Э.Бэхбаяр: Би зүүдэндээ хүртэл барилддаг
-ААВЫНХАА ХҮСЛЭЭР ХЭЗЭЭ Ч УХАРЧ НЯЦАХААРГҮЙ БӨХ БОЛОХООР
ӨДИЙ ХҮРТЭЛ ЯВЖ ИРСЭН-
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн хошой хүрэл медальт, Азийн болон Залуучуудын дэлхийн аварга, Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин Эрдэнэбатын Бэхбаяртай ярилцлаа.
-Өнгөрсөн жил таны хувьд олз омог ихтэй сайхан жил болж өнгөрчээ. Он гарснаас хойш нэлээд хэдэн тэмцээнд оролцож чамгүй амжилт үзүүлсэн тухай дуулсан. Та энэ тухайгаа ярихгүй юу?
-2016 оны олимпоос хойш бэлтгэлээ маш сайн базааж, 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлнэ гэсэн зорилготойгоор очсон. Гэвч түрүүлж чадаагүй, хошой хүрэл медаль хүртсэн. Хүрэл медалийн төлөө Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Болгарын тамирчин Владимир Дубовыг 9:2-оор ялж, хүрэл медаль хүртсэн. Финалын төлөө дэвжээнд гарахад дотор нэлээд айдас байсан л даа. Гэхдээ өмнө нь дэлхийн дэвжээнд хүрэл медалийн төлөө гурван удаа гараад барилдаад үзчихсэн учраас сандрал байгаагүй ээ. Хоёр удаа дэлхийн аваргаас хүрэл медаль авчихлаа. Монголчууд аварга л хүлээж байгаа болов уу. Тиймээс энэ жил түрүүлэх зорилготойгоор бэлтгэлээ базааж байна даа. Он гарснаас хойш нэгдүгээр сард улсын аварга шалгаруулах тэмцээнд жин өгсөж, 61 кг-д барилдсан. Дараа нь Энэтхэгт “Pro Wrestling League season-3” тэмцээнд оролцсон. Олимп, дэлхийн аварга, Ираны алдарт бөх Голамреза Тахтийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн олон улсын тэмцээнд түрүүлсэн. Мөн Буриадад түрүүлсэн. Сая дэлхийн цомд нэг ч хожигдолгүй түрүүлчихээд ирлээ. Энэ жилийн амжилт одоохондоо иймэрхүү л байна даа. Цаашид илүү олон амжилт гаргах байх аа.
-Та чөлөөт бөхөөр хичээллээд 14 жил болжээ. Энэ хугацаанд шантрах, зүрхшээх үе гарч байв уу?
-2004 оноос хойш чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн гэхээр А.Энхээ багшийнхаа удирдлага дор 14 дэх жилдээ явж байна даа. Энэ хугацаанд шантарсан үе зөндөө бий. Би эхээс хоёулаа, дээрээ нэг ахтай. Бид хоёр ганцхан насны зөрүүтэй учраас байнга л барилдаж ноцолдож өссөн. Манай аав бид хоёрыг бөх болгох сонирхолтой. Ямар сайндаа нэр өгөхдөө хүртэл Бөхбаяр, Бэхбаяр гэж өгөх вэ дээ. Тиймээс багаасаа л барилдаж эхэлсэн. 2004 онд хичээллэж эхэлснээсээ хойш богино хугацаанд өөрийгөө амжилт гаргасан гэж боддог. Хамгийн анх нэрэмжит тэмцээнүүдэд оролцож, мөнгөн медаль авч байлаа. Тэрнээсээ урамшаад л цаашаа явсан даа. Дунд нь шантрах үе зөндөө л гарч байсан. 2010 онд их хүнд бэртсэн. Тухайн үед цаашид барилдах уу, барилдахгүй юу гэсэн хоёр сонголтын өмнө нүүр тулгарч байлаа. Багшийнхаа хүч, буянд бусад хүмүүсийн дэмжлэгтэйгээр эмчилгээнд яваад нэг жил өнжиж, эргээд бэлтгэлдээ орсон. Тэгээд л амжилт гаргаж эхэлсэн дээ.
-Тухайн үед бөхийн спортоо орхисон бол та ямар мэргэжил сонгох байсан бол?
-Миний амьдралд сонголт байгаагүй ээ. Намайг төрөхөд л аав маань бөх болгоно гэсэн бодолтой байсан. Багаасаа л барилдсан, хэзээ ч ухарч няцахааргүй бөх болох зорилготойгоор өдий хүртэл явж ирсэн.
-ХИЙХ ЮМ ОЛДОХГҮЙ БОЛ БЭЛТГЭЛЭЭ Л ХИЙДЭГ-
-Гэхдээ та өөрөө чөлөөт бөхөд сонирхолгүй, авьяасгүй байсан бол өнөөдрийн энэ амжилтад хүрэхгүй байсан болов уу?
-Би өөрөө ч гэсэн энэ салбартаа дуртай. Энүүгээр бараг өвчилчихсөн л дөө. Хийх юм олдохгүй бол бэлтгэлээ л хийнэ. Хүн өөрийнхөө дуртай зүйлдээ л амжилт гаргадаг юм байна. Тэрнээс биш дургүй бол бөхийн төрлөөр олон жил хичээллэх амаргүй шүү дээ.
-Та чөлөөт бөхийн спортоор өвчилчихсөн гэхээр зүүдэндээ хүртэл барилддаг байх нь ээ?
-Тэгнэ шүү дээ. Өдөр нь сурсан мэхээ зүүдэндээ давтана. Алдартай тамирчдыг давж байна гэж зүүдэлнэ. Дөнгөж амжилт үзүүлж байх үедээ Наранбаатар ах гээд том том бөхчүүдийг зүүдэндээ давдаг байлаа.
-Тамирчидтай ярилцаж байхад гадаад, дотоодын тэмцээн уралдаанд оролцоход зардал мөнгөний асуудал дээр хүндрэл гардаг талаар байнга л ярьдаг. Таньд ийм асуудал тулгарч байв уу?
-Ямар азаар аав, ээж хоёр, багш, хамаатан саднууд маань аливаа нэгэн тэмцээн уралдаанд оролцох зардал мөнгийг зохицуулдаг байсан учраас бусад тамирчдад тулгардаг асуудал надад гарч байгаагүй ээ. Тиймээс мөнгө хаанаас олж, хэдэн төгрөг гаргаж намайг тэмцээнд явуулж байгааг мэддэггүй байсан. Одоо ингээд өсвөрийн хүүхдүүдийг харахаар зардал мөнгөө өөрсдөө гаргана гэсэн шалтгаанаар олон улсын тэмцээнд явж чадахгүй харагдах юм.
-Монгол тамирчдаас таны хувьд хамгийн том өрсөлдөгч гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Бүгдээрээ маш сайн өрсөлдөгч нар. Гэхдээ Б.Номин бид хоёр нэг нэгнээ хурцалж гарч ирсэн. Мэдээж дээшээгээ ах нар маань байгаа л даа. Наранбаатар, Цогтбаатар, Амархүү, Даваахуяг гэсэн ах нар маань биднийг дээрээс дардаг. Бэлтгэлийн үеэр ах нартайгаа, Номинтойгоо ч үзнэ. Ах нар болон найз нар маань намайг их хурцалдаг.
-2015 онд төр түмэндээ хөдөлмөр, амжилтаа үнэлүүлж Монгол Улсын гавьяат тамирчин гэх эрхэм хүндтэй шагнал авч байсан. Харамсалтай нь таны аав энэ бүхнийг харж чадаагүй. Аав минь байсан бол гэж бодогдоно биз?
-Тийм ээ. 2015 онд Ази тивийн аварга, Залуучуудын дэлхийн аваргаас хүрэл медаль авч гавьяат тамирчин гэх эрхэм хүндтэй цол авч байлаа. Тухайн үед энэ шагналыг авахад аав маань бурхан болоод гурван жил болчихсон байсан. Заримдаа “Аав минь байсан бол” гэж боддог үе бий. Хүний амьдрал чинь бас их сонин шүү дээ. Аав минь бурхан болоод, олон жил болж байна. Энэ бүхэнтэй эвлэрээд цааш явахаас өөр аргагүй. Аав маань “Миний хүү өндөр амжилт гаргана, сайн явна” гэдгийг мэддэг байсан юм болов уу гэж боддог. Аав маань намайг өглөө сэрээхдээ хүртэл “Миний аварга хүү босоорой” гэж дууддаг байсан.
-10 УДАА ЯЛАГДСАН Ч ЯАДАГ ЮМ БЭ. ТЭР ҮЕД ГЭРИЙНХЭН НЬ
“ЗҮГЭЭР ЭЭ, ЗҮГЭЭР” ГЭЖ ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ-
-Аав тань ямар хүн байсан бэ. Таны сэтгэлд хамгийн тод үлдсэн дурсамжаасаа хуваалцаж болох уу?
-Миний аав үнэхээр шудрага, сайхан сэтгэлтэй хүн байсан. Үгээр илэрхийлж, хэлэхийн аргагүй сайхан хүн байсан. Миний аав эхээс аравуулаа. Доороосоо хоёр дахь нь Налайхад цэргийн байгууллагад ажиллаж байсан. Хамгийн сүүлд “Ub palace”-д цахилгаанчин хийж байгаад бурхан болсон доо. Таныг “Тод дурсамж” гэж асуусан чинь яагаад ч юм нэг л зүйлд харамсаж явдаг юм байна. 2012 онд аав маань бурхан болохоосоо нэг сарын өмнө “Mongolia open” тэмцээнийг очиж үзсэн юм билээ. Ер нь манай аав миний оролцож буй тэмцээн уралдааныг очиж үздэггүй л дээ. Сандардаг юм шиг байгаа юм. Тухайн үед би тэр тэмцээнд хоёр дахь жилдээ оролцсон ч амжилт үзүүлээгүй. Хүмүүсийн яриагаар энэ тэмцээнд сайн барилдана гэсэн тамирчдын тоонд орж байсан л даа. Тэгээд хожигдчихоод гэртээ харьсан чинь аав гэртээ сууж байна. Хүү нь хожигдчихлоо гэсэн чинь “Миний хүү зүгээр, ийм юм байлгүй яахвэ дээ” гээд үнсээд л өнгөрсөн юм. Нэг сарын дараа би Эрдэнэт рүү тэмцээнд явсан хойгуур аав маань бурхан болсон. Түүнээс хойш хэдэн сарын дараа тавдугаар сарын үед манайхан цугларалт хийж, Олимп баазад бэлтгэлд гарсан юм. Бэлтгэлээ хийж дуусчихаад дүүтэйгээ хамт хувцсаа угаагаад сууж байтал “Агаа танай аав “Mongolia open” үзчихсэн явж байсан. Тэгээд таньд битгий хэлээрэй” гэж хэлсэн гэдэг юм байна. Аав маань надад “Тэмцээнийг чинь үзэж байна” гээд хэлчихвэл намайг сандраад барилдаанаа сайн гаргаж чадахгүй гэж бодсон юм болов уу, нууцаар үзсэн юм шиг байгаа юм. Дүүгийнхээ хэлснийг сонсоод тэр тэмцээнд ялчихгүй яав даа гэж их харамссан. Миний аав хамгийн сүүлийн удаа миний барилдааныг харсан нь тэр шүү дээ.
-Аавтайгаа хамт хамгийн сүүлд хэзээ зүүдэндээ уулзсан бэ?
-Хэдхэн хоногийн өмнө аавтайгаа хамт уулзсан юм байна. Ер нь сүүлийн үед байнга л зүүдлээд байгаа шүү. Гэхдээ бурхан болсон хүнийг зүүдлэхээр буян нэхдэг гэж монголчууд ярьдаг. Тиймээс аавдаа зориулж буяны ажил хийнэ. Аавыгаа зүүдлэх сайхан л даа. Дэргэд маань амьд сэрүүн, энэ ертөнцөд хамтдаа амьдарч байгаа юм шиг дэргэд маань явж, хамтдаа ярилцана. Хааяа хааяахан аавтайгаа зүүдэндээ уулзах сайхан байдаг юм.
-Аливаа нэгэн асуудалд санаа зовохгүй, бэлтгэлээ сайн хийж амжилт үзүүлэхэд хэн тусалж байна вэ?
-Миний ээж, ах, бэр эгч гурав миний арын албыг маш сайн хашдаг. Намайг бэлтгэл сургуулилтаа хийх, гадагшаа тэмцээн уралдаанд явахад арагшаа санаа зовох зүйлгүй зөвхөн амжилт л гаргах бүх нөхцөлийг маань бүрдүүлж өгдөг. Ээж маань надад “Бэлтгэлээ л хий, өөрийнхөө дуртай юмыг хий, ар гэрийн асуудалд битгий санаа зов” гэж хэлдэг.
-Тэд таныг амжилт гаргаж, эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулахыг л хүсдэг юм байна. Тийм үү?
-Тийм ээ. Гэхдээ тамирчин хүнээс гэр бүлийнхэн нь амжилт нэхээд ирэхээр эсрэгээрээ сэтгэлзүйн дарамт болдог л доо. Хүн тэмцээнд оролцохдоо арван удаа ялагдсан ч яадаг юм бэ. Тэр үед гэр бүлийнхэн нь “Зүгээр ээ, зүгээр” гэж хэлдэг байх хэрэгтэй л дээ.
-МИНИЙ БАГШ МУНДАГ ТАМИРЧНААС ГАДНА МАШ САЙН ХУВЬ
ХҮНИЙГ БЭЛТГЭДЭГ-
-Сүүлийн үед манай тамирчид тив, дэлхийн тэмцээн уралдаанд оролцохоосоо өмнө сэтгэл зүйчтэй ажилладаг болсон байна лээ. Та ч гэсэн сэтгэл зүйчтэй ажилладаг уу?
