Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.14) үдээс хойших нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлаас 2015 онд Захиргааны ерөнхий хуулийг баталж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлснээс хойш уг хуулийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэхэд зарим саад бэрхшээл, буруу практик гарч байгаа тул уг шалтгааныг эрт илрүүлэх, цаашид хуулийг боловсронгуй болгох зорилгоор Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтад заасны дагуу “Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ”-г ХБНГУ-ын Ханнс Зайделийн сантай хамтран захиргааны эрх зүйн эрдэмтэн, судлаач, холбогдох албан хаагчдаас бүрдсэн судалгааны багаар, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хөндлөнгийн судлаачдаар хийлгэсэн бөгөөд хуулийн төслийг дээрх үнэлгээ, судалгаан дээр үндэслэн боловсруулсан талаар төслийн танилцуулгад дурдав.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай харилцааг зохицуулж байгаа нь хууль хоорондын давхардал, хийдлийг үүсгэж байгаа бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн уг харилцааг зохицуулж буй Есдүгээр бүлгийн зохицуулалт бодит байдал дээр хэрэглэгдэхгүй байх нөхцөлийг бий болгосон. Иймд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг хүчингүй болгож уг хуулиар зохицуулж байгаа харилцааг Захиргааны ерөнхий хуульд нэмж тусгах, ийнхүү тусгахдаа зарим зохицуулалтыг цаг үеийн шаардлага, Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн өөрчлөн сайжруулахаар боловсруулсан гэж танилцуулгад дурдсан байв.

Хуулийн төслийг боловсруулахдаа одоогийн хууль тогтоомжоор “өргөдөл”, “гомдол” гэх ойлголтыг хольж зохицуулсан байгааг өөрчилж, гомдол нь иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар захиргааны байгууллагад хандаж байгаа хэлбэр бол өргөдөл нь төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх талаар саналын шинжтэй, эсхүл Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан өөрийн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар хүсэлтийн шинжтэй байна гэж ялгаатай байдлаар төсөлд тусгажээ. Түүнчлэн гомдол нь өөрт хамааралтай буюу эрхийн зөрчил үүссэн гэж үзсэн тохиолдолд захиргааны байгууллагад хандаж байгаа бол өргөдөл нь өөрт хамааралтай боловч хүсэлтийн шинжтэй, эсхүл бүр хамааралгүй саналын шинжтэй асуудлаар хандаж болохоор ялгаатай байгаагаас хамааран тэдгээрийг шийдвэрлэх журам нь мөн өөр өөр байхаар Захиргааны ерөнхий хуульд тус тусдаа боловч харилцан хамааралгүй бүхий бүлгээр зохицуулахаар төслийг боловсруулсан байна.

Мөн одоогийн хууль тогтоомжоор зөвхөн иргэний өргөдөл, гомдол гаргах эрхийг баталгаажуулсан байгааг өргөжүүлж, хуулийн этгээдийн өргөдөл, гомдол гаргах эрхийг хангаж өгчээ. Техник, технологийн хөгжлийг даган төрийн байгууллагад иргэн, хуулийн этгээд өргөдөл, гомдлоо цахимаар болон бусад хэлбэрээр гаргах боломжийг хангаж, төрийн байгууллагын өргөдөл, гомдол шийдвэрлэх хугацааг богиносгосон талаар төслийн танилцуулгад дурдсан байв.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийг сайжруулах буюу практикт хууль хэрэглээнд үүсэж буй хүндрэлийг арилгах зорилгоор сонсох ажиллагааны мэдэгдлийг шууд хүргүүлэх боломжгүй тохиолдлыг шийдвэрлэх, захиргааны акттай холбоотой зохицуулалтын хоёрдмол утга бүхий томьёоллыг нэг мөр ойлгох боломжтой болгож өөрчлөх, захиргааны хэм хэмжээний актын талаарх тайлбар нэмэх, хэм хэмжээний акт батлах талаарх материаллаг зохицуулалтыг нэмж оруулсан байна. Ерөнхийлөгчийн баталсан захиргааны хэм хэмжээний актыг Улсын Их Хуралд хүргүүлж байх тухай болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан захиргааны хэм хэмжээний актыг бусад субьектын баталсан захиргааны хэм хэмжээний актаас ялгаатай хугацаанд хянаж, бүртгэх эрх бүхий байгууллагад хүргүүлэх тухай өөрчлөлтийг тусгажээ. Мөн Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ болон уг хуулийг үйл ажиллагаандаа хэрэглэдэг байгууллага, судлаачидтай хийсэн хэлэлцүүлгээс нэг мөр хэрэглэхэд хүндрэлтэй, ойлгомжгүй, хоёрдмол утга бүхий бусад зохицуулалтыг тодорхой болгох холбогдох өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан байна.

