ЯЛАЛТЫН БАЯР: Ши Жиньпин 'Үндэсний сэргэн мандалт бол зогсоошгүй хүч' гэж хэлэв

БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт “Хятадын үндэсний сэргэн мандалт бол зогсоошгүй хүч юм” хэмээн онцоллоо.
Тэрбээр Японы түрэмгийллийн эсрэг дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн баярт зориулсан ёслолын арга хэмжээнд оролцох үеэрээ энэхүү үгийг хэлэв.
Ши Жиньпин, ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Цэргийн Төв Хорооны даргын хувиар Бээжин хотноо зохион байгуулагдаж буй энэхүү өргөн цар хүрээтэй дурсгалын арга хэмжээнд үг хэлэхдээ "Энэхүү эсэргүүцлийн дайн бол маш хүнд, гэхдээ "гайхамшигтай" дайн байсан бөгөөд Хятадын орчин үеийн түүхэнд гадаад түрэмгийлэгчдийн эсрэг байгуулсан анхны бүрэн хэмжээний ялалт юм” хэмээн онцлов.
Ши Жиньпин "Японы түрэмгийллийн эсрэг ард түмний үндэсний эв нэгдлийн фронт байгуулан тэмцэхийг Коммунист нам уриалсны үндсэн дээр энэхүү ялалтыг авчирсан бөгөөд Хятадын ард түмэн энэхүү дайнд асар их золиос гарган, хүн төрөлхтний соёл иргэншлийг хамгаалах, дэлхийн энх тайвныг сахин хамгаалахад томоохон хувь нэмэр оруулсан” гэж тэмдэглэлээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ:“Зөвхөн улс орнууд харилцан тэгш эрхтэй, эв найрамдалтай амьдарч, харилцан дэмжиж байж нийтлэг аюулгүй байдлыг хангаж, дайн дажны үндсийг устгаж, түүхэн эмгэнэлт явдлууд дахин давтагдахаас сэргийлж чадна” гэв.
Хятадын дарга өнөөдөр хүн төрөлхтөн энх тайван уу, дайн уу; хэлэлцээ юү, зөрчил үү; хамтын ялалт уу, эсвэл хэн нэгний хожигдол уу гэх мэт түүхэн сонголтын өмнө дахин тулж ирээд байгааг анхаарууллаа.
Ши Жиньпин “Хятадын ард түмэн хүн төрөлхтний хөгжлийн зөв талд бат зогсож, энх тайвнаар хөгжих замыг баримтлан, хүн төрөлхтний хамтын ирээдүйг бий болгохын төлөө дэлхийн улс орнуудтай хамтран ажиллах болно” гэв.
Тэрбээр Хятадын бүх ястан үндэстэнд Хятадын Коммунист намын хүчирхэг удирдлагын дор нэгдэн нягтарч, орчин үеийн Хятадаар дамжуулан улс орноо хүчирхэгжүүлж, үндэсний сэргэн мандалтыг бүх талаар урагшлуулахыг уриаллаа.
Ши Жиньпин мөн Ардын Чөлөөлөх Арми (АЧА)-д хандан "Үндэсний сэргэн мандалтад стратегийн дэмжлэг үзүүлж, дэлхийн энх тайван, хөгжил дэвшилд илүү их хувь нэмэр оруулах” үүрэгтэйг онцолсон бөгөөд АЧА-ийг дэлхийн жишигт хүрсэн хүчин болоход чиглүүлж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн нэгдмэл байдлыг тууштай хамгаалах шаардлагатайг дурдав.
Эх сурвалж: XINHUA
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Монгол бол 100 гаруй жил сэргэн мандаад л. [66.181.180.67] 2025-09-03 20:57:10
Эднийх стратегитай бол манайх ч бас стратегитай. Хэн нэгний стратеги дотор уусч болохгүй. Манайх 1911 оноос хойш л сэргэн мандаад л байгаа шүү. Үүнийгээ л хадгална шүү.