Хөвсгөл далайд живсэн биологич залуу бусдын дарамтад орсон уу!
“Машинаа гараждаа тавьчихаад ороод ирье” хэмээн нийслэлд гэрээсээ гарсан 27-хон настай залуу сураггүй алга болж, зургаан хоногийн дараа Хөвсгөл далайн усанд живж амиа алдсан байдалтай олдсон талаарх харамсалтай мэдээллийг манай сайт өчигдөр хүргэсэн билээ. Хамгийн хачирхалтай нь талийгаач Улаанбаатараас алга болсон ч Хөвсгөл далайгаас олдсон нь гадны ямар нэгэн нөлөөтэйгээр амиа алдсан байж болох хардлагыг төрүүлж байгаа юм.
Түүний “Toyota Prado-120” автомашиныг алга болсноос нь зургаан хоногийн дараа буюу энэ сарын 11-ны 13:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харъяа, Хатгал тосгон /тосгоноос зүүн хойд зүгт 35 км/ Хүслийн хадны зүүн талд Хөвсгөл нуурын эрэг дээр эзэнгүй байхад нь цагдаагийн ахлагч олсон байдаг. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч тэр даруйд эрэн хайх ажиллагааг эхлүүлж, маргааш нь Хөвсгөл нуурын гүнээс 27 настай Т.Лхагвасүмбэрэлийн цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
“АМЬДРАЛД ХӨЛӨӨ ОЛОХ ГЭЖ ЯВСАН НАЙЗ МИНЬ, ЯАВ ДАА”
Бидний олсон мэдээллээр талийгаач Т.Лхагвасүмбэрэл 1988 онд төрсөн, 27-хон настай. Ирвэс хамгаалах сангийн биологч мэргэжилтэй нэгэн байжээ. Тэрбээр Архангай аймгийн Их Тамир сумын нутагт Төмөрсүхийн ууган хүү болон мэндэлсэн бөгөөд 1996 онд Хөвсгөл аймгийн Хатгал сумын бага сургуульд элсэн 2006 онд арван жилийн сургуулиа дүүргэсэн байна. Монгол Улсын Их Сургуулийн Биологийн ангид элсэн орж, 2010 онд сургуулиа дүүргэн Ирвэс хамгаалах санд ажилд оржээ.
Тэрээр ажиллах хугацаандаа Өмнөговь аймгийн Тост. Тосонбумбын нурууны цоохор ирвэсний урт хугацааны судалгааны төвийн менежерийн ажлыг гарамгай сайн гүйцэтгэж байжээ. Түүнчлэн нутгийн иргэдийн дунд байгаль орчны боловсрол олгох, нутаг усаа хамгаалахын ач тусыг сурталчлан, ирвэс хүн хоорондын зөрчлийг зөөлрүүлэх зорилготой амьтнаас малаа хамгаалах хашаа хорооны ажлыг эхлүүлэн ажиллаж байсан аж. /Түүнийг зарим уншигчид "Хүрээлэн" нэвтрүүлгийн цувралаас үзэж байсан/
Түүнтэй хамт их сургуульд дөрвөн жил суралцсан нэгэн найзтай нь бид холбогдож зарим зүйлийг тодрууллаа. Тэд фэйсбүүк, твиттерээр холбоотой байдаг байснаас биш биечлэн уулзалгүй жил гаруй болжээ. Тэрбээр “Талийгаач оюутан байхдаа цовоо сэргэлэн, хөгжилтэй, миний мэдэхийн их сайн хүүхэд байсан. Манай ангийнхан энэ мэдээллийг сонсоод үнэхээр их цочирдлоо. Эхнэр, хүүхэдгүй, дөнгөж л амьдралын замд хөлөө олох гээд зүтгэж явсан найз минь шүү дээ. Яав даа. Бидний мэдэхээр талийгаач амиа хорлочихоор хүн биш. Ямар нэгэн гадны нөлөөллөөс болсон гэж үзэж байна. Аав ээж, хоёр дүүтэй гэдгийг нь мэдэх юм. Ах, эгч байдаг эсэхийг сайн мэдэхгүй. Гэрийнхэн нь Хөвсгөл аймагт амьдардаг. Манай ангийнхан эмгэнэл илэрхийлж утсаар ярьсан. Бидэнтэй утсаар ярих ч тэнхэлгүй байгаа бололтой, их хямарсан байх шиг байсан” гэсэн юм.
