Суманд Соёлын төв шиг хэрэгтэй юм байхгүй шүү, УИХ-ын гишүүд ээ

Aдмин / Нүүр

Сонгууль болохоор л хөдөө малын захад, буйдхан сумын төвд өссөнөө гайхацгаадаг УИХ-ын гишүүд үнэндээ сумын төвийн амьдралыг мэддэг юм уу. Хэрвээ мэддэг бол сумын төвүүдэд соёлын төв барих зардлыг төсвөөс хасъя гэж дуугарахгүй л байсан байх.

Ирэх оны улсын төсөвт хөрөнгө оруулалтын зардалд 1.4 их наяд төгрөг тусгасан. “Цементийн зардал” гэж муу хэлүүлээд энэ зардалд орон нутагт баригдах соёлын төв, спортын ордон, музей, театр, чуулгын барилгуудын зардал багтаж байгаа юм. Тэр дунд он дамжин баригдаж байгаа 32 сумын соёлын төв, 2021 онд шинээр баригдах долоон сумын соёлын төвийн барилга болон их засвар хийх шаардлагатай зургаан сумын соёлын төвийн барилгад нийт 40 гаруй тэрбум төгрөг суулгасан.

Гэтэл сүүлийн үед улсын төсөвт тодотгол хийх замаар сумын соёлын төвүүдэд зарцуулах мөнгийг цар тахлын эсрэг зарцуулъя гэх боллоо. Төр засаг бүтэн 11 сар коронавирусийн эсрэг бэлэн байдалд ажиллаж байгаа хэрнээ “Дотоодод халдвар тарж, нөхцөл байдал хүндэрвэл төсөв хөрөнгөө хаанаас гаргах вэ” гэдгээ огт тооцоолоогүй байсан бололтой юм. Тиймдээ ч цар тахалтай тэмцэх мөнгөгүй болмогцоо сумын төвүүдэд соёлын төв барих мөнгийг булаахаар шийдэж л дээ.

Үүнийгээ “Хөл хориотой байхад суманд соёлын төвөөр яадаг юм, ямар ч ач холбогдолгүй зүйлд төсвийн мөнгө зарцуулах гэж байна” хэмээх зарим гишүүн зөвтгөх аж. Цар тахлын хямралыг хохирол багатай даван туулахын тулд төсвийн ашиггүй зардлуудыг танах нь зөв. Гэхдээ үр ашиггүй зардал гэдэгтээ юуг багтаах вэ гэдгээ сайн бодох ёстой. Сумын соёлын төв барих зардлаас өөр үргүй зардал бишгүй л бий. Арга ядвал төрөөс мөнгө идсэн, төрийн сангуудаас зээл нэрээр мөнгө авсан, татвар төлөгчдийн мөнгийг гадаадад аваачиж оффшорт нуусан албан тушаалтнуудаасаа буцааж мөнгөө татахад коронавирустэй нэг байтугай таван жил ч тэмцэж хүрэлцэнэ. Эсвэл төрийн өмчит компаниудаа цэгцэл л дээ. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал л гэхэд хоёр соёлын төв барих мөнгөөр амин хувьдаа жийп авч унаад, таван соёлын төв барих дайны цалин аваад сууж байгаа биз дээ. Лав л соёлын төвийн барилга үр ашиггүй зардал биш.

Тэгвэл сумын төвүүдэд соёлын төв ямар хэрэгтэй байдгийг бодоод үзье л дээ.

