа гаргаж илэрхийлж чадахгүй, хүнд ойлгуулж чадахгүй тэр нь бугшдаг. Тэгэхээр хамгийн их асуудалтай хүмүүс бол хүүхдүүд байдаг юм.

-Ямар хүнийг сэтгэцийн хувьд эрүүл хүн гэж үзэх вэ?

-Хүмүүсээс чи эрүүл хүн үү гэхэд хүн бүхэн би эрүүл гэж хариулна. Яг тулаад ирэхээр ямар нэг өөрчлөлттэй байдаг. Гэтэл эрүүл хүн гэж хэнийг хэлэх вэ? Бие махбодийн хувьд эрүүл, сэтгэцийн тулгамдсан асуудалгүй, нийгэмдээ дасан зохицох чадвартай, нийгэмд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байгаа тийм хүнийг сэтгэцийн хувьд эрүүл хүн гэж үзнэ.

-Хүмүүсийг бухимдуулж, стресстүүлж, сэтгэцийн өөрчлөлтөд оруулж буй шалтгааны талаар та юу хэлэх вэ?

-Стресс бухимдал төрүүлж байгаа шалтгаан бол хотжилт, соёлжилт нөлөөлж байна. Хөгжингүй орнуудад сэтгэцийн эмгэгийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Хүмүүсийг дотор нь сэтгэцийн хувьд эрүүл, сэтгэцийн эмгэгтэй, сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэж хуваадаг. Сэтгэцийн эмгэгтэй хүн бол ерөнхийдөө хүн амын гурав орчим хувийг эзэлдэг. Харин сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүс хүн амын 37 хувийг эзэлж байна.i

-Сэтгэцийн тулгамдсан асуудал гэж юуг хэлээд байна вэ?

-Хамгийн энгийнээр хэлбэл стресстэй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн асуудалтай, сэтгэл санааны зовлонтой, сэтгэл санааны гэмтэлтэй байна гэсэн үг. Эсвэл бага насандаа үзсэн хүчирхийлэл юм уу, янз бүрийн гэмтлийн шалтгаанаар үндэслэсэн сэтгэлзүй юм.

-Хүн амын нас баралтын шалтгаанд амиа хорлолт орж байна гэлээ. Ийм үйлдэл хийхээр төлөвлөсөн болон амиа хорлож буй хүмүүс сэтгэцийн хувьд ямар нэг өөрчлөлттэй гэж үзэж болох уу?

-Яг ч тэгж үзэж болохгүй. Азид тэр дундаа манай улсад амиа хорлож байгаа хүмүүсийг сэтгэцийн эмгэгтэй гэж хэлж болохгүй. Харин сэтгэцийн эмгэгтэй болох магадлалтай, сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүс амиа хорлох үйлдэл хийдэг. Тухайн хүн бэрхшээлийг даван туулах чадвар султай учраас ийм сонголт хийдэг. Ерөнхийдөө сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүс ихэвчлэн Эй Кү (AQ) муутай хүмүүс байдаг.

-Эй Кү гэж хүний ямар чадварыг хэлээд байна вэ?

-Эй Кү гэдэг бол хүний зовлон бэрхшээлийг даван туулах чадвар. Манайхаар бол сэтгэлийн хат юм уу даа. Манай улсад Эй Кү (AQ)-гийн талаар мэдээлэл байхгүй, энэ талаар хичээл сургалт ордоггүй. Бид өмнө нь Ай Кү буюу оюун ухааны чадвар сайтай л хүн байвал ажилд авдаг байсан. Дөрөвдүгээр ангийн боловсролтой хүн хөдөлмөрийн баатар болж байна. Тэгэхээр үүний цаана юу байна гэхээр хүнд ганцхан Ай Кү гэдэг чадвар байдаггүй, маш олон чадвар байдаг юм байна. Эй Кү, Би Кү, Эн Кү гэх мэт. Гэтэл бэрхшээл даван туулах чадварыг сургуульд заадаггүй. Энэ нь мөн гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой. Эцэг эхийн хүүхэддээ тавих анхаарал, харилцаатай холбоотой. Нийгэм хамт олны хандлага гэх мэт олон зүйлтэй холбоотой.

