СУРВАЛЖЛАГА: Эмнэлгүүдийн сахиурын өрөөнүүд бохир, бүгчим байна

Д.Тулга / Эрүүл мэнд

-САХИУРУУДАД ЗОРИУЛСАН УРТ САНДАЛ ТАВЬСАН БАЙСНЫГ ХҮМҮҮС
НИЙЛҮҮЛЖ ДЭЭР НЬ ХЭВТСЭН ХАРАГДАВ-

Дээхнэ нэгэн иргэн Эх нялхсын хүлээлгийн танхимын будаг шохой нь хуурч унасан, шат нь элэгдэж хуучирсан зургийг анх цахим хуудастаа нийтэлсэн нь олны анхаарлыг татсан билээ. Түүнийг харсан хэсэг залуус нийгмийн хариуцлагаа ухамсарлан уг хүлээлгийн танхим буюу шат, хаалганы хэсгийг засаж тохижуулсан удаатай.

Саяхан твиттерээр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн коридорт эргэлтээр ирсэн хүмүүс шалан дээр хонож буй зураг тархсан юм. Тодруулбал, дээрх зураг нь одоогоос таван сарын өмнөх зураг байсан байв.

Учир нь тус эмнэлгийн Сэхээн амьдруулах буюу эрчимт эмчилгээний тасгийн үүдэнд “Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн сахиурын өрөөг шинэчлэн засварлаж байгаа тул та бүхэн эмнэлгийн дотоод үйл ажиллагааг хүндэтгэхийг хүсье. Сахиурын өрөө гуравдугаар сарын 12-нд ажиллаж эхэлнэ” гэж бичсэн байжээ.

Засвар хийгдсэн сахиурын өрөө эрчимт эмчилгээтэй их ойр, яг доод давхарт нь байрласан байлаа. Сахиуруудад зориулсан урт сандал тавьсан байсныг хүмүүс нийлүүлж дээр нь хэвтсэн харагдав. Мөн хоол, цайгаа тавих тавиур байгаа нь сайшаалтай боловч хүмүүсийн тав тухыг сэтгэлд хүртэл хангаагүй л байв.

Мөн өвчтөнд санаа зовсон ар гэрийнх нь хүмүүс Эрчимт эмчилгээний тасгийн үүдэнд дэлгэдэг сандалтай суусан нь хүмүүсийг буруу ойлгох шалтгаан болсон байж магадгүй юм. Цахим хуудсанд бичсэний эсрэгээр Улсын гуравдугаар төв эмнэлгийг харин ч сайшаамаар байв.

Нэг давхарт нь эмчлүүлэгчдийн ар гэрийнхэнд зориулсан хүлээлгийн өрөө нэлээн том юм билээ. Дотор нь ороход эд зүйлсээ хийх шүүгээ байрлуулсан байсан. Мөн яаралтай үед холбогдох утас, үнэгүй интернэтээр сахиуруудыг хангажээ.

Бид улсын ууган эмнэлэг гэж нэрлэгддэг Улсын нэгдүгээр төв эмнэлгийг зорилоо. Тус эмнэлэг мөн эрчимт эмчилгээний тасгийн сахиуруудад зориулсан тустай өрөө гаргажээ. Ийм өрөө гаргаж тохижуулсан нь сайн боловч ганц нэг хүн даавуу нөмөрч хэсэгхэн зайд тух муутай унтахыг хараад ядаж нэг ор байх хэрэгтэй юм болов уу гэсэн бодол төрсөн юм.

-ОР БАЙГАА НЬ САЙШААЛТАЙ Ч БАС Л ХҮРЭЛЦЭЭ МУУ БАЙДАГ-

Хамгийн сүүлд Гэмтэл согог судлалын үндэсний төв орлоо. Улсдаа ганцхан гэгдэх түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасаг руу орохгүй өнгөрч чадсангүй. Тус эмнэлгийн сахиулуудад үзүүлэх үйлчилгээ хэр байгаа талаар хүмүүсээс тодрууллаа. ГССҮТ-ийн Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасагт хүүгээ эргэж буй иргэн Д.Банзрагч “Эмнэлгийн эргэн тойронд хонож өнжиж байгаа хүмүүс их байна. Өнөөдөр хүн гайгүй байна. Би хүүгээ эргэх гэж ирсэн юм. Манай хүү саяхан наймдугаар сарын 9-ний өдөр Өвөрхангай аймагт аянгад цохиулж эмнэлэгт ирсэн. Далан хувийн түлэгдэлттэй гэсэн оноштой байна. Үнэндээ аянгад цохиулсан хүн нэг бол нас бардаг нэг бол эдгэдэг жамтай. Харин ч манай хүү гайгүй өнгөрсөн гэж боддог. Тухайн үед аянгад цохиулахад нь би дэргэд нь байгаагүй. Гэнэт л аянгад цохиулсан гэсэн. Аянгад цохиулсан хүнийг тэр дор нь шороогоор булдаг юм. Бороо их ороод нөгөө булсан шороог урсгаад байсан гэж надад сүүлд ярьсан. Манай хүү 40 минут орчим ухаангүй байж байгаад сэхсэн юм. Одоо манай хүү 32 настай цэл залуугаараа байна. Би харин ч амьд байгаад нь баярлаад залбираад байж байна. Манай хүүг эхнэр нь сахиж байна. Би хоол, цай зөөх санаатай ирсэн юм. Орой долоон цагаас хойш эргэлт оруулдаг, хүлээгээд л байж байна. Сахиурын орчны хувьд хүлээлгийн хоёр сандал байна даа” гэв. Цааш мэс заслын тасгийн сахиуруудын орчин хэр байгаа талаар мэдэхээр орлоо.


ГССҮТ-ийн Мэс засал сэхээн амьдруулах тасагт хүүгээ сахиж буй иргэн Н.Энхчимэг “Энд маш их хүнтэй, жоохон тав тух муутай байдаг. Агаар шүүгч ерөөсөө байдаггүй. Хараад байхад өвчтөнүүдийг сахиж байгаа хүмүүсийн орчин муу юм байна.

Би энд гэр бүлээрээ ээлжилж хүүгээ сахиад сар болж байна. Ихэнх улсууд гадаа коридорт уйлж, дуулаад л өнждөг. Машинтай хүмүүс нь гадаа машиндаа хонодог юм. Ядраад гэртээ хариад буцаад энд ирэнгүүт тав тух үнэхээр муутай нь мэдэгддэг.

Ор байгаа нь сайшаалтай ч бас л хүрэлцээ муу байдаг юм. Ихэнх нь суугаа чигээрээ эмнэлэгт хэд хонодог, зарим нь хэдэн сар болдог. Эхний хэдэн хоног сахиж байгаа хүндээ санаа зовоод тоохгүй байсан. Гэвч сүүлдээ удаад ирэхээр хүн л юм хойно тав тухтай унтах газар хайж эхэлсэн. Зарим хүмүүс эвхдэг ор оруулж ирэхээр эмч нар “Зай эзэллээ” гээд хөөдөг. Энэ өрөөнд чийгтэй цэвэрлэгээ ч гэсэн ховорхон хийдэг юм. Түмэн хүн бужигнаж байгаа иймэрхүү газруудад ариун цэврийн шаардлага сайн тавих хэрэгтэй.

Энд хүмүүс байнга уйлалдаж, сэтгэл санаагаар унадаг маш их стресстэй газар юм. Ийм газрын орчин сайхан тухтай болбол ядаж сахиурууд сэтгэл санаа амрахгүй юмаа гэхэд тухтай амарч байж өвчтэй хүмүүсийг асарна. Өдөрт энд давчдаад, гарч агаар амьсгалмаар санагдсан ч хүүгээ яачих бол гэсэн айдастай байдаг учраас бүгчим газартаа өдөржин байдаг. Өнөөдөр хүн гайгүй байна, өдрөөс өдөрт хүн нэмэгдэж ирээд, шөнө энд зайгүй болдог. Манай хүүгийн хувьд 27 настай, мориноос унаад эмнэлэгт ирсэн. Хэзээ сэхээ орж эмнэлгээс гарах нь мэдэгдэхгүй байна” гэв.

Ж.ДАРИЙМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000