Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна

Aдмин / Хууль

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан 2026 оны 06 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болсон "Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн сайд нарын 21 дэх удаагийн уулзалт"-д оролцон, допингийн хяналтын асуудалд ихээхэн анхаарал хандуулан ажилласан юм. Тэрээр хурлын үеэр Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн Ерөнхийлөгч Витолд Банкатай уулзан, Монгол Улс тус байгууллагад 2002 онд элсэн орсноос хойш “Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-ын хэрэгжилтийг хангаж, 2027 оноос хэрэгжиж эхлэх шинэ дүрмийг “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд тусгах чиглэлээр ажиллаж байгаагаа онцлон тэмдэглэв.

Бээжинд болсон уулзалтын үр дүнд 2026 оны 06 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Нийцэл, дүрэм, стандартын нэгжийн захирал Эмилиано Симонелли, тус байгууллагын Ази, Номхон далайн бүсийн Ерөнхий менежер Саравана Пэрумал нар Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.


Айлчлалын хүрээнд 2026 оны 06 дугаар сарын 18-нд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Жаргалсайхан дээрх төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан ба яамны холбогдох албан тушаалтнууд болон Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдлагууд байлцав. Талууд “Биеийн тамир, спортын тухай хууль”, “Үндэсний баяр наадмын тухай хууль”, “Допингийн эсрэг үндэсний дүрэм” зэрэг баримт бичгийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх “Дэлхийн допингийн эсрэг дүрэм”-д нийцүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар санал солилцлоо.


“Биеийн тамир, спортын тухай хууль”-д допингийн асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсгийг тусгайлан байгуулах, олон улсын экспертүүдээс гаргасан санал, зөвлөмжийг хүлээн авах, төслийг хэлэлцүүлэх явцад холбогдох мэргэжлийн байгууллагын оролцоог хангах талаар харилцан тохиролцов.

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн төлөөлөгчид Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааг хараат бус, үр дүнтэй явуулахад Монгол Улсын Засгийн газраас хууль эрх зүй болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүслээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.