Ш.Эрдэнэхүү: Монголчууд давсны хэрэглээгээ багасгаж чадвал нас баралт 50 гаруй хувиар буурна

Д.Тулга / Эрүүл мэнд

НЭМҮТ-өөс зохион байгуулж буй “Давсны хэрэглээг таван грамм хүртэл багасгах таван арга” мэдээлэл сурталчилгааны долоо хоногийн хүрээнд “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын тогооч нар”-ын сургалт Гүн шим төвд боллоо. Давсны хэрэглээний талаар Хоол үйлдвэрлэл үйлчилгээний хөгжлийн төвийн тэргүүн Ш.Эрдэнэхүүгээс тодрууллаа.

-ДАВСЫГ СОНГИНО, ЛАВРЫН НАВЧ, ЦАГААН ГОО, НИМБЭГ, ХҮРЭН ЦУУ ЗЭРГЭЭР ОРЛУУЛЖ БОЛДОГ-

-Хүний өдөр тутмын давсны хэрэглээ хэдэн грамм байх ёстой вэ. Монгол хүн өдөрт ойролцоогоор хэдэн грамм давс хэрэглэдэг юм бэ?

-ДЭМБ-аас гаргасан зөвлөмжөөр бол хүний өдөр тутмын давсны хэрэглээ таван грамм байх ёстой гэж заасан байдаг. Харамсалтай нь монголчуудын давсны хэрэглээ судалгаагаар 20 граммд хүрсэн гэсэн мэдээлэл бий. Ялангуяа баруун болон зүүн аймгууд хэтрүүлэн хэрэглэдэг юм билээ. Газар зүй, цаг агаарын онцлог, амьдралын хэвшил, уламжлалт зан заншлаасаа хамааран давсыг өргөн хэрэглээд заншчихсан байна. Одоо XXI зуунд амьдарч байгаа хүн төрөлхтөн бид хоол хүнснийхээ асуудалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай болчхоод байна.

-Давсыг тогтсон норм буюу таван граммд хүргэхийн тулд монголчууд хамгийн эхлээд юунд анхаарах ёстой вэ?

-Шууд хориглоно гэж ойлгож болохгүй. Ихэнх хүмүүс ч ийм ойлголттой байдаг. Үүнээс болж яаж давсгүй хоол идэх юм бэ гэж хүртэл боддог. Ийм биш шүү дээ. Бид далд хэрэглээгээр таван грамм давсаа авчихдаг. Өөрөөр хэлбэл бидний идэж буй талх, лаазалсан мах махан бүтээгдэхүүн, ногоон огурци зэрэгт давс их бага хэмжээгээр агуулагддаг л даа. Гэтэл бидний эргэн тойронд нийтийн хоолны газарт үйлчилгээ явуулдаг байгууллагууд амт оруулж байна гээд нэмээд хэтрүүлчихдэг. Ингэж нэмэхгүйгээр яг тааруулах буюу багасгаад хийчихвэл ширээн дээр байгаа давсыг хүмүүс өөрсдийнхөө таалалд нийцүүлэн нэмдэг байвал зүгээр юм. Гэтэл давс багатай хоол хийдэг тогоочийн буруу мэтээр чичилж хандах нь буруу л даа. Ингэснээр өөрөө өөрийнхөө эрүүл мэндийг хорлож байгаа хэрэг.

-Давсыг ямар бүтээгдэхүүнээр орлуулж болох вэ?

-Орлуулахын тулд хамгийн түрүүнд давсны хор хөнөөлийн талаар эхлээд мэдэж авах хэрэгтэй. Мэддэг ч хүмүүс салахыг хүсдэггүй. Давсыг сонгино, лаврын навч, цагаан гаа, нимбэг, хүрэн цуу зэргээр орлуулж болдог. Хоолныхоо түүхий эд, бүтцийг бага зэрэг нэмэгдүүлээд өгөхөд л давсны ихээр хэрэглэгдэх орон зай өөрөө багасдаг.

-Хэрэглээд дадчихсан 20 грамм давсаа багасгаж хэвийн хэмжээнд аваачихад хүний эрүүл мэндэд ямар өөрчлөлтүүд гарах уу?

-Төрөл бүрийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадна. Монголчуудын хувьд цусны даралт, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг өвчнөөр их өвчилж байна. Энэ нь давсны хэрэглээтэй шууд холбоотой. Давс нь усыг биед барьж, хорыг гадагшлуулдаггүй сөрөг талтай. Хэтрүүлэн хэрэглэснээр эрүүл амьдрах баталгаагаа алдаж байна л гэсэн үг. Архи, тамхитай адилхан хор уршигтай хорт зуршил гэж үздэг. Гэтэл давсны хэрэглээ нөгөө хоёроосоо ялгарах зайлшгүй хэрэглээ мөн. Гагцхүү хэтрүүлэн хэрэглэх ил хэрэглээгээ л болих хэрэгтэй гээд хэлээд байгаа юм. Ил хэрэглээ гэдэг нь чанасан өндөг, чанасан мах, цай зэрэгт давс цацаж хэрэглэхийг хэлдэг. Давсны хэрэглээг бууруулах арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж чадвал Монгол улс ирэх 15 жилийн хугацаанд нийт нас баралтын 50 гаруй хувийг сэргийлж чадах боломжтой гэж үздэг юм байна.

-Манай улсын давсны дийлэнх хэрэглээ иоджуулсан давс байдаг шүү дээ. Давсыг эрс багасгаснаар иод дуталд хүрнэ гэж хүмүүс ойлгодог. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Манай улсад үйл ажиллагаа явуулж буй давсны үйлдвэрүүд иодоор баяжуулж эрдэсжүүлдэг. Үүний тулд төр засгаас татвар татаас авдаг байх.

П.УРНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000