Б.Мандшир: Хэт их халуунаас болж өдөрт 1000 гаруй дуудлага ирж байна
-БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХАЛУУРАХ, БӨӨЛЖИХ ДУУДЛАГА ЗОНХИЛЖ БАЙНА-
Сүүлийн өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал хэт халуун байгаагийн улмаас иргэд 103 яаралтай тусламжийн утсанд ихээр дуудлага өгөх болжээ. Тухайн 103 яаралтай тусламжийн утсанд 24 цагт нийтдээ дунджаар 1000 гаруй дуудлага мэдээлэл ирж байгаа гэв.
Дуудлагын дийлэнх нь хэт халуун наранд наршсан, халуурсан, даралт ихссэн, ухаан алдаж унасан, таталт өгсөн гэх дуудлага дийлэнх хувийг эзэлж байна. Түргэн тусламж 103 өдөртөө 38 эмч дуудлаганд үйлчилж буй бөгөөд сүүлийн өдрүүдэд ачаалал хэт их байгаа талаар хэлж байлаа.
Иргэд 103 утсанд хандсанаар яаралтай үед анхан шатны туслалцаа үзүүлэх болон эмийн хэрэглээний талаар их асууж лавладаг гэж байлаа. Түүнчлэн утсаар залгаж дуудлага мэдээлэл өгч буй иргэд хаяг, байршлаа тодорхой мэдэхгүй байх, байршлыг буруу зааж өгөх, уурлах, олон дахин залгах, дуудлагаар очсон үед утсаа авахгүй удах, буруу эм эмчилгээ хийсэн байх зэрэг олон асуудал тулгардаг байна.
-НАРШСАН ҮЕД ХАМГИЙН ТҮРҮҮНД ТОЛГОЙ ДЭЭРЭЭ
ХҮЙТЭН ЖИН ТАВИХ ХЭРЭГТЭЙ-
Хэт их халуунаас хэрхэн өөрийгөө хамгаалах болон ямар дуудлага мэдээлэл их ирж буй талаар Яаралтай түргэн тусламжийн их эмч Б.Мандиртай ярилцлаа.
-Өдөртөө танайд хэдэн дуудлага ирж байна вэ?
-Өчигдрийн хувьд гэхэд 24 цагийн дотор 1010 дуудлага бүртгэгдсэн байна. Өдөртөө 30-35 дуудлаганд нэг эмч үйлчилж байна. Хүүхдийн дуудлага 8-10 дуудлага ирж байна. Үүний ихэнх тохиолдол нь хэт халуунд наранд цохиулсны улмаас халуурсан, гүйлгэсэн, дуудлага их байна. Ихэнх дуудлагын шалтгаан өдөртөө хэт их халснаас болж даралт ихэссэн болон ухаан алдаж унасан гэх дуудлага зонхилж байна.
-Хэт халуунаас болж иргэд ухаан алдах тохиолдол их байна гэж байна шүү дээ. Энэ талаар?
-Биеийн байдал хэвийн болон унаж, татах өвчингүй иргэд ухаан алдаад байгаа тохиолдол байна. Энэ хэт халуунд хүний толгой эргэж, даралт ихсэн унаж байна гэж ойлгож болно. Мэргэжлийн хэллэгээр синкоб буюу ухаан алдах гэж нэрлэнэ. Ухаан алдаж унах үндсэн дөрвөн шалтгаантай байдаг. Нэгд, артерийн даралт ихсэж унах, мөн насжилттай холбоотой байдаг. Гэхдээ ойрын өдрүүдэд хэт халалтаас болж толгой эргэж, ухаан алдсан тохиолдол их байна. Түүнчлэн бага насны хүүхэд татсан дуудлага ирдэг. Учир нь хүүхэд 39-өөс дээш хэмд халуурахаар өөрийнхөө рефлекс буюу хариу үйлдлээрээ ухаан алдаж унах, эсвэл таталт өгдөг. Харин том хүний хувьд тархины цусан хангамжийн нарийсалтай холбоотойгоор бүх судсанд агшилт явагдсанаас болж тархинд очих цусны хэмжээ багаснаас болж ухаан алддаг.
-Хэт их наранд удаан байхаар тархины судас нарийсдаг гэж ойлгож болох уу?
