АНУ, Украин, Европын төлөөлөгчид Орос-Украины мөргөлдөөнийг зогсоох арга замуудын талаар хэлэлцэв
АНУ, Украин болон Европын хэд хэдэн улсын төлөөлөгчид ням гарагт Швейцарийн Женев хотод уулзаж, Орос-Украины мөргөлдөөнийг зогсоох арга замуудын талаар хэлэлцжээ.
Хэвлэл мэдээллийн мэдээллээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон АНУ-ын Ойрхи Дорнодын тусгай төлөөлөгч Стив Уиткофф нар уулзалтад оролцсон байна. Украины төлөөлөгчдийг Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрий Ермак ахалжээ.
Мөн уг уулзалтад Франц, Герман, Их Британийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд, түүнчлэн Европын Холбооны төлөөлөгчид оролцсон байна.
Ермак ням гарагт X нийгмийн сүлжээнд бичихдээ, Украины төлөөлөгчид Женевт ажиллаж эхэлсэн талаар мэдэгджээ.
Тэрбээр “Манай баг Их Британи, Франц, Герман улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдтэй анхны уулзалтаа хийсэн бөгөөд дараа нь АНУ-ын төлөөлөгчидтэй уулзана” гэж хэлээд, тэд “Маш бүтээлч уур амьсгалтай байна” хэмээн нэмж өгүүлсэн байна.
Ермак хэлэхдээ, Украины төлөө тогтвортой, шударга энх тайвныг бий болгохын тулд талууд хамтран ажиллаж буйтай холбоотойгоор хэд хэдэн форматтай олон уулзалтууд тухайн өдөр хийхээр төлөвлөсөн гэжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мөн ням гарагт X нийгмийн сүлжээнд бичихдээ, уг хэлэлцээ бүтээлч уур амьсгалд өрнөж, эерэг үр дүнд хүрнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: XINHUA
Б.ЖАРГАЛ

































































Сэтгэгдэл