Уг хуулийн төслийн талаар Хууль зүйн байнгын хороо 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Ц.Сэргэлэн танилцуулсан. Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ж.Батжаргал, Ц.Мөнх-Оргил, Т.Аюурсайхан, Н.Алтанхуяг, Б.Энхбаяр нар асуулт асууж, үг хэлэв. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж гишүүдийн асуултад хариулахдаа, Захиргааны ерөнхий хууль 2015 онд батлагдсан. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль нь 1995 онд батлагдсан, 21 зүйлтэйг тодотгоод эдгээр хуулиудын хооронд давхардал, хийдэл гарч байгааг онцлов. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуульд иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэхдээ сонсох ажиллагааг хийдэг, танилцуулах журам байдаг бол Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг 30 хоногийн дотор шийддэг ч танилцуулах болон сонсох ажиллагаа хийх журмууд байдаггүй. Иймд хуулийн төслийн 9 дүгээр бүлэгт энэ талаар тодорхой тусгаж, давхардал хийдлүүдийг нэгтгэсэн гэв. Мөн тэрбээр, Захиргааны ерөнхий хуулийн төслийн 27, 28 дугаар зүйлд сонсох ажиллагааг хэрхэн явуулах, оролцогчийн эрх, үүргийг хангах, сонсох ажиллагаа явуулаагүй эрх бүхий албан тушаалтанд ямар асуудал тавих талаар тодорхой зохицуулалтыг тусгасан гэж байлаа.

Ингээд Байнгын хорооны саналаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62,5 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ

Хуралдаан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаа хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед асуулт асууж, бичгээр санал гаргасан гишүүн байгаагүй тул Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болохыг онцлов.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь эцэслэн батлах Байнгын хорооны саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54,7 хувь нь дэмжив.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2020 ны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан нар тус тус танилцууллаа.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон улсын гэрээ, конвенц, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас гаргасан заавар, зөвлөмж, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн доор дурдсан зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Тухайлбал, хуулиар тодорхойлсон газар зүйн заалт, хамтын тэмдэг нэр томьёог Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт заасантай нийцүүлэн шинэчлэн тодорхойлж, хуулиар тогтоосон барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах үндэслэлд барааны тэмдгийг “шударга бусаар давуу эрх эдлэх зорилгоор бүртгүүлэхээр мэдүүлсэн” бол тухайн барааны тэмдгийг бүртгэхгүй байх нөхцөлийг нэмж тусгасан байна.

Түүнчлэн барааны тэмдгийн шүүлтийг чанаржуулах, барааны тэмдэг, газар зүйн заалт бүртгэгдсэний дараа маргаан гарах асуудлаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэдүүлгийн шүүлтийн шатанд гуравдагч этгээдээс эсэргүүцэл гаргах боломжийг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалт болон Монгол Улсын нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенци, Худалдаанд хамаарах Оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт нийцүүлэн барааны тэмдэг эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барааны тэмдгийг 5 жилийн турш ашиглаагүй бол хүчингүй болгох тухай зохицуулалтыг нэмж тусгажээ. Барааны тэмдэг эзэмшигч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр хүсэлт гарган барааны тэмдгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг үүрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Газар зүйн заалтын хэрэглэгч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн, эсхүл эрхээ шилжүүлсэн тохиолдолд тухай бүр хүсэлт гарган газар зүйн заалтын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг үүрэгжүүлсэн төдийгүй бүртгэгдсэн барааны тэмдгийн анхдагч огнооноос өмнө уг барааны тэмдэгтэй адил тэмдгийг адил бараа, үйлчилгээнд шударгаар хэрэглэж байсан этгээдийн хувьд үйлчлэх онцгой эрхийн зохицуулалтыг нэмж тусгажээ. Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцоход үйлчилгээний хураамж төлөхөөр зохицуулсан талаар төслийн танилцуулгад дурдсан байлаа.

Хууль зүйн байнгын хороо уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэх үед асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул төслийг үзэл баримтлалын хүрээнд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй тогтжээ.

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Чингис хаан болон Монгол Улсын хаад, төрийн бэлгэ, тэмдэгтэй холбоотой нэр, дүрслэлийг архи болон бусад бараа бүтээгдэхүүнд ашиглахыг төслийн хүрээнд цэгцлэсэн эсэхийг тодруулав.

Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-д өргөн барьсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ талаар тодорхой тусгасныг дурдаад урд нь барааны тэмдгийн эрхээ авсан бүтээгдэхүүний тухай ярих боломжгүй ч цаашид энэ төрлийн нэр, төрийн бэлгэ тэмдэгтэй холбоотой нэр, дүрслэлтэй холбоотой асуудлыг бараа бүтээгдэхүүүнд ашиглахыг дээрх хуулийн төсөлд хязгаарлахаар тусгасан гэж байлаа.

Ингээд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараа нь Засгийн газраас 2020 ны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир тус тус танилцуулав.

Монгол Улсын онцлог, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн хамгаалалтын олон улсын гэрээ, конвенц, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас гаргасан заавар, зөвлөмж болон бусад улс орны нийтлэг зохицуулалт, чиг хандлагыг харгалзан төслийг боловсруулжээ. Нэн тэргүүнд хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг нэмж, өөрчилсөн төдийгүй зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацааны талаарх зохицуулалтыг нарийвчлан тусгах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзжээ. Зарим бүтээлийн зохиогчийн эрхийн онцлогийг дэлгэрэнгүй тусгасан. Үүнд үүсмэл бүтээл, албан үүргийн дагуу туурвисан бүтээл, кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээл, компьютерийн програм, мэдээллийн сан, дүрслэх урлагийн бүтээл, архитектурын бүтээлийн зохиогчийн эрхийг нарийвчлан тодорхойлсон талаар төслийн танилцуулгад дурдсан байлаа.

