Х.Алтай: Криптовалютын хууль эрх зүйн орчин шаардлагатай байна

Aдмин / Хууль

Сүүлийн үед койн хэмээх хөрөнгө оруулалтын шинэ үзэгдэл бий болж, олон хүн хэдэн тэрбумаар хэмжигдэх төгрөгийг уг зах зээл рүү оруулж байна. Энэ талаар Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайтай ярилцлаа.


-Дэлхий даяар маш олон койн гарч олон нийтийг шуугиулж байна. Зарим хүн удахгүй койн нь мөнгийг орлож төлбөрийн хэрэгсэл болно гэж үзэж байхад нөгөө хэсэг нь энэ бол нэн эрсдэлтэй санхүүгийн схем гэж анхааруулж байгаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Криптовалют гэдэг зүйл зөвхөн манайд ч биш, дэлхий дахинд нэгэн шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, тренд болчихоод байна л даа. Олон улсад гарч байгаа койнуудын дийлэнх хувь нь төлбөрийн, эсвэл урт хугацааны хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэхээсээ илүүтэйгээр хүмүүсийн богино хугацаанд ашиг олох гэсэн хүсэл дээр суурилж гараад байна уу гэж хардаг. Зарим хөгжингүй улс оронд төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрөгдөж байгаа хэдий ч хөгжиж буй улс орнуудад, тэр дотроо манай улсад койн, криптовалютыг төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрөөгүй, хууль эрх зүйн орчин нь бүрэлдээгүй байна. Гэхдээ эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай байгаа. Энэ талаарх нарийвчилсан зохицуулалт хомс, олон нийтийн ойлголт хангалтгүй байгаа тул хөрөнгө оруулагчид хохирох, алдагдалд орох тохиолдол гардаг. Үүнтэй холбоотой хэд хэдэн дуулиантай хэргүүд ч олон улсад гарсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсныг санаж байна. Тухайлбал, олон улсад Onecoin гэх блокчейн технологид суурилаагүй, хуурамч сүлжээ олон иргэдийг хохироосон явдал гарч байсан. Тэгэхээр койн гэсэн болгон криптовалют биш байх эрсдэл байгаа тул иргэд үүнийг маш сайн судалсны үндсэн дээр хөрөнгө оруулалт хийх нь зөв гэж хэлэх байна.

-Койн уу, хувьцаа юу гэдэг асуулт зүй ёсоор тавигдах байх. Хөрөнгийн захын төлөөллийн хувиар та юу гэж зөвлөх вэ?

-Сүүлийн үед олон хүн хөрөнгийн захын мэргэжилтнүүдээс хувьцаа авах уу, койн авах уу, эсвэл бонд авах уу гэх мэтээр нэлээн асууж байна л даа.Товчхондоо бирж дээр арилжигдаж байгаа хувьцаа болон бондын ар талд бодитой компани, бизнес, хөрөнгө, орлогын эх үүсвэр байдаг. Гэтэл ихэнх койны ард талд бодит хөрөнгө, орлогын эх үүсвэр бүрдүүлэгч байдаггүй.

Монголын Хөрөнгийн бирж дээр гарч байгаа хувьцаа, бондыг Санхүүгийн зохицуулах хороо, бирж хянаж, үнэлгээг нь нягталсны үндсэн дээр олон нийтэд арилжаалах зөвшөөрөл олгодог. Мөн Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамнаас зөвшөөрөл авсан аудитын, үнэлгээний компаниуд гэх мэт олон талын оролцоотойгоор хувьцаа, бонд болон бирж дээрх бусад бүтээгдэхүүний хяналт хийгддэг. Гэтэл койныг хянаж байгаа субьект одоогоор манайд алга байна. Тэгэхээр найдвартай хөрөнгө оруулалт хийхийн тулд олон шалгуур даван хөрөнгийн зах дээр гарч ирж байгаа хувьцаа болон бондонд хөрөнгө оруулалт хийх нь эрсдэл багатай гэдгийг онцолмоор байна.

Монголын хөрөнгийн бирж дээр арилжигдаж буй бүтээгдэхүүнүүд зохицуулалтгүй зах зээлд арилжигдаж буй хэрэгслүүдтэй өрсөлдөхүйц өгөөжтэй байгааг сүүлийн үеийн тоо мэдээллүүдээс харж болно. Жишээлбэл, бирж дээр идэвхтэй арилжигддаг хувьцаануудын үнийн өсөлт, бууралтыг хэмждэг ТОП 20 индекс сүүлийн нэг жилийн дотор хоёр дахин, нэгдүгээр самбарын хувьцаануудын үнэ дунджаар мөн хоёр дахин өссөн. Олон улсын зарим бирж токенжуулсан үнэт цаас бүртгэж, арилжаалах, блокчейн технологийг үйл ажиллагаандаа туршилтын журмаар хэсэгчлэн нэвтрүүлэх гэх мэтээр шинэ тутам гарч буй технологийн дэвшлийг ашиглах оролдлогууд хийж байна л даа. Монголын Хөрөнгийн бирж ч мөн энэ жишгийн дагуу үйл ажиллагаагаа шинэчилж, хөрөнгө оруулагчдын хэрэгцээ, сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх боломжтой гэж харж байгаа тул үүнд бэлдэх үүднээс туршилтын төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.

-Койнууд биржээр дамжин арилжигдаж байгаа нь иргэдэд ихээхэн итгэл төрүүлж байна гэж харж байна. Энэ талаар таны зөвлөгөө?

