АНУ-ын Консулын газарт халдсан эмэгтэй бууж өгчээ
Өчигдөр Туркийн Истанбул хот дахь АНУ-ын Консулын газарт үл таних хоёр этгээд халджээ. Туркийн хэвлэлүүдэд мэдээллэснээр, эрэгтэй, эмэгтэй хоёр хүн Америкийн дипломат төлөөлөгчийн газрыг хамгаалж байсан цагдаа нар луу гал нээсэн байна. Буудалцааны дараа гэмт этгээдүүд нуугджээ. Өнөөдрийн байдлаар халдлагад оролцсон эмэгтэй бууж өгсөн мэдээлэл байна. Хэргийн газарт эмч нар болон саперчид ажиллаж байгаа аж.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Истанбул дахь АНУ-ын консулын газарт халдсаныг эрс буруушаажээ. Тэрээр гэмт этгээдүүдийг нэн даруй баривчилж, зохих ял шийтгэлийг оноох хэрэгтэй гэж хэлснийг түүний бие төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгджээ.
Бан Ги Мүн хүчирхийлэл, гэмт халдлага дараалан үйлдэгдэж буйд санаа зовж байгаагаа хэлээд, Истанбул дахь АНУ-ын Консулын газарт гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Өнгөрсөн даваа гаригт шилжих шөнө Истанбул хотын Султанбейли дүүргийн цагдаагийн хэсгийн ойролцоо террористууд автомашин дэлбэлсэн хэрэг гарч, цагдаагийн гурван ажилтан, энгийн долоон иргэн шархаджээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл