ТАРИАЛАНЧ Х.ДАВААХҮҮ: ТАВДУГААР САРДАА ДУЛААРАХГҮЙ БОЛ ҮР ТАРИА СОЁОЛОХГҮЙ, ГАРЦ МУУДАХ БАЙХ

Aдмин / Орон нутаг

-ТАВДУГААР САРЫН 10-НААС ТАРИАЛАЛТ ЖИГДЭРНЭ-


Энэ жилийн хаврын тариалалтын талаар болон цаг агаарын хувьд ямархуу шинж төлөвтэй байхыг тодрууллаа. Эхлээд тариалангийн бүс нутгуудын хур тунадасны талаар Монгол Улсын гавьяат агрономич, ХААИС-ийн доктор, профессор Б.Дорж гуайгаас тодруулсан юм.


-Энэ жил бүс нутгуудын хувьд тариалалт хийхэд ямар байх вэ. Тавдугаар сарын хувьд олон жилийн дунджаас сэрүүхэн гээд байгаа. Хаврын тариалалт цагтаа эхэлж чадах болов уу?

-Энэ жил ер нь жаахан эвгүй л байна. Зүүн аймгийн нутаг Дорнод талын бүс рүү, Хэнтий, Сүхбаатар, Халхын гол зэрэг газруудад олон жилийн дунджаас бага тунадастай байгаа. Энэ бол нэлээд ноцтой асуудал. Төвийн бүсэд арай гайгүй. Олон жилийн дунджийн орчим, зарим газраараа жаахан илүү ч тунадас унах төлөвтэй гарсан. Ер нь газар тариалангийн суулгацын ажлыг тавдугаар сардаа багтаагаад дуусгах хэрэгтэй гэдэг. Гэтэл ингэж хүйтэрч байгаа нь тариалалтыг гаргахгүй бариад байх нь. Хүйтэн хөрсөнд унасан үр соёолдоггүй. Тэгэхээр энэ жил жаахан явдалтай байна л даа.

-Нутгийн хойд хэсгээр ямар байх бол?

-Булган, Хөвсгөл рүү тунадас гайгүй унах төлөвтэй. Булган аймгийн тариалалтын компаниуд гайгүй гэж төлөвлөөд байгаа боловч бас л хүйтний асуудал хэцүү байна л даа. Тэнд бүр илүү хүйтэн байх төлөвтэй.

-Баруун бүс рүү ямар байх вэ?

-Баруун бүсэд ноднин ч олигтой байгаагүй. Хамгийн их тариалалт нь 20 гаруй мянган га талбайтай Увсын Баруунтуруун юм. Тэнд угтвар ч хийгдэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, одоо хөрсөнд байх чийгийг бид угтвар чийг гэдэг. Тэр нь үрийн соёололт хийгддэг ач холбогдолтой. Гэтэл тэр нь баруун бүсэд хүрэлцээ муутай. Ерөнхийдөө зургадугаар сарын тунадас Хөвсгөлдөө арай гайгүй. Баруунтуруунд олигтой юм байхгүй төлөвтэй. Энэ нь сэтгэл зовоосон асуудал болоод байна.


Агрономич Б.Дорж гуай ийнхүү урьдчилсан төлөвт сэтгэл зовж буйгаа илэрхийлсэн юм. Ингээд энэ жилийн тариалалтын ажил эхэлсэн эсэх, ямар нөхцөл байдалтай байгааг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс тодрууллаа.


-Энэ жилийн тариалалт хэзээ эхлэх вэ?

-Ерөнхийдөө ганц нэг газруудад тариалалт эхэлчихсэн. Яг жигдэрч эхлээгүй л байна. Эрт тариалдаг Хэнтий аймагт одоогоор эхлээд явж байгаа. Тавдугаар сарын аравд гаргаад ерөнхийдөө тариалалт жигдэрч эхэлнэ. Технологийн хугацаа нь тэр.

-Хичнээн га талбайд тариа буудай тарих уу. Төмс хүнсний ногоогоо яаж тариалах вэ?

-Энэ жил 390 мянга гаруй га-д үр тариа тарина. Төмс 20 мянга орчим га-д, хүнсний ногоо 12 мянган га-д тариална. Тэжээл 70 мянга орчим, тосны ургамал 60 мянга орчим га-д тариалахаар төлөвлөсөн.

-Тавдугаар сарын цаг агаарын байдалд тариаланчид их санаа зовж байх шиг байна. Хугацаандаа эхлэх боломжтой юу?

-Хугацаандаа тариалалтаа эхэлнэ. Цаг агаар олон жилийн дунджаас жаахан сэрүүхэн байх магадлалтай байгаа. Гэхдээ тавдугаар сараас гайгүй болох байх. Технологийн хугацаа нь арай болоогүй. Температур шөнөдөө 10 градус орчим хүрсэн тохиолдолд илүү эрчимжээд явдаг.