Монголчууд бол нэрээ дээдэлж чухалчилж үздэг. Нэр хугархаар яс хугар гэдэг. Гэтэл энэ нь орчин үед бусдын нүдэнд яаж харагдах нь чухал болсон. Тийм учраас гадаад үзэмждээ хамаг байдгаа бардаг. Тэгтэл тэр хүн өөрийнхөө боломж, хязгаарт биш зүгээр л өөртөө нэг цензур тогтоочихож байна гэсэн үг. Ийм л байх ёстой гээд. Гэтэл энэ цензуртээ хүрч чадахгүй байх, давж чадахгүй байхаараа стрессдэж сэтгэцийн хямралд орж эхэлдэг. Түүнийгээ дарахын тулд хамгийн амархан арга сонгодог. Жишээ нь, архи тамхи, хар тамхи хэрэглэх, цаашлаад амиа егүүтгэх гэх мэт.

-Өсвөр насны хүүхдүүдийн дунд мөн амиа хорлолт олширсон гэх статистик тоо бий. Хүүхдүүдийн энэ үйлдэл мөн сэтгэцтэй холбоотой юу?

-Магадгүй хүүхэд сэтгэлийн дарамт шахалттай байгаад хэн нэгний өдөөн хатгалгаар амиа хорлох сэдэл төрж болно. Тэгэхээр амиа егүүтгэлийн асуудал ганц зүйлээс үүддэггүй. Маш олон төрлийн хүчин зүйлээс шалтгаалдаг. Амиа егүүтгэлт бол ухамсарт үйлдэл. Ухамсарт үйлдэл гурван шаттай явагдана. Эхлээд хүнд сэдэл төрдөг. Амиа хорлох тухай хэдэн жилийн өмнөөс ч бодож явсан байж болно. Шийдвэрээ гаргах хүртлээ гурван жил явж болно. Ингээд шийдвэр гаргасны дараа түүнийгээ ухамсартайгаар үйлддэг. Сэдэл юунаас төрсөн бэ, шийдвэр гаргахад юу нөлөөлсөн бэ, үйлдэл хийхэд хүргэсэн шалтгаан гээд олон зүйл нэгдэж байж энэ зүйл болдог. Тэгэхээр амиа хорлоход хүргэсэн шалтгааныг илрүүлнэ гэдэг тийм амар зүйл биш.

-СЭТГЭЦИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ ГЭР БҮЛ САЛАЛТЫН ШАЛТГААН БОЛЖ БАЙНА-

-Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүн нийгэмд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн нийгэмд үзүүлэх хор нөлөө маш их. Энэ асуудлын үр дүнд гэр бүл салалт, авлига хээл хахууль гээд нийгмийн бохир муухай зүйл урган гарч ирж байдаг. Өөрөөр хэлбэл, сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүн асуудлаа шийдвэрлэхийн тулд дээрх сонголтуудыг хийж байна. Хүн хүнээрээ байхгүй байгаад л учир байна. Бид хүүхдийн боловсролын асуудалд л анхаараад байдаг. Гэтэл эхлээд хүүхдийг хүн байх хүмүүжилд анхаарах хэрэгтэй. Дараа нь ёс зүйд анхаарч, түүний дараа боловсролд анхаарах хэрэгтэй. Гэтэл өндөр боловсролтой хирнээ хүмүүстэй дасан зохицох чадваргүй, багаар ажиллах чадваргүй бол тэр боловсрол хэрэггүй зүйл болж үлдэнэ.

-Сэтгэцийн өөрчлөлтийг хэрхэн эмчлэх вэ?

-Сэтгэцийн эмгэг өөрчлөлтийг эмчлэх боломжтой. Гэхдээ зөвхөн эмч нар биш. Эргэн тойрны бүх хүн хамтарч ярилцаж байж эмчилнэ. Хүнд сэтгэл гэдэг эрхтэн байдаг юм байна. Хүний бие дотроос гаргаад ирье гэхээр байдаггүй. Гэхдээ энэ эрхтэн байдгийг шинжлэх ухаан баталдаг. Энэ сэтгэл гэдэг эрхтэн хугардаг юм байна, үрэвсдэг юм байна, бүр бугладаг юм байна гэдгийг олон жилийн өмнө эрдэмтэд нээсэн. Тэгэхээр энэ эрхтэн бас хэрэгцээтэй байдаг. Бусдад туслах хэрэгцээг бид хийж байх хэрэгтэй. Энэ нь сэтгэлийн хэрэгцээг хангаж байгаа хэрэг юм.

-Манай улс Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуультай цөөн орны нэг. Энэ хуулийн заалтууд сэтгэцийн эрүүл мэндийн салбарт бодитой дэмжлэг зохицуулалт болж чаддаг болов уу?

