Л.Эрдэнэхүү: Зүрх судасны эмгэгтэй хүмүүс “Ковид-19”-өөр өвдөөд эдгэсэн ч хүндрэх эрсдэлтэй

Aдмин / Эрүүл мэнд

“Ковид-19”-ийн хүндрэлүүд, тэр дундаа зүрх судасны эмгэгтэй холбоотой эрсдэлийн талаар УХТЭ-ийн Зүрх судас судлалын тасгийн эрхлэгч Л.Эрдэнэхүүтэй ярилцлаа.


-“Зүрхээр гэнэт явчихлаа” гэдэг мэдээ сүүлийн үед их гарах боллоо. Энэ нь коронавирустэй холбоотой юу?

-Ямар нэг эрхтэн, тогтолцооны эмгэг оношлогдож байгаагүй, харьцангуй эрүүл гэж өөрийгөө боддог хүн гэнэт нас барах нь зүрх судасны шалтгаантай байж болно. Гэхдээ урьд нь үнэхээр ямар нэг эмгэг байгаагүй юу, эсвэл байсан ч түүнийгээ мэдээгүй, оношлуулаагүй юу гэдэг нь бас эргэлзээтэй. “Ковид-19” өвчний хүнд хэлбэрээр өвдсөн хүн чихрийн шижин, цусны даралт ихсэлт болон зүрх судасны архаг хууч эмгэгтэй бол тэр нь даамжирч нас барах шалтгаан болж байгаа. Харин “Ковид-19” өвчнөөр хөнгөн болон дунд зэргээр өвдсөн нас залуу, архаг хууч өвчингүй хүмүүст гэнэтийн нас баралт тохиолдохгүй.

-“Ковид-19” тусаад эдгэрсэн ч ядарч сульдах, амьсгаадах, зүрх дэлсэх, зүрхний цохилт удаашрах зэрэг зовуурь арилахгүй байна гэх хүн цөөнгүй ажээ. Тийм хүмүүст та зөвлөгөө өгнө үү?

-Коронавирусийн халдвар авсны дараа 28 хоногоос хойш хугацаанд илрэх зовуурь шаналгааг “Ковид-19”-ийн дараах хам шинж гэж нэрлэж байгаа. Энэ нь вирус уушги, зүрх, тархи болон бусад эрхтнийг гэмтээдэгтэй холбоотой.

Гол шинжүүд нь ядарч сульдах, амьсгал давчдах, ханиах, үе мөчөөр, цээжээр өвдөх, төвлөрөх чадвар алдагдах, нойргүйдэх, булчин болон толгой өвдөх, үнэрлэх амтлах чадвар алдагдах, сэтгэл гутралд орох, зогсож байхад толгой эргэх, биеийн болон оюуны ачаалал даах чадвар буурах шинжүүд түгээмэл илэрч байна. Гэхдээ эдгээр нь өвчтөн бүрийн онцлогоос хамааран янз бүрийн эрчмээр илэрдэг. Иймд аль шинж давамгайлж байгаагаас нь шалтгаалж, тухайн нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах нь зохимжтой.

Тухайлбал, ядарч сульдах, толгой эргэх, мартамхай болох, нойргүйдэх гэх зэрэг шинж давамгайлж байвал мэдрэлийн эмч, харин зүрхээр өвдөх, зүрхний цохилтын тоо түргэсэх, эсвэл цөөрөх гэх зэрэг зовуурь илэрч байвал зүрх судасны эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй. “Ковид-19”-ийн дараах нөхөн сэргээх эмчилгээ, амьсгалын дасгал, цэвэр агаарт гарах, амин дэмээр баялаг хоол хүнс, нэмэлтээр мөн амин дэм болон электролит бүхий бэлдмэл хэрэглэх нь зовуурь шаналгааг намдаахад туслана.

-Хөл хорионы туршид гэртээ суух нь хөдөлгөөний хомсдолд оруулж, зүрх судасны эмгэгт хүргэх тохиолдол их байгаа юу?

-Таргалалт болон хөдөлгөөний хомсдол нь зүрх судасны эмгэгт хүргэх томоохон эрсдэлт хүчин зүйл. 2019 оны байдлаар манай улсын насанд хүрсэн нийт иргэдийн 49.4 хувь нь таргалалт болон илүүдэл жинтэй байна гэсэн STEPS судалгааны дүгнэлт бий. Сүүлийн хоёр жилд энэ төрлийн томоохон судалгааны дүн гараагүй байгаа ч дээрх хувь нэмэгдсэн байх магадлалтай. Ер нь зүрх судасны эмгэгийн эрсдэлт гол хоёр хүчин зүйл гэвэл хөгшрөлт ба удамшил. Гэхдээ үүнээс гадна тамхи татах, өөх тос, давсыг хэт их хэрэглэх, даралт ихсэх, чихрийн шижингээр өвчлөх, хөдөлгөөний хомсдолд орох зэрэг нь сөргөөр нөлөөлдөг. Иймд эдгээр эрсдэлээс сэргийлэх, амьдралын зөв хэмнэлийг хэвшүүлэх хэрэгтэй.

