Б.Загдсамбар: Хэвтээ босоо тэнхлэгийн дагуу 204 га газрыг хамарсан талбайд хашаа хайсны зөрчил арилгах ажил хийгдэж байна

Aдмин / Нүүр

НГЗБА-ны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбартай 2023 онд НГЗБА-наас хашаа хайсны зөрчил арилгах ажлын явц хэрхэн хэрэгжиж байгааг тодрууллаа.

-Хашаа хайсны зөрчил арилгах ажлын хэрэгжилт хэр байна вэ?

-Нийслэлийн засаг даргын 2023 оны А/394 дүгээр захирамжийн дагуу энэ онд нийтдээ 204 га талбайд хашаа хайсны зөрчил арилгах ажил эхэлсэн. Одоогоор ажлын гүйцэтгэл 86 хувьтай үргэлжилж байна. Тухайлбал "Хашаа арга хэмжээ-2023" ажлын хүрээнд хэвтээ тэнхлэгт Таван шарын автобусны буудлаас Офицерийн тойрог хүртэл 130 га, босоо тэнхлэгт Дөлгөөннуур худалдааны төвийн уулзвараас Яармагийн гүүр хүртэл 74 га талбайд. Мөн төв замаас 2 тийш 50 метрийн зайд газар чөлөөлөх ажлыг хийж хэрэгжүүллээ. "Хашаа арга хэмжээ-2023" ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт 265 байршилд 23765 метр хашаа буулгаж, 64 байршилд 18944 метр хашаанд стандартын шаардлагыг тавьж мөрдүүлээд байна.

-Уг ажлын хүрээнд хэдэн хашааг стандартын дагуу барьж, зөрчлийг арилгасан бэ?

-Төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 111 байршлын 8771 метр хашааг буулгаж, 64 байршилд 8944 метр хашааг UCS 1410B:2022 стандартын дагуу барьж, зөрчлийг арилгаад байна. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд илүү талбайн зөрчилтэй, зөвшөөрөлгүй хашаа барьсан, явган зорчигчийн зам хаасан, гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайг хааж хашаа барьсан, зуслангийн бүсийн орц, гарц нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2023 оны А/858 дугаар захирамж гарсан. Тодруулбал, Энэхүү захирамжийн хүрээнд Баянгол дүүрэгт 25 байршлын 440 метр, Баянзүрх дүүрэгт 76 байршлын 10946 метр, Сонгинохайрхан дүүрэгт 12 байршлын 500 метр, Сүхбаатар дүүрэгт 14 байршлын 797 метр, Хан-Уул дүүрэгт 10 байршлын 1801 метр, Чингэлтэй дүүрэгт 17 байршлын 510 метр хашааг буулгаж газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж дуусаад байна.

-Энэ ажлыг зохион байгуулахад иргэдийн оролцоо хэр байна вэ?

-Иргэдийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ жилийн хувьд хашаа хайсны зөрчлийн судалгаанд иргэдээс ирүүлсэн санал давамгайлсан. Өмнө нь НГЗБА-ны мэргэжилтэнүүд явж газрын зөрчилтэй танилцан, зөрчлийг ангилан, ирэх жилийн төлөвлөгөөнд суулган хэрэгжүүлдэг байсан бол одоо иргэдийн саналыг бүх чиглэлээр авч тусгаж байна. Хотын шуурхай, Засгийн газрын 111-т ирсэн саналууд, мөн НГЗБА-ны вэб болон пейж хуудаст ирж байгаа саналуудыг дүүрэг дүүргээр нь зөрчил бүрээр ангилан нэгтгэж, хуулийн хүрээнд шалгаж үзээд зөрчил арилгах арга хэмжээнд тусгаад явж байна. Үр дүнтэй байна. Гэхдээ зөрчил бүхэн нийслэлийн төсвөөр хийгддэг учраас төсөвтэй баригдаад жил бүрийн төлөвлөгөөгөө батлуулаад хэрэгжүүлж байна.

-Хуулиар хашаа хайстай байхыг зөвшөөрсөн байгууллагын талаар танилцуулахгүй юу?

-16 төрлийн байгууллага хашаа хайстай байхыг хуулиар зөвшөөрдөг. Бусад тохиолдолд хуулийн дагуу газраа эзэмшиж, ашиглах үүрэгтэй. Тодруулбал,

  1. Улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтын байгууллагууд, тусгай объект;
  2. Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар;
  3. Цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд;
  4. Ерөнхий боловсролын сургууль, ерөнхий боловсролын тусгай сургууль;
  5. II, III шатлалын эмнэлэг;
  6. Инженерийн дэд бүтцийн барилга байгууламж;
  7. Цэнгэлдэх болон цэцэрлэгт хүрээлэн, амьтны хүрээлэн;
  8. Гадна авто цогцолбор болон техникийн зах, ил худалдааны зах /хэрэглээний болон үйлдвэрлэлийн зориулалттай барааг зөвшөөрөгдсөн задгай талбайд бөөний болон жижиглэнгээр худалдаалах үйл ажиллагааг/;
  9. Бүх төрлийн эрүүл ахуйн болон аюулгүйн шаардлагыг хангуулах зориулалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурвас;
  10. Цацраг идэвхт болон химийн хорт бодис, тэсэрч дэлбэрэх бодис үйлдвэрлэх, ашиглах, агуулах зориулалтын барилга байгууламж;
  11. Энгийн болон аюултай хог хаягдлын цэгийн барилга байгууламж;
  12. Үйлдвэрлэл, агуулахын зориулалтын эдэлбэр газар, цогцолбор барилга, байгууламж;
  13. Түүх, соёлын өв, дурсгалт газар, хийд, тэдгээрийн барилга байгууламж;
  14. Амралт, сувилал, хүүхдийн зуслангийн зориулалттай барилга, байгууламж;
  15. Амины орон сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж, эзэмшиж байгаа эдэлбэр газар;
  16. Төрөл бүрийн зориулалтын спортын талбай гэсэн 16 байгууллага багтана.

​​​​​​​Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.