-Түлш шатахуунтай холбоотой асуудал бий юу. Хүрэлцээ хэр байгаа вэ?

-Мэргэжлийн байгууллагууд нь гайгүй л гэж үзээд байгаа. Шатахуун импортлогч компаниуд хангалттай байгаа гэсэн.

Хүнс хөдөө аж ахуйн яамнаас албан мэдээллийг ийнхүү авлаа. Тариаланчдын нөхцөл байдал ямар байгаа талаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр Баруунхараад тариалалт эрхэлдэг “Түмэнботь” компанийн захирал Х.Даваахүүтэй ярилцлаа.

-Танай нутгаар хаврын тариалалт ямархуу нөхцөл байдалтай байна вэ?

-Одоогоор эхлээгүй байна. Тавдугаар сарын 5-6-ны өдрүүдээс эхэлнэ дээ. Цаг агаар одоохондоо хувьсгануур, таатай биш, хөрсний температур 10 градус хүрэх яагаа ч үгүй байна. Өчигдөр (уржигдар) л жаахан нар гарлаа. Бусад үед сэрүүвтэрхэн л байна. Гэхдээ ажлаа 5-6-наас эхлүүлнэ ээ.

-Танай компани энэ жил хичнээн га-д тариалалт хийх вэ. Энэ жил сэрүүхэн байх төлөвтэйг цаг уурчид анхааруулж байна. Та бүхэн яаж төлөвлөж байна вэ?

-Зуны улиралдаа гайгүй болчихно байх аа. Тавдугаар сард л хувьсгануур сэрүүхэн байх шинжтэй. Тэгэхээр соёо жаахан оройтож л гарах байх гэж бодож байна.

-Техник технологийн хувьд ямар байгаа вэ. Түлш шатахууны олдоц хэр байна вэ?

-Хөдөө аж ахуйг дэмжих сангаас дэмжлэг өгдөг байснаа больсон. Хуучин жаахан юм өгдөг байсан юм. Энэ жил гэрээ хийх газар олдоогүй гээд өгөөгүй юм гэнэ лээ. Тийм учраас өөрсдөө шатахуунаа авч байгаа. Шатахууны бөөний үнэ 1 тн нь 3.180.000 төгрөг байна лээ. Хүн болгон л өөрсдийнхөө нөөц бололцооны хэмжээгээр шатахуунаа авч нөөцөлж байх шиг харагдана лээ. Түүнээс шатахуун дутсан, гацсан асуудал алга шиг байна. Тариаланчдад зориулж улсаас бага хүүтэй зээл өгч байгаа шүү дээ. Би Сангийн зээл аваагүй. Улсууд нэлээд зээл авч байх шиг байна. Баруунхараагаар миний таньдаг мэддэг хүмүүс ажил үйлдвэрлэлээ явуулах л юм ярьж байгаа болохоос тэр нь дутуу, энэ нь хүрэлцээгүй гэж ярих нь харьцангуй гайгүй л байна. Цаг уурын хувьд байгалийн үзэгдлийг яаж ч чадахгүй шүү дээ. Тавдугаар сардаа дулаарахгүй хүйтэн байгаад байвал үр тариа соёолохгүй гарц жаахан муу л болох байх даа. Яадаг шуу юм байгаа юм дээ.

-Тэгэхээр тавдугаар сард сэрүүхэн байвал намар ургац муу авна гэсэн үг үү?

-Ургацын хувьд таатай зүйл биш. Муу л юм болох байх. Тавдугаар сардаа дандаа хүйтэн байгаад байвал сайн зүйл ч болохгүй л дээ. Гэхдээ түүнийг урьдчилж хэлэх аргагүй. Дулаан өдрийн тоо нь сэрүүнээсээ олон байвал тэгээд болох л байх. Тэгэхгүй бол хөрсөнд 10 градусын дулаан буюу түүнээс дулаан байж л ургац соёолох нөхцөл бүрдэнэ шүү дээ. Дөрөвдүгээр сард ерөнхийдөө сэрүүхэн байлаа. Өдийд уг нь хөрс сайхан халчихсан байдаг. Цаашдаа гайгүй дулаарах байлгүй дээ.

-Өөр тулгамдсан асуудлууд байгаа юу?

-Одоохондоо харьцангуй гайгүй байна гэж би ойлгоод байгаа. Аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга биш учраас бүгдийг нь сайн мэдэхгүй юм. Өөрийн хэмжээнд уулзаж, ярьж байгаа Номгон, Хушаатын таньдаг хүмүүс маань үндсэндээ 10-наас, 5-наас эхэлнэ л гэж ярьж байна лээ. Шатахуун түлшний хувьд хүрэлцээтэй байх шиг ажиглагдсан. Бага хүүтэй зээлийг овоо өгч байгаа учраас мөнгө нь байвал шатахуун нь байна гэсэн үг. Бусдаар дутуу зүйл алга.