Бүтээл ашиглах онцгой эрхийг шилжүүлэх, эсхүл бүтээл ашиглах онцгой эрхийг лиценз олгох замаар бусдад бүтээл ашиглуулах үндсэн арга хэлбэрийг тодорхойлж, бүтээл ашиглах эрх шилжүүлэх гэрээ болон лицензийн гэрээний үндсэн нөхцөлийг нарийвчлан тусгажээ. Зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүй байх онцгой нөхцөлийг буюу бүтээлийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зүй ёсны ашиглалттай зөрчилдөхгүйгээр, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгүйгээр бүтээлийг төлбөргүйгээр болон зөвшөөрөлгүйгээр ашиглах тохиолдлуудыг нарийвчлан зохицуулсан байна.

Дүрслэх урлагийн бүтээлтэй холбоотой зохицуулалтыг нарийвчилж, хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг тусгай хэрэгцээт хүмүүст зориулан хөрвүүлж, хуулбарлах, хуулбарыг хил дамнуулан солилцох, нийтэд түгээх болон нийтийн хүртээл болгоход зохиогчийн эрхийг хязгаарлахтай холбоотой зохицуулалт болон цаашлаад цахим орчноос гадна харилцаа холбооны бусад сүлжээнд зохиогчийн эрхийг хамгаалах, бүтээлийг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглахаас урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалтын арга хэмжээний талаарх зохицуулалтуудыг нэмж тусгасан байна. Бүтээл ашиглалтын тарифыг хянаж батлах, бүтээл ашиглах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх, маргаан бүхий талуудыг эвлэрүүлэн зуучлах чиг үүрэг бүхий Зохиогчийн эрхийн зөвлөлийг байгуулах эрх зүйн үндэслэлийг тодорхойлсон байна. Зохиогч, эрх эзэмшигчдийн эрхээ төлөөлүүлэн хэрэгжүүлэх, хамгаалуулах үндсэн хэлбэр болох хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгожээ. Тодруулбал, хамтын удирдлагын байгууллагад тавих шаардлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаандаа ил тод, шуурхай байдал болон үнэн зөв, бодит мэдээллийг хангаж ажиллах эрх зүйн орчныг бий болгож, уг харилцаанд оролцогчдын эрх, ашиг сонирхлыг тэнцвэртэй хангах боломжийг бүрдүүлсэн талаар төслийн танилцуулгад дурдсан байв.

Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг, Б.Баярсайхан нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, “Оюуны өмч, патент зэрэг энэ салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтыг хамгаалах эрх зүйн асуудалд төр анхаарлаа хандуулах цаг болсон. Цаашдаа оюуны өмчийн бүртгэлийн асуудал, итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг олноор нь ажиллуулах, бэлтгэх энэ чиглэлд зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, хуулийн төслийг дэмжиж байгаагийн илэрхийлэхийн зэрэгцээ “Иргэдийн хувьд шинэ санаа, бүтээлийг нь хууль хамгаална гэдэгт итгэлгүй байдаг учир хуулийн төслийг чамбайруулж, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад анхаарч ажиллах нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Гишүүдийн зүгээс зохиогчийн эрхийн бүртгэлийн хэмжээ, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тодруулахын зэрэгцээ оюуны өмчийг үнэлэх, аж үйлдвэрийн эргэлтэд оруулах, оюуны өмчийн өв залгамжлагчийн эрхийг 50 жилийн хугацаагаар зохицуулсныг лавлаж байв.

Ажлын хэсгийн зүгээс, Сүүлийн гурван жилийн хугацаанд зохиогчийн эрх 3070 ширхэг буюу тодруулбал 2020 онд 1045, 2019 онд 1030, 2018 онд 1000 гаруй бүртгэгдсэнийг онцлов. Мөн зохиогчийн эрхийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээдэг бөгөөд хууль зөрчсөн иргэнийг 500, аж ахуйн нэгжийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохын эзрэгцээ хууль бусаар олсон орлого, техник хэрэгслийг хураах зэрэг зургаан төрлийн албадлагын арга хэмжээ авдаг. Хохирлын хэмжээ 50 сая төгрөгөөс дээш гарсан тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хэмээн хариулж байлаа.

Хуулийн төсөлд оюуны өмчийн үнэлгээний асуудлуудыг тодорхой болгосон. Оюуны өмчийн үнэлгээнүүдийг хийвэл цаашдаа тухайн өмчөө барьцаанд тавих, аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх, зээл авах, зөрчигдсөн эрхээ сэргээлэх зэрэг олон асуудал тодорхой болно хэмээн Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг нэмж хариулав. Түүнчлэн тэрбээр, оюуны өмчийн өв залгамжлал чухал асуудал бөгөөд энэ талаарх зохицуулалтыг олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэн төсөлд тусгасан гэж байлаа.

Ингээд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.