"Оюу толгойн гэрээний хүрээнд долоон жил тутамд зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцэх боломж бүрдсэн"

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо хуралдав.

Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67, 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонслоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон "Рио Тинто" группийн эрх бүхий ажлын хэсгийн хоорондын хэлэлцээ албан ёсоор эхэлснийг хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал тэмдэглэв.

Тэрбээр Оюу толгойн ордыг ашиглах хувь нийлүүлэгчийн гэрээний хүрээнд долоон жил тутамд зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцэх боломж бүрдсэн энэ цаг хугацааг ашиглаж, хэлэлцээгээ эхлүүлээч гэдэг шаардлагыг өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд тавьж, анхаарал хандуулан ажилласан болохыг онцлов.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн холбогдох мэдээллийг хуралдаанд танилцууллаа.

"Оюу толгой" төслийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67, 68, 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд нэгдсэн төлөвлөгөө баталж, уялдаа холбоотой, нэгдсэн зохион байгуулалттайгаар хамтран ажиллаж байгаа гэв.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанд баримтлах удирдамжийг баталсан бөгөөд энэ дагуу 2025 оны 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон “Рио Тинто” групп хооронд албан ёсоор хэлэлцээг эхлүүлсэн байна.

Мөн талууд тодорхой асуудлуудаар зөвшилцөлд хүрч, протоколд гарын үсэг зурсан болохыг танилцууллаа. Тодруулбал, "Оюу толгой" төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх хэлэлцээг албан ёсоор эхлүүлсэнд тооцож, талууд 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор шийдвэрлэхийг эрмэлзэхээр тохирчээ. Хэрэв дурдсан хугацааны дотор талууд зөвшилцөлд хүрэхгүй бол хэлэлцээ хийх хугацааг сунгах аж.

Олон улсын зах зээлийн стандартын дагуу хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувийг тогтоох бөгөөд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүтэй холбоотойгоор талуудын харилцан зөвшилцсөн бусад нөхцөлийг хэлэлцэн, шийдлийг авч үзэхээр тохирсон байна.

Түүнчлэн менежментийн үйлчилгээний төлбөрийг талууд олон улсын жишигт нийцсэн, талуудын хувьд шударга, хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг олохоор ажиллахаар; хэлэлцээний явцад эрх бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй байхыг эрмэлзэхээр; протоколд туссан асуудлаар хэлэлцээ хийж шийдвэрлэх бүрэн эрхтэй байхаар протоколд тусгагджээ.

Монголын тал Засгийн газраас баталсан удирдамжийн дагуу хэлэлцээрт орж, нэн тэргүүнд "Оюу толгой" төслийн хувь нийлүүлсэн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр нөгөө талтай тохирсон байна.

Мөн Оюу толгой төслийн хувь нийлүүлсэн зээлийн хүүг бууруулах асуудлаар хэлэлцээрийг үргэлжлүүлж талууд 11 дүгээр сард багтан хоёр талаас тавьж буй нөхцөлүүдийн талаарх шаардлагатай мэдээлэл, саналуудыг нягтлан үзэж шийдвэрлэхээр тохирчээ.

"Оюу толгой" төслийн менежментийн үйлчилгээний төлбөрийг бодитой бууруулах, засаглалын чанарыг сайжруулах чиглэлээр Монгол Улсын тавьсан саналыг “Рио Тинто” групп эхний удаа хүлээж аваагүй бөгөөд дахин энэ чиглэлээр судлах яриа хэлцлийг хийсэн байна. Улмаар “Рио Тинто” группийн зүгээс дээрх хүрээнд дахин хэлэлцээрт орох мэдэгдлээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад ирүүлсэн байна.

Түүнчлэн Монголын талаас “Онтрэ” ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөлтэй холбоотой байр сууриа тодорхой илэрхийлсэн бөгөөд “Онтрэ” ХХК-ийн удирдлагад хэлэлцээ хийх урилгыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд хүргүүлээд байгаа юм байна.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Зулпхар, О.Батнайрамдал, Б.Жаргалан, Э.Болормаа нар асуулт асууж, үг хэлэв.

Долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэх тохиролцооны талаарх гишүүдийн асуултад ажлын хэсгээс хариулахдаа “Монгол Улсын талаас Өрийн удирдлагын хуультай холбоотойгоор энэ удаагийн хэлэлцээрийг тодорхой үр дүн гартал буюу хоёр тал ойлголцтолоо 2026 оны 01 дүгээр сарын 31 хүртэл үр дүнд хүрэхийг эрмэлзэнэ, тухайн хугацаанд үр дүнд хүрээгүй тохиолдолд хугацаа хамаарахгүйгээр энэ хэлэлцээрээ үргэлжлүүлж үр дүн гаргахаар тохиролцсон гэсэн үг.

Хэлэлцээрийн хэлэлцэх асуудал дотор долоон жил тутам зээлийн хүүг хэлэлцэх талаарх асуудлыг өөрчлөх санал тусгагдсан байгаа” гэсэн. Монгол Улсыг төлөөлөн ажиллаж буй нэгдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Б.Жавхлан сайдаар ахлуулсан зээлийн хүүг бууруулах асуудалд төвлөрч ажиллах нэг хэсэг, менежментийн төлбөр болоод засаглалыг сайжруулах асуудлыг Г.Дамдинням сайдаар ахлуулсан хэсэг хариуцан ажиллаж байгаа юм байна.

Хэлэлцээнд Засгийн газраас баталсан удирдамжийг дагуу оролцож байгаа гэдгийг тодотгож байв. Оюу толгой төсөлд хяналт тавих зорилгоор Монголын талд өгсөн мөнгө, аудитын шалгалтын талаар гишүүд тодруулж, хариулт авсан.

“Оюу толгой” төслийн ТУЗ-ийн 274 дүгээр тогтоолоор 2021 оноос эхлээд “Эрдэнэс Оюутолгой” ХХК далд уурхайн бүтээн байгуулалтад хяналт тавихаар жилд 5 сая буюу 4 жилийн хугацаанд 20 сая ам.долларын санхүүжилт төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 18.2 сая ам.долларыг бүрэн авсан аж.


Сэтгэгдэл

Зочин [188.162.241.148] 2025-11-05 09:44:36

олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан оюунэрдэнэ гээчийн даргаас асуусан юм уу даа ????? бас ашиггуй бол толгойгоо тасдаж огно гэсэн с.баяраас асуусан уу?????


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.