Нэгдүгээрт, Соёлын яам хүртэл байгуулчихаад соёлоо юугаар түгээх гээд байгаа юм бэ. Суманд бол соёлыг соёлын төвөөр л түгээнэ биз дээ. Нийгмийг нэн яаралтай соёлжуулахгүй бол бурангуй явдал гаарах хандлагатай байгааг дээд, доодгүй л ярьж байна. Тиймдээ ч Соёлын яам байгуулсан биз дээ. Өмнө нь хэзээ ч дуулдаж байгаагүй онц хүнд, харгис гэмт хэргүүд өдөр алгасахгүй гарч байна, ялангуяа орон нутагт. Дөнгөж гуравхан настай хүүхдээ хүчиндсэн, гэр бүлийнхнийгээ хүйс тэмтэрсэн, гаднаас нь түгжээд шатаасан, хамт архи уусан нэгнийхээ бэлэг эрхтнийг утсаар тоононоос нь уясан гээд чих сэртхийлгэсэн харгис хэргүүд байнга гарч байгаа нь өнөө соёл, соён гэгээрүүлэх ажил дутагдаад байгаагийн шууд илрэл.

Суманд төрж өссөн хүн бүр мэднэ дээ, сум бүрт “Улаан булан” гэж байсныг. Хуучны “Улаан булан” одоо бол Соёлын төв юм л даа. Тэнд л бүх гэгээлэг үйл явдлууд болно. Үе үе хотоос, аймгийн төвөөс гоё ганган хувцастай ах, эгч нар ирж дуулж, бүжиглэж, концерт тоглоно. Орой нь хөгшин залуугүй “Задгай цагаан”-аараа хөлсөө гаргана. Гадаа гандаж, хөдөө хөхөрч явдаг үстэй дээлтэй ах нар тэнд л хөлсөө дуслуулан, эв хавгүйхэн ч болов бүжиглэж, харж явдаг бүсгүйнхээ гараас ганц удаа ч болов атгах боломж олдоно. Тоглолт, нийтийн бүжиг дууссаны дараа бүгд л баяр жаргалтай, хөл хөөртэйгөөр, чанга чанга инээцгээн гэр гэрийн зүг явдаг байв. Сумын соёлын төвд тоглолт үзэж баясаад орой гэртээ хариад эхнэрээ хөнөөсөн тухай би л лав дуулаагүй.

Бас сумын иргэдийнхээ дунд сар бүр спорт, урлаг соёлын тэмцээн, уралдаан зохионо, нөгөө л Соёлын төвдөө. Үргэлж л дээлтэй, бкалтай таваргаж явдаг ах нар шорт өмсөж, пүүз углаад гүйж байхыг эсвэл хослол, батинкаар гангарчихсан дуурийн дуучин мэт зогсож байхыг Соёлын төвд л хардаг байв. Ер нь тэгээд цагаан сарын бөхийн барилдаан, шинэ жилийн цэнгүүн, ёслол хүндэтгэлийн ажиллагаа, хурал цуглаан, сонгууль, хотод нээлтээ хийсэн шинэ киноны үзвэр бүгд л Соёлын төвд болно. Соёлын төв нэг болохоор урлагийн алтан тайз, заримдаа бөхийн дэвжээ, бүр эсвэл хурлын танхим, кино театр ч болно. Ер нь л олныг хамарсан юу л байна, бүгд л Соёлын төвд болно.

Тоглолт, хурал цуглаан, бүжиг танзгүй үед соёлын төвд хүүхдийн элдэв төрлийн дугуйлан, секцүүд хичээллэнэ. Магадгүй, сумын соёлын төвөөс хэдэн арван гавьяат уран бүтээлчид, бөхчүүд, нийгмийн зүтгэлтнүүд төрөн гарсан биз.

Соёлын төв бүрт эрхлэгч, цэвэрлэгч, галч гурваас гадна нэг ардын уран сайханч байх. Арга хэмжээ бүрийг хөтөлнө, дуулна, бүжиглэнэ, хөгжим тоглоно, гэрэл, техникээ ч хариуцна. Бас болоогүй том ватум цаасан дээр тоглолт, бүжгийн зарыг цэвэр нямбай бичиж, үүдэндээ хадсан байдаг сан. Бодоод байхад Соёлын төв гэж зүгээр ч нэг нэрлээгүй. Сумын төвийн 3,4 мянган хүнийг тэд л урлаг, спортоор дамжуулан нийгэшүүлж, соёл түгээх ажлыг бодлогоор хийж ирж л дээ.

