Э.Боргил: Монголчууд даруухан дүр төрхтэй мөртлөө яг талбай дээр өрсөлдөхдөө ирвэс, арслан мэт гэсэн шүү дээ

Aдмин / Боловсрол

“PhysicalAsia” төслийн Монголын багийн удирдагч Э.Боргилтой ярилцлаа.


-Монголчууд сүүлийн хоёр, гурав хоног “Netflix”-ийн “PhysicalAsia” шоу нэвтрүүлгээр амьсгалж байна. Энэхүү шоу нэвтрүүлгийг хийх санал санаачилгыг бараг таныг гаргасан гэж сонслоо. Анх “Physical 100” гэдэг нэвтрүүлэг хийгээд, Солонгос, Монгол хоёрыг хооронд нь үзэлцүүлье гэсэн гэх юм. Энэ нь хэр үндэслэлтэй буюу үнэн бодитой мэдээлэл вэ?

-“PhysicalAsia” төслийг бүтээх санаа надаас гарсан гэвэл арай өрөөсгөл шүү. Миний гаргасан санаа нь “PhysicalAsia” гээд Азийн бүс нутгийн орнуудын дунд ийм нэвтрүүлэг хийх гэж байна. Үүнд монголчуудаа оролцуулбал ямар вэ гэдэг санал санаачилгыг гаргаж ажилласан юм. Энэ санаа маань 2023 оны хоёрдугаар сард буюу хамгийн эхний улирлын “PhysicalAsia” шоуг үзээд төрсөн л дөө. Ийм гоё нэвтрүүлэгт Монголынхоо залуучуудыг оролцуулаад өв соёл, үндэсний спортоо таниулъя гэж бодогдсон. Энэхүү санал сэдлээ “Spark Agency”-ын хамт олонтойгоо ажил хэрэг болгон анхны төслөө бичсэн түүхтэй. Ерөнхийдөө 50 солонгос, 50 монгол тамирчин оролцуулаад тусгай улирлын шоу хийвэл ямар вэ гээд төслийн саналаа тус нэвтрүүлгийн продакшн руу өгсөн. Ингээд 2-3 сарын хугацаанд ямар хариу ирэхийг хүлээж, араас нь чих тавьж хөөцөлдсөн гэх үү дээ. Энэ төслийн жинхэнэ санаачлагч, “PhysicalAsia” шоуны ерөнхий найруулагч Жан Хо Ги хэдхэн хоногийн өмнө анх удаа ярилцлага өгсөн байна лээ.

Сэтгүүлчийн “Оролцогч нараа хэрхэн сонгосон бэ” гэдэг асуултад “Нэр бүхий долоон улсыг Солонгосын продакшны зүгээс оролцуулаад, болзол нөхцөлөө санал болгоод явсан. Харин Монгол Улсын хувьд арай онцлогтой. Манай “Spark Agency” Монголоос түрүүлж холбогдоод, хамтарч ажиллаж болох уу гэдэг санал тавьсан. Би үүнийг хүлээж авсан” гэдгээ ярьсан байна лээ.

-Монгол Улсаас оролцож буй зургаан тамирчныг ямар шалгуураар хэзээ сонгосон бэ. Шоунд оролцох баг, тамирчдаа бүрдүүлэхийн тулд 500-700 хүний дунд сонгон шалгаруулалт хийсэн гэх яриа бас гарсан?

-Сонгон шалгаруулалтын үйл явцыг Солонгосын тал маань бүрэн дүүрэн хариуцаж, эцсийн шийдвэрийг гаргасан. Бидний хувьд арай ч 500-700 тамирчны нэр бэлтгэн цуглуулаагүй. Гэхдээ 250 орчим тамирчныг сонгон намтар, түүх, хичээллэдэг спорт, үзүүлсэн амжилт зэргээр холбогдох бүхий л мэдээллийг бэлтгэн нэрийг нь гаргаж өгсөн. Зөвхөн тамирчин гэлтгүй онцгой байдал, кино жүжигчин, загвар өмсөгчид зэргээр бусад салбараас ч залуусын нэрийг санал болгосон. Түүн дээр үндэслээд Солонгосын талаас буюу “PhysicalAsia” төслийнхөн онлайнаар солонгос хэл дээр анхны ярилцлагаа санал болгосон нэр бүхий хүмүүстэй хийсэн. Дараагийн удаад эхний ярилцлагад оролцсон хүмүүсээсээ шигшээд 40-50 хүнтэй биечлэн ярилцлага хийхээр Монголд тус төслийнхөн ирцгээсэн. Ингээд шоунд оролцох үндсэн зургаа, сэлгээний хоёр, нийт найман тамирчныг сонгон шалгаруулсан юм. Ямар найман тамирчныг сонгож авах эцсийн шийдвэрийг Солонгосын тал гаргасан. Бидний хувьд Монголд байгаа бүх спортын төрлийг үлдээлгүй, топ тамирчин, нөлөө бүхий хүмүүсээ санал болгосон доо.