-Судасны нарийсал нь цус харвалт, зүрхний шигдээс үүсгэх гол шалтгаан. Тэгвэл нарийссан судсыг тэлж, цус гүйлгэх зорилгоор цагираг тор буюу стент тавьдаг. Гэтэл стент тавиулсан хүн гар утас, компьютер гэх зэрэг бичил долгион үүсгэдэг хэрэгсэл ашиглах нь үхэлд хүргэх ч эрсдэлтэй гэх юм. Энэ хэр ортой вэ?

-Титэм судсан дотуурх эмчилгээ буюу зүрхний титэм судсанд стент тавих нь зүрхний шигдээсийн үеийн болон шигдээс үүсэх урьтал гэдэг судас нарийслын үеийн “алтан стандарт” эмчилгээ юм. Титэм судсанд стент тавиулсан өвчтөн дээр дурдсан эрсдэлт хүчин зүйлсээс бүрэн татгалзаж амьдралын хэв маягийг өөрчлөхөөс гадна эмчийн зөвлөсөн цус шингэрүүлэх, цусан дахь өөх тосыг бууруулах, зүрх хамгаалах эмийг зааврын дагуу хэрэглэх нь маш чухал. Харин амьдралын өдөр тутмын хэрэглээний гар утас, компьютер, бичил долгион үүсгэдэг бусад хэрэгсэл ямар нэгэн байдлаар муугаар нөлөөлөхгүй.

-“Ковид-19”-ийн эсрэг вакцин цус өтгөрүүлдэг. Түүнээс болж зүрх судасны өвчлөл их байна гэх юм. Энэ үнэн үү?

-Европын амьсгалын замын эрхтэн судлалын сэтгүүлд 2021 оны арванхоёрдугаар сарын 10-нд нийтлэгдсэн “Ковид-19-ийн вакцин болон цус өтгөрөлт” сэдэвт судалгаа 2020 оны арванхоёрдугаар сарын 15-наас 2021 оны гуравдугаар сарын 16-ны хооронд хийгдсэн байна. Энэхүү судалгаагаар вакцины дараах цус өтгөрөлт, судас бөглөрөлт нь дэлхий дахинд 2000 орчим тохиолдолд бүртгэгдсэн. Энэ нь тооны хувьд маш бага үзүүлэлт л дээ. Ердийн томуугийн эсрэг вакцин хийлгэхэд мөн ийм маягийн хүндрэл илэрдэг.

-Суурь өвчтэй, ялангуяа зүрх судасны архаг хуучтай хүмүүст “Ковид-19” тусаад эдгэрсний дараах сөрөг нөлөө их байгаа гэсэн. Ийм хүмүүс ямар төрлийн шинжилгээнд хамрагдах ёстой вэ?

-Зүрх судасны суурь эмгэгтэй хүмүүс “Ковид-19”-өөр өвдөөд эдгэсэн ч суурь өвчин нь хүндрэх эрсдэлтэй тул нарийн мэргэжлийн эмчийн чанд хяналт дор эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай. Эхний ээлжинд эмчийн зааврын дагуу энгийн буюу өвчтөнд хоргүй, эрсдэлгүй шинжилгээг сонгоно. Үүнд зүрхний цахилгаан бичлэг, зүрхний хэт авиа, 24 цагийн зүрхний холтер болон 24 цагийн цусны даралт хэмжигч зэрэг багажийн шинжилгээнүүд орно. Түүнчлэн цусны ерөнхий, цус бүлэгнэлтийн, биохимийн зэрэг лабораторийн шинжилгээнүүдийг хийдэг юм.

-24 цагийн зүрхний цахилгаан бичлэг хийдэг болсон байна. Энэ нь зүрхний өвчлөлийг алдаа мадаггүй оношилж чадах уу?

-Эмнэл зүйд зүрхний бүтэц, үйл ажиллагааг тодруулдаг бие биенээ орлохгүй өвөрмөц болон мэдрэг чанартай олон төрлийн шинжилгээний аргыг хэрэглэдэг. Тэдгээрийн зөвхөн нэг нь 24 цагийн зүрхний цахилгаан бичлэг юм. Энэхүү шинжилгээний онцлог нь зүрхний хэмнэлийг түлхүү тодруулна. Өөрөөр хэлбэл, хоногт зүрх хэд цохилж байна, хамгийн их болон бага цохилж буй цагууд, шөнө болон өдрийн зүрхний цохилтын харьцаа, хэм алдагдал байгаа эсэх, хэрэв байгаа бол түүний хэлбэр, тоо зэргийг дэлгэрэнгүй илрүүлдэг билээ.