Сүүлийн 10, 20 жил лавтай л сумын соёлын төвүүдийг хөсөр хаясан. Жилд ганц нэгийг улсын төсвөөр барьдаг ч үнэндээ УИХ-ын нэг гишүүний хувийн хауснаас жижигхэн, хямд байгаа даа.

Соёлын төвтэй байлаа гэхэд дээврээс нь дусаал гоождог, шал нь цөмөрчихсөн, хана нь цуураад салхи сийгдэг болчихсон, ажилладаг гэрэл техник ч байхгүй л байгаа. Соёлын төвгүй сум бүр ч эмгэнэлтэй. Сургуулийнхаа жижигхэн спорт зааланд л бүхий л арга хэмжээ, хурал цуглаанаа хийж байгаа.

Түүнчлэн сумынхан хот руу хэдэн мянгаараа нүүдэллээд, хотод л бол уулын орой, үерийн ам, жалгын ирмэг, ер нь хаана ч хамаагүй гэрээ бариад амьдарч байна. Хотод л амьдарч байвал ядуу байна уу, ажилгүй байна уу төдийлөн хамаатай биш. Оюутан залуучууд сургуулиа төгсөөд сумандаа очиж мэргэжлээрээ ажиллах боломж байсаар байтал хотод үлдээд л зөөгч, хамгаалагч хийж байна. Энэ бүгдийг эдийн засаг, геополитикийн асуудал гэж томоор харахаасаа өмнө их энгийнээр харах хэрэгтэй л дээ. Өөрөөр хэлбэл, суманд соёл хоцрогдоод байгаа учраас сумынхан хотыг л соёлтой гэж хошуураад байгаа юм. Түүнээс биш утаа угаартай, түгжрэлтэй, стресстэй, ажилгүйдэл, ядуурал хавтгайрсан хот руу тэмүүлээд, гэр хороололд чихцэлдэн амьдрах шаардлага ч байхгүй. Маш энгийнээр хэлбэл, суманд нь соёлын төв байхгүй, нэг ч урлагийн тоглолт болдоггүй, шинэ кино гардаггүй, хүний хөгжлийн илтгэл лекц явдаггүй, ядаж нийтийн бүжиг ч болдоггүй бол буйдхан суманд үнэндээ уйдна биз дээ.

Гол нь төвлөрөлийг сааруулах, сумандаа сайхан амьдардаг болгохын эхний жим нь Соёлын төвүүдийг барих. Дээр нь тэр Соёлын төвүүдээ тогтмол үйл ажиллагаатай, жинхэнэ соёл түгээдэг газар болгох ёстой. Нэгэнт Соёлын яамтай болсон юм чинь орон нутагт дутагдаад байгаа соёлт ухамсрыг дээшлүүлэх бодлогоо сумын Соёлын төвүүдээр дамжуулан хэрэгжүүлэх ёстой. Тэгж байж хөдөөний иргэд Соёлын төвөөсөө бүх соёлыг авдаг, мэдэрдэг, нийгэмшдэг, бас илүү гэгээлэг болно. Ингэхийн тулд сумдын соёлын төвүүдэд их засвар хийх, шинээр барих нэн тэргүүний шаардлага байна. Өөрөөр хэлбэл, соёл, гэгээрлийнхээ төлөөх төсвийг хумьж, танахгүй байхыг эрхэм гишүүдээс хүсье.

Бас соёл түгээх гэдгийг зөвхөн дуу, бүжиг биш хүний нийгэмд ухамсартай амьдрах дадлыг төлөвшүүлэх явдал гэж ойлгох хэрэгтэй. Корона хэдий аюултай ч соёлгүй, харанхуй, бурангуй нийгэм бүр ч аюултай шүү, эрхэм УИХ-ын гишүүд ээ.