-Эхлээд тархины судсуудад тэлэлт явагддаг. Тэгэхээр цусан хангамжууд их хэмжээгээр нэмэгдэж ирдэг. Үүнтэй холбоотойгоор тархины өөрийнх нь дотоод даралт нэмэгдэж эхэлнэ. Үүнээс болж бөөлжих, дотор муухай оргих, толгой эргэх, нүд бүрэлзэх зэрэг шинжүүд илэрдэг. Ингээд ирэхээрээ ухаан алддаг юм.
-Иргэд болон бага насны хүүхдээ хэрхэн наршихаас хамгаалах вэ?
-Ахмад настай хүмүүс бол байнгын даралтныхаа эмийг уух, толгойн дээрээ хүйтэн жин тавих, шингэн зүйл их уух, мөн энэ их халуунд гадуур удаан алхахгүй байх шаардлагатай байна.
Бага насны хүүхдийг онцын шаардлагагүй үед гадагш гаргахгүй байх хэрэгтэй. Гадаа их нартай гэдгийг мэдсээр байж иргэд бага насны хүүхдээ гадуур авч яваад наршуулах тохиолдол их байна.
-Наршсанаа яаж мэдэх вэ?
-Хамгийн түрүүнд бөөлжих шинж тэмдэг илэрнэ. Дараа нь суулгана. Тэгээд халуурч эхэлнэ. Иймэрхүү шинж илэрсэн тохиолдол дуудлага өгөх юм уу эсвэл харьяа эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Гэрийн нөхцөлд бага насны хүүхдэд асран хамгаалагч нь болон эцэг эх нь хамгийн түрүүнд толгойн дээр нь хүйтэн жин тавих хэрэгтэй. Мөн хорсол буюу шингэн сэлбэх уусмал уулгах хэрэгтэй юм. Яагаад гэхээр бага насны хүүхэд их хэмжээгээр бөөлжих, эсвэл суулгалт өгөөд ирэхээр кальци, натри, магни зэрэг эрдэс бодисуудаа алддаг. Тэгэхээр хүүхэд их нурмагар болдог. Иймэрхүү шинж тэмдэг илэрвэл тухайн хүүхдэд өдөрт өгдөг шингэнээс 2-3 дахин их шингэн уулгах хэрэгтэй байдаг. Энэхүү арга хэмжээнүүдийг аваад төдийлөн үр дүнгээ өгөхгүй бол 103 дуудаж болно.
-Дуудлагын оргил цаг хэдийд байна вэ?
-Ерөнхийдөө эцэг эхчүүд ажлаасаа тараад хүүхдүүддээ анхаарал хандуулах цагаар их дуудлага ирдэг. Тухайлбал оройн 8-10 цагийн хооронд дуудлага ихсэж ирдэг. Ирж буй дуудлагын 60-70% нь бөөлжсөн, халуурсан гэх дуудлага зонхилж байна. Толгойн дээрээ хүйтэн жин тавь гээд байгаагийн учир нь юу вэ? гэхээр хэт халуунд толгойн өргөссөн судсыг нарийсгана гэсэн үг. Мөн даралтны эмээ сайн уу гээд зөвлөөд байгаа нь даралтаас болж ухаан алдаж унах эсдлийг багасгана гэсэн үг.
-Даралт ихсэх өвчтэй хүн байнгын даралтны эмээ уух шаардлагатай юу?
-Тийм. Ерөнхийдөө артерын даралтыг дөрвөн зэрэгт хуваадаг байгаа. Халуун өдөр бол хамгийн түрүүнд өглөө эрт даралтныхаа эмийг уух хэрэгтэй. Даралтны эм олон янз байдаг. Тэдгээрээс эмчийн зааврын дагуу та сонголтоо хийгээд, 24 цагийн турш даралтыг тогтмол барих эм уух хэрэгтэй юм. Гэхдээ халуун наранд явах ч юм уу, биеийн ачаалал нэмэгдсэн тохиолдолд эмээс хамааралгүйгээр механикаар нэмэгдээд ирдэг юм. Тэгэхээр даралт ихсэх өвчтэй хүн даралтаа байнгын хянах шаардлагатай. Ийм халуун өдрүүдэд настай хүмүүс толгойн дээрээ байнгын хүйтэн жин тавих хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
-Таньд маш их баярлалаа.
У.УРАНЦЭЦЭГ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.АНХБАЯР
Сэтгэгдэл