-Олон улсын тэмцээн, уралдаанд оролцохдоо тамирчид өмнө нь очиж бэлтгэл хангадаг шүү дээ. Энэ шоуны хувьд ийм боломж байдаг уу?

-“PhysicalAsia” шоуны болзол ёсоор тамирчид түрүүлж очиж бэлтгэл хангах нь байтугай оролцогчид Солонгост очтолоо бие биеэ мэдэх боломжгүй байсан. Нууцлалын гэрээтэй учраас тамирчид шоунаас өмнө бие биетэйгээ уулзаж танилцаад, бэлтгэл хангах, тактик боловсруулах ямар ч боломжгүй. Бусад долоон улсын оролцогчид ч яг адилхан зааварчилгаа, чиглэлтэй. Шоуны болзол ёсоор очоод маш хурдан хугацаанд багаа бүрдүүлж, тактикаа боловсруулаад, ямар даалгаврыг хэн яаж гүйцэтгэхээ ярилцан зөвшилцөөд ажилладаг.

-Тэгэхээр тамирчид маань маш хурдан хугацаанд бие биеэ ойлгон, багаа бүрдүүлж ажиллаж чадсан нь шоунаас харагдаж байсан. Гэхдээ хөшигний ард бас амаргүй л байсан байж таарна?

-Ерөнхийдөө найман өөр спортоор хичээллэдэг найман өөр ертөнцтэй, найман өөр зан характертай хүмүүс ирж, анх удаа уулзан нэг хамт олон болж, шинэ баг бүрдүүлж ажиллаж байна шүү дээ. Аль болох хурдан зохион байгуулалтад орж, багийн ахлагчаа сонгон, үгийг нь сонсож, үүрэг даалгавраа биелүүлэх ёстой болж байгаа юм. Манай тамирчдын хувьд “Устай холбоотой даалгавар ирвэл яах вэ” гэдэг дээр жаахан санаа зовж байх шиг байсан. Анх бодож, ярьж байсанчлан одоогоор устай холбоотой ямар нэгэн даалгавар ирээгүй байна.

-Ирэх болов уу?

-Мэдэхгүй/инээв/.

-Монголын багийн тамирчин, холимог тулаанч Б.Энх-Оргилыг “Мини Чингис” гэж оролцогчид нэрлэсэн гэх юм билээ. Харин зохион байгуулагчид “Үс сахлаа битгий засуулаарай” гэсэн хэмээх яриа бас сонсогдсон?

-Бусад орны оролцогчид манай тамирчин Б.Энх-Оргилын дүр төрхийг “Мини Чингис” гэж хочилсон байна лээ. Харагдах гаднах дүр төрх нь XIII зууны ч юм уу, дээр үеийн баатрын дүр төрхтэй гэж үзээд ийм нэр хоч өгсөн байх. Мэдээж, бие бялдрын хувьд өндөр түвшний бэлтгэлтэй, ажиллах, ачаалал даах чадвартай учраас ийм хочийг яалт ч үгүй авсан байна лээ. Гэхдээ манай тамирчид дэвжээн дээр гарсан тохиолдолд л бусад орны тамирчидтайгаа найзан дундаа орохгүй. Яагаад гэвэл, энэ шоу чинь “Netflix-ийн олимп” гэж нэрлэгдэж байгаа шүү дээ. Үүнд анх удаагаа оролцож байгаа учраас алдах эрхгүй, Монголынхоо нэрийг өндөрт өргөхийн төлөө манай тамирчид зүтгэж оролцсон. Харин энгийн үед бусад орныхоо тамирчидтай найрсаг сайхан харилцаатай, заримтай нь их дотно найзууд болцгоосон юм билээ.

