Д.Одончимэг: Сэтгэцийн эмгэгтэй хүний албадан эмчилгээг зогсоож, эмнэлгээс гаргахдаа хороо, дүүрэгт нь мэдэгдэх зохицуулалт бий болгох хэрэгтэй

Aдмин / Эрүүл мэнд

БЗД-ийн нутаг дэвсгэр, Дунд Дарь-эхэд жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай хүүхдийн амь насанд халдсан онц ноцтой гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй М.Батчулуун нь хоёр жилийн хугацаанд СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан гэх мэдээлэл олон нийтэд түгээд байна. Үүнтэй холбогдуулан бид СЭМҮТ-ийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын дарга Д.Одончимэгтэй ярилцлаа.

-Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай хүүхдийнх нь хамт хөнөөсөн аймшигт, харамсалтай хэрэг гарсан. СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад гарсан М. Батчулуун гэх этгээд тус хэргийг үйлдсэн гэдэг мэдээ байна?

-Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд (9.1.8) сэтгэцийн эмгэгтэй хүний онош, эмчилгээ, хүний хувийн мэдээллийг хадгалах, эдгээр мэдээллийг өөрийнх нь, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахгүй байх гэж заасан байдаг. Хууль, цагдаагийн байгууллагаас СЭМҮТ-д албан бичиг ирүүлж, бид холбогдох материалыг хүргүүлээд байж байгаа. Хувь хүн нь хэн гэдэг хүн байсан, манай эмнэлэг эмчлүүлж байсан эсэх мэдээллийг бид өгөх боломжгүй. Энэ хүн манайд хэвтэн эмчлүүлж байсан эсэхийг ч мэдээлэх боломжгүй байна. Үнэхээр сэтгэцийн эмгэгтэй байвал мөрдөгчийн тогтоолоор сэтгэцийн байдлыг нь үнэлүүлнэ. Тогтоолоор шинжээч томилно.

-Зарим улсад сэтгэцийн эмгэгтэй хүний мэдээллийг овог нэрээр бус тусгай кодоор хадгалдаг. Монголд яаж хадгалдаг вэ?

-Өвчтөний түүх бүр хувийн дугаартай байдаг.

-Тус гэмт этгээдийн өвчний түүх танайд байгаа юу. Тус этгээд танайд хэвтэн эмчлүүлж байсан эсэхийг архиваасаа үзсэн болов уу?

-Нэгдүгээрт, тус хэргийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлгүй байна. Нийт иргэдтэй өөрийгөө ижил мэдээлэлтэй байгаа гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар тэр хүн манай байгууллагад ирээд дүгнэлт гаргуулаагүй байна (2026.01.07). Тус хүнтэй холбоотой мэдээллийг албажуулж судлаагүй байна.

-Хэвтэн эмчлүүлэхээр ирсэн хүмүүст хугацаа заадаг юм болов уу?

-Шүүхийн шийдвэрээр албадан хэвтүүлж эмчлэх шаардлагатай сэтгэцийн өвчтэй хүмүүс манай эмнэлэгт байдаг. Албадлагын арга хэмжээг хэдэн сар, жилээр авах шаардлагатай байгаа шийдвэр нь ирж байж авдаг. Мөн шийдвэр цуцлагдахдаа ч дахин шүүхийн шийдвэрээр цуцлагддаг.

-Үүнд сэтгэцийн дүгнэлт гаргадаг уу?

-Гаргадаг.

-Шүүхийн шийдвэрээр гарлаа гэхэд эмнэлгийн хяналтдаа байсаар байдаг уу?

-Сэтгэцийн өвчний идэвхтэй хяналтад байх онош бүхий хүн байвал сэтгэцийн эмчийнхэээ хяналтад харьяаллынхаа дагуу ордог.

-Сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдлын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг, хэрэг хариуцах чадваргүйг шүүхээр шийдвэрлэж, СЭМҮТ-д эмчлүүлж буй тохиолдлууд хэр их байдаг вэ?

-Яг ийм тохиолдол байдаг, байдаггүй талаар хэвлэлд мэдээлэл өгөх боломжгүй. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн дагуу сэтгэцийн өвчтэй хүний хувийн мэдээллийг хамгаалах үүрэг нь эрүүл мэндийн байгууллагад байдаг.

-Дээрх хэргийн дараа нийгэм айдаст автаад байна. Учир нь сэтгэцийн өвчтэй хүнийг таньж мэдэх мэдлэг мэдээлэл дутмаг байна.

-Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ амбулаторийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээ, хэвтүүлэн эмчлэх зэргээр хувааж үздэг. Амбулаторийн эмчилгээ дотор “идэвхтэй хяналт” багтдаг. Энд сэтгэцийн эмчийн хяналтад үргэлж байх шаардлагатай хүмүүсийг хамруулна. Идэвхтэй хяналтын оноштой хүмүүс дүүргийн сэтгэцийн эмчийн хяналтдаа байна. Сардаа 1-2 удаа заавал үзүүлнэ. Зарим тохиолдол үнэгүй эмээр хангагдана. Давхар ар гэр, асран хамгаалагчийн хараа хяналтад байна. Сэтгэцийн эмгэгтэй хүний асран хамгаалагчийн эрх, үүрэг гэж бий. Эмийг цагт нь уулгах гэх мэт.

