ЭЗБХ: МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүдээс тавьсан асуултын хариуг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.11.30) хуралдаан 14 цаг 09 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэхээр тогтов.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсэг байгууллаа

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг ажлын хэсгийн танилцуулгыг хийлээ.

Улсын Их Хурал 2021 оны арван нэгдүгээр сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Ажлын хэсэг төслийг Эдийн засгийн байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр санал хурааж, шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэгбүрчлэн тусгажээ. Түүнчлэн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийсэн гэв.

Ажлын хэсгийн энэхүү танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатараар ахлуулан байгуулахаар танилцуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарыг томилохыг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх нь буюу 81.8 хувь нь дэмжлээ.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжиллээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав.

Далай ашиглах тухай хуулийг 1999 онд баталж, 2007 онд нэг удаа өөрчлөлт оруулжээ. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл, Засгийн газрын 2018 оны төлөвлөгөө батлах тухай 201 дүгээр тогтоолоор батлагдсан Олон улсын далайн байгууллагаас хийсэн аудитын зөвлөмжийн дагуу Монгол Улсын нэгдэн орсон далайн салбарын гэрээ, конвенцыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Олон улсын далайн байгууллагаас хийсэн аудитын дүгнэлтээр Монгол Улс далайн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, конвенцд заасан, зайлшгүй биелүүлэх хэм хэмжээг үндэсний хууль тогтоомждоо тусгах, бүртгэлтэй хөлөг онгоцны буюу далбааны эзэн улсын хяналтын механизмийг бүрдүүлэх зэрэг зөвлөмж өгсөн байдаг. Эдгээр зөвлөмжийг судлан Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн хуулийн төслийг боловсруулсан байна.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Далай ашиглах тухай хууль нь 5 бүлэг, 22 зүйлтэй заалттай бөгөөд хөлөг онгоцны бүртгэл, далай ашиглах үйл ажиллагаа, хөлөг онгоц болон түүний багийн гишүүдэд тавих шаардлага, техникийн үзлэг шалгалт зэргийг ерөнхийлөн тусгасан, далай дахь аюулгүй байдлыг хангах талаар зохицуулалт оруулаагүй, олон улсын гэрээ конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтгүй, хуулийг практикт хэрэглэх боломж бололцоо сул, цаг үеэсээ хоцрогдмол байсан гэж үзжээ. Энэ удаагийн шинэчилсэн найруулгын төслөөр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцын шаардлага, Олон улсын далайн байгууллага, түүний аудитын шалгалтын мөрөөр гаргасан зөвлөмжийн дагуу хуулийн 50-иас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа тул Хууль тогтоомжийн тухай хуулийн 25.1.2-т заасны дагуу Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах өөрчлөлтийг тусгасан байна. Нэн тэргүүнд хөлөг онгоцны зориулалтаас хамаарсан олон улсын жишигт нийцүүлсэн шаардлагуудыг тусгаж өгсөн бөгөөд эдгээр шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих эрх, үүрэг бүхий Далбааны эзэн улсын хяналтыг шинээр тусгажээ. Түүнчлэн хөлөг онгоцонд техникийн үзлэг шалгалт хийж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий Монгол Улсаас хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих, томилохтой холбоотой зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн болон бүртгэгдэх хөлөг онгоцны баг, ахмадад тавигдах шаардлага, ээлжийн ажиллагаа болон чиг үүргийг нарийвчлан олон улсын гэрээ конвенцид нийцүүлэн үндэсний хууль тогтоомжид тусгах нь зүйтэй хэмээн үзэж, төсөл холбогдох зохицуулалтыг тусгасан байна.

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцыг хэрэгжүүлэх, хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог тусгаж, хуулийг практикт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар далай ашиглах үйл ажиллагааны хамрах хүрээ тодорхой болж, нэр томьёо болон зохион байгуулалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлснээр Монгол Улс олон улсын далайн байгууллагын гишүүн орны үүргээ биелүүлж, олон улсын гэрээ конвенц хэрэгжих боломж бүрдэх ач холбогдолтой аж. Мөн хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаанд оролцогч талууд болох хөлөг онгоц эзэмшигч, хөлөг онгоц түрээслэгч, Далайн захиргаа, далбааны эзэн улсын хянан шалгагч, хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын хоорондын уялдаа холбоо хамтын ажиллагаа сайжирснаар хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа чанаржих, далбааны эзэн улсын хяналт сайжирна хэмээн үзсэн байна.

