Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ

Aдмин / Улстөр

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 21-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр даргаллаа.

Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд амарна

Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сарын битүүн мягмар гарагт тохиож байгаатай холбогдуулан 2026 оны хоёрдугаар сарын 17-ны ажлын өдрийг 2026 оны хоёрдугаар сарын 28-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүллээ.

Ажилтны ажил, амралтын цагийг энэ тогтоолд заасны дагуу зохицуулах арга хэмжээ авахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад зөвлөлөө.

“E-Mongolia” цахим системээр явуулсан Цагаан сарын битүүнийг амралтын өдөрт шилжүүлэх санал асуулгад 17510 иргэн оролцсоноос 13336 нь битүүнийг амралтын өдөр байх нь зүйтэй гэж санал өгчээ.

Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ

Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, горим ажиллагааны талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

2026 оны нэгдүгээр сарын 20-ны 06.20 цагт “ДЦС-4”-ийн наймдугаар зуухны халах гадаргууд гэмтэл гарч зогссоны улмаас цахилгааны 161 МВт хэрэглээг хязгаарласан. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын зуух руу орж байгаа нүүрс 2026 оны нэгдүгээр сарын 20-ны 18 цагт хөлдөж бөглөрснөөс ачаалал 120 МВт-аар буурч, хязгаарлалтын хэмжээ нэмэгдсэн.

Ингээд 371174 айл өрх, 46691 аж ахуйн нэгж, нийт 417865 хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний түр хязгаарлалт хийжээ.

Зуухны гэмтлийг шуурхай засварлах ажлыг өчигдөр эхлүүлсэн, өнөөдөртөө багтаж хэвийн горимд оруулна гэж Эрчим хүчний сайд мэдэгдлээ.

2025-2026 оны Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1800 МВт хүрэх тооцоолол гарсан, 2026 оны нэгдүгээр 19-нд 1803 МВт хүрчээ.

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн эх үүсвэрүүд нийт 2019 Гкал/цагийн ачаалалтай ажиллахаар төлөвлөсөн, 2026 оны нэгдүгээр 20-ны байдлаар 2055 Гкал/цагийн ачаалал авч ажиллаж байна. Гадна агаарын хэм өмнөх жилийн хамгийн хүйтэн өдрийн дундаж хэмээс -6°С хэмээр илүү байна.

Дулааны цахилгаан станцууд 2026 оны нэгдүгээр сарын 20-ны байдлаар нүүрс нөөцлөлт дунджаар 10 хоног буюу 408 мянган тонн, мазутын нөөц 3,023 тонн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.