-Монголчуудын нэг онцлог байдаг шүү дээ. Сэтгэл хөдлөлөө ил гаргаад байдаггүй. Сэтгэл зүйгээ маш сайн барьж чаддаг. Энэ нь тус шоун дээр ч харагдаж байна. Товчхондоо, даруухан байгаа нь үүнтэй холбоотой. Харин манай үзэгчид сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй, түмэн янзын коммент бичсэн байсан?

-Спортод ялах, ялагдах гэдэг бол жам ёсны зүйл. Хэдий шоу ч гэлээ маш их тэсвэр хатуужил, хүч тамираа сорьж хөлс хүчээ урсгасан уралдаан, тэмцээн болж байна шүү дээ. Мэдээж, хэн нэгэн ялагдах учиртай. Тиймээс манай үзэгчид зөв талаас нь харж, тамирчдаа тултал нь дэмжих хэрэгтэй болов уу. Манай улсаас энэ шоунд анх удаа оролцож байгаа. Түрүүнд дурдсанчлан, тамирчид бүгдээрээ өөр өөрийн гэсэн онцлогтой спортоор хичээллэдэг, өөр өөр бие бялдартай, өөр өөр зүйлээр мэргэшсэн хүмүүс байгаа шүү дээ. Тухайлбал, нэг нь нэг даалгавар дээр бүтэлгүйтлээ гээд бүх зүйл дуусчихгүй. Дараа дараагийн даалгаврын гүйцэтгэл дээрээ анхаараад явах учиртай. Манай Э.Лхагва-Очир гэхэд л долоо, найм, есдүгээр анги дээрээ олсноос зүүгдэх даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн шүү дээ. Эндээс харахад л, хүний сурсан мэдсэн эрдэм гэдэг ямар гайхалтай зүйл байдаг юм бэ. Тиймээс бид баг тамирчдаа алдаа гаргах үед нь дэмжээд босгодог, урмын үгээр тэтгэдэг соёлтой байгаарай.

-Монголчууд “Юм нэгээр дуусахгүй” гэж ярьдаг даа.

-Тийм ээ, яг зөв хэллээ.

-Энэ шоунд оролцохын тулд ямар нэгэн төлбөр хураамж төлдөг юм болов уу. Ер нь яаж оролцов. Манай улсын Засгийн газраас болоод улстөрчдийн дэмжлэг, нөмөр нөөлөг байв уу?

-“PhysicalAsia” шоунд оролцож байгаа манай хүмүүсийн хувьд болд Солонгосын талтай болон “Netflix”-тэй тус тусдаа гэрээ хийгээд хамтран ажилласан байгаа. Шагналын сан бол нэг тэрбум вон гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Нөгөө талаасаа, манай “Spark Agency” энэ шоунд оролцохдоо ямар нэгэн байдлаар улс төрийн холбогдолтой байгууллагатай хамтарч ажилласан, эсвэл ямар нэгэн байдлаар санхүүжилт авсан зүйл огт байхгүй. Манай агентлаг Солонгосын талын продакшнтай л хамтарч ажилласан байгаа.

-Хоёр, гуравдугаар байрт орсон баг ямар шагнал авах вэ?

-Шагналын сан “Зөвхөн түрүүлсэн баг л нэг тэрбум вон авна” гэсэн ганцхан шатлалтай байгаа.

-Тамирчид ялалт, амжилтын төлөө шоунд оролцож байгаа ч гэлээ бэртэж гэмтэх зэргээр эрүүл мэндээр хохирох магадлалтай шүү дээ. Ийм нөхцөл байдал үүслээ гэхэд эмч бэлэн байна уу?