Далайн боомт ашиглах, хөлөг онгоц түрээслэхтэй холбоотой зохицуулалтыг тусгаснаар хөрш орнуудтай хийсэн дамжин өнгөрөх хэлэлцээрүүд болон Монгол Улс далай боомт ашиглах хэрэгцээ шаардлагад тулгууралсан, улс орны цаашдын бодлогыг дэмжсэн ирээдүйг харсан зохицуулалттай болсон хэмээн Б.Энх-Амгалан гишүүн танилцуулгадаа дурдав.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулснаар хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцооны эрх зүйн орчин бүрдэх ач холбогдолтой гэлээ. Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулан Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Далай ашиглах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан байна.

Ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар Монгол Улсын далбааг ашиглаж буй хөлөг онгоцны бүртгэл болон тэдгээрийн гаргасан зөрчил, шийдвэрлэлтийн талаар асуухад “2003 оноос хойш 4000 гаруй хөлөг онгоц Монгол Улсын далбааг ашиглах эрхтэйгээр бүртгүүлсэн бөгөөд энэ хугацаанд 20 гаруй зөрчил бүртгэгдсэн” хэмээн ажлын хэсгээс мэдээллээ. Түүнчлэн гишүүний тодруулсны дагуу төслийн хүрээнд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж далайн тээвэр эрхлэх, загас агнуур эрхлэх, ашигт малтмал болон далай судлалын салбарт үйл ажиллагаа явуулах боломжийг нээж буйгаараа онцлогтой гэв. Одоогоор Монгол Улсын далбааг ашиглаж буй онгоцнуудын нэг нь Монгол Улсын иргэнийх гэдгийг мөн энэ үеэр мэдээлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг дээрх тооны бүртгэлтэй онгоцноос эдийн засгийн ямар үр ашгийн талаар хилийн чанад дахь далайн тээвэр, боомт ашиглалт хариуцсан бүтцийн талаар тодруулж, хариулт авсан. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Батлут, Ж.Ганбаатар, Х.Булгантуяа, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт тайлбар, мэдээлэл авсны дараа ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 5, 6 дугаар зүйлийг нэгтгэн “Далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг” гэж өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн “16 нас” гэснийг “18 нас” гэж өөрчлөх, 13 дугаар зүйлийг бүхэлд нь хасах, төслийн 16 дугаар зүйлд “Хөлөг онгоц халдлагад өртсөн тохиолдолд Далайн эрх зүйн тухай Нэгдсэн үндэстний байгууллагын конвенц болон Далайн навигацын аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай конвенцоор зохицуулна” гэсэн агуулгатай 16.2 дахь хэсэг шинээр нэмэх зэрэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн.

Мөн төслийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.6 хэсэг болон 40, 42-46 дугаар зүйлүүдийг бүхэлд нь хасах гэх зэрэг саналуудаар тус тусад нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн.

Дараа нь Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ажлын хэсгийн танилцуулгыг хийв.

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулж, УИХ-ын гишүүн Д.Батлут, Х.Ганхуяг, М.Оюунчимэг, О.Цогтгэрэл нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.

Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын дэд хэсгээс тайлбар, мэдээлэл, тодруулга авсан гэв. Хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгийн гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй байна. Б.Баттөмөр гишүүний танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, М.Оюунчимэг нар асуулт асууж, үргэлжлүүлэн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ингээд төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн юм.

“МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар тавьсан” асуултын хариуг хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар “МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар” асуулт тавьсан бөгөөд үүний хариуг өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т гишүүний асуултын хариуг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх дэгийн талаарх зохицуулалтыг тусгасан байдаг. МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд танилцууллаа.