-Энд би койн бол хөрөнгийн биржийн бүтээгдэхүүн биш гэдгийг онцолж хэлмээр байна. Монголын хөрөнгийн бирж албан ёсоор, хуулийн хүрээнд арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, зохицуулалттай үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор ямар ч койн арилжаалдаггүй. Койн арилжаалж байгаа биржүүд гэдэг нь үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд биржийн зөвшөөрөл аваагүй онлайн платформууд юм. Биржээр их хэмжээний мөнгө дамжиж, иргэдийн мэдээлэлтэй харьцаж байдаг учраас программ хангамж, эрсдэлийн удирдлага, мэргэшсэн боловсон хүчин гээд маш олон шалгуурыг хангаж байж бирж болдог. Хөрөнгийн бирж гэдэг бол яг л банк гэдэгтэй адилхан иргэдийн санхүү мөнгөтэй харьцдаг, хуулийн тусгай зохицуулалтад байдаг байгууллага шүү дээ.

-Тэгвэл эдгээрийг биржийн нэгэн адилаар зохицуулалтад оруулж болох уу?

-Койнууд болон ижил төстэй бүтээгдэхүүнүүдийг бүртгэлжүүлэх, койны арилжаанд зуучилж буй платформуудын үйл ажиллагааг зохицуулах хуультай болох ёстой. Одоо УИХ дээр Виртуал хөрөнгийн хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа. Энэ хууль батлагдсанаар криптовалютын арилжааг эрхэлж буй этгээдүүдийн үйл ажиллагааг хяналт зохицуулалтад оруулж, хөрөнгө оруулагчид хохирох эрсдэлийг бууруулах, тэдний эрх ашгийг хамгаалах, криптовалютын гүйлгээ, арилжаанаас олсон орлогод татвар ногдуулах, далд эдийн засгийг хумих зэргээр криптовалюттай холбоотой эрх зүйн орчныг сайжруулах нөхцөл бүрдэнэ.


Сэтгэгдэл

Зочин [122.201.19.99] 2021-09-27 06:46:08

Хасын Ганхуяг гэж нэг луйварчинг цагдаагийн байгуулага гадагшаагаа алдчихсаан хөөрхий

Зочин [103.80.210.183] 2021-09-27 01:41:07

хуцалгүй наалдахаа аваад цагаачил даа.

зочин [64.119.23.161] 2021-09-26 09:57:10

санхүүгийн зохицуулсан хууль үгүй энэ үед төрөөс бид хариуцахгүй гэж шулуухан хэлэх хэрэгтэй.бэлээхэн хувийн банк, хадгаламж зээллийн эрсдэлийг төсвөөс барагдуулж байсан гашуун үнэн бий. одоо бол та бүхэн ашиг олохын тулд оролцож байгаа бол өөрсдөө эрсдлээ хариуц төрөөс бид хууль зохицуулалтыг гаргаагүй оролцохгүй гэсэн хатуу байр суурь баримтлах хэрэгтэй .нэг албан тушаалтан хутгалдаад дараа нь лобидож татвар төлөгчдөөс цугларсан төсвөөс хаадагаа боль. эрсдэл үүсч хэрүүл маргаан гарвал шүүх түргэн шуурхай асуудлыг мухарла .

Зочин [64.119.21.186] 2021-09-26 09:21:44

Зохицуулалттай зах зээл дээр нь болохгүй, бүтэхгүй юм их байхад. Хувьцаа чинь яадаж хөрөнгөн дээр суурилсан. Тэгэхэд юу ч үгүй хоосон дээр суурилсан, тэгээд болоонүй өөрөө эрсдлээ үүрнэ гэсэн зохицуулалттай зах зээлээр юугаа хийх вэ дээ. ББСБ-уудаас болоод амиа алдаж байсан СЗХ-ны дарга байдаг шүү.

Зочин [116.89.35.69] 2021-09-26 05:35:32

Нэг нөхөр тусгай аргачлал ашиглаж нийтийн дунд нэг талаас нөгөө талруу найдвар баталгаатай мэдээлэл дамжуулсныг бүртгэх систем гаргасан нь одоогоор олонд танигдсан блокчейн буюу гинжин хэлхээт бүртгэлийн систем юм. Энэ нь энгийн үгээр тайлбарлавал дундын нэгдсэн бүртгэлийн санд (нийтэд тараагдсан) дээр нийтээрээ мэдээллийн дамжуулалтыг баталгаажуулдаг аргачлалтай өөрийн үнэ гээд байх юмгүй л прокол. Харин аливаа зүйлийн зах зээлийн үнийг технологийн үндсэн суурь биш зах зээлийн хамрах хүрээ болон хэрэглэгчдийн сэтгэл зүй тодорхойлдог учраас ихэнхи нь үнэ өсөж байгаа гэхдээ өсөлтийн шалтгааныг харахад ихэвчилэн пирамид маягын сурталчилгаа дээр үндэслэгдээд байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Би хувьдаа энэ технологийг дэмжидэг боловч харин үнийг хөөрөгдөл дээр бага зэрэг гайхаж явдаг хүмүүсийн л нэг. Энэ технологи банк санхүү, нягтлан бодох бүртгэл, татвар, төсөв, төсөл болон болон бүртгэл мэдээллийг архив зэрэгч ашиглахад үнэн зөв найдвар баталгаатай байдлыг хангах боломжтой.

Зочин [59.153.114.200] 2021-09-26 02:48:59

Хятад хорьсон манайд ч хорьвол таарна ямар ч баталгаагүй цаасан дээр байдаг касиногийн чип сольж болдог энэ ч авчуул зарж болохгүй ханш н унаад байна хэцүүдээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.