Болгар улс Оросын нефть боловсруулах үйлдвэрийг хяналтдаа авна

Aдмин / Нүүр

Болгарын парламент Баасан гаригт (2025.11.07) хамгийн том нефть боловсруулах үйлдвэрээ төрийн хяналтад авах шийдвэр гаргажээ. Энэ үйлдвэр нь Оросын Лукойл компанийн эзэмшил байсан. Гэвч АНУ тус компанид шинэ хориг тавьснаас үүдэн Болгарын парламент эргүүлэн авах шийдвэр гаргасан байна. Өнгөрсөн сард АНУ Украин дахь дайны улмаас Оросын хоёр том газрын тосны компани болох Роснефть болон Лукойлд хориг тавьсан юм. Лукойл нь Хар тэнгисийн эрэгт байрлах Бургас хотын Нефтохим үйлдвэрийг мөн эзэмшдэг.

Мөн Балканы хамгийн том нефть боловсруулах үйлдвэр төдийгүй Болгарын хамгийн том компани юм.

АНУ-ын шинэ хориг энэ сарын 21-нээс хэрэгжиж эхэлнэ. Болгарын эрх баригч намын үзэж буйгаар, хоригоос болж үйлдвэр зогсох эрсдэлтэй учир нь бусад компаниуд Лукойлтой холбоотой байгууллагуудад төлбөр хийхээс татгалзах боломжтой. Шинэ хуулиар Болгарын Засгийн газар тус компанийн хувьцаа болон санал өгөх эрхийг хянах тусгай захирагч томилох боломжтой болж байна. Энэ захирагч компанийг худалдах эрхтэй ч Засгийн газрын зөвшөөрөл шаардлагатай. Парламент энэ хуулийг яаралтай хэлэлцэж, олонхын саналаар баталсан байна.

Гэхдээ тус улсын сөрөг хүчин Лукойлоос нефть боловсруулах үйлдвэрийг эргүүлэн авах нь эрсдэлтэй гэж үзжээ. Тэд шинэ хуулийг яаран баталсан гэж шүүмжилж, тусгай захирагч хэн нэгэнд компанийн хувьцааг зарах эрх олгох нь Болгарыг хууль эрх зүйн асуудалд оруулж болзошгүй гэж анхааруулсан. Эрчим хүчний аюулгүй байдлын шинжээч Руслан Стефановын хэлснээр, Засгийн газрын энэ алхам нь зөв чиглэлтэй боловч эрсдэлтэй.

Хэрвээ Лукойлийг төрийн өмчит болгох алхам хийвэл тус компани Болгарын төрийг шүүхэд өгч, их хэмжээний нөхөн төлбөр нэхэмжилж болзошгүй гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Болгар улс мөн шатахуун, дизель, нисэх онгоцны түлш зэрэг бүтээгдэхүүний экспортыг түр хориглох шийдвэр гаргасан. Энэ нь АНУ-ын хоригийн дараа дотоодын түлшний хангалтыг хамгаалахад чиглэжээ. Гэхдээ дотоод болон гадаадын усан онгоц, нисэх онгоцыг түлшээр цэнэглэх, дахин ачих үед болон НАТО, Европын холбооны гишүүн орны зэвсэгт хүчнийг хангах үед хориг хэрэгжихгүй. Лукойл-Нефтохим үйлдвэр Болгарын эдийн засагт маш чухал үүрэгтэй. 2024 онд тус компанийн орлого ойролцоогоор 5.4 тэрбум ам.доллар байжээ. Мөн тус компанийн шатахуун түгээх сүлжээ нь Болгарын зах зээлийг бараг бүхэлд нь эзэлдэг. Үүнээс гадна агуулах, шатахуун түгээх станц, усан онгоц болон нисэх онгоцны түлшний ханган нийлүүлэгч охин компаниудтай аж.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES


Сэтгэгдэл

МОНГОЛ [202.9.47.43] 2025-11-09 14:08:40

Эндээс харахад хөөрхий ОРОС л Европ тийш үйлдвэр бүтээн байгуулалт хийж өгч хамаг хий түлшээр хангадаг байсанд их хорсож явж дэ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.