Монгол Улс 2021 оны тавдугаар сараас коронавирусын халдварын эсрэг дархлаажуулалтыг харилцан хүлээн зөвшөөрсөн зарим улс оронтой харилцан агаарын хилээ нээсэн хэдий ч олон улсын нислэгийг тогтворжуулах, хэвийн горимд шилжүүлэх нь цар тахлын нөхцөл байдал, гадаад улс орнуудын халдвар, хамгааллын горим, дархлаажуулалтын явцаас үүдэн удаашралтай байгааг танилцуулгын эхэнд тэмдэглэв. Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны судалгаагаар 2020 он болон 2021 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд агаарын тээврийн салбар уналтад орсонтой холбоотой гадаад улс орнуудын Засгийн газар өөрийн орны агаарын тээврийн салбарыг дэмжих, сэргээх зорилгоор нийтдээ 243 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн байна. Манай Засгийн газрын тухайд, 2020 оны “Агаарын тээврийн салбарт авах зарим арга хэмжээний тухай” 137 дугаар Засгийн газрын тогтоолоор олон улсын болон орон нутгийн чиглэлд хуваарьт нислэг гүйцэтгэж буй дотоодын агаарын тээвэрлэгчдийн ИНЕГ-т төлөх навигацын хуримтлагдсан өглөг болох 2.2 тэрбум төгрөг, 2018 оны төрийн өмчийн ногдол ашгийн өглөг 7.3 тэрбум төгрөгийг чөлөөлүүлж, 2019 оны цэвэр ашгийн дүнгээс төрийн өмчийн ногдол ашиг хуваарилаагүй байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар МИАТ хувьцаат компанид мөнгөн дүнгээр 9.5 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Засгийн газрын 2021 оны “Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай” 162 дугаар тогтоолоор цар тахлын улмаас уналтад орсон агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарыг харилцан уялдаатай хөгжүүлэх, агаарын харилцааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэсэн. Зам, тээврийн хөгжлийн яамнаас бодлого, зохицуулалтын дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа гэв. Нэн тэргүүнд МИАТ хувьцаат компанийн нислэгийн сүлжээг өргөжүүлэх, агаарын харилцааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулах ажлыг хийж 2021 онд Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Хонгконг чиглэлийн нислэгийн давтамж, багтаамжийг нэмэгдүүлжээ. Ирэх 2022-2023 онд Сөүл, Токио, Москва, Эрхүү, Бээжин, Хөххот чиглэлийн нислэгүүдийг тогтворжуулж, 2019 оны түвшинд хүргэх, МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн хувьд Шанхай, АНУ-ын Сиэтл хотын чиглэлд шинээр нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж.

Агаарын тээврийн өнөөгийн нөхцөл, цар тахлын улмаас үүсээд буй санхүүгийн хүндрэл, тулгамдаж буй асуудлыг судлан тогтоож, салбарын үйл ажиллагааг сэргээн тогтворжуулах, агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадвар, санхүүгийн байдлыг сайжруулах бодлого, зохицуулалтын арга хэмжээний саналыг боловсруулж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай хамтран ажиллаж байгааг төрийн нарийн бичгийн дарга С.Батболд танилцууллаа.

Түүнчлэн нислэгийн зардлын ихэнх хувийг эзэлдэг агаарын хөлгийн шатахууны үнийг төрийн зохицуулалттай бууруулах, шатахуун хангамжийн гидрант системийг ашиглах, зардлыг зохицуулах асуудлыг төрийн өмчийн “Эрчис Ойл” компанид хариуцуулан ажиллуулах бэлтгэлийг хангаж байгаа гэв. Өнөөгийн байдлаар шатахуун хангамж, байгууламжийн ашиглалтыг ИНЕГазар хариуцаж, 2021 оныг дуустал 1.8 тэрбум төгрөгийн алдагдалыг хариуцаж байгаа юм байна.

МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн Засгийн газрын нөөц сангийн алдангийн үлдэгдэл болох 989.7 сая төгрөгийн өглөг, ИНЕГазар, түүний харьяа байгууллагуудад төлөх нисэх буудлын болон агаарын навигацын үйлчилгээний хураамжийн хуримтлагдсан өглөг болох 9.27 тэрбум төгрөгийг тус тус чөлөөлүүлэхээр ажиллаж байгааг танилцуулгад дурдсан.

Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболдын танилцуулсан МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Х.Ганхуяг, Х.Булгантуяа, Ж.Ганбаатар, М.Оюунчимэг нар асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.

Ирэх оны агаарын тээврийн салбарын төлөвлөгөө, төслийн талаарх гишүүдийн асуултад “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б.Мөнхтамир хариулахдаа “Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо тандалт, судалгааныхаа дүнд агаарын тээврийн салбар цар тахлын дараа 2019 оны хэмжээнд эргэн очих боломжит хугацаа нь 2023 оны зун гэдэг мэдээллийг танилцуулсан. Энэ дагуу МИАТ ирэх оны дөрөвдүгээр улиралд агаарын тээврийн салбарын үйл ажиллагаа огцом эрчимжинэ хэмээн тооцож үйл ажиллагааныхаа төлөвлөлт, төсөөллийг боловсруулсан. Гэхдээ цар тахлын нөхцөл байдал үргэлжилж, зорчих урсгал нэмэгдэхгүй байх тохиолдолд нөөц төлөвлөгөө хэлбэрээр карго нислэгээ үргэлжлүүлэх хувилбарыг тооцоолсон байгаа” гэв. Тус компанийн дөрвөн онгоц 2020, 2021 оны хугацаанд карго нислэг үйлдэж байгаа аж.

Санхүүгийн нөхцөл байдлын талаар лавласан гишүүдийн асуултад хариулахдаа, компани 2017, 2018, 2019 онуудад 35-52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт ногдол ашиг, ЭМДаатгалын шимтгэл, ААНОАТатвар гэх зэрэг татваруудаар 18-30 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлж байжээ. 2020 оны хоёрдугаар сараас бүх нислэг зогссон, компанийн мөнгөн урсгал тухайн ондоо 58 тэрбум төгрөгийн алдагдалтай, 2021 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 52 тэрбум төгрөгийн алдагдалтай гарах төлөвтэй байгаа аж. Өнөөдрийн байдлаар хүлээгдэж буй 51.3 тэрбум төгрөгийн төлбөр байгаа аж. Нийт 5 онгоцтой, үүнийг 1 нь үйл ажиллагаанд огт ашиглагдахгүй байгааг ажлын хэсэг тайлбарласан. Ашиглаж буй онгоцнуудын нэгийг 2013 онд Засгийн газрын баталгаат зээлээр худалдаж авсан бөгөөд үүний төлбөр 2023 онд дуусах төлөвлөгөөтэй байгаа аж. Одоогоор 12 сая ам.долларын төлбөр бий гэв. Үлдсэн гурван онгоц түрээсийн зардалын талаар тодорхой мэдээлэл өгсөн. Б.Мөнхтамир захирал ажлаа хүлээн авснаас хойш онгоц түрээсийн зардлыг бууруулах чиглэлээр ажиллаж, тодорхой үр дүнд хүрээд байгаагаа дуулгасан.

Агаарын тээврийн салбар дахь хувьчлал, МИАТ хувьцаат компанийн засаглалын менежментийн талаар лавласан гишүүдийн асуултад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хариулт өгсөн юм. Засгийн газраас төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээрх тогтоолыг гаргахаар ажиллаж байгаа аж. Төрийн өмчит компаниудыг бүрэн төрийн мэдэлд байх, өөрчлөн байгуулагдах, бүтцийн өөрчлөлт хийх болон татан буулгах гэсэн ангилалд хуваах аж. Энэ тогтоолын хүрээнд МИАТ хувьцаат компанийг бүрэн төрийн мэдэлд байлгаж байгаад Засгийн газар, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн, холбогдох шийдвэрүүдийг гаргуулсны дараа төрийн өмч давамгайлсан, олон нийтийн хяналтат IPO гаргахаар төлөвлөж байгаа гэв. Үүний бэлтгэл ажил болгож газрын болон техникийн үйлчилгээ хариуцаж байгаа хэсгийг охин компани болгон бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөөд байгаа аж.

Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нараас “МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаарх асуулт"-ын хариуг хэлэлцэв. Үүгээр Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.