-Ямар тохиолдолд албадан эмчилгээг зогсоодог вэ?

-Албадан эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай эсэхийг сэтгэцийн талаас дүгнэлт гаргана. Засал сайжралын байдалд орж, өөртөө шүүмжлэлтэй байдал сууна. Нийгэмд дасан зохицож амьдрах тодорхой чадварууд бий болоод гарна. Цаашид салбарын дундын уялдаа холбоо хэрэгтэй байна. Жишээлбэл, сэтгэцийн эмгэгийн улмаас хяналтад байдаг эсвэл сэтгэцийн эмгэгтэй хүний албадан эмчилгээг зогсоож, эмнэлгээс гаргахдаа хороо, дүүрэгт нь мэдэгдэх зохицуулалт бий болох хэрэгтэй. Оршин суух хорооных нь цагдаа, сэтгэцийн эмч, өрхийн эмч нь мэддэг байх хэрэгтэй. Ийм нэгдсэн хараа хяналтыг сайжруулахын тулд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй. Энэ чиглэлд манай байгууллагаас хууль, хяналтын байгууллагынхантай уулзалт хийж байна.

-Дээрх этгээд хөршүүдийнхээ автомашины дугуйг хагалчихдаг байсан гэсэн. Сэтгэцийн хувьд эрүүл бус, эрсдэлт зан үйлтэй, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, амь насанд халдах эрсдэлтэй хүнийг энгийн иргэд яаж таних вэ?

-Өөрийн үйлдэл, зан байдалдаа хяналттай байх чадваргүй байх. Өөрийн хяналтаа алдсан, өөртөө шүүмжлэлтэй ханддаггүй. Ямар ч энгийн иргэнд багцаа байгаа. Хэн ч бусдын эд хөрөнгийг шалтгаангүйгээр эвдэж, сүйтгэхгүй юм.

-Иргэд бусдын эрүүл мэндэд хор, хохирол учруулах аюултай хүнийг хаана мэдэгдэх вэ?

-103 дугаарт хандах хэрэгтэй. Өдөр бүр 16:00-00:00 цагийн хооронд дуудлагаар мэдэгдэх боломжтой. Архи согтууруулах ундаа хэрэглээгүй хэр нь хүйтэн зэвсэг барьж хүнд халдах гэж оролдох, юм эвдэлж сүйтгэх зэрэг үйлдэл гаргаж байвал шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагад хандах хэрэгтэй. Сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл өгөх 1800-2000 дугаарын утас 24 цагийн турш ажилладаг.

-СЭМҮТ-д нэг эмчид ойролцоогоор хэдэн хэвтэн эмчлүүлэгч оногдож байна вэ?

-Нэг тасгийн 50 эмчлүүлэгчид гурван туслах сувилагч, нэг сувилагч, гурван эмч оногдож байна. Тэгэхээр нэг эмчид 15-20 хүн.

-Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн ар гэрийнхэн хэр их шантардаг вэ?

-Маш их шантардаг. Аль болох энд үлдээж, эмнэлэгт байлгаж авахгүй байх сонирхолтой. Засрал сайжралд орох үе нь аль болох гэр бүлд нь авхуулах хэрэгтэй. Засрал сайжрал авчхаад эмнэлэгтээ байгаад байх нь тэр хүмүүст “хоригдсон”, орхигдсон мэдрэмж л өгнө. Тэр хүмүүс сэтгэцийн өвчтэй ч гэсэн нийгмийн харилцаанд орох, амьд байх, хайрлуулах, хайрлах хэрэгцээтэй. Өнгөрсөн оны нэг, тавдугаар сар сард хэвтэж эхэлж, засрал сайжралтай болчхоод байхад одоо хүртэл ар гэрийнхэн нь авахгүй байгаа 70 орчим хүн байна. Хэрвээ өвчин нь сэдэрвэл эргүүлэн авна шүү дээ.

-Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эмч нартаа халддаг уу?

-Тиймээ, жилээс жилд тийм дүр зураг нэмэгдэж байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Н.НАРВАНЧИН


Сэтгэгдэл

Зочин [202.70.37.220] 2026-01-08 16:07:39

Ядуураад тархиа угаалгаад утаандаа хордоод эрүүл хүн байхаа болилоо.Наадхаа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэстний төв болго. Очиж хэвтье сда

Зочин [59.153.115.124] 2026-01-08 16:01:07

СЭМҮТ-ийн асрагчид өвчтөнүүдийг байнга зодож, өвчтөнүүдээр бүх цэвэрлэгээ хийлгэж, гар утас барихыг хориглож, бичихийг хориглож мөн тэд өвчтөнүүдийн эмнэлгийн хоолыг дээрэмдэн иддэг. СЭМҮТ-ийн асрагчид нэг анхаарах өрөөг манаж, үүд онгойлгож түгждэг л ажилтай. СЭМҮТ-ийн сувилагч нар өвчтнүүдийг эм ба тарианы туршилтуудад хамруулаад байдаг.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.