-Хүмүүс дур мэдэн эм тариа хэрэглэх, бие биедээ зөвлөгөө өгөх нь элбэг. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Эмийг зөвхөн эмчийн заавраар, эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэж занших нь хүн бүрийн зайлшгүй хэвшүүлэх дадал юм. Зөв эмийг зөв хүнд, зөв цагт, зөв тунгаар, зөв аргаар хэрэглэвэл эм болно. Эдгээрийн аль нэг нь л зөрчигдвөл хор болно. Үүнийг эмийн зохистой хэрэглээ гэж нэрлэдэг.

-Аспирин С ууж цусаа шингэл гэж зөвлөх юм. Энэ нь чухам ямар найрлагатай эм бэ?

-Аспиринийг 75-325 мг-аар хэрэглэхэд цус шингэлэх үйлдэл үзүүлдэг. Харин 500 мг-аар хэрэглэхэд халуун бууруулах, өвдөлт намдаах, үрэвсэл дарах үйлчилгээтэй. Иймд зүрх судасны практикт цус шингэрүүлэх зорилгоор бага тунгаар хэрэглэдэг. Зүрх судасны эрсдэлийн зэргийг тогтоодог үнэлгээний арга бий. Энэ аргыг хэрэглэн өвчтөний биеийн байдлыг үнэлсний үндсэн дээр зүрхний шигдээс,тархины цус хомсрох хэлбэрийн цус харвалт зэрэг хүнд эрсдэлээс сэргийлж аспиринийг зөвлөдөг.

-Цусаа шингэн байлгах өөр ямар арга байдаг вэ. Эмийн бус арга гэвэл?

-Цусаа шингэн байлгахын тулд юуны түрүүнд тамхи татахгүй байх, хөлс ялгаралт болон зүрх, элэг, бөөрний үйл ажиллагаандаа тохируулж шингэн зүйл хангалттай уух хэрэгтэй. Хүнсний хувьд жимс, ногоог их хэмжээгээр хэрэглэх шаардлагатай. Үүнд нимбэг гээд цитрусийн төрлийн жимс, улаан чинжүү, анар жимс, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, сонгино, сармис, загасны тос, хүрэн манжин, турмерик, навчит ногоонууд, хушга, улаан лооль, цагаан гаа зэрэг нь цус шингэлэх, судасны ханыг цэвэрлэж, цусны эргэлтийг сайжруулах нөлөө илүүтэй байдаг.

-“Ковид-19”-өөс үүдсэн зүрх судасны эмгэг бүрэн эдгэрэх үү?

-“Ковид-19” өвчинтэй холбоотой үүссэн зүрхний эмгэг нь цаг хугацаа алдалгүй оновчтой зөв эмчилгээ хийсэн тохиолдолд бүрэн эдгэх боломжтой. Харин зүрхний суурь эмгэг нь даамжирсан тохиолдолд асуудалтай. Даамжирлаас сэргийлэх болон хүндрэл бага учруулах боломж бол бий.

-Монголд коронавирусийн омикрон хувилбар бүртгэгдлээ. Омикрон нь дельта хувилбартай харьцуулахад хоруу чанар бага ч халдвар тархах магадлал өндөр гэжээ. Энэ талаар тодруулна уу?

-Японы Киотогийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар, омикрон нь дельта хувилбартай харьцуулахад халдвар тархах хурд нь 4.2 дахин илүү боловч хүндрэл багатай гэж үзсэн байна. Омикрон хувилбарын үед илрэх шинж тэмдэг нь “Ковид-19”-ийн сонгодог хувилбар болон дельта хувилбараас ялгаатай байгаа нь мутацид орсон вирусийн спайк уурагтай холбоотой. Тухайлбал, үнэрлэх мэдрэмж алдагдах нь бага, мөн уушги гэмтээж, хүчилтөрөгчийн дутагдалд оруулах нь бага юм. Эдгээр хувилбарыг хооронд нь ялгахын тулд бүрэн генетикийн шинжилгээ хийх агаад 4-5 хоног зарцуулж байна.

-Эцэст нь өнөөгийн цар тахалтай нөхцөлд хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хувь хүн, аж ахуйн нэгж, албан байгууллагууд Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамнаас гаргасан зөвлөмж уриалгыг л дагаж мөрдөх хэрэгтэй.