Зураг: Ирвэс хамгаалах сангийн байр
-БУСДЫН ДАРАМТ, ШАХАЛТЫН УЛМААС АМИА АЛДСАН ХЭМЭЭЖЭЭ-
Энэ харамсалтай хэрэг гарсантай холбогдуулан талийгаачийн ажиллаж байсан Ирвэс хамгаалах сангаас гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлжээ. Тус эмгэнэлд “Т.Лхагвасүмбэрэл нь 2015 оны 11 сарын 6-наас 9-ний хооронд 27-хон насандаа харамсалтайгаар бусдын дарамт шахалтын улмаас амь насаа алдсанд түүний гэр бүл. төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна...
...Т.Лхагвасүмбэрэл нь цоохор ирвэсийн үндсэн идэш болох янгирын судалгааг Монголд анх удаа хос ажиглагчийн аргаар амжилттай эхлүүлж, олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд судалгааны бүтээлүүдээ хэвлүүлж байсан манай тэргүүний сэхээтэн залуу юм. Тэрээр олон улсын судлаачидтай мөр зэрэгцэн ажиллаж, Монгол орны биологийн шинжлэх ухаанд чухал хувь нэмрээ оруулж байсан залуу судлаач байлаа.
Тэрээр 2004 онд Хөвсгөл аймагт зохиогдсон биологийн олимпиадад 1 дүгээр байр, 2009 онд зохиогдсон зэрлэг амьтдын зургийн уралдаанд гуравдугаар байр, 2013 онд байгууллагын аварга, 2014 онд өөрийн санаачилсан төслөөрөө Олон улсын байгууллагаас тэтгэлэг аван шалгарч байсан чадварлаг боловсон хүчин төдийгүй хамт олондоо үлгэр дууриал болсон манлайлагч байсан юм.
Т.Лхагвасүмбэрэл нь Монгол улсын байгаль орчны салбарт цахиур хагалах хөдөлмөрч, шаргуу, авьяаслаг залуу байсан юм. Талийгаачийн сэргэлэн цовоо, ажилч хичээнгүй, нутгийнхны хайр хүндэтгэлийг хүлээсэн чанар, бүтээсэн бүтээл, эх орноо гэсэн халуун сэтгэл, хүнлэг энэрэнгүй. Ажилч, хөдөлмөрч, төлөв даруу зан чанар нь монгол хүн бүрийн, журмын нөхөд бидний сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно” хэмээсэн байв.
-ХӨВСГӨЛ АЙМАГ БОЛОН СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС ХАМТРАН ШАЛГАЖ БАЙНА-
Дээрх эмгэнэлд талийгаачийн амиа алдсан шалтгааныг бусдын дарамт шахалтын улмаас хэмээн бичсэн нь анхаарал татсан юм. Тиймээс бид энэ талаар тодорхой мэдээлэл авахаар Ирвэс хамгаалах санг зорилоо. Биднийг очиход гаднаа ямар нэгэн хаяггүй гурван давхар орон сууцны хоёр давхарт уг газар байрладаг юм байна. Ажлынх нь утас руу залгаж, дотогш орохыг хүссэн ч гадна хаалга нь кодтой, биднийг дотогш нэвтрүүлсэнгүй.
Тиймээс талийгаачийг яагаад бусдын дарамт шахалтад орж амиа алдсан гэж эмгэнэлдээ бичих болсон талаар тодруулахыг хүсэв. Утсаар ярьсан эмэгтэй ажилчин “Манайд надаас өөр хэн ч байхгүй байна. Болсон таагүй явдалд манай газраас гүн эмгэнэл илэрхийлсэн. Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа хэрэг тул манай байгууллага өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өгөв.
Харин ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Энэ хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газар болон Нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс хамтран шалгаж байна. Анх тухайн иргэнийг сураггүй алга болсон талаарх дуудлага мэдээлэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст ирж, эрэн сурвалжилж байсан. Харин цогцос нь Хөвсгөл аймгаас олдсон болохоор хамтран шалгаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тул гадны нөлөөтэй амиа алдсан уу, амиа хорлосон уу гэдгийг хэлэх боломжгүй ” гэсэн юм.
Б.БУРМАА
Сэтгэгдэл