-Хуулийнхаа хүрээнд бол хийх ёстой зүйлүүд боломжоороо хийгдэж байгаа. Гэхдээ энэ салбар санхүүжилтийн хувьд асуудалтай байдаг. Жишээ нь, Эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийн хоёр хувийг Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт зарцуулдаг. Гэтэл энэ хэмжээний санхүүжилт явуулж байгаа үйл ажиллагаа хангалтгүй. Цэцэрлэг сургууль, Их дээд сургууль, эмнэлэг бүхэн сэтгэлзүйчтэй байх ёстой. Гэтэл манай нэгдүгээр эмнэлэг, хоёрдугаар эмнэлэгт сэтгэлзүй ч байдаггүй. Сургуулиуд дээр сэтгэлзүйч байна уу байхгүй. Харин сүүлд дүүргийн эрүүл мэндийн төвүүд сэтгэцийн эмчтэй болсон ганц дэвшилттэй зүйл байна. Мөн сүүлд гуравдугаар эмнэлэг нэг сэтгэцийн эмчтэй болсон байна лээ. Гэтэл тийм том эмнэлэг хамгийн багадаа 20 сэтгэлзүйчтэй ажиллаж байж хэвийн үйл ажиллагаа явах юм. Дүүргийн эрүүл мэндийн төвд ирж байгаа өвчтөнүүдийн 30 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна. Энэ хүмүүсийн сэтгэлийг эмчлэхгүйгээр зөвхөн эм өгөөд байна. Тэгэхээр энэ хүмүүс маань буруу хэрэглээ зуршилтай болж байна. Өвчтөнүүд эм витамин шахуулаад л сайхан болно гэж үздэг. Энэ туйлшрал цаашдаа их муу нөлөө үзүүлнэ.

-Хэрвээ хүн өөрийгөө ямар нэг сэтгэцийн өөрчлөлтөд орсон байж болзошгүй гэж үзэж байвал хаана хандах вэ?

-Ер нь иргэн хамгийн эхний шатны сэтгэлзүйн тусламжийг өрхийн эрүүл мэндийн төвөөс авах ёстой. Гэвч манайд боломж бололцоо байхгүй. Тиймээс дүүргийн эрүүл мэндийн төвийн сэтгэцийн эмчид хандах хэрэгтэй. Цаашлаад шаардлагатай тохиолдолд сэтгэлзүйч эмч, Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хандана.

-ОЮУТНУУДЫН 56 ХУВЬ НЬ СЭТГЭЦИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛТАЙ БАЙНА-

Манай улсын хүн амын тулгамдсан асуудлуудын нэг бол яах аргагүй сэтгэцийн эрүүл мэнд болоод байна. Тиймээс АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн дэргэдэх “Сэтгэцийн эрүүл мэнд судлаач оюутан клуб”-ээс нийгмийн идэвхитэй бүлэг буюу оюутнуудын дундах сэтгэцийн тулгамдсан асуудал түүний шалтгааныг тодруулахаар бие даасан судалгааг АШУҮИС-ийн оюутнуудаас сонгон түүврийн аргаар явуулсан байна. Харин судалгааны дүнд тус сургуулийн оюутнуудын 56 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэх дүн гарчээ.

Энэ талаар тус клубын судлаач Б.Мандухай “Хүн амын дундах амиа хорлолт ихэссэнтэй холбогдуулан анагаахын оюутнуудын дунд судалгаа явууллаа. Судалгаанд оролцсон оюутнуудын 56 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэсэн дүн гарснаас дийлэнхи нь эмэгтэй оюутнууд байгаа юм. Мөн суурь боловсролын дамжааныхан буюу нэг хоёрдугаар дамжааны оюутнуудын 80 хувь нь асуудалтай гэсэн үр дүн гарсан хэмээсэн юм.

Судлаач М.Уранзаяа судалгааны үр дүнгийн шалтгааны талаар хэлэхдээ, Бидний хийсэн судалгаанаас үзэхэд гуравдугаар дамжааны оюутнууд хичээлийн ачаалал даах чадвар нэмэгдсэн байдаг. Харин нэг, хоёрдугаар дамжааны оюутнууд сэтгэцийн тулгамдсан асуудалтай байгаа. Учир нь эдгээр хүүхдүүд арван жилдээ байхдаа ийм хэмжээний ачаалал авч үзээгүй зэрэгтэй холбоотой гэсэн дүгнэлтэд хүрсэн гэлээ. Мөн цаашид МУИС, ШУТИС, БИС зэрэг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд уг судалгааг үргэлжлүүлэн явуулахаар төлөвлөжээ.

Б.ГАНТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000