-Цаг агаар л сайхан байвал тариаланчдад бусад зүйл асуудалгүй л байгаа юм байна. Тийм үү?

-Тариаланчдын хувьд мөнхийн хоёр л сэдэв байдаг. Нэгдүгээрт, хөрсний үржил шим жилээс жилд муудаж байгаа. Жил бүр бордоо хийх ёстой. Гэтэл 1 тн бордоо 2.8 сая төгрөг. 1 га-д доод тал нь 50-60 кг-ыг хийхгүй бол болдоггүй. Тэгэхээр 100 га-д ядахдаа 6 тн бордоо авна. 6 тн бордоо 18 сая орчим төгрөг болно. 100-хан га-д шүү дээ. Тиймээс нөгөө тариаланчид нь бордоогоо авч хүчирдэггүй. Түүнийгээ жил болгон хийх ёстой. Жил бүр хийдэг учраас их зовлонтой. Бид чинь төрийн газрыг эзэмшиж байгаа шүү дээ. Жил болгон бордоогоо хийж чадахгүй учраас хөрсний үржил шим жилээс жилд муудаж байгаа. Газар, шороо, хөрс төрийн өмч учраас төр үүнд их бага хэмжээгээр анхаарах ёстой. Жил болгон урамшуулал гэж өгч байхаар бордоо юм уу, эсвэл бордооны үнийг хөнгөлдөг юм уу нэг шийдтэй юм хиймээр байна. Тэгэхгүй бол намайг анх тариаланч болж байх 1970-аад оны сүүлчээр хөрсний шим тэжээлт өнгөн хэсэгт 28 см байсан. Одоо үндсэндээ 12 см буюу түүнээс бага болж байна. Агрономын хуулиар “Хөрснөөс чи юу авна тэр хэмжээгээр эргүүлж өг” гэдэг. Бид хөрснөөс авсан хэмжээгээрээ эргүүлж бордох ёстой. Гэтэл тэгж чадахгүй, хөрсний шим тэжээл улам л муудаж байна. Сүүлийн 30 жил хөрсөндөө бордоо олигтой хийсэнгүй. Буудайныхаа өөрийн өртөгтэй бараг тэнцэхүйц хэмжээний үнээр бордоо авдаг учраас тариаланчид бордоогоо авч чадахгүйд хүрсэн. Тариаланчид яаж байна гэхээр ургамалдаа ургах нөхцөлийг бүрдүүлдэг шингэн бордоо хийж байна. Тэр нь хямдхан. Тэр бол хөрсөндөө ач холбогдол багатай. Хоёрдугаарт, бидний шийдэх боломжтой асуудал. Мал тарианы зовлон гэж айхавтар юм бий. Нөгөө тариан талбай руу чинь мал ороод, тарьсан тариа таримлыг идэж устгахаас гадна хөрсний үржил шимийг улам муутгадаг. Мал дээр нь яваад байхаар хөрс сийрэг болдог. Тэгэхээр ус салхи зэрэг байгалийн элэгдэл төдий чинээгээр их ордог. Дээр нь “Тэг технологи” гэж бий. Бид хэрэглэдэг. Тэр нь яадаг гэхээр сүрлэн хучлага талбай дээрээ үүсгэх ёстой. Ажиллах бололцоо нь доогуураа явж байдаг химийн аргаар хийдэг технологи. Хөрс нь дагтаршиж 5-7 см үүсэхгүй учраас салхины элэгдэл маш их ордог. Гэтэл нөгөө сүрлийг нь мал өвөлдөө идчихээд байна. Энэ бол мөнхийн сэдэв. Үүнийг уг нь шийдэх боломжтой. Дээхнэ үед Засгийн газрын тогтоол гаргаад Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг гэж тогтоол гарсан мөртлөө тогтоол гараагүй аймагтайгаа малын тоо нь тэнцүү. 1980-аад онд намайг аймгийн Мал аж ахуйн газрын дарга байхад 400 мянга гаруй толгой малтай байсан. Одоо 1.6 сая гаруй толгой малтай. Малын тоо нь дөрөв дахин өсчихсөн. Тариа тарьдаг талбай нь хэвээрээ. Тэгэхээр мал тариа хоёр багталцахгүй. Тийм учраас сүрлэн хучлага үүсгэх нөхцөл бололцоог нь бүрдүүлэхгүй байна. Дээр нь ургасан тариаг нь намар мал нь их иддэг. Үүнийг тариаланчид байнга хэлдэг. Төр засаг түүн рүү л гол анхаарлаа хандуулмаар байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.9.47.14] 2023-05-03 15:34:42

ТӨР ДҮЛИЙ ТӨРИЙН ТОЛГОЙ ДҮНКҮҮ БАЙНА


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.