БНСУ-ын Ерөнхий сайд асанд төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр 23 жилийн хорих ял оноолоо

Aдмин / Гадаад мэдээ

Анхан шатны шүүх БНСУ-ын Ерөнхий сайд асан Хан Док Су-г 2024 онд тус улсын дээд удирдлага Үндсэн хууль зөрчин цэргийн онц байдал зарласантай холбогдуулан Үндсэн хуулийн дэглэмийн эсрэг бослого, өөрөөр хэлбэл төрийн эргэлтхийхийг завдсан хэрэгт оролцсон хэмээн буруутгаж, 23 жилийн хорих ял оноолоо. Шүүх хурлыг YTN телевиз шууд дамжуулан үзүүлсэн байна.

Шүүх Хан Док Су-г бослогын гол зохион байгуулагчдын нэг, хуурамч баримт бичиг үйлдэгч, Ерөнхийлөгчийн архивын тухай хуулийг зөрчигч, мөн Үндсэн хуулийн шүүхэд худал мэдүүлэг өгсөн гэм буруутайг тогтоожээ.

Прокурорын байгууллага түүнд 15 жилийн хорих ял оноохыг хүссэн ч шүүх илүү хүнд ял оноосон нь энэ аж. Түүнийг шүүх танхимаас баривчилсан нь БНСУ-ын шүүхийн түүхэнд анх удаа тохиолдсон үйл явдал болжээ.

2024 оны арванхоёрдугаар сард тухайн үеийн Ерөнхийлөгч Юн Сок Ёль Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчин цэргийн онц байдал зарласан бөгөөд үүний улмаас түүнийг албан тушаалаас нь огцруулсан. Энэ үед Хан Док Су Ерөнхий сайдын алба хашиж байсан, улмаар БНСУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байв. Шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжтой бөгөөд тус улсын ерөнхий шүүхийн тогтолцоо гурван шаттай аж.

Шүүх “Арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал зарласан нь хууль бус, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл бөгөөд парламент, Сонгуулийн төв хорооны төлөөлөгчдийг цэрэг, цагдаагийн хүчээр баривчлахыг завдсан нь бослогын бүх шинжийг агуулж байна. Энэ бол төрийн ордонд явагдсан төрийн эргэлт мөн” хэмээн дүгнэжээ.

Прокурорын байгууллага Юн Сок Ёлийг бослогын удирдагч гэж үзэн, түүнд цаазаар авах ял оноох хүсэлт гаргасан аж.

Мөн шүүх “Ерөнхий сайд бол хууль, Үндсэн хуулийг сахин хамгаалж, ардчиллыг баталгаажуулах үүрэгтэй албан тушаалтан. Гэтэл тэрбээр энэхүү үүргээ умартаж, төрийн эргэлт амжилттай болж болзошгүй хэмээн тооцоолж, бослогод санаатайгаар оролцсон” гэж дүгнэжээ. Шүүгч “Ингэснээрээ тэр ард түмний итгэлд эдгэхийн аргагүй шарх үлдээлээ” хэмээн онцолсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад сайд нарын танхимын хуралдаан зарлах санал дэвшүүлсэн нь бослогын үйл ажиллагаанд оролцсонтой дүйцэхүйц гэж үзжээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн хууль бус шийдвэрийг эсэргүүцээгүй, таслан зогсоох оролдлого хийгээгүй нь түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болсон байна.

Шүүгчийн мэдээлснээр, Хан Док Су өөрийн эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалахын тулд цэргийн онц байдалтай холбоотой баримт бичгүүдийг нуун дарагдуулж, уг ажиллагааг хууль ёсны мэт харагдуулахын тулд хуурамч баримт бичиг үйлдэн устгасан, Үндсэн хуулийн шүүхэд худал мэдүүлэг өгсөн нь тогтоогджээ.

Харин “бослогын удирдагчид тусалсан” гэх заалтыг шүүх хүлээн аваагүй аж. Уучир нь, Хан Док Су-г жирийн гүйцэтгэгч бус, харин бослогын гол оролцогч гэж үзсэн байна. Мөн хууль бус баримт бичиг үйлдэж, ашигласан гэх зарим зүйл ангид холбогдуулсныг цагаатгажээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.21.102.19] 2026-01-21 16:22:52

mongol


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.