-Солонгосын продакшны зүгээс энэ тал дээр маш хариуцлагатай хандаж, сайн бэлдсэн байна лээ. Ямар ч эрсдэл гарсан эмч нар, бүх зүйл нь бэлэн байсан. Өндөр түвшинд бэлтгэж байж ийм төрлийн шоуг зохион байгуулдаг юм байна. Энэ удаагийн тэмцээн бол гурав дахь улирлынх. Эхний болон хоёр дахь удаагийн тэмцээнд ч тамирчид маш их гэмтэж бэртсэн. Эхний тэмцээнүүдэд сэлгээний тамирчин ч байгаагүй. Энэ удаагийн шоу сэлгээний тамирчин, эмчтэй явагдсан. Өөрөөр хэлбэл, гурав дахь удаагийн шоун дээрээ илүү суралцсан байгаа нь харагдаж байна. Гэхдээ уралдаан тэмцээний бүх даалгавар тийм ч амархан биш нь хэвээрээ. Манай тамирчид ч зөндөө бэртэж гэмтсэн. Долоо, найм, есдүгээр анги дээр гэхэд л манай А.Адъяасүрэн, Б.Энх-Оргил нар маань нэг талдаа 130 кг-ын жинтэй шонг 46 минут барьж, даалгавраа амжилттай гүйцэтгэсэн. Дараа нь манай тамирчин Б.Энх-Оргилын судас нь хагарсан. Үүнээс улбаатайгаар дараа дараагийн тэмцээний даалгаврыг гүйцэтгэхэд хүнд байсан ч маш хурдан эмчилгээндээ орчихоод л үргэлжлүүлж байсан.

-Дээр үед Б.Ренчин гуай “Тахиан гуяыг хонины гуяар цохиод унагачихаж байна” гэж байсан юм гэнэ лээ. Үүн лугаа зүйл өнөөдөр ч энэ шоун дээр ажиглагдаж байна. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл, дөрвөн орон хасагдлаа, үлдсэн дөрвөн орноос монголчуудыг яг юу идэж уугаад хүч тамир сайтай байна вэ гэдгийг дэлхий даяараа л цахим орчноор дамжуулан асуусан байна лээ. Энэ нь эргээд Монголд хэрэгтэй сурталчилгаа болж байх шиг байна. Гэхдээ шоуны үеэр хоол ундны ямар дэглэм барьсан бэ?

-Юүтүб дээр монголчуудын талаар солонгосууд маш их эерэг сэтгэгдэл үлдээсэн байна лээ. Монголчуудын цөөнгүй хэсэг нь Солонгост ажиллаж амьдардаг. Гэхдээ “PhysicalAsia” шоугаар монголчуудын зан характер, тэсвэр хатуужил, ачаалал даах чадвар, бие бялдрын онцлогийг бүр илүү харуулж өглөө. Монголчууд даруухан дүр төрхтэй мөртлөө яг талбай дээр гараад биеийн хүч тамираар хоорондоо өрсөлдөөд, авхаалж самбайгаа сорихдоо яг л ирвэс, арслан мэт эрэмгий дайчин, хурд хүчтэй байгаа нь эрхгүй эртний монгол баатрууд ямар байсан бол гэж санагдууллаа хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ. Тиймээс л “Монголчууд юу идэж уухаараа ийм эрэмгий дайчин, хүч тамиртай байна вэ” гэж асуугаад байгаа юм. Нэвтрүүлгийн зураг авалтын үеэр эхний өдрөө даалгавраа гүйцэтгээд, дараагийн өдөр нь ярилцлагандаа оролцоод явж байсан. Харин хоол ундны тал дээр тухайн тамирчин ямар хоол унд идмээр байна, ямар дэглэмтэй вэ гэдэгт нь тохируулан хувь хүн бүрд тохирсон хоол хүнсийг өгч байсан. Монголчууд энэ шоунд дөнгөж л оролцож эхэлж байна. Гэтэл бидэнд цаана нь танигдаагүй, бүр 1200 оноос эхлэлтэй үндэсний спортын олон төрөл бий. “Physica­lAsia” шоунд оролцож буй манай тамирчид эхний даалгавраасаа эхлээд эх орноо маш сайн сурталчлан таниулсан. Манай багийн гол зорилго ч энэ байлаа. Тухайлбал, үндэсний бөх, уран нугаралтаараа дамжуулан бид өв соёлоо дэлхийд сурталчлан таниулж чадсан. Үүний зэрэгцээ спортын бусад төрөл ч Монголд дэлхийтэй хөл нийлүүлэн хөгжиж байгааг харуулж чадаж байна. Гэтэл цаана нь бидэнд дэлхийд танигдаагүй өчнөөн өв соёл байна шүү дээ.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Г.ГАНЧИМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.