Сэтгэгдэл

Энхээ [202.9.40.215] 2022-01-19 01:31:20

Аль эмнэлэгийн эмч вэ. Зүрхний эмчид үзүүлэхээр зүгээр л гэх юм. Юу ч уугаад намдахгүй. Өвчин намдаах уухаар гайгүй болох юм. Ямар учиртай юм болдоо. Ийм хүмүүс зүгээр болхуу

MRS LISA [197.210.226.179] 2022-01-17 11:19:31

Хөөх, би Монголын хатагтай Лиза байна, миний бизнест 230,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн банктай танилцсандаа үнэхээр баяртай байна. Тэд хувьцаа эзэмшигчид нь мөн тэдэнтэй холбоо барьж, түншлэх сайн бизнес санаа хайж байна. SERVICES@ECTBANKS.COM ECTBAN.KS@OUTLOOK.COM HTTPS://ECTBANKS.COM/REG/

Зочин [202.126.89.100] 2022-01-17 02:47:38

Сайхан зөвөлгөө өгсөн эмчддэ баярлалаа

Зочин [66.181.161.1] 2022-01-16 21:02:36

Үнэн хэлжээ үнэхээр цус их өтгөрч байна үүнээсээ болоод даралт ихсэх зүрх өвдөх шалтгаан болоод байна болгоомжтой байхгүй бол аргагүй л тахал юм байна шүү хоолой өвдөөд эдгэлээ гэж бодсон залгаад зүрх өвдлөө амаргүй өвчин байна шүү урд нь даралт ихсэж үзээгүй 2р тун хийлгээд даралт ихслээ омикрондоод эдгэлээ гэсэн бас зүрх өвдөж үзлээ олон хууч өвчтэй хүмүүс их хүнд тусах болтой юм байна шүү

Зочин [202.126.88.52] 2022-01-18 17:42:01

Цус шингэлхэд яг ямар эм ууж бгаа вэ? Аспирин 100 бас муу ууж болохгүй л гэх юм. Зарим эмч нар зөвлөх юм. Учраа олохгүй байнаа

эмчлүүлэгч [139.5.217.92] 2022-01-16 16:12:12

Мундаг даруухан чадвартай сайн эмч. Баярлалаа эмчдээ аюулт өвчнөөс аварсан цагаан нөмрөгт эгэлгүй баатар шүү та. Тан"д ажлын өндөр амжилт, ам"дралын хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Зочин [202.126.90.117] 2022-01-16 13:23:46

Сайн эмч ээжийг маань эмчилж бсан даруухан сэтгэл сайтай ажилдаа мэргэшсэн ажилд нь амжилт хүсье

Зочин [43.242.243.156] 2022-01-16 11:42:35

Хүн муулахын өвчин туссан улс гэж монголчууд шүү.Зөвлөгөө өгсөн баярлалаа..Гэхдээ бил ер нь өвчин үхэл 2 ыг ярихгүй байвал яасын бэ.Өвчин эмгэг үхэл хагацалыг МОНГОЛЧУУД МУУ ЁР ГЭЭД.ЯРИХ ДУРГҮЙ БАЙСАН ШҮҮ ЭНЭ САЙХАН УЛАМЖЛАЛАА БОДООД ӨВЧИН ЭМГЭГ ҮХЭЛ ХАГАЦЛЫГ ЯРИХГҮЙ БАЙВАЛ ХОЛУУР ӨНГӨРӨХ БАЙХ ШҮҮ..МУУ ЮМНЫ.НЭРИЙГ БҮҮ ДУРС ГЭДЭГ ШҮҮ

Зочин [66.181.161.79] 2022-01-16 10:32:55

Mundg emc ajlyn amjilt xusy

Зочин [66.181.161.53] 2022-01-16 07:59:05

jmar gegeelgeer jriig bainaa bajrllaa emzee

Зочин [202.9.40.103] 2022-01-16 05:21:21

Сайхан ойлгомжтой зөвлөгөө өгсөнд баярлалаа. Болох юм их байна аа.

Чулуудай [202.126.89.182] 2022-01-16 05:13:19

Намайг эмчилсэн эмч их өндөр ур чадвартай хариуцлагатай жинхэнэ эмч хүндээ.даруухан сайн залуу ажлын амжилт хүсий

Сувдаа [202.126.89.182] 2022-01-16 04:51:23

Сайн эмч шүү.жинхэнэ эмч хүндээ.ажилд нь улаи их амжилт хүсий.баярлалаа.

Зочин [192.82.74.30] 2022-01-16 03:57:53

БАЯРЛАЛАА

Зочин [192.82.69.15] 2022-01-16 03:43:53

Зочин [202.9.47.43] 2022-01-16 03:28:37

Сармагчин шиг царайтай

Зочин [202.9.41.55] 2022-01-17 00:14:21

Өөрийнхөө үургаа тавьчих

Зочин [66.181.185.226] 2022-01-16 12:24:11

Чиний сармагчин ийм царайлаг уу? Битгий атаарх за.

Зочин [192.82.72.176] 2022-01-16 04:26:35

Mgl bish bhoo


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.