-Үгүй, үгүй надад байхгүй. Манай монгол тамирчид бор зүрхээрээ шүү. Манай тамирчид өөрөө өөрийнхөө сэтгэл зүйг бэлтгэдэг, өөрийгөө зоригжуулдаг л даа. Тамирчин хүн өөрийнхөө сэтгэл зүйг бэлдэх хамгийн том шалтгаан нь бэлтгэлээ маш сайн хийх. Энхээ багш маань надад “Чи түрүүлнэ гэсэн тэмцээндээ л ор. Хэрэв өөртөө эргэлзэж буй бол битгий тэмцээнд ор” гэж хэлдэг. Ер нь багш бид хоёрын гол зарчим л даа. Олимп, дэлхийн аваргад оролцох үеэр сэтгэл зүйчид ирж ажиллаж байсан. Манай тамирчдаас ажилладаг, ажилладаггүй ч хүн байгаа.
-Та 14 жилийн турш Энхээ багштайгаа хамтарч ажилласан. Тэгэхээр та хоёр бие биенээ маш сайн ойлгодог байх?
-Хамгийн анх Энхээ, Тамираа гэсэн хоёр багш дээрээ ирж байлаа. Тэрнээс хойш өдий хүртэл хамтарч ажиллаж байна даа. Тамирчин хүнд хамгийн анхны багш их чухал байдаг. Миний суурь маш сайн, зөв тавигдсан гэж боддог. Миний багш их мундаг. Өөрөө тив дэлхийн медальтай, шавь нараа дэлхийн дэвжээнд гаргаж, тив дэлхийн медальтай болголоо. Яг үнэнийг хэлэхэд өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, миний багш эрүүл хүмүүстэй өрсөлдөөгүй л байхгүй юу. Цэвэр унаган авьяасаараа гарч ирсэн, би унаган шавь нь. Миний багш мундаг тамирчнаас гадна маш сайн хувь хүн бэлтгэдэг. Бидэнд амьдрах ухаан, сэтгэлийн хат суулгаж өгдөг. Багш маань аавын маань орон зайг тэр чигээр нь нөхөж байна. Манай багшийнх манай хажуу талын орц. Тиймээс багштайгаа хамт бэлтгэлдээ явж, цугтаа ирдэг. Олон жил багштайгаа хамт бэлтгэл хийж буй учраас сүүлдээ үг хэлэхгүй ч гэсэн бие биенээ мэдэрдэг болчихдог юм байна. Багш бид хоёр бие биенээ байнга хурцална.
-Хамгийн сүүлд хэзээ багшаасаа зэмлэл хүртсэн бэ?
-Багш намайг зэмлэдэггүй юм аа. Би багшийнхаа хамгийн хайртай шавь нь болсон. Бөхийн секцэд яваад нэлээд хэдэн жил болсны дараа 2011 онд нэг тэмцээнд оролцож байхдаа өөрийнхөө чаддаг юман дээр хожигдсон юм. Тэр үед шоддог байсан. Хүний баруун хөлийг авчихаад оноо авч чадалгүй ялагдсан. Тэр үед хамгийн анх удаа багшдаа Спортын төв ордонд олон хүний хажууд анх удаа багшдаа загнуулж “шок”-нд орсон. Багшийнхаа дэргэд зургаа, долоон жил барилдчихаад багшаасаа тийм үг сонсож байгаагүй, загнуулж ч байгаагүй юм. Дандаа “Эвий минь, миний хүү” гэж үнсүүлж байсан болохоос биш тэгж загнуулж байсан удаагүй. Хамгийн сүүлд тэгж л багшдаа загнуулж байж дээ. Түүнээс хойш загнуулаагүй юм байна. Миний багш их зөөлхөн хүн байгаа биз. Багш маань бусад шавь нартаа ганц нэг хатуу үг хэлэхээс биш зодно цохино гэсэн ойлголт байдаггүй.
-Амжилтад хүрснийхээ дараа биеэ тоож, хэн нэгэнд томорч байв уу?
-Байлгүй яах вэ. Гэхдээ миний хувьд биеэ айхтар тоож байгаагүй ээ. Зүгээр байж байгаад л ганцаараа дэлхийн аварга болчихсон юм шиг бяр амтагдаж, том том юм яриад л. Их зан гаргалаа, томорлоо гээд гэрийнхэндээ л гаргана шүү дээ. Өмнө нь энэ хоёрынхоо үгийг сонсдог байсан бол зааж сургадаг ч юм уу, заримдаа багшдаа томрох нь ч хаашаа юм бэ онгирдог. Гадуур хүмүүст их зан гаргаж, биеэ тоож байгаагүй байх аа гэж бодож байна. Би чинь дотныхоо хүмүүст л томорч, бааварлаж тоглох үе зөндөө байдаг. Аль болох энгийн даруухан байгаагаараа л байхыг хичээдэг.
М.АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл